Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2026/0162

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

"Э" СӨХ болон нэр бүхий 16 иргэний нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2026/0025 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Л.Одбаатар 

Илтгэгч шүүгч Ц.Одмаа

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: "Э" СӨХ, Ю.О, М.С, Ц.Б, Ш.Ц, А.Ө, П.М, Н.Д, Б.Б, Ч.С, Х.М, Б.З, Ч.Г, А.Ч, Ө.Ц, Г.О, Э.Б

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга

Гуравдагч этгээд: О.Т

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг 

Хэргийн индекс: 128/2024/0930/З                                           

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2026/0025 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Э" СӨХ, Ю.О нарын нэр бүхий 16 иргэнээс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн 2* дүгээр хороо, Ар гүнт 5*, Цагаан бургастайн амны Эы бохирын байгууламж дээр давхцуулан 180262141*, 180262141* нэгж талбарын дугаар бүхий газарт “Газар эзэмших эрх олгох тухай” Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/140 дүгээр захирамжийн О.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. “...Бодит байдал дээр шугам сүлжээ бүхий газарт газар эзэмших эрх олгосон нь "Э" СӨХ, тус хотхоны оршин суугч өмчлөгч нарын эд хөрөнгийн эрх, гэрээний дагуу захиалан бариулсан хотхон түүнийг хэвийн ашиглах, хөрсний бохирдолгүй эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөхөөр байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2* дүгээр хороо, Цагаан бургаст байрлах "Э"-ны оршин суугчид, Сууц өмчлөгчдийн холбооны хууль ёсны өмчлөлийн 40 айлын газар бүхий хувийн сууцны хотхон, инженерийн байгууламж, нэгдсэн цахилгаан, цэвэр, бохир ус татан зайлуулах, бохир ус хуримтлуулах шугам сүлжээ нь 2019 оны зун эхэлж намар баригдаж, ашиглалтад орсон болох нь гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгч нарын эд хөрөнгийн бүртгэл гэрчилгээ, сансрын түүхчилсэн зураг бусад нотлох баримтаар нотлогдоно. Байшин, бохирын шугам сүлжээ баригдаж байх үед буюу 2018-2019 онд 11 сар хүртэл тус маргаан бүхий газар нь төсөл хэрэгжүүлэгч "Н" ХХК болон газрын хууль ёсны эзэмшигч О.Бийн эзэмшилд байсан болох нь баримтаар тогтоогддог. (1XX-151)

2.2. 2019-2020 онд төсөл хэрэгжүүлэгч, төслийн газар эзэмшигч О.Б нь тус газраа айл бүрт шилжүүлэн өгөөд, бохирын танк бүхий хэсгийг хотхоны нийтийн эзэмшлийн зориулалтаар авч хожим сууц өмчлөгчдийн холбоонд шилжүүлэн өгөхөөр кадастрын зураг үйлдэн холбогдох материалыг бүрдүүлэн "Н" ХХК-ийн гүйцэтгэх захирал П.О нь 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 11 цаг 08 минутад н.Б, н.М нарын 6 иргэний хамт материалаа Сонгинохайрхан дүүргийн газрын албанд өгч бүртгэлийн 1138 дугаарт бүртгүүлжээ. Гэвч тус газар эзэмших хүсэлтийн хоёрыг нь шийдвэрлэсэн. Үлдсэн 4 иргэний газрын асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэсэн нь мэдэгдэхгүй байна.

2.3. Гэтэл тус хүсэлт гаргасан Эы эд хөрөнгө, шугам сүлжээ байрлаж байгаа газрыг Х.З, Б.А нарт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/403 дугаартай захирамжаар олгож улмаар гуравдагч этгээд О.Тд 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр А/140 дугаартай захирамжаар шилжүүлсэн байна. Хэрэгт авагдсан баримтаас харвал Х.З, Б.А нар нь 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр газар эзэмшихээр хүсэлт гаргасан байдаг. Хүсэлтдээ 2*-р хороо Ар гүнт гэсэн байх бөгөөд өргөдөлд Цагаан бургаст гэж тодотгосон зүйлгүй, сонирхож буй газрын кадастрын зургийг хувийн кадастрын байгууллагаар зуруулан ирүүлсэн баримтыг хариуцагчаас ирүүлсэн хувийн хэрэгт хавсаргаагүй байна. (1ХХ-6-33)

2.4. Өөрөөр хэлбэл төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн мэдлийн талбайд бохирын танкийг байрлуулан гаргалгааг холбосон, тухайн газрын хотхоны нийтийн эзэмшлийн зориулалтаар ашиглахаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга газрын албанд хандан маргаан бүхий газарт анхдагч газар эзэмших хүсэлтийг гаргасан, тус өргөдлийн шийдвэрлэлт нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд чиглэсэн байна. Сууц өмчлөгчдийн холбоо бол төсөл хэрэгжүүлэгчийн нийтийн эзэмшлийн талбай, дэд бүтцийг шилжүүлэн авсан, эрхийг залгамжлан авсан этгээд мөн. Иймд тус чиг үүрэгтэй холбоотой аливаа асуудлаар нэхэмжлэл гаргах, шаардах эрхтэй байна. Мөн хотхоны барилга үл хөдлөх өмчлөгчид, газар эзэмшигчдийн эрх ашиг байгаа болно.

2.5. Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс бүртгэлийн 1138 дугаарт авагдсан өргөдлийн дэлгэрэнгүй хуулбарыг гаргуулах, шийдвэрлээгүй 4 өргөдлийн дунд танк байрлаж байгаа газрын солбицол бүхий өргөдлийн материалыг гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас баримт гаргуулах хүсэлт гаргаж, шүүхээс удаа дараа нотлох баримт ирүүлэхийг шаардсан боловч “тодорхой мэдээлэл өгөхгүй бол олдохгүй байна” гэсэн хариу хэлсэн. Иймд 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанд шүүхээс тус газрын албаны цахим болон цаасан архивд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүх уг хүсэлтийг хангахаас татгалзаж хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлэх боломжийг хязгаарласанд гомдолтой байна.

2.6. Журмын дагуу газар эзэмшихээр ирүүлсэн өргөдлийг хүлээн авч цахимаар болон цаасаар архивлан, өргөдөл өгсөн дарааллын дагуу шийдвэрлэх ёстой боловч хариуцагчийн төлөөлөгч “тус 1138 дугаартай өргөдөл олдохгүй байна” гэж хэлж байгаа нь дээрх журмыг зөрчсөн, нотлох баримтыг санаатайгаар нуун дарагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

2.7. "Э"-ны 40 айл 2019-2020 оны хооронд "Н" ХХК-тай гэрээ байгуулан, тус бүр 47 м.кв талбай бүхий хаус, түүн дор байрлах 500 м.кв газрыг хамт бариулан худалдан авсан. Энэхүү газруудын эзэмших эрх нь хууль ёсны үндсэн дээр олгогдсон бөгөөд тус хотхоны 40 айл тус бүр өөрийн нэр дээр газар эзэмших эрхийг хүлээн авсан. "Э"-ы барилга угсралт, нэгдсэн цахилгаан болон цэвэр, бохир усны шугам сүлжээний сувагчлалын ажил 2019 онд бүрэн хийгдэж дууссан бөгөөд хотхоны 40 айлын оршин суугчид тухайн онд газрын эзэмших эрх болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдээ гардан авсан. Газар дээр хээрийн үзлэг хийвэл бохирын танк бүхий газарт хөрс овойсон, бохирын танкны бетон таг ил харагдаж байгаа болохыг гэрч мэдүүлсэн. Мөн газрын мэдээллийн сангийн сансрын зургаас харвал тухайн 40 айлын бохирын 2 танк тодорхой харагдана.

2.8. Иймд тус газрыг эзэмшиж авахаар анхдагч огноотой газар хүссэн өргөдлийг бүртгэлийн 1138 дугаарт бүртгэсэн боловч хариу өгөөгүй, газар дээр нь очоод үзвэл бусдын эд хөрөнгө байгаа болох нь тодорхой харагдана. Ийм байхад сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй, хэн нэгний эрх ашиг хөндөгдөөгүй гэж дүгнэх нь Захиргааны ерөнхий хуулийн 27-29 дэх хэсгийг, Газрын тухай хууль болон холбогдох журмыг зөрчсөн байна. Бодитоор 40 айлын бохирын шугам сүлжээ байгаа, түүнийг улсын мэдээллийн санд бүртгэсэн болохыг хариуцсан захиргааны байгууллага болох Хотын стандартын газраас баталсаар байхад Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна.

2.9. Ийнхүү шүүх гуравдагч этгээдийг хууль зөрчин хамгаалалтын зурваст хориглосон үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд Эы 40 айлын бохирын байгууламжийг нураах, эд хөрөнгийг үнэгүйдүүлэх, хөрсний бохирдол, их хэмжээний хохирол учирлуулахад хүргэж байгаад гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч "Э" СӨХ, Ю.О нарын нэр бүхий 16 иргэнээс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнт 57, Цагаан бургастайн амны Эы бохирын байгууламж дээр давхцуулан 180262141*, 180262141* нэгж талбарын дугаар бүхий газарт “Газар эзэмших эрх олгох тухай” Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/140 дүгээр захирамжийн О.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/74 дүгээр захирамжаар иргэн О.Б-д Сонгинохайрхан дүүргийн 2* дүгээр хороо, Бороожын ам гэх газарт мод үржүүлгийн зориулалтаар газар эзэмших эрх олгож, уг захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийн 00072076* дугаартай гэрчилгээ олгож, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан байх ба мөн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/91 дүгээр захирамжаар дээрх газар эзэмших эрхийн талбай, зориулалт, эдэлбэрийн хэлбэрийг өөрчилж, Сонгинохайрхан дүүргийн 2* дүгээр хороо, Цагаан бургаст гэх газарт мод үржүүлгийн зориулалтаар 2 га газрыг, 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 00001057* дугаартай гэрчилгээ олгожээ.

3.2. Улмаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/585, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/376 дугаар захирамжууд, тус дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны даргын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх тухай” А/59 дүгээр тушаалаар дээрх газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч нэр бүхий 16 иргэнд шилжүүлсэн байна.

3.3. Гэтэл иргэн Х.З, Б.А нараас Сонгинохайрхан дүүргийн 2* дүгээр хороо, Ар гүнтэд байрлах газрыг эзэмших хүсэлт гаргасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/403 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 2* дүгээр хороо, Цагаан бургаст гэх газарт Б.Ат 500 м.кв, Х.Зт 496 м.кв газрыг тус тус зуслангийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 00012362*, 00012371* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г тус тус байгуулжээ.

3.4. Мөн Б.А, Х.З нарын хүсэлтээр маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/140 дүгээр захирамжаар дээрх 00012362*, 00012371* дугаар гэрчилгээтэй газруудыг эзэмших эрхийг гуравдагч этгээд О.Тд шилжүүлснээр энэхүү маргаан үүссэн байна.

4. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус заасан.

4.2. Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж нь хуулиар зөвшөөрсөн хүрээнд, хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр газар эзэмших эрхтэй бөгөөд, эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх хуулийн зохицуулалттай.

4.3. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзвэл, "Н" ХХК-ийн захирал П.О, О.Б нар нь нэгдсэн цахилгаан, цэвэр, бохир ус зайлуулах систем бүхий 40 айлын зуслангийн байшин барих төсөл хэрэгжүүлж, О.Б-ын эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 2* дүгээр хороо, Цагаан бургаст гэх газарт байрлах 2 га газарт "Э"-ыг барьсан боловч тус хотхоны нэгдсэн бохир усны танк, шугам байрлах газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/140 дүгээр захирамжаар гуравдагч этгээд О.Тд эзэмшүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

4.4. Анхан шатны шүүх “... нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр нэхэмжлэгч нарт сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол тодорхойлогдохгүй байна. Нөгөө талаар гуравдагч этгээд О.Т нь зохих хууль, журмын дагуу тухайн газрыг эзэмшсэн хууль ёсны эзэмшигч байх тул газар эзэмшүүлсэн захирамж шийдвэрүүд нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасантай нийцжээ” гэж Газрын тухай хуулийг буруу тайлбарлаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

5. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж тус тус заасан.

5.1. Хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/74 дүгээр захирамж, түүний хавсралт, 00072076* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнээс үзвэл, маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн 2* дүгээр хороо, Цагаан бургаст гэх газарт байрлах 2 га газрыг эзэмших эрх анх иргэн О.Б-д үүссэн байх ба үүний дараагаар мөн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/140 дүгээр захирамжаар уг газартай давхцуулан 500 м.кв, 496 м.кв газрыг тус тус иргэн Б.А, Х.З нарт эзэмшүүлсэн байна.

5.2. "Э" баригдаж, дээрх газрыг 40 айлд тус бүр салгаж эзэмшүүлэхэд тус хотхоны нэгдсэн бохир усны танк, шугам байрлах газар үлдсэн хэдий ч энэхүү маргааны хувьд хууль ёсны газар эзэмших эрхийг дагаж үүссэн эд хөрөнгө болох хотхоны нэгдсэн бохир усны танк, шугамын өмчийн эрх хуулиар хамгаалагдах учиртай.

5.3. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах”, “Тайлбар: Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно” гэж зааснаар нэхэмжлэгч "Э" СӨХ, нэр бүхий 16 иргэн, цаашлаад тус хотхоны 40 айлын хууль ёсны итгэл хамгаалагдана.

5.4. Хариуцагч захиргааны байгууллагаас Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчиж, хээрийн судалгаа хийлгүйгээр гуравдагч этгээдэд газар давхцуулан олгосон шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.

6. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах; 33.1.Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ”, 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана” гэж тус тус заасан.

6.1. Дээрхээс үзэхэд, хариуцагч захиргааны байгууллагаас газар эзэмшүүлэх хил заагийг тогтоохдоо бодит нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоолгүйгээр маргаан бүхий актыг гаргасан байх тул энэхүү алдааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар маргаан бүхий актыг дахин шинэ акт гаргах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

6.2. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээр дурдсан үндэслэлээр маргаан бүхий актын биелэлтийг 4 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

6.3. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь шүүхээс тогтоосон хугацаанд маргаан бүхий газарт газрын давхцалыг  арилгаж, ингэхдээ нэхэмжлэгч болон гуравдагч этгээд О.Т нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр газар эзэмшүүлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хийх замаар энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2026/0025 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/140 дүгээр захирамжийн О.Тд холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 4 /дөрөв/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч шийдвэр гаргахдаа энэхүү магадлалын хянавал хэсгийн 6.3-д заасан ажиллагааг хийх шаардлагатай болохыг дурдсугай.”, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/140 дүгээр захирамжийн О.Тд холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай.” гэсэн 3 дахь заалтыг ТОГТООХ хэсэгт нэмж, 2 дахь заалтын дугаарыг “4” гэж тус тус өөрчилж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

                      ШҮҮГЧ                                                           З.ГАНЗОРИГ

 

 

                       ШҮҮГЧ                                                        Л.ОДБААТАР

 

 

                      ШҮҮГЧ                                                        Ц.ОДМАА