Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00794

 

“Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2022/00335 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2022/00767 дугаар магадлалтай,

“Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“М” ХХК-д холбогдох

Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 81,120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүүгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “Ш” ХХК нь “М” ХХК-д холбогдуулан төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 81,120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2022/00335 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.5 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 81 120 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 563 550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 563 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 сарын 29-ний өдрийн 102/ШЗ2021/15478 дугаар Шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамжийн Захирамжлах хэсгийн 2 дах заалт хүчингүй болохыг дурьдаж шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2022/00767 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2022/00335 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-аас төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 81,120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 563,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү хяналтын гомдолдоо: ...Магадлалыг нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Хэрлэнхүү миний бие хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна. “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй “М” ХХК-нд холбогдох “Төлбөр барагдуулах гэрээ”-ний үүрэгт 81,120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь “...хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна...” гэж заасан хуулийн шаардлагыг хангасан шийдвэр гарсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбар зэргээр нотлогддог. Тодруулбал шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...2019.02.01-ний өдөр 182/ШШ2019/00248 Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “Ш” ХХК болон “М” ХХК-ийн үндэслэн 243,360,000 төгрөгийг “М” ХХК нь “Ш” ХХК-нд төлөхөөр тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон., 2019.09.04-ний өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх 182/ГХ2019/00454 тоот хуудас бичигдэж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн...2020.09.04-ний өдөр “Ш” ХХК болон “М” ХХК нь харилцан тохиролцож шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон боловч хариуцагч “М” ХХК нь төлбөр барагдуулах гэрээний үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгчид талд шаардах эрх үүссэн...” гэж зөв дүгнэсэн бөгөөд хэдийгээр тухайн маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа ч 2020.09.04-ний өдөр байгуулсан “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосноороо тухайн шүүхийн шийдвэр бүрэн биелэгдэж дуусгавар болсон гэж үндэслэл бий болсон. Түүнээс хойш “М” ХХК нь 2019.02.01-ний өдрийн 182/ШШ2019/00248 тоот шүүхийн шийдвэрийн дагуу бус төлбөр барагдуулах гэрээний үүргийн дагуу 81,120,000 төгрөгийг “Ш” ХХК-нд төлөх үүрэг үүссэн. Гэтэл давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын гаргаж байгаа тайлбарт зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй магадлал гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 болон 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн үйлдэл болжээ. Тодруулбал тухай маргааныг хянан шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр хэрвээ байгаа гэж үзвэл тухайн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасны дагуу тухай шүүхийн “...шийдвэрийг иргэн хуулийн этгээд заавал биелүүлнэ...” гэж заасны дагуу заавал биелэгдэх хуулийн зохицуулалттай байна. Гэтэл “М” ХХК нь хүчин төгөлдөр гэх шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэг хүлээж байгаа ч бодит байдал дээр шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй байгаа нь тухайн компанийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу албадан гүйцэтгүүлэх шаардлага үүсэж байна. Дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд “М” ХХК-ийг 2019.02.01-ний өдөр 182/ШШ2019/00248 Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар гүйцэтгэж байх явцад 2020.09.04-ний өдөр талуудын хооронд байгуулсан “Төлбөр барагдуулах гэрээ”-ний дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. 2020.01.20-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8, 29.1.9-т зааснаас бусад хэлбэрээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон нь дахин тухай байгууллагад хандах эрх зүйн зохицуулалтыг хязгаарласан. Энэ утгаараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т зааснаар талууд харилцан тохиролцож шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тохиолдолд дахин шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх байгууллагад хандах эрхгүй юм. “М” ХХК нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар давж заалдах гомдол дурдсанаараа 2019.02.01-ний өдөр 182/ШШ2019/00248 Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хүчин төгөлдөр байгаа манай компани биелүүлнэ гэж байгаа боловч бодит байдал дээр “М” ХХК нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх байгууллагад дахин хандах хуулийн зохицуулалт байхгүй байгааг ашиглан төлбөр төлөх үүргээс санаатайгаар зайлсхийж байгааг давж заалдах шатны шүүх хөхүүлэн дэмжиж төлбөр барагдуулах гэрээний дагуу төлбөр төлөх үндэслэлгүй гэж дүгнэлт хийсэн нь дуусгавар болгосон албадан гүйцэтгэх ажиллагааг дахин явуулах хуулийн зохицуулалтгүй нөхцөл байдалд нэхэмжлэгчийг төлбөр төлүүлэх талаар ямар ч арга хэмжээ авч чадахгүй байдалд хүргэж байгаа нь нэхэмжлэгчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл болжээ. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу талууд хуулийн хүрээнд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу “Ш” ХХК болон “М” ХХК нь 2020.09.04-ний өдөр “Төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулсан. Энэхүү гэрээний дагуу “М” ХХК нь гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд өмнө төлөх ёстой төлбөрийг асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр гэж маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосноор тухайн компани шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын өр төлбөртэй аж ахуй нэгжийн жагсаалтаас хасагдсан нь тухайн нь хүчин төгөлдөр гэх шүүхийн шийдвэртэй холбоотой ажиллагаа бүрэн дууссан гэж үзэх үндэслэлтэй ба хариуцагчийн гаргаж байгаа тухайн шүүхийн шийдвэрийг биелүүлнэ гэх тайлбар нь бодит байдалтай үл нийцэх тайлбар болохыг эрхэм шүүгч та анхаарч үзнэ үү. Иймд магадлалыг хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч нь нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022.06.17-ны өдрийн 001/ШХТ2022/00658 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгон, шийдвэрийг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй гэж үзэв.

8. Нэхэмжлэгч “Ш” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 81,120,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба  хариуцагч эс зөвшөөрч ... хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн асуудлаар дахин нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх “М” ХХК-аас 81,120,000 төгрөгийг гаргуулан “Ш” ХХК-д олгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 1-д зааснаар  хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

10. Давж заалдах шатны шүүх тухайн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгохдоо шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх ажиллагаа дуусгавар болсон, талууд гэрээ байгуулж шинээр эрх, үүрэг үүсгэсэн эрх зүйн асуудлыг анхаараагүй, хуульд заасан журмыг хэрэгжүүлж чадаагүй тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзлээ.

11. Хэрэгт байгаа баримтын хүрээнд, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.02.01-ны өдрийн 182/ШШ2019/ 00248 дугаар шүүгчийн захирамжаар “М” ХХК 243,360,000 төгрөгийг нэхэмжлэгч “Ш” ХХК-д төлөх, нэхэмжлэгч “Ш” ХХК хариуцагч “Д” ХХК-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан, зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хх.9-11/

Уг захирамжийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлэх явцад зохигч талууд 2020.09.04-ний өдөр “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулж, “М” ХХК төлбөл зохих 243,360,000 төгрөгөөс 162,240,000 төгрөгийг төлнө, үлдэгдэл 81,120,000 төгрөгийн 50 хувь буюу 40,560,000 төгрөгийг 2020.12.15-ны өдөр төлнө, хэрэв 2020.12.31-ний өдөр 40,560,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд 81,120,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулна, “Ш” ХХК нь 162,240,000 төгрөгийг хүлээн авснаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа материалаа буцаан татна” гэж тохиролцсон /хх 5/, төлбөр авагч “Ш” ХХК 162,240,000 төгрөгийг хүлээн авч, хүсэлт гаргаснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020.09.07-ны өдрийн 2-9/386 дугаар тогтоолоор “...төлбөр төлөгч, төлбөр авагч нар эвлэрсэн” гэсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон үйл баримт тогтоогджээ.

12. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.4-т Төлбөр төлөгч, төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан бол ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцож, хэргийг хаана гэж заасан ба энэ үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон бол иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэрт гомдол гаргах эрхгүй болохыг мөн хуулийн 29.3-т заажээ.

Өөрөөр хэлбэл “Ш” ХХК нь энэ талаар гомдол гаргах эрхгүй, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.02.01-ний өдрийн 182/ШШ2019/00248 дугаар шүүгчийн захирамжийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон, энэ захирамжийн дагуу “М” ХХК төлбөр төлөх үүрэггүй болсон эрх зүйн үр дагаврыг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.

13. Талууд хуулийн хүрээнд, гэрээг чөлөөтэй байгуулах эрхийн дагуу 2020.09.04-ний өдөр “Төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулсан, уг гэрээний дагуу “М” ХХК үлдэгдэл 81,120,000 төгрөгийн 50 хувь буюу 40,560,000 төгрөгийг 2020.12.15-ны өдөр төлсөн бол үлдэх 40,560,000 төгрөгийг төлөхөөс чөлөөлөгдөх, төлөөгүй тохиолдолд 81,120,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар харилцан тохирсон нь Иргэний хуулийг зөрчөөгүй, хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ. Гэрээний зүйл болох төлбөрийн асуудал шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн боловч талууд эвлэрснээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон буюу шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаа явагдахгүй тул эвлэрлийн гэрээний дагуу нэхэмжлэл гаргасныг шийдвэрлэсэн нь нэг асуудлаар 2 шийдвэр гаргаж буй агуулга биш болно. Энэ талаарх хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.6-д зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа бол хүлээн авахаас татгалзах, энэ үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох журмыг хэрэглэх нөхцөл бүрдээгүй байсан.

14. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.” гэж заасан, анхан шатны шүүх үүргийн шинжийг агуулсан хэлцэлд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байна.

Талууд эвлэрлийн гэрээ байгуулснаар өмнөх харилцааг дуусгавар болгож, шинээр эрх үүрэг үүсгэсэн, гэрээ хүчин төгөлдөр тул үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2022/00767 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2022/00335 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 563,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Г.АЛТАНЧИМЭГ

                       ШҮҮГЧИД                                                             Г.БАНЗРАГЧ

                                                                                                     П.ЗОЛЗАЯА

                                                                                                     Б.МӨНХТУЯА