Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 1411

 

 

 

 

 

 

   2023         11         15                                   2023/ШЦТ/1411

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Батмандах даргалж,

шүүгдэгч *******,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

улсын яллагч Г.Чанцалдулам нарыг оролцуулан эрүүгийн 2206 04572 2315 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн *******, 1997 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 26 настай, дээд боловсролтой, фото дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 19 дүгээр байр, 4-16 тоотод оршин суух хаягтай, урьд Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай‘ангийн 147 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, уг 3 жил 5 сарын хорих ялаас биеэр нийт 8 сар 12 оногийн хорих ял эдэлсэн, үлдэх 2 жил 8 сар 18 хоногийн ялыг Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 152/88 дугаартай захирамжаар өршөөн хассан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11  дүгээр сарын 19-ний өдрийн 890 дугвартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснвар 1 жил 6 сарын хорих ялаар этгүүлсэн, уг хорих ялаас эдлээгүй үлдсэн 00 жил, 00 сар, 12 хоногийн хорих ялыг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаартай захирамжаар хугацаанаас нь өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 965 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2500 нэгж буюу 2,500,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 565 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, /РД: /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр фейсбүүк цахим хуудсаар дамжуулан “байр түрээслүүлнэ” хэмээн зар байршуулан иргэн У.Цэрэнноровоос Хаан банкны 5039495639 дугаарын данс руу 900,000 төгрөгийг шилжүүлэн авч, цахим хэрэгслийг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон,бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулж залилсан,

Мөн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр фейсбүүк цахим хуудсаар дамжуулан “байр түрээслүүлнэ” хэмээн зар байршуулан цахим хэрэгсэл ашиглан иргэн С.Хандсүрэнгээс Хаан банкны 5039495639 дугаарын данс руу 900,000 төгрөгийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...5039495639 дугаартай данстай холбоотой төлбөрийн карт надад байсан ба тухайн 900.000 төгрөгийг би Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Наран худалдааны төвд байрлах Хаан банкны АТМ-ээр бэлнээр авч хувьдаа зарцуулсан. Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Мөн тухайн өдөр бас нэг хүнээс яг адил аргаар 900.000 төгрөг авсан тухайн хэрэгт Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2206046512337 дугаартай хэрэгт шалгагдаж байгаа бөгөөд уг хэргийг энэ хавтаст хэрэг буюу 2206045722315 дугаартай хэрэгт нэгтгүүлж шийдүүлнэ...Би тухайн үед хаана байснаа бол санахгүй байна. Ямар ч байсан Түвшин Гантулга гэсэн фэйсбүүк хаяг ашиглаж “1 болон 2 өрөө байр түрээслүүлнэ (төлбөр сар сардаа) гэх фэйсбүүк группт Офицерийн Хорго хотхонд байр түрээслүүлнэ гэсэн зар тавьж байгаад байр түрээслүүлнэ гэсэн хүмүүс 88605491 гэсэн дугаар руу залгахаар нь байр түрээслэнэ мөнгөө хурдан шилжүүлэхгүй бол өөр хүн орох гээд байна шүү гэж байгаад тухайн хүмүүсээс Гантулга гэх хүний 5039495639 гэсэн данснаас нийт 3 удаагийн үйлдлээр мөнгө шилжүүлж авч залилсан нэг удаагийн үйлдэлд нь би өөрийн хэргээ хүлээгээд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс торгуулийн ялаар шийтгэгдсэн...Би өөрийн үйлдсэн гэмт хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. бусдад учруулсан хохирлоо өмгөөлөгчөөр дамжуулж нэн даруй төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57, 166/,

Хохирогч У.Цэрэнноров мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 13 цагийн орчим фэйсбүүк дээр тавигдсан 2 өрөө байр сар бүр түрээс төлөхөөр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу 88605491 гэсэн утасны дугаараар нэг эрэгтэй хүнтэй холбогдоход Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Хорго хотхоны 6 давхарт 2 өрөө байр 1 сарын 900.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэсэн бөгөөд тухайн хүн одоо 15 цагаас хүмүүс ирж үзээд түрээслэнэ гээд байна та түрээслэнэ гэх юм бол 1 сарын түрээс 1 сарын барьцаа мөнгө нийт 1.800.000 төгрөг шилжүүлчих тэгээд би тавьсан зараа устгаад хүлээгээд байж байя гэхээр нь би эхлээд 900.000 төгрөг хийгээд очиж байраа үзээд үлдэгдэл 900.000 төгрөгөө өгье гээд 16 цагт Хорго хотхон дээр уулзахаар болсон бөгөөд би тухайн хүний явуулсан ХААН банкны 5039495639 дугаарын Гантулга гэж хүний данс руу өөрийн 5720850327 дугаарын данснаас 900.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд 16 цагт хорго хотхон дээр очоод залгасан чинь гар утас нь холбогдох боломжгүй болсон бөгөөд зар оруулсан дотроо ямар ч зураг мэдээлэл байхгүй, Түвшин Гантулга гэсэн фэйсбүүк хаягнаас блок хийгээд алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

Хохирогч С.Хандсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Шөнийн захын эсрэг талд байх Намянжу саунд фэйсбүүкээс түрээсийн байрны зар хараад байж байтал "Түвшин Гантулга" гэсэн фэйсбүүктэй хүн “Офицеруудын ордны Хорго хотхонд 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байсан ба зар дээр байсан 88605491 дугаар луу залгатал 20-30 орчим насны хоолойтой эрэгтэй хүн утсаа аваад “хурдхан түрээсийн мөнгөө өгөхгүй бол хүн орох гээд байна шүү гялс урьдчилгаа 900.000 төгрөгөө явуулчих” гээд над руу тэр дугаараасаа Хаан банкны 5039495639 тоот данс өгөөд утган дээр нь утасны дугаараа бичээд хийгээрэй гэхээр нь өөрийнхөө Хаан банкны 5014370742 тоот данснаас 900.000 төгрөгийг 99548548 гэсэн утгатай шилжүүлсэн ба дараа нь тэр дугаар луу нь залгатал утас нь холбогдох боломжгүй болчихсон байсан. Дахиад зөндөө залгасан ч холбогдоогүй тул залилуулсан гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 139/,

Гэрч Т.Гантулга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тухайн дансыг 2014 юм уу 2015 онд нээлгэж байсан санагдаж байна. Нээлгэснээсээ хойш тасралтгүй би өөрөө ашиглаж байгаа ба 2022 оны 08 дугаар сарын 30-ны өглөө танил Эрдэнэбаатарын хамт Монелд явж байтал үл таних 20-30 орчим насны цэвэрхэн царайтай эрэгтэй хүүхэд ирээд би та хоёрт 15.000 төгрөг өгье банкны карт байвал өгчих оройхон картыг чинь өгөхдөө нэмж мөнгө өгье гэхээр нь тэр залуугаас 15,000 төгрөгийг нь аваад өөрийнхөө картыг өгөөд явуулсан. Нөгөө залуугийн өгсөн мөнгөөр архи уугаад тасраад маргааш нь сэртэл Хан-Уул дүүргийн цагдаагаас намайг дуудаад дансаар чинь залилангийн мөнгө орсон байна гээд надаас мэдүүлэг авсан. Дараа нь Сонгинохайрхан дүүргийн цагдаа дээр очиж мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/,

-Т.Гантулгын Хаан банкны 5039495639 дугаарын депозит данснь дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 148/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 153-156/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78/, иргэний үнэмлэхний лавлагааны хуудас /хх-ийн 64/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 Гэм буруугийн дүгнэлт:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэр бүхий 2 хохирогчид цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч *******өнхтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож өгнө үү” гэсэн дүгнэлт.  

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг өгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр фейсбүүк цахим хуудсаар дамжуулан “байр түрээслүүлнэ” хэмээн зар байршуулан иргэн У.Цэрэнноровоос Хаан банкны 5039495639 дугаарын данс руу 900,000 төгрөгийг шилжүүлэн авч, цахим хэрэгслийг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон,бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулж залилсан,

Мөн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр фейсбүүк цахим хуудсаар дамжуулан “байр түрээслүүлнэ” хэмээн зар байршуулан цахим хэрэгсэл ашиглан иргэн С.Хандсүрэнгээс Хаан банкны 5039495639 дугаарын данс руу 900,000 төгрөгийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулж залилсан үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч *******өнхтулгын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болохыг мэдсээр байж нэр бүхий 2 хохирогч нарыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилсан байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно

Мөн шүүгдэгч ******* нь нэр бүхий 2 хохирогч нарыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэг үйлдсэн нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******өнхтулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******өнхтулгын бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

Шүүх шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

 Улсын яллагч: “Эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд учруулсан хохирлоо нөхөх төлсөн байдал тогтоогдож байна. Хүндрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн байх үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заанаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, уг ялыг өмнөх Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 565 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 5 сар 13 хоногийн хорих ялыг эдэлсний дараа буюу тус тусад нь эдлүүлэх саналтай байна....” гэх санал,

шүүгдэгч: “...Хүлээн зөвшөөрч байна...” гэх санал, дүгнэлтийг гаргалаа.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан улсын яллагчийн санал болгосон ялаас хүндрүүлэхгүй, эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, уг ялыг өмнөх Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 565 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 5 сар 13 хоногийг хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 11 сар 13 хоногийн хугацаагаар хорих ял тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь 78 /далан найм/ хоног цагдан хоригдсон болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1  дэх заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *******-г үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 565 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 5 сар 13 хоногийг хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 11 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******өнхтулгын урьд цагдан хоригдсон нийт 78 /далан найм/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, ******* нь энэ  тогтоолоор бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ******* урьд авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    А.БАТМАНДАХ