Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/175

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг 

Улсын яллагч М.Бамбадорж

Шүүгдэгч Н.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатигин овогт Нарангэрэлийн Ганзоригт холбогдох эрүүгийн 2321000000177 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Хэрлэнгийн ...а тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,  Х овогт ... Г /РД: ......./.

 

Шүүгдэгч ...... овогтой Г нь архи ууж согтуурсан үедээ 2023 оны 04 сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Хэрлэнгийн 3-351а тоотод Г.Ө-тай маргалдан зодолдож түүний биед гавлын суурь ясны далд хугарал, тархины хүнд зэргийн няцрал, тархины баруун талын бөмбөлгийн хатуу хальсан доорх цочмог цусан хураа, тархины цусархаг няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, баруун гайморын хөндийн ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний алимны салстад цус харвалт, нүүр баруун нүдний алимны салстад цус харвалт, нүүр баруун тал, чих, хүзүү, цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээж байна. Прокуророос санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Г нь согтуурсан үедээ 2023 оны 04 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Хэрлэнгийн 3-351а тоотод хохирогч Г.Ө-тай маргалдан зодолдож улмаар түүний эрүүл мэндэд “гавлын суурь ясны далд хугарал, тархины хүнд зэргийн няцрал, тархины баруун талын бөмбөлгийн хатуу хальсан доорх цочмог цусан хураа, тархины цусархаг няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, баруун гайморын хөндийн ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний алимны салстад цус харвалт, нүүр баруун нүдний алимны салстад цус харвалт, нүүр баруун тал, чих, хүзүү, цус хуралт зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Н.Г-ийн шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Гэм буруугаа хүлээж байна. Прокуророос санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Г.Ө-ийн “...би Хэрлэнгийн 3-351а тоотод очсон. ... түүнээс хойш юу болсон талаар санахгүй байна. ... нэг ухаан ороход эмнэлэгт нүүр ам битүү хаван болсон байдалтай хэвтэж байсан.... надад учруулсан хохирлыг Ганзориг учруулсан гэж надад өөрөө хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11/,

гэрч Б.Ц-гийн “...тухайн үед жижүүрийн эргүүлтэй явж байхад Г-г гэх хүнээс согтуу хүн агсам тавиад байна гэх дуудлага ирсэн. ... Дуудлагын дагуу очиход Ө гэх хүн ухаангүй газарт хэвтэж байсан бөгөөд юу болсон талаар Ганзориг гэх хүнээс асуухад намайг цохихоор нь буцаагаад цохисон гэж хэлсэн...” гэжээ.

 

 Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 239 тоот “...Г.Ө-ийн биед гавлын суурь ясны далд хугарал, тархины хүнд зэргийн няцрал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цочмог цусан хураа, тархины цусархаг няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, баруун гайморын хөндийн ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний алимны салстад цус харвалт, нүүр баруун тал, чих, хүзүү, хэсгийн цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг  хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 40-43 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Н.Г-ийн үйлдлийн улмаас хохирогч Г.Ө-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Н.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч  Н.Г нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ө-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, шүүгдэгчид гаргах гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

Шүүгдэгч Н.Г нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Н.Г-ийг прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Н.Гг нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Г-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-ийг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.БАТЖАРГАЛ