Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 442

 

 

 

 

 

 

 2020            4                9                                              2020/ДШМ/442 

 

 

Л.Ат холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн М.Алдар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Л.А,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Аын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1906000002486 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Л.А, 1986 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 4 дүгээр хэсгийн 282 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ЖЭ86121775/;

 

Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 451 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,

            Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 457 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 487 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан,  

 

1. Л.А нь 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4-р хэсэг 267 тоот хашааны хажууд иргэн О.Дулмаагийн толгой руу цохиж амь биед аюултайгаар хүч хэрэглэн цүнхийг нь дээрэмдэн авч 67000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

 

  1. Б.Чинбаттай бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорро Жаргалантын 13а-149 тоотод оршин суух Д.Жаргалмаагийн гэрийн хаалганы цоожииг эвдэн орж 32 инчийн Тошиба маркийн зурагт, шаазан эвтэй дөрвөн амьтан 1 ширхэг, хос морь 2 ширхэг түрийвч зэргийг хулгайлж 1.249.000 төгрөгийн,

 

  1. Б.Чинбаттай бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 16-19 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Монелын 19-427 тоотод оршин суух иргэн Ч.Ёндоншаравын өвлийн сууцны цонхыг түлхэн орж бурхан, мөнгөн бүс зэргийг хулгайлж 510.000 төгрөгийн Монелын 19-4276 тоотод оршин суух Д.Отгонсүрэнгийн гэрийн цоожийг эвдэн орж зурагт, гар утас, ээмэг бөгж, мөнгө зэргийг хулгайлж 695.000 төгрөгийн, нийт 1.205.000 төгрөгийн,

 

  1. Б.Чинбаттай бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 44-р гудамж 795 тоотод байрлах Ч.Чинзоригийн гэрийн хаалгыг эвдэж "Самсунг" маркийн 32 инчийн зурагт, Шарп маркийн индукцин плитка, корсет 1 ширхэг, түрийвч 1 ширхэг болон бусад эд зүйлс хулгайлж 300.000 төгрөгийн,

 

  1. Ганцаараа 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улиастайн гүүрний баруун талд  задгайд оршин суух иргэн Б.Баярсайханы гэрээс 43 инчийн зурагт, гитар, акумлятор, антень зэргийг хулгайлж 820.000 төгрөгийн,

 

  1. Ганцаараа 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 28-364 тоотод оршин суух иргэн А.Рэгзэдмаагийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 42 инчийн зурагт, 2 ширхэг хөөрөг, гуулин бурхан зэргийг хулгайлж 4.500.000 төгрөгийн,

 

  1. Ганцаараа 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бага Дарь Эхийн 1499 тоотод оршин суух иргэн Р.Жадамбаагийн гэрт хууль бусаар орж 21 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, сиди тоглуулагч зэргийг хулгайлж 290.000 төгрөгийн,

 

  1. Ганцаараа 2016 оны 04 дүгээр сарын 08-ны орой 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 7-176 тоотод оршин суух иргэн Цолмонгийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 32 инчийн зурагт, Могул брендын нөүтбүүк зэргийг хулгайлж 620.000 төгрөгийн,
  2. Ганцаараа 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баярнзүрх дуүргийн 22-р хороо Баруун Алтан Өлгийн 30-20 тоот иргэн Р.Амармөрөнгийн байшинд хууль бусаар нэвтэрч 42 инчийн Скайворт зурагт хулгайлж 420.000 төгрөгийн,

 

  1. Ганцаараа 2016 оны 12-р сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 16-р хороо Монгол хотхон 66с байрны 04 тоотод оршин суух иргэн Х.Алтанхуягийн байрны цонхоор орж мөнгөн аяга 1ширхэг, бага гарын мөнгөн аяга, Асер маркийн нөөтбүүк, алтан нуухтай шүрэн толгойтой гартааман хөөрөг зэрэг эд зүйл хулгайлж 6.640.000 төгрөгийн,

 

  1. Б.Чинбаттай бүлэглэн 2017-оны 01 дүгээр сарын 09-нөөс 11-ний хооронд Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо Алтан өлгий 29-4896 тоотод оршин суух иргэн М.Дэлгэрмаагийн гэрийн хаалганы цоожийг звдэн орж Самсунг маркийн 32 инчийн зурагт, мөнгөн бүс, мөнгөн зүүлт, кулон, эрэгтэй савхин куртка хулгайлж 675,000 төгрөгийн,

 

  1. Ганцаараа 2017 оны 01 сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Баруун Алтан Өлгий 17-215 тоот А.Давхарбаярын гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 760.000 төгрөгийн,

 

  1. Б.Чинбаттай бүлэглэн 2017 оны 01-р сарын 10-ны өдөр Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо Зүүн алтан өлгийн 1-26 тоотод суух иргэн Э.Өнөрсайханы байшинд хууль бусаар нэвтэрч Самсунг маркийн 32 инчийн зурагт, нөөтбүүк, пүүз зэргийг хулгайлж 980.000 төгрөгийн,

 

  1. Ганцаараа 2017 оны 01-р сарын 21-ний өдөр Баянзүрх дүүрэг 24 дүгээр хороо Хоршоолол 1-23 тоотод суух иргэн П.Нямсүрэнгийн гэрт хууль бусаар нэвтэрч Самсунг маркийн инчийн зурагт, мөнгөн ээмэг, ЛЖ гар утас зэрэг хулгайлж 560.000 төгрөгийн,

 

  1. Ганцаараа 2016 оны 12 сарын 30-ны едер Баярнзүрх дүүргийн 24 дүгээр хороо 11-р гудамж 10 тоот иргэн Ц.Ариунсайханы байшинд хууль бусаар нэвтэрч мөнгөн бүс, халтар манан хөөрөг, мөнгөн аяга 2 ширхэг, сөнгийн мөнгөн аяга хулгайлж 630.000 төгрөгийн

 

  1. Ганцаараа 2017 оны 1 сарын 20-ний өдөр Баянзүрх дүүрэг 24 дүгээр хороо Хоршоолол 24-9 тоотод суух иргэн Т.Мөнхтунгалагийн гэрт хууль бусаар нэвтэрч Тошиба маркийн зурагт хулгайлж 580.000 төгрөгийн,

 

  1. Ганцаараа 2017 оны 7 сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар  хороо, Зүүн Алтан-Өлгийн 6-1126 тоот, иргэн Х.Шагайхүүгийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч угаалгын машин, мөнгөн бөгж зэргийг хулгайлж, 233.000 төгрөгийн,

 

  1. Ганцаараа нь 2018 оны 10 сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Зүүн Алтан өлгийн 1-14 тоот иргэн М.Баттулгын монгол гэрт хууль бусаар нэвтэрч ЛЖТ маркийн 40 инчийн зурагт хулгайлж 244.400 төгрөгийн,

 

  1. Ганцаараа 2017 оны 8 сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Дүүргийн 10-514 тоот иргэн Б.Пүрэвдуламын өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч шинэ цагийн хөөрөг, гар утас, зургийн аппарад зэргийг хулгайлж 330.000 төгрөгийн,
  2. Ганцаараа 2018 оны 11 сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан өлгийн задгай тоот иргэн Т.Байгалмаагийн байшинд хууль бусаар нэвтэрч Тошиба маркийн 32 инчийн зурагт хулгайлж 128.000 төгрөгийн,

 

  1. Ганцаараа 2018 оны 11 сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан өлгийн 7-143 тоот иргэн Б.Болорчулууны байшинд хууль бусаар нэвтэрч Самсунг маркийн 49 инчийн зурагт хулгайлж 1.399.920 төгрөгийн,

 

  1. Ганцаараа 2019 оны 8 сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан өлгийн 6-136 тоот иргэн М.Хосцэцэгийн байшинд хууль бусаар нэвтэрч Самсунг маркийн 42 инчийн зурагт хулгайлж 372.000 төгрөгийн,

 

  1. Ганцаараа 2019 оны 6 сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 10а гудамж 329 тоот иргэн Д.Чимэддоржийн байшинд хууль бусаар нэвтэрч Самсунг маркийн 42 инчийн зурагт хулгайлж 312.800 төгрөгийн,

 

  1. Ганцаараа 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Өлгийн 2 дугаар гудамж 19а тоот иргэн Б.Энхжаргалын эзэмшлийн байшинд хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, 42 инчийн Шарп брэндийн зурагт, Сансар дижитал төхөөрөмжийг хулгайлж 441.790 төгрөгийн,

 

  1. Ганцаараа 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Баруун Алтан Өлгийн 22 дугаар гудамж 333 тоот иргэн С.Болормаагийн эзэмшлийн байшингийн цонхоор, хууль бусаар нэвтэрч 32 инчийн Могул брэндийн зурагтыг хулгайлж 342.000 төгрөгийн,

 

  1. Ганцаараа 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 16-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Гэгээ хотхоны 168-1 тоот иргэн Л.Атарцэцэгийн эзэмшлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, сувдан эдлэл зэрэг эд зүйлсийг хулгайлж 1.711.900 төгрөгийн,

 

  1. 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Зүүн алтан Өлгийн 5 дугаар гудамж 109 тоот иргэн Ж.Отгонбатын эзэмшлийн Монгол гэрт хууль бусаар нэвтэрч, 42 инчийн Хайсана брэндийн зурагтыг хулгайлж 480.000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 26 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч 23.750.490 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Л.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Л.Аыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн,

бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ат холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар найман жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Л.Аыг шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ат оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Аын цагдан хоригдсон 982 /есөн зуун наян хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч О.Дулмаад 67.000 төгрөг, Д.Жаргалмаад 624.500 төгрөг, Ч.Ёндоншаравт 255.000 төгрөг, Д.Отгонтөгст 347.500 төгрөг, Ч.Чинзоригт 150.000 төгрөг, Б.Баярсайханд 820.000 төгрөг, Н.Лхагвасүрэнд 4.500.000 төгрөг, Р.Жадамбаад 290.000 төгрөг, Т.Цолмонд 620.000 төгрөг, Р.Амармөрөнд 420.000 төгрөг, Х.Алтанхуягт 6.370.000 төгрөг, М.Дэлгэрмаад 337.500 төгрөг, А.Давхарбаярт 760.000 төгрөг, Э.Өнөрсайханд 490.000 төгрөг, П.Нямсүрэнд 40.000 төгрөг, Ц.Ариунсайханд 630.000 төгрөг, Т.Мөнхтунгалагт 580.000 төгрөг, Б.Пүрэвдуламд 330.000 төгрөг, Т.Байгалмаад 128.000 төгрөг, Б.Болорчулуунд 1.399.920 төгрөг, Д.Чимэддоржид 312.800 төгрөг, Б.Энхжаргалд 441.790 төгрөг, С.Болормаад 342.000 төгрөг, Л.Атарцэцэгт 1.711.900 төгрөг, Ш.Отгонбатад 480.000 төгрөгийг шүүгдэгч Л.Ааас гаргуулан тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ат хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 4 сар 9 хоног, 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдрөөс 12 дугаар сарын 4-ний өдөр хүртэл 4 сар, 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс 9 дүгээр сарын 4-ний өдөр хүртэл 3 сар цагдан хоригдсон. Гэвч прокурорын яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд хоног, сар дутуу бөгөөд зөрүүтэй тооцогдсон байна. Өмнө нь шүүхийн шийтгэх тогтоол болон прокурорын эсэргүүцлийг эс зөвшөөрч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байхдаа “Хохирогч Х.Алтанхуягийн орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ Б.Чинбатын хамт хамтран үйлдсэн гэж бичгээр болон онлайн шүүх хуралдаанд оролцохдоо гомдол гаргаж байсан. Тус хохирогчийн гэрээс хулгайн эд зүйлийг Б.Чинбат нь зарж, борлуулан мөнгийг нь өөртөө зарцуулсан байдаг. Миний бие Б.Чинбатаас дээрх хохирогчид учруулсан хохирол буюу хулгайн эд зүйлсийг худалдан борлуулсан мөнгөнөөс авч үрэгдүүлсэн юм байхгүй. Тухайн гэмт хэрэгт миний бие мэдүүлэг өгөхдөө “хөөргийг нь 500.000 төгрөгөөр,  2 ширхэг мөнгөн аягийг нь танихгүй хүнд зарсан” гэх мэдүүлэг өгсөн байдаг боловч Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр  хэлтсийн эрүүгийн мөрдөгч ахлах дэслэгч Мөнхбаатар нь Б.Чинбатын гэрээс хохирогч Х.Алтанхуягийн хулгайд алдагдсан хөөрөгний толгойг нь олж хураан авч мөн Б.Чинбатаар 2 ширхэг мөнгөн аяга худалсан гэх ченжийг нь заалгаж, уг ченжээс 2 ширхэг мөнгөн аяга хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн байдаг. Уг хулгайн гэмт хэргийн хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээс харахад миний бие ганцаараа үйлдэх боломжгүй байдаг. Иймд дээрх гэмт хэргийг хамтран үйлдсэн Б.Чинбатад бас хариуцлага тооцож хохирлын хэмжээг ялгамжтай хувааж, үнэн зөвөөр бодитоор шийдэж өгнө үү. Мөн хяналтын прокурор Н.Гэрэлмаагийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үйлдсэн яллах дүгнэлтэд хохирогч Ц.Ариунсайхан болон хохирогч Р.Амармөрөн нарт эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл байдаг боловч прокурор Н.Гэрэлмаагийн сүүлд үйлдсэн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн яллах дүгнэлэд дээрх хоёр хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл бичигдээгүй байдаг бөгөөд хохирогчийн орон байранд нэвтэрч хулгайн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох баримт болох “эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн” гэх тэмдэглэлийг хасаж яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Мөрдөн байцаагч, мөрдөгч ахмад Пүрэвжавт 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө “дээрх хоёр хулгайн үйлдлийг үйлдээгүй, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Эрүүгийн тасгийн мөрдөгч, хошууч Даваахүү нь 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгчээр цагдан хориотой байсан. Л.А намайг зам шалгах нэрийдлээр авч явч 15, 16 дугаар үйлдлийг ар гэрийн гачигдал, эргэлт тойролтгүй байдлыг далимдуулан хүлээлгэж, мөн шүүхээс шүүгдэгчээр цагдан хориотой байхад хэнээс, хаанаас зөвшөөрөл авсан нь тодорхойгүй. Миний бие зам шалгалтаар явах хүсэлт гаргаагүй байхад авч явсан. Иймд 15, 16 дугаар үйлдлийг хасуулмаар байна гэж мэдүүлэг өгсөн. Гэвч Пүрэвжав байцаагч дээрх хоёр үйлдлийг хасалгүй прокурорт шилжүүлсэн байдаг. Дээрх хоёр хулгайн гэмт хэргийн талаар урьд анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхэд бичгээр болон онлайн шүүх хуралдаанд оролцохдоо тайлбарлаж байсан. Гэвч прокурор болон мөрдөгч нар нь магадлалд заасан зүйлийг хангадаггүй. Иймд дээрх хулгайн гэмт хэргүүдийг үнэн зөвөөр тогтоож, цагдан хоригдсон хугацааны зөрүүг шалган зөв тооцоолж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Чинбат нартай бүлэглэсэн үйлдлүүдийг уг хэргээс тусгаарласан. Чинбаттай бүлэглэсэн үйлдэл нь 2015 оны үйлдлүүд байдаг. 2016 оны 2 сар, 4 сард үйлдсэн үйлдэл дээр нь 2016 оны 6 дугаар сарын 7-ноос 2016 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүртэл цагдан хорьсон. Үйлдлийг нь бичсэн. 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэргээ шийдвэрлүүлсэн байдаг. Үүнтэйгээ андуураад байна уу гэж үзэж байна. Цагдан хоригдсон хоногийг зөв тооцсон. ...” гэв.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.  

 

Анхан шатны шүүх   Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ат холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтийн “... Эрүүгийн хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн...” буюу  шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна. Учир нь:

 

Л.А нь 2014 оны 12 сарын 27-ны өдөр хохирогч О. Дулмааг цохиж амь биед нь аюултайгаар хүч хэрэглэх гэмт хэрэг үйлдсэнээс хойш 2015 оны 7 сарын 8-ны өдрөөс 2019 оны 8 сарын 9 хүртэл нийт 26 удаагийн үргэлжилсэн үйлдлээр тасралтгүй бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлджээ.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно” гэсэн заалтаас үзэхэд шүүгдэгч Л.А  2014 оны 12 сард дээрмийн гэмт хэрэг үйлдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхдаа 2015 оны  7 сард  дахин хулгайн гэмт хэрэг санаатай үйлдсэнээр хөөн хэлэлцэх хугацаа тасарсан  бөгөөд түүний хамгийн сүүлд гэмт хэрэг үйлдсэн үеэс хөөн хэлэлцэх хугацаа шинээр тоологдоно.  

Иймээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож  хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэргийг дахин хэлэлцүүлэх болсонтой холбогдуулан шүүгдэгч Л.Аын гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийг дүгнээгүй бөгөөд анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцэхдээ шүүгдэгчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хоёр сараар дутуу тооцсон эсэх,  мөн хохирогч Х.Алтанхуягийн хэргийг бусадтай хамтарсан эсэх,мөн зарим хэргийг хүчээр хүлээлгэсэн талаарх маргаантай асуудлыг хэлэлцэн шийтгэх тогтоолдоо тодорхой дүгнэлт гаргах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Ат холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.   

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Л.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         М.АЛДАР

 

                                                ШҮҮГЧ                                          Л.ДАРЬСҮРЭН

 

                                                ШҮҮГЧ                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ