Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 131/ШШ2020/00546

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч: *******,*******,*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3-р багт оршин суух,*******,*******д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах, Баянхонгор сумын 3-2-28 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 668 мкв 3.000.000 төгрөгийн газрыг өөрийн өмчлөлд авахыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч*******, өмгөөлөгч Б.Бурмаа, хариуцагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нар оролцов.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Даариймаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* би нөхөр*******тай 2007 онд танилцаж, 2009 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Миний хувьд өмнө нь 2 хүүхэдтэй байсан бөгөөд 2 охинд маань аав шиг аав болно гээд******* өөрийн нэр дээр овоглож авсан. Одоо 2 охин маань том нь 17 настай бага нь 15 настай. Бид хоер амьдарч эхэлснээс хойш 2009 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүү М.Идэрмөнх төрсөн одоо 12 настай. 2011 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин М.Түмэнцэцэг одоо 9 настай. 2 хүүхэд маань одоо аймагт Соого Сейко сургуульд 5, 3 дугаар ангид сурдаг. Бид хоер сүүлийн үед таарч тохирохгүй хамт амьдрахгүй 2 жил гаруй болж байна. Амьдарч байх хугацаандаа зодож, дарамтлах зэргээр байнга хүчирхийлэж байсан ба үүнд нь гомдол 2 удаа Цагдаагийн байгууллагад гаргаж 7-10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл авч байсан.

Ц.Мөнгөнхундага гэр бүлээ хайхарч хамгаалахгүй, архи ууж олон хоногоор алга болдог энэ байдлыг би тэвчихгүй хэрүүл маргаан гаргадаг байсан.

Бид хоёр амьдарч байх хугацаандаа 2020 оны байдлаар 18000000 төгрөгөөр авсан том машинтай, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 2 дугаар гудамжны 28 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 668 мкв газар хашаатай тул машинаа нөхөртөө өгнө харин би 4 хүүхэдтэйгээ хашаа гэрээ авна.

Одоо би 4 хүүхэдтэйгээ тодорхой эрхэлсэн ажилгүй ах дүү нараасаа мөнгө төгрөг авч амьдарч байна. Том охин М.Ариунсувд, М.Ариунчимэг нарт хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй.

Иймд*******ас гэрлэлт цуцлаж, 2009 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү М.Идэрмөнх, 2011 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин М.Түмэнцэцэг нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулах, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 2 дугаар гудамжны 28 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 668 мкв 3000000 төгрөгийн газрыг нэхэмжлэгч******* надад олгон шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

Нэхэмжлэгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эвлэрэх боломжгүй, бид тусдаа амьдраад 2 жил болж байна. Бид 4 хүүхэдтэй, хоёр том нь Ц.Мөнгөнхундангийн хүүхэд биш боловч*******ар овоглодог юм. Энэ 2 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгохгүй. Бага хүүхдүүд болох М.Түмэнцэцэг, М.Идэрмөнх нар нь Ц.Мөнгөнхундагийн хүүхэд мөн, хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно. Дөрвөн хүүхдээ би өөрийн асрамжид үлдээх болно, хүүхдийн асрамж дээр маргаан байхгүй. Гэр бүлийн хэрэгцээний 3.000.000 төгрөгийн үнэ бүхий газар гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна. Гэрлэлтийг цуцалж өгнө үү..гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 3.000.000 төгрөгийн үнэ бүхий газар гаргуулах шаардлагаасаа сайн дураар татгалзаж байгаа болно. Мөн 2 том хүүхэддээ тэтгэлэг тогтоолгохгүй, 2 бага хүүхэддээ тэтгэлэг тогтоолгохыг хүсэж байна. Гэрлэлтээ цуцлуулна. Хариуцагч нь архи согтууруулах ундаа хэрэглэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, шүүхээс баривчлах шийтгэл авч байсан. Цаашдаа эвлэрэх боломжгүй тул нэхэмжлэлийг дэмжиж байна. Хүүхдийн асрамж дээр маргаан байхгүй..гэв.

Хариуцагч******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 1983 онд төрсөн. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3-р багт амьдардаг.*******тай 2007 онд танилцаж, 2009 онд айл гэр бүл болж 11 дэх жилдээ өнөр өтгөн амьдарч байна. Эхнэр Даариймаатай танилцахад 2 охин Ариунсувд 5 настай, охин Ариунчимэг 3 настай байсан. 2009 онд хүү Идэрмөнх, 2011 онд охин Түмэнцэцэгийг төрүүлж өсгөсөн. Хоёр том охин Ариунсувд, Ариунчимэг нарыг өөрийн хүүхэд шиг асран хандаж эцгийн үүргийг гүйцэтгэж одоо хүртэл хоёргүй сэтгэлээр хандаж ирсэн. Гэр бүл үр хүүхдээ тэжээхийн тулд мал аж ахуй дээр гарч эхнэр Даариймаатай мал маллаж байсан. 2018 оны 11 сараас эхлэн амьдралын шаардлагаар Замын үүд боомтод түрээсийн машин барьж амьдралаа залгуулсаар байна. Энэ хугацаанд эхнэр хүүхдийнхээ хоол, унд хувцас гэх мэт ахуйн хэрэглээнд зориулан байнга холбоотой гэр бүлийнхээ төлөө зүтгэж ирсэн. 11 жилийн хугацаанд******* ажил төрөл хийдэггүй байсан ч миний бие наймаа арилжаа хийлгэн өөрийх нь хүсэлтээр ийш тийш нь явуулдаг байсан. Миний бие алдаа дутагдлыг нь хэлж ярьдаг байсан боловч алдаа болгоныг нь уучлан буулт хийдэг байсан. Зарим үед тэвчээргүй зан ааш гаргадаг байсан. Манай гэр бүл 5 ханатай гэр, тавилгын хамт, бод мал 10, бог мал 100 гаран толгой байна. Өөрийн машин байхгүй, түрээсийн машин барьдаг. Баянхонгор сумын 3-2-28 тоотын эзэмшлийн газар нь ээж Жаргалсайханаас надад бэлэглэлээр өгч байсан юм..гэжээ. Хариуцагч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Эвлэрэх боломжгүй. Цаашдаа үр хүүхдээ харж хандаж байх болно. Хүүхдийн асрамж дээр маргах зүйл байхгүй, ээжийнх нь асрамжид үлдээнэ.Тэтгэлэг төлнө ..гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, шүүх хуралдаанд гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч******* нь хариуцагч*******д холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө 3.000.000 төгрөгийн газар гаргуулахыг хүсэн шаарджээ.

Гэрлэгчид нь 2009 оны 11 сарын 21-ний өдөр гэр бүл болсныг 2009 оны 12 сарын 11-ний өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгожээ.

Гэрлэгчид нь 2009 онд гэрлэлтээ батлуулж, хамтран амьдрах хугацаандаа 2009 оны 05 сарын 09-ний өдөр хүү М.Идэрмөнх, 2011 оны 03 сарын 04-ний өдөр охин М.Түмэнцэцэг нарыг төрүүлж, эцэг*******ар овоглон эрүүл өсөж, сурч байгаа нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, Оточ номгон өрхийн эмнэлгийн тодорхойлолт болон зохигчдын тайлбараар тогтоогджээ. Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэр бүл, эр эмийн таарамжгүй харьцаа, гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэрлэлт цуцлуулахад хүрсэн, 2018 оноос хойш тусдаа амьдарч байна гэрлэлтээ цуцлуулна.. гэснийг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаан гаргаагүй байна. Үйл баримтаар гэрлэгчдийн дунд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан ..гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа боловч зохигчид гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, тусдаа амьдраад тодорхой хугацаа өнгөрсөн тул шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай гэр бүл болохоосоо өмнө охин М.Ариунчимэг, М.Ариунсувд нарыг төрүүлсэн ба хүүхдүүд одоо зохигчдын хамт нэг гэр бүлд амьдарч байгаа талаар тайлбарлаж байгаа, тэдэнд хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэж зохигчид хэлэлцэн тохирсон байна.

Түүнчлэн дөрвөн хүүхдээ нэхэмжлэгч******* нь өөрийн асрамжид хэвээр үлдээхийг хүссэнийг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх хуралдааны явцад илэрхийлсэн тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно..гэсний дагуу зохигчид нь охин М.Ариунсувд, М.Ариунчимэг, М.Түмэнцэцэг, хүү М.Идэрмөнх нарын асрамжийг эх*******д тогтоохыг харилцан тохиролцсон гэж үзэж хүүхдүүдийн асрамжийг эх*******д тогтоож шийдвэрлэв. Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй ..гэж тус тус хуульчилсан байх тул охин М.Түмэнцэцэг, хүү М.Идэрмөнх нарт тэтгэлэг тогтоон эцэг*******ар тэжээн тэтгүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Түүнчлэн нэхэмжлэгч нь шүүх хуралдааны шатанд Баянхонгор сумын 3-р баг, 2-р гудамж, 28 тоот газрыг өөрийн өмчлөлд авахыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа илэрхийлсэн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас энэ нэхэмжлэлд төлөгдвөл зохих улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, Хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшин 206000 төгрөгөөр тооцон 2 хүүхдийн тэтгэлэгт 1 жилийн хугацаанд төлбөл зохих 2472000 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 54502 төгрөгийг тус тус гаргуулан улсын төвлөрсөн төсвийн орлогод оруулахаар тус тус шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан*******,******* нарын гэрлэлтийг цуцалсугай. 2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2003 оны 03 сарын 15-ны өдөр төрсөн охин М.Ариунсувд, 2005 оны 03 сарын 18-ны өдөр төрсөн охин М.Ариунчимэг, 2011 оны 03 сарын 04-ний өдөр төрсөн охин М.Түмэнцэцэг, 2009 оны 05 сарын 09-ний өдөр төрсөн хүү М.Идэрмөнх нарыг эх*******гийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан охин М.Түмэнцэцэг, хүү М.Идэрмөнх нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон эцэг*******ас гаргуулж сар бүр тэжээн тэтгүүлсүгэй. 4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг баримтлан тэжээгчээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай. 5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй. 6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг баримтлан гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч охин М.Ариунсувд, М.Ариунчимэг, М.Түмэнцэцэг, хүү М.Идэрмөнх нарыг эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг*******, эх******* нарын үүрэг хэвээр үлдэх болохыг зөвлөсүгэй.

7. Нэхэмжлэгч******* нь Баянхонгор сумын 3-р баг, 2-р гудамж, 28 тоот 3.000.000 төгрөгийн газар гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурдсугай. 8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан хариуцагч*******ас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж улсын төвлөрсөн төсвийн орлогод оруулсугай. 9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч*******ас улсын тэмдэгтийн хураамж 54502 төгрөг гаргуулж, төвлөрсөн төсвийн орлогод оруулсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ