Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 00315

 

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 153/ШШ2020/00315

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Чандмань сумын Урд гол багт оршин суух, Уулынхан овогт А  Б  / /-ын нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 153/2020/00293/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч А.Б  нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Б   нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1966 онд төрсөн. 1972 онд Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн дунд сургуулийн 1-р ангид элсэн орж 1982 онд 8-р анги төгссөн. 1984 онд Ховд аймгийн 1 дүгээр 10 жилийн 10-р ангийг төгссөн. 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн мал эмнэлгийн тасагт саниторчаар ажилд орсон. Мал эмнэлгийн тасаг 1993 онд татан буугдаад цомхотголоо ажлаасаа гарсан. Хөдөлмөрийн дэвтэр дээр тамга даруулаагүй байгаа. Орсон гарсан тушаал бүгд байгаа. 1999 онд цаг уурт ажилд орсон. 1993 оноос 1999 оны 9 сар хүртэл Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулинд хамрагдсан.

Иймд намайг Ховд аймгийн Чандмань сумын Мал эмнэлгийн тасагт 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал саниторчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Б  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Б  нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Чандмань сумын Мал эмнэлгийн тасагт 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал саниторчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч А.Б  нь Ховд аймгийн Чандмань сумын Мал эмнэлгийн тасагт 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал саниторчаар ажиллаж байсан болох нь А  Б ын 1985 оны 6 дугаар сарын 03-ны өдөр нээсэн 132263 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Чандмань сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 37 дугаартай “Ажилд томилох тухай” захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Чандмань сумын Мал эмнэлгийн тасгийн эрхлэгч эмчийн 1985 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаатай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Чандмань сумын Мал эмнэлгийн тасгийн эрхлэгч эмчийн 1993 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, гэрч Д.Оюунчимэгийн “....Намайг 1984 онд Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникумыг төгсөөд Ховд аймгийн Чандмань сумын Тахилт бригадын эмчилгээ тэжээлийн цэгт малын эмчээр томилогдож очиход А.Б  нь Ховд аймгийн төвд 10 дугаар анги төгсөөд саниторчаар томилогдож ирж байсан. А.Б  нь намайг 1989 оны 10 дугаар сард Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт шилжиж ирэх хүртэл саниторчаар ажиллаж байсан. Ховд аймгийн Мал эмнэлгийн газар нь 1988 онд хувьчлагдсан. Энэ үед А.Б  нь саниторчаар ажиллахаа больсон байсан. А.Б ыг яг хэдэн онд ажлаасаа гарсныг мэдэхгүй байна. Намайг Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт ажиллаж байх үед А.Б ын гарын үсэгтэй мэдээ, тайлан ирдэг байсан....” гэх мэдүүлэг, гэрч Н.Халтарын “....Намайг 1988 онд Ховд аймгийн Чандмань суманд сум дундын оношлох кабинетад их эмчээр ажиллаж эхлэхэд А.Б  нь тус сумын мал эмнэлгийн тасагт саниторчоор ажиллаж байсан. А.Б  нь 1983 онд тус сумын мал эмнэлэгт саниторчоор ажилд орж байсан гэж ярьж байсан. А.Б  нь 1993 оны 2 дугаар сар хүртэл Ховд аймгийн Чандмань сумын мал эмнэлэгт саниторчоор ажиллаж байгаад цомхтголоор ажлаасаа гарсан. Үүнээс хойш А.Б ыг ямар ажил хийснийг мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг, А  Б ын ХААТР-1 маягтын хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4-8, 27-29, 30-31, 33 дугаар тал/

А.Б  нь Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1993 оны 2 дугаар сараас 1999 оны 8 дугаар сарыг дуустал ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх 1615000030 дугаартай Баталгаажи  хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 13 дугаар тал/

            Хавтаст хэргийн 9-12 дугаар хуудсанд авагдсан иргэн Д.Оюунчимэг, Н.Халтар нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч А.Б ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Уулынхан овогт А  Б  / /-ын Ховд аймгийн Чандмань сумын Мал эмнэлгийн тасагт 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал саниторчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Б ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  С.ОЮУНЖАРГАЛ