Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 385

 

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Е овогт Ц-гийн А-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г овогт Н-ийн Н-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.А, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Нтай 2013 оны зун танилцаж үерхэж байгаад 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болсон. Бидний дундаас 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр том охин Н.Нандин-Эрдэнэ, 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр бага хүү Н.Чинхүслэн нар төрсөн. Бид гэр бүл болсон эхний хэдэн жил бусдын адил сайхан амьдарч байсан. Том охиныг маань төрсний дараагаас нөхөр маань намайг бусадтай хардаж байнга уурлаж, хэрүүл маргаан хийдэг болсон ба өөрөө оройн цагаар утас руу нь нэг охин залгахад ажилтай болчихлоо гэж надад худлаа хэлээд л гараад явчихдаг байсан. Энэ мэтийн асуудлуудаас болоод бидний дунд хэрүүл маргаан байнга гардаг байсан. Нэг удаа нөхөр маань найзуудтайгаа хамт ууж идээд явж байгаад согтчихоод хамт байсан нэг эмэгтэйг оролдсон гэж найзууд нь надад хэлсэн. Үүнээс болоод бид маргалдаж хэсэг хугацаанд тус тусдаа амьдарсан. Би охиноо бодоод ханийгаа нэг удаа уучлаад хамт амьдраад үзье гэж шийдээд 2017 оны 6 дугаар сараас буцаж нийлээд Улаанбаатар хотод хадам аавынхаа гэрт нөхөр охинтойгоо амьдарч байгаад мөн оныхоо намар Увсаас гэрээ авахуулаад хотод хадам аавынхаа хашаанд амьдрах болсон. Ингээд хэсэг хугацаанд хэрүүл маргаангүй сайхан амьдарч байгаад би бага хүүгээ олсон. Намайг бага хүүгээ төрүүлээд 10 сар гаруй болж байтал нөхөр маань ажлынхаа газрын нэг эмэгтэйтэй холбоотой болж надаас нууцаар уулздаг, улмаар тэр эмэгтэй нь байнга манай нөхөр лүү утсаар яриад дуудаад гараад явчихдаг болсон. Бас тэр эмэгтэй нь надтай утсаар яриад чиний нөхрийг булаагаад авч чадна шүү гэж намайг утсаар дарамталдаг байсан. Мөн нөхрийн маань утсан дээр тэр эмэгтэйтэй хамт авахуулсан зурагнууд байдаг байсан. Нөхөр маань амралтын өдрүүдээр хүртэл гэр орондоо байдаггүй ажилтай гээд л гараад явчихдаг, хаана юу хийж яваад байгаа нь мэдэгдэхгүй, би 2 хүүхдээ хараад гэртээ байдаг байсан. Нөхөр маань гэр орон, үр хүүхдээ асарч халамжлах ажилд огт оролцдоггүй. Тэр үед би дахиад 2 сартай жирэмсэн байсан бөгөөд нөхөр маань надад ингэж хандаж, бидний хоорондын харилцаа ийм асуудалтай байгаа тул дахиж хүүхэд гаргаад яах бэ? гэж бодоод би хүүхдээ авахуулж байсан. Гэтэл саванд маань юм үлдсэн байна гэж эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэ гээд эмнэлэгт хэвтэхэд нөхөр маань над руу хүнд гай болж дандаа өвдөж байх юм гэж уурладаг байсан. Намайг бие өвдөөд эмнэлэгт хэвтэж байхад огт эргэж ирдэггүй, холбоо барьдаггүй байсан. Эмнэлгээс гарах гээд ор хоногийн мөнгөө төлөх гэж нөхөр лүүгээ утасдахад надад мөнгө байхгүй өөрөө аргал гэж хэлээд утсаа тасалчихсан. Энэ бүхнээс болж бидний хооронд байнгын хэрүүл маргаан гардаг байсан ба нөхөр маань тэр эмэгтэйгээсээ салсан, дахин тэгэхгүй гээд надаас уучлалт гуйдаг байсан боловч гэр орондоо огт ирдэггүй, гадуур хонож өнжөөд л яваад байсан тул би арга буюу 2019 оны 4 дүгээр сард хүүхдүүдээ аваад Увсад өөрийн ах, эгч дээр ирсэн. Үүнээс хойш нөхөртэйгөө холбоо бариагүй бөгөөд одоо 2 хүүхдийн хамт гэр бариад тусдаа амьдарч байна. Миний бие одоо Улаангом сумын 8 дугаар цэцэрлэгт цагаан хэрэглэл угаагчаар ажилладаг. Тиймээс хүүхдүүдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх боломжтой. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг маань миний асрамжид үлдээж, хуулийн дагуу эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү. Нөхөр маань Улаанбаатар хотод амьдардаг. Миний бие бага насны 2 хүүхэдтэй учир Улаанбаатар хот руу ирж очоод байх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу өөрийн оршин суугаа газрын шүүхэд хандаж байгаа болно гэжээ.

Хариуцагч Н.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ц.Атай 2014 оны 6 дугаар сарын 06-нд гэр бүл болсон бөгөөд бидний дундаас 2014 оны 5 дугаар сарын 28-нд том охин Н.Нандин-Эрдэнэ, 2018 оны 2 дугаар сарын 19-нд бага хүү Н.Чинхүслэн нар төрсөн. Миний бие 2015 оны 5 дугаар сараас 2016 оны 5 дугаар сар хүртэл цэргийн алба хаагаад ирсэн бөгөөд энэ хугацаанд эхнэр маань охин Н.Нандин-Эрдэнэтэйгээ хамт амьдардаг байсан. Миний аав Н.Наранхүү нь Улаанбаатар хотоос эргэж очиход эхнэрийн найз Энхээ гэгч аавыг 7, 8 хоноход манайд хонож өнждөг байсан. Би цэргээс халагдаж ирээд гэртээ ороод аяга цай ч ууж амжаагүй байхад манай хадам аавын эгч Сайнбүрэн нь одоо миний хүү замаа бод, сал, гэр орон руугаа яв гэж хэлсэн. Ер нь манай хадам талын хүмүүс надад анхнаасаа дургүй байсан ба Сайнбүрэн эгчээс өөр хэд хэдэн хүн намайг яв, зайл, сал гэдэг үгийг хэлдэг байсан. Тухайн үед би тоодоггүй байсан. Би цэргээс халагдаж ирээд бааранд ажилд орсон. Тэр үед ажлын байр хомс байдаг байсан ба эхнэр маань намайг гэртээ байдаггүй гэж байнга уурладаг байсан. Гэтэл ажлын цаг маань орой 6 цагаас 11 хүртэл байдаг байсан болохоор тэр нь төвөгтэй байдаг байсан байх. 2017 оны 12 дугаар сарын 25-наас хойш манай байгууллага шинэ жилийн хүлээн авалт гээд ажил ихтэй байсан. Тэгээд нэг өдөр эхнэр маань найзуудтайгаа гадуур гарч жаахан явж байгаад харья гэж ярьсан. Тэр үед би ажилтай байсан болохоор хүлээн авалт дундуур тамхи татах гээд гартал эхнэр маань өөр эрэгтэйтэй тэврэлдээд зогсож байсан. Тэр орой би эхнэртэйгээ хэрэлдэж салахаар болсон. Үүнээс болж би хотод гэртээ ирэхэд удалгүй эхнэр маань миний араас охинтойгоо ирж би ч уучилж бид хоёр буцаад нийлсэн. Бага хүү Н.Чинхүслэн маань төрөөд удаагүй байхад хадам талынхан амьдралд минь оролцдогоос болоод Ц.А бид хоёр маш их хэрэлддэг болсон. Удалгүй эхнэрийн найз Энхээ гэгч хотод ирж манайд амьдарч эхэлсэн. Тухайн үед би 24/48 ажилтай байсан ба намайг ажилтай үед манайд хонож өнжөөд, ажилгүй үед шөнө ирж унтдаг байсан. Үүнээс болж бид хоёрын харилцаа хөндийрч муудалцах болсон ба би сэтгэл санаагаар унаж гадуур гарах нь ихэсч хадмуудын дарамт шахалтаар бид хоёр салсан. Эхнэр маань Энхээтэй нийлж намайг хуурч байсан байж магадгүй гээд салсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул шүүх хуралдааныг наймаг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч Н.Над холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч уг ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Ц.А, Н.Н нар нь 2013 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болж, 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ батлуулан, тэдний дундаас 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр охин Н.Нандин-Эрдэнэ, 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүү Н.Чинхүслэн нар төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний хуулбарууд, зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Зохигчдын дундаас төрсөн охин Н.Нандин-Эрдэнэ, хүү Н.Чинхүслэн нар нь эх Ц.Аийн асрамжид өсөж торниж байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаагаас гадна Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх... тухайгаа ...харилцан тохиролцож болно гэж заасан байх бөгөөд талууд хүүхдийг эхийн асрамжид үлдээхийг харилцан тохиролцож, асрамжийн талаар маргаагүй болох нь тэдний тайлбараар тогтоогдож байх тул охин Н.Нандин-Эрдэнэ, хүү Н.Чинхүслэн нарыг эхийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар охин Н.Номин-Эрдэнэ, хүү Н.Чинхүслэн нарыг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг Н.Наар сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Шүүх хүүхдүүдийг эх Ц.Аийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа хэдий ч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасныг дурдах нь зүйтэй.

Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.А улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Н.Наас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 233.456 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

Хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Елдэн овогт Цоггэрэлийн Алтанхуяг, Галзад овогт Наранхүүгийн Насанбат нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Н.Нандин-Эрдэнэ, 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Н.Чинхүслэн нарыг эх Ц.Аийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Н.Нандин-Эрдэнэ, хүү Н.Чинхүслэн нарыг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Н.Наар тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баясгаланд даалгасугай.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.А улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Н.Наас улсын тэмдэгтийн хураамж 233.456 /хоёр зуун гучин гурван мянга дөрвөн зуун тавин зургаа/ төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ