Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 131/ШШ2020/00500

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг,  Д.У нэхэмжлэлтэй

 Хариуцагч: Баянхонгор аймаг  З.Э холбогдох 

Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ. Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгч  Д.У, хариуцагч З.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нар оролцов. 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  Д.У шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

 Би 2004 оноос эхлэн З.Этай үерхэж нэг гэрт хамтдаа 4 хүүхдийн эцэг эх болж боломжийн амьдарч байтал төрөл садангууд нь 2016 оны 12 сард аваад явснаас хойш дахин ирээгүй. Бидний хамтын амьдралтай байх хугацаанд хүү Т 2007 оны 02 сарын 27-ны өдөр, хүү Т 2008 оны 12 сарын 19-ний өдөр, хүү О, охин О нар нь 2015 оны 10 сарын 03-ны өдөр тус тус төрж одоо эрүүл саруул өсөн бойжиж байна. Би энэ хугацаанд гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан боловч хүүхдүүд бүгдээрээ эцгээрээ овоглосон, эцэг нь хүүхдүүдээ миний хүүхэд гэдгээ хүлээн зөвшөөрдөг учир хүүхдийн эцгээр тогтоох шаардлагагүй. Би 2016 оноос хойш өрх толгойлж, 4 хүүхдээ өсгөсөөр өдийг хүрлээ. Хүүхдүүдийн маань эцэг хөл нь хугархай хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг. Зах зээлийн хүнд үед 4 хүүхдээ ганцаараа авч явахад бэрхшээлтэй асуудлууд байгаа гэдгийг хэн ч үгүйсгэхгүй байх.

Цаашид хүүхдүүдийн маань төрсөн эцгийн зүгээс дэмжлэг туслалцаа шаардлагатай байх тул хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Миний бие одоо Баянбулаг суманд хүүхдүүдээ сургуульд сургаад хүүхдийн мөнгө, өрхийн талоноор хүүхдүүдээ тэжээж байна. Би цаашдаа 4 хүүхдээ өөрийн асрамжид тэжээн тэтгэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа тул З.Эын асрамжид байгаа Тыг өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. З.Э нь миний хүүг 2016 онд хэл чимээгүй аваад явсан. Одоо хаана юу хийж байгаа нь мэдэгдэхгүй байна. Тыг 3 настай байхад нь мориноос унагааж гэмтээж байсан. Сураг сонсоход З.Эын дүүгийнд сумын төвд айлд байдаг юм шиг байна. Иймд 4 хүүхдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох болно..гэв.

Хариуцагч З.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Баянхонгор аймгийн Жаргалант сумын Нам толгойн 1-р багт оршин суух, З.Э би эхнэр  Д.Утай хамтран амьдарч байгаад 2012 онд Баянбулаг сумруу гэр орноо аваад нүүсэн. Баянбулаг суманд очоод таарч тохирохгүй байсан учраас гэр орон үр хүүхдээ орхин дүүгээ бараадан 2016 онд ирсэн. 1 хүүхэд болон Т надтай хамт байдаг. Би хөлөө хучуулах бодолтой байна. Би өөрөө хөдөлмөрийн чадваргүй учраас дүүгийнхээ малнаас илүүчилж 1 үхэр, 2-3 бог жил болгон идэшинд нь явуулдаг. Мөн грүппийнхээ мөнгөнөөс илүүчилж хүүхдүүдрүүгээ бололцоогоороо явуулдаг. Цаашид эвлэрээд хамтран амьдраасай гэж бодож байна. Мөн би үр хүүхдүүдтэйгээ хүссэн үедээ уулздаг, гэртээ авчирдаг баймаар байна..гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, шүүх хуралдаанд гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Д.У нь хариуцагч З.Эад холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүсэн шаарджээ.

Зохигчид нь 2004 онд танилцан, хамтын амьдралтай болж, гэрлэлтээ батлуулаагүй байх үедээ 2007 оны 02 сарын 27-ны өдөр хүү Э.Т, 2008 оны 12 сарын 19-ний өдөр хүү Э.Т, 2015 оны 10 сарын 03-ны өдөр хүү Э.О, охин Э.О нарыг төрүүлж, эцэг З.Эаар овоглон, одоо эх, эцгийн асрамжид эрүүл өсөж, суралцаж байгаа болох нь тэдний төрсний гэрчилгээний хуулбар, Баянбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2020 оны 03 сарын 11-ний өдрийн 17, Баянбулаг сумын Эрүүл мэндийн төвийн 2020 оны 03 сарын 11-ний өдрийн 32 дугаар албан бичиг, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Улмаар гэр бүлийн хувийн таарамжгүй харьцааны улмаас зохигчид нь 2016 оноос тусдаа амдарч, нэхэмжлэгч  Д.У нь хүү Э.Т, Э.О, охин Э.О нарыг өөрийн асрамжид авч өсгөж байгаа бол хариуцагч З.Э нь хүү Э.Тыг өөрийн асрамжид өсгөж байгаа талаар зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа илэрхийлжээ. Түүнчлэн нэхэмжлэгч  Д.У нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Хүү Э.Тыг өөрийн асрамжид авахыг хүсэн шаардаж байгаа бол хариуцагч З.Э нь хүү Э.Тыг өөрийн асрамжид үлдээхийг хүсэн татгалзаж байгаагаа илэрхийлсэн байна. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь эвлэрэх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэсэн бол хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч татгалзлалаа нотолсон, нотлох баримт гаргаж ирүүлээгүй байна.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчдын шүүх хурал дээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ..гэжээ.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэвэл хариуцагч нь 1962 онд төрсөн 58 настай, хөгжлийн бэрхшээлтэй, өөрийн гэсэн мал хөрөнгө байхгүй гэсэн бол хүү Э.Тын насны байдал, цаашид сурч боловсрох орчин нөхцөл зэрэг байдлыг дүгнэн хүү Э.Т, Э.Т, Э.О, охин Э.О нарыг эх  Д.Угийн асрамжид үлдээн, хариуцагч З.Эаас хуульд заасан хүүхдийн тэтгэлгийг гаргуулан, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Тодруулбал: Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй ..гэсэн байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Эаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч  Д.Уд олгож, Хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшин 206000 төгрөгөөр тооцон 4 хүүхдийн тэтгэлэгт 1 жилийн хугацаанд төлбөл зохих 7416000 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 133606 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын төвлөрсөн төсвийн орлогод оруулахаар тус тус шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2007 оны 02 сарын 27-ны өдөр төрсөн хүү Э.Т, 2008 оны 12 сарын 19-ний өдөр төрсөн хүү Э.Т, 2015 оны 10 сарын 03-ны өдөр төрсөн хүү Э.О, охин Э.О нарыг эх  Д.Угийн асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан хүү Э.О, охин Э.О нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, хүү Э.Т, Э.Т нарыг 11-16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоон эцэг З.Эаас гаргуулж сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг баримтлан тэжээгчээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай. 

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн З8.4-т зааснаар шийдвэрийн хувийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Эаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч  Д.Уд олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагчаас 4 хүүхдийн тэтгэлэгт 1 жилийн хугацаанд төлбөл зохих 7416000 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 133606 төгрөгийг гаргуулж улсын төвлөрсөн төсвийн орлогод оруулсугай.  

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.