Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2018/0847/З |
Дугаар | 128/ШШ2019/0873 |
Огноо | 2019-12-04 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2019/0873
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: Э ХХК /РД: ********/
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчны яамны 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2018/02 дугаартай МҮ-00*******2 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлсэн эсэх тухай дүгнэлт-ийг хууль бус захиргааны актад тооцуулах, хүчингүй болгуулах тухай.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгя П.О, Ч.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцаг Д.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, О.Б, нарийн бичгийн дарга Э.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э ХХК нь 2013 онд байгуулагдан MV-00*******2 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу шилжүүлэн авч, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлагдсан нөөцөд тулгуурлан олборлолт явуулж, хуулиар тогтоосон татвар төлбөр, хураамжийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэхийн зэрэгцээ, 1700 гаруй иргэдийг ажлын байраар ханган ажиллуулж, нутгийн удирдлагатай газар, усны гэрээ, нийгмийн хариуцлагын гэрээ байгуулан, нутгийн оршин суугчидтайгаа хамтран ажилласаар ирсэн.
Улс орны эдийн засгийн байдал хүндрэлтэй байсан үед Засгийн газраас Алт-2 хөтөлбөрийг эхлүүлэн, алт олборлолтын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг бүхий л талаар дэмжин ажиллахаар болсон учраас манай компани алт олборлолтын салбарт зоригтой хөрөнгө оруулалт хийн, зээлийн санхүүжилтээр 31 сая ам доллар буюу 89,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар техник, тоног төхөөрөмжөө шинэчлэн, 5 тэрбум төгрөгөөр хайгуулын нэмэлт ажил гүйцэтгэн, хүчин чадлаа нэмэгдүүлж ажилласнаар өнөөдрийн байдлаар улс, орон нутгийн төсөвт 30,1 тэрбум төгрөгийн татвар, төлбөр, хураамж төвлөрүүлэн нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлж ирлээ.
2018 оны 05 дугар сараас олон нийтийн цахим сүлжээ буюу Фэйсбүүк хуудсанд зарим төрийн бус байгууллага болон нэр бүхий иргэдийн хаягнаас Э ХХК-ийг хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа учраас уурхай руу нь дайран орох, үйл ажиллагааг нь зогсоохыг уриалан 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр уурхайн бүсийн олборлолтын талбайд хэсэг бүлэг иргэд дайран орж, уурхайн үйл ажиллагааг удаа дараа зогсоон, эмх замбараагүй байдал үүсгэх болсон юм.
Энэ ташаа мэдээлэл, асуудлын мөрөөр 2018 оны 06 дугаар сард Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Улсын мэргэжлийн хяналтын газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Заамар сумын Цагдаагийн хэсгээс удаа дараалан шалгалт хийж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, хууль ёсоор олборлолт явуулж байгааг нотолсон байдаг.
Дээрх шалгалтуудын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.С*******гаар ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр манай уурхайд ажиллан, бичиг баримтын бүрдлийг шалгаж, үйл ажиллагаатай танилцсан бөгөөд энэ асуудлаар Байгаль орчны яамны 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 2018/02 дугаартай МҮ-00*******2 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлсэн эсэх тухай дүгнэлт-ийг үйлдэн, Ашигт малтмал, газрын тосны газарт Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 03/5092 дугаартай албан бичгээр хүргүүлжээ.
Энэ асуудлаар Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 7/5202 дугаартай албан бичгээр манай компаниас ашиглалтын тусгай зөвшөөрөл, түүний дагуу ил уурхайн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай материалыг ирүүлэхийг шаардсаны дагуу бид холбогдох материалыг 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 421/18 тоот албан бичгээр хүргүүлсэн байдаг.
Ашигт малтмал, газрын тосны газраас манай компанийн бүхий л зөвшөөрөл, батлагдсан төлөвлөгөө баримт бичгийг нэг бүрчлэн шалгаж үзсэний үндсэн дээр Ашигт малтмал, газрын тосны газраас хуулийн дагуу зөвшөөрөл авч, бичиг баримтыг бүрдүүлэн, тогтоосон төлбөр хураамжийг төлж ажиллаж байгаа тул Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018/02 тоот дүгнэлтийг үндэслэн цуцлах үндэслэл тогтоогдохгүй байгаа тухайгаа 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 7/5498 тоот албан бичгээрээ Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хариу мэдэгджээ.
Гэтэл 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 01/6090 дугаартай албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018/02 тоот дүгнэлтийг дэлгэрүүлэн тайлбарлаж, Э ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл байна, тиймээс ашиглалтын тусгай зөвшөөрлийг нь цуцлана уу хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад хүргүүлж, хувийг Ашигт малтмал, газрын тосны газар, Төв аймгийн Засаг дарга, Заамар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга, Заамар сумын Хайлааст багийн Засаг даргад тус тус явуулсан байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 2018/02 тоот дүгнэлтийг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. Үүнд:
Нэг. 2018 онд олборлолтын ажил хийж байгаа хэсэг нь 2016 оны онд батлагдсан Техник эдийн засгийн үндэслэл, 2018 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд хамрагдаагүй гэжээ.
2017 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл-өөр батлагдсан Төв аймгийн Заамар, Булган аймгийн Б******* сумдын нутагт орших и*******ын алтны шороон ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэлийн тодотгол, Ашигт малтмал, газрын тосны газраас зөвшөөрсөн Төв Булган аймгийн Заамар, Б******* сумын И******* орд (Баяжуулах, боловсруулах үйлдвэр)-ын 2018 оны ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газраас баталсан Э ХХК-ийн Булган аймгийн Б******* сум болон Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт байрлах MV-00*******2, MV-00*******3 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий И******* алтны шороон орд төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө-2018 баримт бичигт тусгагдсан ашиглалтын дараалал, цаг хугацааг тодорхой заасан, төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа олборлолтын үйл ажиллагаа юм.
Хоёр. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө зэрэг баримт бичиг батлагдаагүй, зөвшөөрөгдөөгүй байх үед газрын хөрс болон хэвлийг эвдэж, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэжээ.
2017 оны төлөвлөгөөний дагуу 2017 онд хийгдсэн нөхөн сэргээлтийн гүйцэтгэн орон нутагт хүлээлгэн өгсөн бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Туул голын сав газрын захиргааны төлөөлөл, Заамар сумын байгаль орчны байцаагч, Байгаль хамгаалагч, Багийн Засаг дарга, Газрын даамлын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг газар дээр нь шалгаж, нөхөн сэргээлтийн ажил хүлээж авах боломжтой буюу 81.45%- ийн биелэлттэй, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Туул голын сав газрын захиргаа, Б******* сумын байгаль орчны байцаагч, Газрын даамлын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг газар дээр нь шалгаж, нөхөн сэргээлтийн ажлыг хүлээн авах боломжтой буюу 80%-ийн биелэлттэй гэж дүгнэн акт үйлдэн тус тус хүлээн авсан байдаг.
Гэтэл яамны ажлын хэсэг орон нутгийн захиргааны байгууллага болох Байгаль орчин, Мэргэжлийн хяналтын байгууллага, Сав газрын захиргаа, сум орон нутаг, багийн төлөөлөл бүхий ажлын хэсгээс гаргасан тамга, тэмдэг бүхий хүчин төгөлдөр дүгнэлтийг үгүйсгэж ганц дрон нисгэн авсан зурагтаа өөрсдөө тайлбар хийн, аль талбайд техник, биологийн ямар нөхөн сэргээлтийг хийгээгүй талаар дурдаагүй, хийх ёстой нөхөн сэргээлтийн хэдэн хувийг гүйцэтгээгүй, энэ ямар хууль тогтоомжийг зөрчсөн тухай дүгнэлтэд тусгагдаагүй нь манай компанийг үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл болж чадахгүй юм.
Тэгээд ч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хянагдсан уулын ажлын төлөвлөгөө, байгапь орчны менежментийн төлөвлөгөө бусад бичиг баримтад олборлолт явуулах ордын блок тус бүрийн дараалал, хугацааг тодорхой заасан, зураг, хуваарийг тодорхой зааж баталгаажсан учраас огт зөвшөөрөлгүй блокт олборлолт хийсэн гэдэг нь ташаа ойлголт болно.
2018 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх хугацаа болоогүй ч нөхөн сэргээлтийн ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна. Нөхөн сэргээлтийн хэсэгт байгаль орчны ажилтан, уулын инженер, мастер, диспетчер, оператор зэрэг мэргэжлийн ажилтнуудыг томилон ажиллуулж, уурхайн ашиглагдсан талбайн техникийн нөхөн сэргээлт хийн, Заамар сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай 2018 онд байгуулсан Нийгмийн хариуцлагын гэрээ-нд тусгагдсанаар 20 га талбайд тэжээлийн болон олон наст ургамал тариалахаар тохиролцсоны дагуу биологийн нөхөн сэргээлтийг Заамар сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн багш, ажилчдаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж дуусгалаа. Олон наст ургамал тариалахад он дамжин үр дүн нь гардгийг хэн бүхэн сайн мэднэ, эхний байдлаар тариалалтын явц үр дүнтэй, олон наст ургамал соёолж үр дүнгээ өгсөн байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсэг очиход ч бид өөрсдийн хийж, хэрэгжүүлж байгаа техникийн нөхөн сэргээлт, шимт хөрсийг тараасан байдлыг өөрсдөд нь үзүүлж, танилцуулсан билээ.
Гурав. Дүгнэлтэд дудсанаар Туул голд шүүрэлтийн ус нийлүүлэн бохирдуулсан гэсэн байна.
Уурхайн карьерт хуримтлагдсан хөрсний ус нь газрын гүний цэвэр ус байдаг бөгөөд түүнд ямарваа нэгэн химийн элемент нэмээгүй тохиолдолд ус бохирдох учиргүйг та бүхэн мэднэ. Усны тухай хууль-ийн 3 дугаар зүйлийн 3.1.19 дэх заалтад зааснаар усны бохирдол гэж хүний шууд ба шууд бус үйл ажиллагааны улмаас байгалийн усны найрлага өөрчлөгдөж, усны чанар доройтохыг ойлгох бөгөөд шүүрлийн усыг манай компани ямарваа нэгэн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаагүй, 3.1.22 дахь заалтад заасан ямарваа нэгэн бохирдуулах бодис хэрэглээгүй, нэмээгүй шууд татан зайлуулж байгаа учраас усны чанарт өөрчлөлт орох боломжгүй юм. Энэ тухай Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль-д ч тодорхой заасан байдаг. Гэтэл усан санг ямар аргаар хэрхэн, яаж бохирдуулах бодис хэрэглэж бохирдуулсан, хэр хэмжээгээр хохирол учирсан, усны найрлагад ямар өөрчлөлт орсныг тогтоогоогүй байж усны шинжилгээний хариуг үл харгалзан илт мушгин гуйвуулсан дүгнэлт гаргасан нь хууль бус байна.
Карьерын шүүрлийн усыг төлөвлөгөөний дагуу ашиглалт явуулсан орон зайд усан сан байгуулан хуримтлуулж, эргэлтээр ашиглан дотоод овоолго үүсгэн ажилладгийг уул уурхай, байгаль орчны чиглэлийн хүмүүс сайн мэднэ, энэ талаар ч холбогдох баримт бичигт тусгагдсан байдаг. Шинээр нээгдэж байгаа карьерийн шүүрлийн усыг насосоор тунгаах цөөрөмд шилжүүлэн, голд нийлүүлэгддэг. Тухайн үед шүүрлийн усны ундарга насосны соруулах хүчин чадлаас давсан үед бүрэн тунгаалгүй Туул голд түр хугацаанд нийлүүлэгдсэн тохиолдол бий. Гэвч уурхайн мухраас гарсан хөрсний усыг тунгаахгүйгээр нийлүүлэхийг хориглосон зохицуулалт байхгүй бөгөөд энэ нь ямарваа нэгэн химийн бодисоор бохирлогдоогүй, найрлагад нь өөрчлөлт ороогүйг дээр дурдсан билээ.
2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хамтарсан ажлын хэсэг хяналт шалгалт хийж карьерийн усыг тунгаахгүйгээр Туул голд нийлүүлснийг зөрчил хэмээн үзэж, Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн 19-04-002/01 дугаартай албан шаардлагаар хөрсний шүүрлийн усыг тунгааж, зам талбайн усалгаа, үйлдвэрлэлд ашиглах, хөрс, ус, агаарын шинжилгээг тогтмол хийлгэхийг даалган, албан шаардлага өгч, 3,0 сая төгрөгийн торгууль ногдуулсан байдаг. Албан шаардлагын дагуу бид холбогдох арга хэмжээг авч, тунгаах цөөрмийн хэмжээг томруулж, цуваа 3 хэсэг болгон зөрчлийг арилгаж, энэ тухай тайлангаа тогтоосон хугацаанд буюу 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн болно.
Мэргэжлийн хяналтын байгууллагын шаардлагын дагуу уурхайн карьерийн уснаас Төв аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн Байгаль орчны шинжилгээний лаборатори, Шинжлэх ухааны академийн Газар зүй-ГеоЭлогийн хүрээлэнгийн Усны шинжилгээний лабораториор тус тус дээж авахуулан шинжлүүлж, дүгнэлт гаргуулсан бөгөөд дүгнэлтээр шүүрлийн ус нь ямарваа нэгэн бохирдолгүй гэсэн байх тул Байгаль орчны яамны 2018 оны 2018/02 тоот дүгнэлтэд ус бохирдуулсан гэдэг нь үндэслэлгүй болно.
Дөрөв. Захиргааны ерөнхий хууль-ийн 43 дугаар зүйлийн 43.1.3 дахь заалтад Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна гэсний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь гаргасан дүгнэлтээ манай компанид албан ёсоор мэдэгдэх үүргээ биелүүлээгүй.
Стандартчилал хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаар тогтоолоор батлагдсан Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичгийн стандарт MNS 5140:2011-ын 5.3.6-д зааснаар Дүгнэлт гэдэг нь Ажил хэрэг, бодит байдлыг дүгнэн тодорхойлж гаргасан баримт бичиг байх бөгөөд зохион байгуулалтын баримт бичгийн төрөлд хамаарч байгаа тул зөвхөн бодит байдлыг тогтоохоос өөрөөр ямарваа нэгэн иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн харилцааг дуусгавар болгох тухай заавар, чиглэлийг агуулах ёсгүй юм. Өөрөөр хэлбэл гадны нөлөөлөлгүйгээр зөвхөн бодит байдлыг тодорхойлон дүгнэх бөгөөд энэ тухайгаа стандартын дагуу бичгээр үйлдэж, харьяалах байгууллага албан тушаалтанд хүргүүлэх учиртай.
Ашигт малтмалын тухай хууль-ийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан 11 үндэслэл бий болсон тохиолдолд ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газар нь хуулийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эсэх асуудлыг хянан шийдвэрлэх бүрэн эрхтэй.
Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Ашигт малтмал, газрын тосны газрын хуулиар олгогдсон энэхүү эрхэд халдан, тусгай зөвшөөрөл ззэмшигчийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдохгүй байна гэж албан ёсоор мэдэгдсээр атал Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 01/6090 тоот албан бичгээр өөрийн яамны 2018/02 тоот дүгнэлтийг дэлгэрүүлэн тайлбарлаж, дүгнэлтэд дурдагдаагүй асуудлыг нэмж оруулан Э ХХК-ийн MV-00*******2 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар улайрч, хууль бус үйлдэл гаргаж байгаа тул Ашигт малтмалын тухай хууль-ийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдлийн талаар холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж болно гэснийг үндэслэн хууль бус дүгнэлт гаргаж, тусгай зөвшөөрлөөр олгогдсон үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 2018/02 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандаж байна.
Манай компанийн зүгээс гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль-ийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтад захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох бүрэн эрхийнхээ дагуу бидний хууль ёсны эрх ашгийг харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсье. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн Байгаль орчны яамны 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2018/02 дугаартай МҮ-00*******2 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлсэн эсэх тухай дүгнэлт-ийг хууль бус захиргааны актад тооцуулж, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байна. Учир нь нэхэмжлэгч Э ХХК нь Байгал орчны яамны 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2018/02 дугаартай МҮ-00******* тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлсэн эсэх тухай дүгнэлт-ийг гардан авснаас хойш 5 сарын хугацаа хэтэрсэн байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн Байгаль орчны яамны 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2018/02 дугаартай МҮ-00*******2 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлсэн эсэх тухай дүгнэлт-ийг хууль бус захиргааны актад тооцуулах, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтад тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан., 56.1.8 дахь заалтад Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зүйл, заалт болон хуулийн дагуу байгуулсан гэрээний заалтыг зөрчсөн. тохиолдолд 56.1 дэх хэсэгт зааснаар Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална. гэж зохицуулсан үндэслэлээр дүгнэлт гаргаж, Ашигт малтмалын газарт хүргүүлсэн.
Нэгдүгээрт: тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан гэсний дагуу Төв аймгийн Заамар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаар тогтоол, тус сумын 3 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 6 дугаар сарын 15-ний 011 дугаар тогтоол, Заамар сумын Засаг дарга Б.С*******гийн 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 1/214, 3 дугаар багийн Засаг дарга А.Г*******ийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 10/473 тоот албан бичгийг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаарх нутгийн захиргааны байгууллагын санал гэж дүгнэж байна.
Хоёрдугаарт: дүгнэлтийн а/ Э ХХК нь 2018 онд олборлолтын ажил хийж байгаа хэсэг нь 2016 онд батлагдсан Техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан, 2018 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд хамрагдаагүй талбайд үйл ажиллагаа явуулсан байна.
2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр В-26 блок бүхий талбайд ашиглалтын ажил эхлүүлсэн нь тогтоогдсон. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь заалтад заасан ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, ... бусад үйл ажиллагааг; гэж заасан. В-26 блок-д 62.292.2 м2 талбайд хөрс хуулж, 344.889 м3 хэмжээтэй ухаж бий болгосон байсан.
2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс зохион байгуулсан хэргийн газрын үзлэгээр В-26 блокт агаарын гэрэл зураг авч боловсруулалт хийж үзэхэд нийт 75975 м2 буюу 13.682.8 м2 талбайд нэмж хөрс хуулалт хийж газрын хэвлийг эвдрэлд оруулсан байна.
Дүгнэлтийн хоёрын б/ Техник эдийн засгийн үндэслэл хүлээн авах тухай Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 19-ний т/90 дугаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн т/17-0704 дугаартай Төв аймгийн Заамар, Булган аймгийн Б******* сумдын нутагт орших М\/-00*******3, М\/-00*******2, М\/-00******* тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөлүүдтэй И******* нэртэй алтны шороон ордыг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэл /тодотгол/-ийг хэлэлцсэн тухай дүгнэлт гарсан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 27.1.1, 38.1.3, 38.1.4, 35.3, 35.3.3, 35.3.4, 39.1.1, 39.1.2, 39.1.3, 39.1.4, 39.1.4.2, 39.1.4.3, 39.1.4.4, 39.1.5, 39.1.6, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тухай хуулийн 7.3, 9.2, Газрын хэвлийн тухай хуулийн 31.1 дэх хэсгийг тус тус зөрчин байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөө зэрэг баримт бичиг батлагдаагүй, зөвшөөрөгдөөгүй байх үед газрын хөрс болон хэвлийг эвдэж, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй байна.
Гуравдугаарт: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар, Төв аймгийн Засаг дарга, Булган аймгийн Засаг дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи уул уурхайн хэлтэстэй 2017 оны 4 дүгээр сарын 10-нд Усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийх үйл ажиллагааны гэрээ-г байгуулсан байна.
Энэхүү дүгнэлтийн 2.6-д дурдсан болон Туул голд шүүрэлтийн ус нийлүүлэн бохирдуулсан зөрчил гаргасан. Газар дээр нь очиход энэ талаар ажлын хэсгийн гишүүдэд мэдэгдээгүй байсан бөгөөд агаарын гэрэл зураг авч боловсруулалт хийх явцад авсан зургаар илэрсэн.
Ашигт малтмалын тухай хуулийн 39.1.4.2-т газрын гадаргуугийн болон гүний усыг хамгаалах, ашиглах, хуримтлуулах;, 39.1.4.3-т ...уурхайн хаягдлын далан барих гэж заасан байдаг. Дүгнэлт гаргах ажлын хэсгийг ажиллахаас өмнө, ажиллах үед түүнээс хойш ч шүүрлийн усыг шүүж тунгаалгүй Туул голд нийлүүлж голын усны чанар, найрлагад өөрчлөлт оруулан гадаргын усны өнгөний өөрчлөлтөөр агаарын гэрэл зургаар батлагдсан байна.
Усны тухай хуулийн 3.1.19-д усны бохирдол гэж хүний шууд ба шууд бус үйл ажиллагааны улмаас байгалийн усны найрлага өөрчлөгдөж, усны чанар доройтохыг тодорхойлсон. Туул голд шүүрлийн усыг шүүж тунгаалгүй нийлүүлснээр гадаргын усны чанар байдалд өөрчлөлт оруулсан байна гэж үзсэн. Төв аймгийн Засаг даргаас ирүүлсэн хүсэлт болон Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шалгалтын материалаар нотлогдоно.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Гуравдагч этгээд Төв аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан бичгийн тайлбартаа: Тус сумын нутаг дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа Э ХХК-ний нэхэмжлэлтэй, байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэргийн шүүх ажиллагаанд холбогдон гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.
Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутагт Э ХХК нь И******* нэртэй МҮ-00*******2 тоот тусгай зөвшөөрлийн талбайд уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан хэсэгт Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.С*******гаар ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 6 дугаар сарын 26-нд ажилласан.
Тухайн үед олборлолт явуулж байсан 26 дугаар блок нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дүгнэлтэд дурдсанаар 2016 онд батлагдсан Техник эдийн засгийн үндэслэлд тусгагдаагүй, 2018 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд хамрагдаагүй. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө тухайн газар дээр гараагүй, зөвшөөрөгдөөгүй байхад газрын хөрс хуулж, газрын хэвлийг эвдэн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй.
Тухайн олборлолт явуулж буй газраас гарсан шүүрлийн усыг бохирдолтой нь буюу булингартай, шавартай нь Туул голд нийлүүлсэн.
Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан нөхөн сэргээлт хийгдээгүй тул Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2018/02 дугаартай гаргасан дүгнэлт нь И*******" нэртэй МҮ-00*******2 тоот тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлтэй гэж үзэж байна. гэжээ.
Гуравдагч этгээд Төв аймгийн Заамар сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурал шүүхэд гаргасан бичгийн тайлбартаа: Тус сумын нутаг дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэргийн шүүх ажиллагаанд холбогдон гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.
Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутагт Э ХХК нь И******* нэртэй МҮ-00*******2 тоот тусгай зөвшөөрлийн талбайд уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан хэсэгт Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.С*******гаар ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 6 дугаар сарын 26-нд ажилласан.
Тухайн үед олборлолт явуулж байсан 26 дугаар блок нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дүгнэлтэд дурдсанаар 2016 онд батлагдсан Техник эдийн засгийн үндэслэлд тусгагдаагүй, 2018 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд хамрагдаагүй.
Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө тухайн газар дээр гараагүй, зөвшөөрөгдөөгүй байхад газрын хөрс хуулж, газрын хэвлийг эвдэн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй.
Тухайн олборлолт явуулж буй газраас гарсан шүүрлийн усыг бохирдолтой нь буюу булингартай, шавартай нь Туул голд нийлүүлсэн.
Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан нөхөн сэргээлт хийгдээгүй тул Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2018/02 дугаартай гаргасан дүгнэлт нь И******* нэртэй МҮ-00*******2 тоот тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлтэй гэж үзэж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
Нэхэмжлэгч Э ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн дугаар 2018/02 тоот МҮ-00*******2 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлсэн эсэх тухай дүгнэлт-ийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн дугаар 2018/02 тоот дүгнэлтийн дүгнэсэн нь хэсгээр Ашигт малтмал, газрын тосны газар нь Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлээгүй, Усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийх үйл ажиллагааны гэрээ-ний 2.2-ийг зөрчиж Туул голыг бохирдуулж байсан Э ХХК-ийн ашиглалтын МҮ-00*******2 тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 56.1.8 дахь заалтыг үндэслэн цуцлах үндэслэл болно гэж дүгнэсэн байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №7/5498 тоот албан бичгээр[1] Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад дараах байдлаар хариу өгсөн байна.Үүнд:
Танай 2018 оны 07 дугаар сарын 16-ний өдрийн 2018/02 дугаартай MV-00*******2 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлсэн эсэх тухай дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Захиргааны ерөнхий хуулийн 26,27 дугаар зүйлүүдэд заасны дагуу сонсох ажиллагаа явуулахад тус компаниас MV-00*******2 тоот тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлгүй гэж үзэн холбогдох тайлбар холбогдох материал ирүүлснийг хавсарган хүргүүлж байна.
Тухайлбал Э ХХК нь зарим шаардлагатай бичиг баримтыг зохих журмын дагуу батлуулсан, зарим бичиг баримтыг боловсруулсан танай яаманд хүргүүлсэн тухай тайлбартаа дурджээ. Э ХХК-ийн ирүүлсэн баримт бичгийг хянан үзэхэд танай 2018/2 тоот дүгнэлтийг үндэслэн МV-00*******2 тоот тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдохгүй байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийн дагуу ирүүлсэн баримт бичгийг хянан үзнэ үү гэсэн байна.
Дээрх Ашигт малтмал, газрын тосны газрын №7/5498 тоот албан бичгээс үзэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн дугаар 2018/02 тоот дүгнэлтийг үндэслэн Э ХХК-ийн МV-00*******2 тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар тус яамны Төрийн нарийн бичгийн даргаас Ашигт малтмал, газрын тосны газарт хандан албан бичиг явуулсан байх ба Ашигт малтмал, газрын тосны газраас дээрх №7/5498 тоот албан бичгээр МV-00*******2 тоот тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн хариуг өгсөн байна.
Тодруулан хэлбэл дээрх Ашигт малтмал, газрын тосны газрын №7/5498 тоот албан бичгээс үзэхэд Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, цуцлах буюу хүчингүй болгох бүрэн эрхийг хэрэгжүүлдэг Засгийн газрын агентлаг нь МV-00*******2 тоот тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдохгүй байгаа талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хариу өгсөн байна.
Дээр дурдсан үйл баримтаас үзэхэд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, цуцлах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг захиргааны байгууллагаас МV-00*******2 тоот тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдохгүй байна гэж хариу өгсөн байх тул маргаан бүхий дүгнэлт буюу ажлын хэсгийн 2018/02 тоот МҮ-00*******2 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлсэн эсэх тухай дүгнэлт эрх зүйн үр дагаваргүй болсон гэж үзэхээр байна.
Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын №7/5498 тоот албан бичигт ...Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийн дагуу ирүүлсэн баримт бичгийг хянан үзнэ үү гэснээс үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, нотлох үүргээ захиргааны байгууллага хангалттай биелүүлээгүй болох нь харагдаж байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №7/5498 тоот албан бичгийг эс зөвшөөрөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс холбогдох байгууллага, шүүхэд хандаагүй, тодруулбал дээрх №7/5498 тоот албан бичигтэй хариуцагч маргаагүй байх ба Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №7/5498 тоот албан бичиг хүчинтэй байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №7/5498 тоот албан бичгээр МV-00*******2 тоот тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдохгүй байна гэж хариу өгсөн хэдий ч манай компани нь уг 2018/02 тоот дүгнэлтийг шүүхээр хүчингүй болгуулах шаардлагатай гэж үзсэн, учир нь манай компани нь 1700 гаруй хүнийг ажлын байраар хангадаг, улсад тодорхой хэмжээний татвар төлдөг, нийгмийн хариуцлагаа ухамсарласан компани тул ажлын хэсгийн дүгнэлтийг бид эрх зүйн үр дагаваргүй болсон гэж үзээд орхих, нэхэмжлэлийн шаардлагаа шүүхээс татан авах юм бол хууль бус үйлдэл хийснээ компани өөрөө хүлээн зөвшөөрч байгаа мэт буруу ойлголт нийгэмд үүсч, манай компанийн нэр хүндэд хохиролтой үр дагавар үүснэ, гэсэн агуулгаар тайлбарлаж байх тул маргаан бүхий 2018/02 тоот дүгнэлтийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж шүүхээс үзэх боломжгүй байна.
Тодруулбал Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2018 оны дугаар 2018/02 тоот дүгнэлтийг шүүхээс хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй гэж шүүхээс дүгнэх боломжгүй, уг 2018/02 тоот дүгнэлтийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэх боломжгүй байна.
Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн дугаар 2018/02 тоот дүгнэлтийн б/ хэсэгт байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ батлагдаагүй, зөвшөөрөгдөөгүй байх үед газрын хөрс болон хэвлийг эвдсэн талаар дурдсан байна.
Манай компанийн 2018 оны Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотголын тайланг Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2018 оны 10 дугаар сард баталсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч тайлбарлаж, уг батлуулсан тайланг шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн бөгөөд үүнтэй хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй болно.
Дээрх үйл баримтаас үзэхэд хариуцагч нь ажлын хэсгийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2018/02 тоот дүгнэлтээрээ МҮ-00*******2 тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлтэй гэж үзсэн атлаа үүнээс хойш Э ХХК-ийн 2018 оны Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотголын тайланг баталсан байгаа нь хариуцагч өөрийн гаргасан 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2018/02 тоот дүгнэлтээ үгүйсгэсэн шинжтэй байна.
Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн дугаар 2018/02 тоот дүгнэлтийн б/ хэсэгт ...нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэсэн байх ба хэрэгт цугларсан нотлох баримтууд хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд тусгай зөвшөөрөл бүхий талбайн тодорхой аль хэсэгт нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь тодорхойгүй, тогтоогдохгүй, үүнийг нотлох баримт байхгүй байна.
Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн дугаар 2018/02 тоот дүгнэлтээр Туул голд шүүрэлтийн ус нийлүүлэн бохирдуулсан гэж үзсэн байх ба хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд голын усыг тодорхой ямар байдлаар /ямар үзүүлэлтээр/ бохирдуулсан гэдгийг тодорхой тогтоосон баримт байхгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-д Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.4-д Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно. гэж тус тус хуульчилсан байна.
Дээрх хуулийн зохицуулалтуудын агуулгаас үзэхэд захиргааны байгууллага нь аливаа захиргааны актыг гаргахдаа нотлох баримтыг цуглуулж, нотлох баримтад үндэслэж гаргах үүрэгтэй юм.
Иймд хариуцагч нь 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн дугаар 2018/02 тоот дүгнэлтийг гаргахдаа Туул голын усыг ямар байдлаар бохирдуулсныг тодорхой шалгуур үзүүлэлтүүдээр тогтоосон мэргэжлийн дүгнэлтийг үндэслэх ёстой.
Тодруулбал маргаан бүхий 2018/02 тоот дүгнэлтийг гаргахаас өмнө Туул голын усыг ямар байдлаар бохирдуулсныг тодорхой шалгуур үзүүлэлтүүдээр тогтоосон дүгнэлтийг гаргуулсан байх ёстой ба хариуцагч нь нотлох баримт цуглуулах, нотлох үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч нь Төв аймгийн болон Булган аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн лабораторийн усны шинжилгээний дүнгийн хуудсуудыг[2] гаргаж өгч байх ба уг шинжилгээний дүнгээс үзэхэд голын усыг бохирдуулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байх хэдий ч эдгээр шинжилгээнүүд нь хариуцагчийн маргаан бүхий дугаар 2018/02 тоот дүгнэлтийг гаргахдаа үндэслэсэн шинжилгээ биш юм.
Зүй нь хариуцагч маргаан бүхий дүгнэлтийг гаргахдаа нэхэмжлэгчийн гарган өгч байгаа дээрх усны шинжилгээний дүгнэлтүүдтэй адил мэргэжлийн шинжилгээний дүнг гаргуулсны үндсэн дээр Туул голын ус бохирдсон эсэхийг тогтоох ёстой ба хариуцагч нотлох баримт цуглуулах, нотлох үүргээ биелүүлээгүй байна.
Байгаль орчны зөвлөх Н******* ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №1/61 тоот Шинжээчийн дүгнэлтээр:
1.Тус компаниас хууль бусаар олборлох үйл ажиллагаа явуулж эвдсэн талбай байхгүй байна. Тогтоолоор өгөгдөж хэмжилт хийсэн талбай нь хориглосон болон хязгаарласан талбайд ороогүй, тухайн компанийн лицензийн талбай дотор байна.
2. Тухайн үйлдлийн улмаас голын гольдрол өөрчлөгдөөгүй, ойн санд хохирол учраагүй, усан санд хохирол учраагүй байна.
3. Шинжилгээгээр тухайн талбайн орчин дахь лицензийн гадна талбайд байгаль орчинд учирсан хохирол байхгүй байна.
4. Тус талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх зардлын хэмжээ тооцох шаардлагагүй байна гэж тус тус дүгнэсэн байна.
Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай дугаар 298 тоот прокурорын тогтоолоор дээрх Н******* ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №1/61 тоот шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Э ХХК ...тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт ашигтлалт явуулж газрын хэвлийд халдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдээгүй байх тул гэж үзэн хэрэг бүртгэлтийн 180200404 дугаартай хэргийг хааж шийдвэрлэсэн байна.
Н******* ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №1/61 тоот шинжээчийн дүгнэлтээс үзэхэд уг дүгнэлт нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн дугаар 2018/02 тоот дүгнэлтийг үгүйсгэсэн шинжтэй байх ба хариуцагчаас Н******* ХХК-ийн дээрх №1/61 тоот шинжээчийн дүгнэлтийг няцаах баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Мөн түүнчлэн маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн дугаар 2018/02 тоот дүгнэлтээс үзэхэд уг дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах гэж заасан бичгээр гаргасан захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүй байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийг хариуцагчаар татаагүй тухайд:
Нэхэмжлэлээс үзэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн дугаар 2018/02 тоотдүгнэлтийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байх ба үүнээс үзэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсэг тус хэргийн хариуцагч гэж үзэхээр байх хэдий ч нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаануудад ажлын хэсэг бол байнгын бус, түр зуурын нэг удаагийн шинжтэй тул одоо ажлын хэсэг үйл ажиллагаагаа явуулж байгаа гэж үзэх боломжгүй бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар ажлын хэсгийг байгуулсан тул нэхэмжлэгч нь хариуцагчаа яам гэж тодорхойлсон гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.
Учир нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/174 дүгээр тушаалаар[3] маргаан бүхий дүгнэлтийг гаргасан ажлын хэсгийг байгуулсан байх бөгөөд ажлын хэсэг байнгын бус, түр зуурын, нэг удаагийн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг, түүнчлэн хариуцагчаа хэрхэн тодорхойлох нь нэхэмжлэгчийн эрх тул Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийг шүүх хариуцагчаар татаагүй болно.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 24.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчЭ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн МҮ-00*******2 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлсэн эсэх тухай дугаар 2018/02 тоот дүгнэлтийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ