| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00256/И |
| Дугаар | 00312 |
| Огноо | 2020-05-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 00312
| 2020 оны 05 сарын 06 өдөр | Дугаар 153/ШШ2020/00312 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багт оршин суух, Б овогт Рын Г / /-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 153/2020/00256/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Р.Г нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралаанд гаргасан тайлбартаа:....Би 1981 онд Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн сургуулийг 10 дугаар ангийг төгссөөд илгээлтээр Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд саниторчаар цэгийн мал дээр ажилласан. Ингээд 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр цэрэгт татагдан, ардын армийн 134 дүгээр ангид алба хаагаад 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр цэргээс халагдсан. Цэргээс халагдаж ирээд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад малчнаар 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан.
....Иймд намайг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадын Эмчилгээ тэжээлийн цэгт 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл саниторчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Г нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.Г нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадын Эмчилгээ тэжээлийн цэгт 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл саниторчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Р.Г нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадын Эмчилгээ тэжээлийн цэгт 1981 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл саниторчаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадын эмчилгээ тэжээлийн цэгийн саниторч Р.Г гийн 1981, 1982 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн даргын 1981 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 16 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Рын Г гийн ХААТР-1 маягтын хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 27-31 дүгээр тал/
Харин нэхэмжлэгч Р.Г г 1981 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадын Эмчилгээ тэжээлийн цэгт саниторчаар томилсон Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн даргын 1981 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 16 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалыг үгүйгэсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Иймд Р.Г гийн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадын Эмчилгээ тэжээлийн цэгт 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал саниторчаар ажиллаж байсан байсан байдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Р.Г нь Батлан хамгаалах яамны сайдын 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1986 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 7417 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 36 дугаар тал/
Хавтаст хэргийн 5-6 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багийн Засаг даргын 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 12, 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаартай албан бичгүүд, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 829 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт бригадын 1981,1983 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд авагдсан Р.Г д олгосон Дипломын эх хувийн он нь засвартай буюу бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй, хавтаст хэргийн 11-12 дугаар хуудсанд авагдсан иргэн Ц.Юмжав, Л.Эрхэмбаяр нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 32-34 дүгээр хуудсанд авагдсан гэрч Л.Эрхэмбаярын мэдүүлэг нь нэхэмжлэгчийн тайлбараар зөрсөн, бодит байдалтай нийцэхгүй, нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгч Р.Г гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Бүрүвэн овогт Рын Г /Д/-ийн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадын Эмчилгээ тэжээлийн цэгт 1981 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл саниторчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадын Эмчилгээ тэжээлийн цэгт 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал саниторчаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Р.Г гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ