Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 00142

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч Ж.Г, 

Хариуцагч Ж.Х холбогдох

Барилгын 2 баганат өргүүр буюу подъёмын үнэ 8.500.000 төгрөг, НӨАТатварын 850.000 төгргөг, подъём түрээслэсэн 4 сарын түрээсийн төлбөр 2600.000 төгрөг нийт 11.950.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Адъяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 Зоригт болд ХХК-ний захирал Ж.Х 2015 оны 08 дугаар сарн 24-нд Г надруу утсаар ярьж 7 давхар барилгын суналттай өргөлтийн барилгын 2 баганат өргүүр буюу Подъёмыг 4 сарын хугацаатай түрээслээч гэж гуйсан. Ингээд би зөвшөөрч Ж.Хын барилгын даамал О.Гантулга ах ирж Подъёмыг аваад явсан. Энэ үед миний ээж Ч.Адъяа О.Гантулгад Подъёмыг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Ингэхдээ О.Гантулга Ж.Хт өгөөрэй гэсэн гээд 200.000 төгрөг бэлнээр өгсөн. Дараа нь 2014 оны 09 дүгээр сарын сүүлчээр 400.000 төгрөгийг дансаар нийт 600.000 төгрөг авсан. Ингээд манай Подъёмыг ч авчирч өгөөгүй, түрээсийн мөнгийг ч өгөөгүй явсаар 2016 оны 01 дүгээр сарын сүүлчээр манай эгч Ч.Пагма ээж Адъяад танай Подъём юм уу юу юм баахан том том төмөр буулгасан байна гэж хэлсэн бөгөөд Ж. Хүрэлбаатар барилгын 2 баганат өргүүр буюу Подъёмыг надад хүлээлгэж өгөөгүй буулгаад явсан байсан. Энэ үед Унага трейд ХХК-ний захирал Ж.Төмөрбаатар манай Подъёмыг түрээслэхээр ярьж байсан. Ингээд үзэхэд Подъёмын арам, баганууд өргөлтийн кран нь байсан бөгөөд харин гол эд анги болох 2 баганат барилгын өргүүрийн удирдлага, краны хүндрүүлэгч комоороо, бүх боолтууд байхгүй байсан.

Мөн байгаа эд анги нь бүрэн бүтэн ажиллаж байгаа эсэхийг мэдэхгүй одоо хүртэл ажиллуулж үзээгүй хэдэн төмөр л байна. Тухайн үед Ж.Хлуу утсаар ярьж асуухад контейнерт шуудайтай зүйл байсан тэр байх Гантулгаас асуу гэсэн Гантулгаас асуухад би мэдэхгүй гэсэн. Би үүнээс болж одоо хүртэл Подъёмоо бусдад түрээслэж чадаагүй хохирсоор байна. Ж.Х өөрөө барилга барьдаг хүн байж хүний үнэтэй цайтай хөрөнгийг авсан шигээ хүлээлгэж өгөлгүй хамаг гол эд ангийг дутааж хэнд ч мэдэгдэхгүй буулгасанд гомдолтой байна. Би 2012 оны 08 дугаар сарын 27-нд Подъёмоо ТТИ ХХК-с 8.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан бөгөөд НӨАТатварын 850.000 нэмэгдээд нийт 9.350.000 төгрөгөөр худалдаж авсан тул Подъёмын үнийг бүхэлд нь гаргуулна. Учир нь Подъёмын эд ангийг Монголд зардаггүй юм байна.

Иймд Ж.Хаас барилгын Барилгын 2 баганат өргүүр буюу подъёмын үнэ 8.500.000 төгрөг, НӨАТатварын 850.000 төгргөг, подъём түрээслэсэн 4 сарын түрээсийн төлбөр 2600.000 төгрөг нийт 11 950 000 төгрөг гаргуулж өгнө үү ... гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Адъяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 2014 оны 08 дугаар сард манай хүүхэд Ж.Г утсаад яриад подъёмыг Ж.Х түрээслэж авахаар боллоо, хүлээлгэж өгөөрэй гэж хэлсэн. Тэр өдрөө би Гантулгад нь бүрэн бүтнээр хүлээлгэж өгсөн. Манай подъём бол улсын тусгай зөвшөөрөлтэй, паспорттой, бүх эд анги нь шинэ, бүрэн бүтэн байсан.

Би өөрийн хувийн бүртгэлийн дэвтэр дээр Гантулгад хүлээлгэж өгсөн он, сар өдрөө хөтөлсөн байгаа. Подъёмыг түрээслэн ажиллуулж байхад эвдэрсэн талаар хэлсэн гэж байгаа боловч тэр үед хэлж байгаагүй. Намайг Улаанбаатар хотод эмчилгээнд явсан хойгуур манай хашаанд подъёмыг авч ирсэн талаар утсаар ярьж хэлэхэд нь хүнээр шалгаж үзүүлсэн. Тухайн үед Ж.Х руу утсаар ярьж подъёмын гол эд анги боолтнууд нь байхгүй байгаа талаар хэлэхэд манай контейнерт 2-3 шуудай хүнд жижиг боолтнууд байсан Гантулгад хэлээд аваарай гэж хэлсэн. Гантулгад очоод хэлэхэд тийм зүйл байхгүй талаар хэлсэн, үүнээс хойш 5 жилийн хугацаанд подъёмын эд анги нь дутуу ажиллуулж чадаагүй байна. Ж.Гд мөнгө өгсөн талаар хариу тайлбартаа бичсэн байсан, манай хүүхэд мөнгө аваагүй талаараа хэлдэг. Шинжээчийн дүгнэлтээр гарсан 7.100.000 төгрөг хариуцагч талаас гаргуулах хүсэлтэй байна. Түрээсийн төлбөрт манайх 600.000 төгрөг л авсан. 800.000 төгрөг авч байсан удаа байхгүй. Миний өөрийн бүртгэлийн дэвтэрт 800.000 төгрөг гэж бичсэн нь авах ёстой мөнгөө л бичсэн байгаа. Түрээсийн хугацааг 4 сараар тогтоосон, бичгээр гэрээ хийгээгүй нь бидний алдаа болсон байна.. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр подъёмыг хариуцагч талд хүлээлгэн өгсөн нь шүүх хуралдааны явцад тогтоогдож байна. Зоригт богд ХХК-ийн захирал Ж.Х нь Ж.Г руу утсаар яриад подъёмыг 3 сарын хугацаатай түрээслүүлээч гэж гуйсны дагуу Ж.Г нь зөвшөөрч, сарын 800000 төгрөгөөр тохирсон байдаг. Тухайн үед барилгын инженер Гантулга нь подъёмыг очиж авсан байсан. Энэ маргаан нь эд хөрөнгө хөлслөх гэрээнээс үүссэн гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түрээсийн 800000 төгрөг төлсөн талаар ярьж байгаа боловч хариуцагч Ж.Хаас Ж.Гын данс руу 400000 төгрөг шилжүүлсэн нь баримтаар нотлогдож байгаа, бусад төлбөр төлөгдсөн нь нотлогдохгүй байна. Хариуцагч тал 600000 төгрөг өгсөн болохыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрдөг. Талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан ба хариуцагч Ж.Х нь түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй нь харагдаж байна. Мөн барилгын инженер Гантулгын гэрчийн мэдүүлэг өгсөн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар подъём нь бүрэн бүтэн ажиллаж байсан нь нотлогдож байгаа юм. Гантулгын гэрчийн мэдүүлгээр бол хашаанд подъёмыг хураагаад орхисон талаар мэдүүлсэн нь албан ёсоор эзэнд нь хүлээлгэж өгөөгүй нь харагдаж байна. 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр подъёмын тодорхой анги нь дутуу байх тул подъёмыг угсрах боломжгүй талаар дүгнэлттэй, бодит хохирол 3.400.000 гэж тогтоосон учраас нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 7.100.000 төгрөг нэхэмжилж байгаа. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5, 290 дүгээр зүйлд заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Х.Мөнхбаатар шүүхэд гаргасан тайлбартаа:

 Хариуцагч нь хариу тайлбартаа Миний бие 2015 оны 08 дугаар сард барилгын материал татах ажлаар БНХАУ-ын Эрээн хотод явж байсан. Барилга ашиглалтанд оруулах ажлыг миний бие өөрөө хариуцан ажилладаггүй байсан. Намайг эзгүй энэ үеэр Ж.Гаас подъёмыг барилгын ажилд түр ашигласныг би хожим мэдсэн. Подъёмыг хэрэглэхийн тулд Ж.Гд 800.000 төгрөг урьдчилан өгч ашигласан юм билээ. Тухайн цаг хугацаанд хэн нь хэнээсээ подъём авч ашигласан болохыг би мэдээгүй. Миний бие Ж.Г, Ч.Адъяа гэх хүмүүсийн хэнээс нь ч түрээслээгүй. Гэтэл 2015 оны 10 дугаар сард Ж.Г нь надаас подъём түрээсэлсний мөнгө нэхэмжлэхэд нь би олон зүйл яриагүй, 400.000 төгрөг дансруу нь шилжүүлсэн. Үүний дараа 12 сарын 29-ний өдөр Ганзүү эмнэлэг дээр нь Б.Раднаасэдийн хамт очиж түүний нэхээд байсан 800.000 төгрөгийг өгсөн. Ингээд манай талаас подъём түрээсэлсний 2.000.000 төгрөгийг түүнд өгсөн байна. Би барилга угсралтын үед байнга байдаггүй, манай барилга хариуцсан хүмүүс 2.5 сар болоод подъёмыг нь эргүүлэн өгсөн юм байна лээ. Гэвч үнэн хэрэг дээрээ 2 сарын хугацаа хүрэхгүйтэй үгүйтэй ашигласан байдаг бөгөөд мотор нь хуучирч муудсан /юм даахгүй/ тросс тасрах аюултай болсон байсныг нь 400.000 гаруй төгрөгөөр засч ажилдаа ашигласан байдаг. Уг подъёомыг засварлах гэж сэлбэг, хэрэгсэл захиж 10 гаруй хоног сул зогсоон байдаг. Намайг түрээслэгч гэж үзвэл би түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн гэж үзэж байна. Удаа дараа мөнгө нэхээд байхаар нь дээрх байдлаар нийт 2 сая төгрөг төлсөн нь үнэн. Би энэ хүмүүсээс подъём худалдан аваагүй, тэр нь надад байхгүй..гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Х.Мөнхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Ж.Х нь 2015 оны 08 дугаар сард барилгын материал авах ажлаар БНХАУлсын Эрээн хот руу явсан байсан ба барилгын ажил хариуцдаг инженер Гантулга нь тухайн барилгыг ашиглалтанд оруулах ажлыг хариуцан ажиллаж байсан. Ж.Хыг эзгүй үед Гантулга нь Ж.Гаас гуйж подъёмыг хэрэглэж байсан талаар сүүлд Ж.Х нь мэдсэн байдаг. Подъёмыг хэрэглэхийн тулд Ж.Гд 800000 төгрөг өгөөд подъёмыг ашигласан байсан. Ж.Гтай Ж.Х нь утсаар болон биечлэн уулзаж подъёмыг ашиглах талаар хэлцэл хийгдээгүй байдаг. 2015 оны 10 дугаар сард Ж.Г нь подъёмын түрээсийн төлбөр нэхэхэд 5753487513 тоот данс руу 400000 төгрөг шилжүүлж, 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр барилгын инженер Раднаасэдтэй хамт яваад эмнэлэг рүү орж 800000 төгрөг бэлнээр өгсөн байдаг. Нийт 2.000.000 төгрөг өгсөн ба подъёмыг 2 сар ашиглах хугацаанд өргөгч тросс нь тасрах аюултай байсан тул Улаанбаатар хот руу захиж авчруулсан ба энэ хугацаанд 10 хоног алдсан байдаг. Троссыг шинэчлэн сайжруулаад бүх эд ангитай нь хамт Ж.Гын хашаанд аваачиж хураасан байдаг. Гэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсанаар хэнд ч мэдэгдэлгүй эд ангийг нь дутааж хашаанд хураасан зүйл байхгүй. Энэ талаар Гантулга нь мэдүүлэгтээ Ж.Гтай утсаар ярихад подъёмыг хашаанд аваачиад буулгачих гэж хэлсэн учир хашаанд нь буулгасан байдаг. Тухайн үед Ж.Хтай утсаар яриад шуудайтай зүйл контейнерт байсан талаар хэлсэн нь үнэн гэхдээ шуудайнд тасарсан тросс байсан талаар хэлсэн юм. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч талаас тухайн харилцааг эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж үзэж байна. Энэ харилцааг эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж үзвэл Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.1-т зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээнд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 сар байдаг ба энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 01 дүгээр сараас хөөн хэлэлцэх хугацаа тоологдоод 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр шаардлага гаргах хугацаа дууссан гэж үзнэ. Мөн Ч.Адъяагийн дэвтэрт түрээслэв гэж бичсэний дагуу түрээсийн гэрээ гэж үзвэл Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан гэрээ 318 дугаар зүйлийн 4,5-т заасны дагуу эд хөрөнгө хөлслөх гэрээний журмын нэг адил хөөн хэлэлцэх хугацаа 6 сар гэж заасан тул хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусан гэж үзэж Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, гэрэл зураг, нэхэмжлэх, Барилгын хоёр баганат өргүүрийн паспорт, ашиглах зөвшөөрөл, өргөгчийн ашиглалтанд хүлээн авсан акт, Хөлөг-Элеватор ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Ж.Хын ХААН банкны дансны хуулга, гэрч Б.Раднаасэд, О.Гантулга нарын мэдүүлэг, шинжээчийн 2020 оны 01 сарын 09-ний өдрийн 01 дүгнэлт, Энх-Нахиа ХХК, хохирол үнэлсэн тайлан№04/2020 зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Г нь Ж.Хт холбогдуулан Барилгын 2 баганат өргүүр буюу подъёмын үнэ 8.500.000 төгрөг, НӨАТатварын 850.000 төгргөг, подъём түрээслэсэн 4 сарын түрээсийн төлбөр 2600.000 төгрөг нийт 11.950.000 төгрөг гаргуулахыг хүсэн нэхэмжлэл гаргасан бөгөөд Иргэний хуулийн 8 дугаар зүйл, 227 дугаар зүйлүүдэд зааснаар гэрээнээс учирсан хохирол, гэрээний үнийг буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Адъяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Ж.Х нь 2015 оны 08 сарын 24-ний өдөр өөрийн хүү Ж.Груу утсаар холбогдон барилгын 2 баганат өргүүр буюу подъёмыг 4 сарын хугацаатай, сарын 800.000 төгрөг байхаар тооцож, хөлслөн авсан.. Улмаар гэрээний үнэ 600.000 төгрөг л авсан, үлдэгдэл болон подъёмны үнэ, татвар зэргийг нэхэмжилнэ.. гэж шаардах эрхээ тодорхойлсон бол хариуцагчийн төлөөлөгч Х.Мөнхбаатар нь Ж.Х нь Ж.Гын барилгын 2 баганат өргүүрийг авч ашиглан, өөрийн барилга барих ажилд хөлсөлсөн нь үнэн боловч тухайн хугацааны төлбөрт 2.000.000 төгрөгийг өгч барагдуулсан, подъёмыг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж татгалзлалаа илэрхийлжээ.

Зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтуудаар Ж.Х нь өөрийн барилгын даамал О.Гантулгаар дамжуулан иргэн Ж.Гын подъём буюу 2 баганат өргүүрийг тодорхой хугацаанд хөлслөн авч, хөлс төлөхөөр эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа, хэлцэл хийсэн болох нь тогтоогдож байна.

Гэвч зохигчид нь эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйл болох подъёмыг хэдий хугацаанд ямар үнэ хөлстэй ашиглуулахаар хөлсөлсөн болох нь тодорхойгүй, бичгээр гэрээ хийгээгүй, эд хөрөнгийг буцаан хүлээлцэхдээ баримт үйлдээгүйгээс хэний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж эд хөрөнгө дутагдаж, үрэгдсэн болохыг нөхөн тогтоох боломжгүй нөхцөл үүссэн байна.

Шүүх хэргийн үйл баримтыг дүгнэн зохигчдын дунд Иргэний хуулийн 287 дугаар зүйлд заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ хийгдсэн гэж үзэв. Хэрэгт авагдсан гэрч О.Гантулгын мэдүүлгээр 2-3 сарын хугацаанд эд хөрөнгийг хөлсөлсөн гэсэн бол хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбараар Подъём хэрэглэхийн тулд Ж.Гд 800.000 төгрөг урьдчилан өгсөн, Ганзүү эмнэлэг дээр Б.Раднаасэдийн хамт 800.000 төгрөг өгсөн гэсэнмэдүүлэг, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар зэргээс дүгнэвэл зохигчид нь 4 сарын хугацаанд эд хөрөнгө хөлслөхөөр тохирч, сарын төлбөрийг 800.000 төгрөг гэж гэрээлсэн болох нь тогтоогдож байна.

Улмаар хариуцагч нь гэрээний төлбөрт 2 сая төгрөг өгсөн гэсэн боловч хэрэгт авагдсан баримтуудаар 1200.000 төгрөг өгсөн болох нь Ж.Хын ХААН банкин дахь дансны хуулга, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байх тул эд хөрөнгө хөлсөлсний төлбөр болох 4 сарын төлбөр 3200.000 төгрөгөөс 1200.000 төгрөгийг хасаж 2.000.000 төгрөгийг хариуцагчаар гаргуулах нь зүйтэй үзэв.

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлага болох эд хөрөнгө хөлслүүлэх гэрээнээс учирсан эд хөрөнгийн хохирол 8.500.000, НӨАТ 850.000 зэргийг хариуцагчаас гаргуулах боломжгүй гэж дүгнэв.

Тодруулбал: Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.1-д Хөлслүүлэгч эд хөрөнгийг өөрчилсөн, муутгаснаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр, хөлслөгч эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдон гаргасан зардлаа нөхөн төлүүлэхээр гэрээ дуусгавар болсноос хойш зургаан сарын дотор тус тус нэхэмжлэл гаргах эрхтэй..гэсэн бол мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.. 82.1-д Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй..гэжээ.

Нөгөө талаар нэхэмжлэгч нь подъёмын дутуу эд анги, материалыг нэхэмжлэх боловч тухайн эд хөрөнгийг хариуцагчаас хүлээн авахдаа дутуу хүлээн авсан, хариуцагч нь дээрх эд хөрөнгийг үрэгдүүлж бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан гэх үйл баримт нь нотлогдохгүй, энэ шаардлагаа нэхэмжлэгч нотлоогүй байгааг тайлбарлах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Хаас хөлсөлсөн эд хөрөнгийг өөрчилсөн, муутгасан буюу эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсны үнэ, түүнийг нөхөн сэргээхтэй холбогдох бусад зардлыг шаардах эрхгүй буюу шаардлага гаргах хугацаа өнгөрсөн болох нь тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгч нь эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаагүй бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, 76 дугаар зүйлийн 76.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ..гэж заасан, нэхэмжлэгч нь энэ асуудлаар тус шүүхэд 2018 оны 07 сард анх нэхэмжлэл гарган хандаж байсан зэргээс үзвэл нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд хандсан болох нь тогтоогджээ.

Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч нь эд зүйлийн үнэлгээ гаргуулахад төлсөн 250.000 төгрөгийг хариуцагчаар гаргуулахыг хүссэн ч энэ шаардлагаа бичгээр гаргаж, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй байх тул хүлээн авч шийдвэрэх боломжгүй болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна...гэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206150 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэсэн 2.000.000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 46950 төгрөгийг хариуцагч Ж.Хаар гаргуулж нэхэмжлэгч Ж.Гд олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

             ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 298 дугаар зүйлийн 498.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ж.Хаас эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэг 2.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9.950.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206150 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэсэн 2.000.000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 46950 төгрөгийг хариуцагч Ж.Хаар гаргуулж нэхэмжлэгч Ж.Гд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.