| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00300/И |
| Дугаар | 00316 |
| Огноо | 2020-05-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 00316
| 2020 оны 05 сарын 06 өдөр | Дугаар 153/ШШ2020/00316 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баян гол багт оршин суух, Дөрвөд овогт Я ын Н / /-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 153/2020/00300/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Я.Н нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1969 онд төрсөн....Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Баянгол бригадад саальчнаар ажиллаж байсан. 1990 он хүртэл эцэг, эхтэйгээ хамт саальчин хийж байсан. 1995 онд гэр бүл болсон....Өвчний улмаас нэг жил өнжөөд, нэг жил айлын хүүхэд харахаар хот явсан....Би 1986 онд 8 дугаар ангиа төгссөн. Сургуулиа төгсөөд нэг жил Улаанбаатар хот яваад 1987 оны 6 дугаар сард хотоос ирээд эцгээсээ үхэр тасалж аваад 1987 оны 6 дугаар сараас нэгдэлд саальчнаар ажиллаж эхэлсэн. Мал авч ажиллаж эхэлсэн 1987 оноосоо ажиллаж байсан байдлаа тогтоолгоно.... Би 1986 онд 8 дугаар анги төгсөөд 1987 оны 6 дугаар сараас нэгдэлд ажиллаж эхэлсэн. Манай ах хүнд өвчнөөр өвдөөд Улаанбаатар хотод хүүхдийг нь би хардаг байж байгаад ахыгаа нас барсны дараа буцаад Эрдэнэбүрэн сумандаа 1987 онд ирсэн....Намайг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Баянгол бригадад 1987 оны 6 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.Н нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Я.Н нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Баянгол бригадад 1987 оны 6 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Я.Н нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Баянгол бригадад 1987 оны 6 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын ТАмгын газрын Архвын тасгийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 609 дүгээр албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол бригадын 1987, 1989 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, “...Социализм нэгдэлд ажилд орсон 1987 он, саальчин, Эрдэнэбүрэн...” гэх бичвэртэй Я ын Н ийн ХААТР-1 маягтын хуулбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 6-7, 33 дугаар тал/
Я.Н нь Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх 1616000263 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 10 дугаар тал/
Хавтаст хэргийн дугаар 8-9 дүгээр хуудсанд авагдсан иргэн Ц.Ичинхорлоо, Б.Пүрэвцэвээн нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 5 дугаар хуудсанд авагдсан Ховд амйгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол бригадын 1985 оны цалин хөлсний 70 дугаар дансны хуулбар нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, хавтаст хэргийн 27-29, 30-32 дугаар хуудсанд авагдсан гэрч Б.Пүрэвцэвээн, Р.Ичинхорлоо нарын мэдүүлэг нь бодит байдалтай буюу нэхэмжлэгч Я.Н ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартай зөрсөн буюу гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Я.Н ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Дөрвөд овогт Я ын Н / /-ийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Баянгол бригадад 1987 оны 6 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Я.Н ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ