| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2023/0136/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/139 |
| Огноо | 2023-11-09 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнх-Эрдэнэ |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж
Нарийн бичгийн дарга Ч. Алтанзул
Улсын яллагч Ц.*******
Шүүгдэгч А.*******
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.*******д холбогдох 232300850161 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, *******, ******* боловсролтой, мэргэжилгүй, малчин, , ээж, аав, 2 дүүгийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй ******* овогт *******ийн *******, регистрийн дугаар:/*******/
Холбогдсон хэргийн талаар: Прокуророос шүүгдэгч А.*******д холбогдсон 2323000850161 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарна гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч Б.ид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч Б.ид шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч А.******* нь 2021 оны 04 дүгээр сарын 25-наас 05 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Завхан аймгийн Сонгино сумын багийн нутаг “Их хутагтай” гэх газарт бэлчээрлэж байсан хохирогч Б.ийн хүрэн зүсмийн дармал “Б” үсгэн тамгатай охин даагыг хулгайлсан хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:
Даага алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Б.ийн “...манай хүүхэд Ц. адуундаа яваад ...адуугаа туугаад ирлээ гэхээр нь гэрээсээ гарч адуугаа очиж харахад 2 тооны охин даага байхгүй байсан. Тэгээд алга болсон 2 тооны адуугаа хайж хүмүүсээс сураглаж явсан чинь “Их хутагтай” гозгорын ард байсан гэж нэг сураг гараад дахиад сураг гарахаа байсан. Адуугаа алдаад жил гаруй болсны дараа Баянтэс сумаас нэг залуу над руу утсаар ярьж та адуугаа алдсан уу таны тамгатай нэг хүрэн байдас ******* суманд байна гэж ярьсан.Тэр залуу өөрөө бас нэг адуу алдаад тэрийгээ хайж их явсан гэсэн тэдний тамга манай адууны тамгатай адилхан гэсэн. Тухайн үед тэр залуу ******* суманд байсан гэх хүрэн зүсмийн адууг очиж үзсэн өөрийнх нь алдсан адуу биш байхаар нь над руу ярьсан байсан. Миний алдсан адуу Хүрэн, хар зүсмийн 2 тооны охин даага хоёулаа имгүй зөв талын гуян дээр дармал “Б” үсгэн тамгатай...” гэсэн мэдүүлгээр,
Энэ талаар мэдүүлсэн гэрч Б.ын “...Манай ахынх 2 тооны даага алдсан нь үнэн тэр хавар ах хөлөө хугалаад хэвтэрт байсан юм.Малдаа явж чадахгүй болохоор адуунаас нь 2 тооны даага алдагдсан гэж байсан. Би яг зүсийг нь ямар им тамгатай адуу алдсаныг сайн мэдэхгүй, ямар ч байсан 2 тооны даага алдсан гэж байсан.Ах өөрөө явж чадахгүй болохоор ийш тийш нь хүмүүст утсаар ярьж захиж хэлж байсан гэсэн.Манай ахын том хүүхэд Ц. алдсан гэх 2 тооны адуугаа хайж ******* сум Баянхайрхан сум Сонгино сумын нутгаар явсан гэж байсан. Манай ахынх манай аавын хэрэглэж байсан дармал Б үсгэн тамгатай манай ахын алдсан 2 тооны адууг хулгайлсан хүмүүс нь олдсон гэж байсан. Тэр хүмүүс нь ахын 2 тооны адууны хохирлыг барагдуулсан гэж би сонссон...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Ж.ийн “...Манай дүү Ж. миний тээврийн хэрэгслээр ******* сумын төв орж азарга ачиж ирнэ гээд авч явсан. ******* сумын ******* багийн иргэн А.*******ээс шарга халзан зүсмийн нас гүйцсэн азарга авч Баянхайрхан сумын Минж баг руу ачиж ирнэ гээд явсан. Машиныг маргааш өглөө нь авч ирж өгсөн. Тухайн үед миний машин дээр шороо ачсан байдалтай авч ирж өгсөн болохоор би адуу ачсан юм байх гэх бодсон. Би маргааш нь гэрийнхээ гадаа буулгасан байсан Шарга халзан азаргыг харсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Ж.ийн “...Би өөрийн найз *******г гэрт нь хүргэж өгөхөөр ******* сумын “*******” гэх газарт очихоор явах гэтэл ******* “Их хутагтайн” хажуу талын уул “Түлээт” гэх газарт уулын модон дотор нэг даага уячихсан байгаа би тухайн даагыг өнөөдөр хүнээс авчихлаа тэр даагыг аваад явмаар байна гэж надад хэлсэн. Тэгээд отроор нүүж очсон уулынхаа хажуу талын ам буюу “Түлээт-ийн аманд очоод *******ий зааж өгсөн газарт нь очих үед модонд сураар уяатай байсан. ...*******ээс асуусан чинь ногтоо таслаад явчихсан байна дараа л ирж авахаас гэж хэлсэн. Тэгээд би *******г гэрт нь тэр шөнөдөө хүргэж өгөөд маргааш нь худалдаж авсан азаргаа ачаад буцаад гэртээ ирсэн...” гэсэн мэдүүлгээр болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүгдэгч А.*******гийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Б.ид 425.000 төгрөгийн хохирол учирсан нь “БУФА үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №48 дугаартай “...2 настай 1 тооны адуу /даага/ 2021 оны 05 сарын байдлаар зах зээлийн үнэлгээг 425.000 /дөрвөн зуун хорин таван мянган/ төгрөг гэж тогтоолоо...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.
“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог.
Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.
Шүүгдэгч А.******* нь хохирогч Б.ийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж, ухамсарласан үйлдлээ хэн нэгний нөлөөгүйгээр хүсч үйлдэж хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь мал хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг, тэрээр 1 тооны бод буюу адуу хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн обьектив шинжийг тус тус хангаж байна.
Иймд шүүгдэгч А.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч А.******* өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ сайн дураар гаргаж илэрхийлсэн бөгөөд түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан албадсан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч А.******* нь хохирогч Б.ид 425.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн болох нь хохирогчийн “хохирол төлбөрөө бүрэн барагдуулж дууссан” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгч А.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэдгээ шүүх хуралдааны үед ч илэрхийлж байна.
Шүүгдэгч А.*******д прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.
Иймд шүүгдэгч А.*******г Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорилгод нийцүүлэн шүүгдэгч А.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, түүнд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ” авах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн дээрх хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч А.******* тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******г 01 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч А.*******г тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* дээрх тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг тус тус хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ДЭЛГЭРМАА