| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/1863/Э |
| Дугаар | 404 |
| Огноо | 2020-04-02 |
| Зүйл хэсэг | 11.1.2.2., 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 404
105/2019/1863/Э
2020 04 02 2020/ДШМ/404
Ц.О-, М.М-э нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Ганзориг,
шүүгдэгч Ц.О-, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан,
шүүгдэгч /хохирогч/ М.М-э, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Ц.Амаргэрэл нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/107 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч /хохирогч/ М.М-ийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.О-, М.М-э нарт холбогдох эрүүгийн 1906005140302 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ....
2. .....
Ц.О-, М.М-э нар нь бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Б-ын нүүр лүү нь гараараа цохих, газар чирэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Ц.О- нь 2019 оны 1 дүгээр сарын12-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 34 дүгээр гудамжны 1805 тоотод /нөхөр/ М.М-этэй маргалдан түүний хэвлий хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад, М.М-ийн үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: .О-, . М-э нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц.О-ийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн .М-э, . О- нарт холбогдох эрүүгийн 1906005140302 дугаартай хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.О-т 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-ээс 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөг, шүүгдэгч М.М-ээс 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Б.Б-ад олгож, хохирогч М.М-э нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, Ц.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, М.М-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч /хохирогч/ М.М-э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний 2.210.670 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Мөн шүүхийн шатанд 2.793.160 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Анхан шатны хурлаас өмнө миний бие дахин муудаж яаралтай хагалгаанд орж 1.044.580 төгрөгийн баримтыг гаргаж өгснөөр нийт 6.048.410 төгрөгийн баримт өгсөн. Мөрдөн байцаалтын шатанд зарим баримтыг мөрдөгч аваагүй, шүүхэд өг гэсний дагуу өгсөн. Зарим баримт нь цаасны муугаас шалтгаалж дүн нь бүдгэрсэн байсан. Миний биеийн байдал муу, юм идэж чадахгүй байхад ар гэрийнхэн минь жимс авч жижиглэн миксердэж идүүлж байсан юм билээ. Би тэр үед өвчнөөсөө болоод зарим зүйлийг сайн санахгүй, эмч нарт жимс авч өгсөн гэж ойлгосон. Мөн манай гэрийнхэн намайг ухаангүй байхад ламд ном уншуулсан байсан нь сэтгэл санааны хохиролд орно гэж бодож байна. Гэтэл шүүх зарим баримтыг хасаж дөнгөж 3.890.000 гаруй төгрөгийг О-ээс гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. О-т маш их гомдолтой, эмчилгээний төлбөрийг бүрэн гаргуулж улсын яллагчийн ялын санал болох 8 жилийн хорих ялыг оногдуулж өгнө үү. Учир нь, О- надаас сэтгэлээсээ уучлалт гуйгаагүй. Анхан шатны шүүх хурлын завсарлагааны үеэр ар гэрийнхэн нь доромжилж, авсан мөнгөндөө хахаж үхээрээ гэж хэлсэн бөгөөд коридорт байсан хүмүүс сонссон. Би дөрвөн удаа хагалгаанд орж гурван эрхтнээсээ салсан. 1 дэх хагалгаанд сэмжээ тайруулж, ходоод оёулсан, 2 дахь хагалгаанд цөсөө хүүдийтэй нь бүтэн авхуулсан, 3 дахь хагалгаанд элгээ тайруулсан, 4 дэх хагалгаанд нарийн гэдсээ тайруулж, ходоодтой бүдүүн гэдэс, цөсний цорготой холбосон. Иймд элэг, цөс, нарийн гэдэс гурвыг шүүхийн шатанд шинжээч томилуулж, эд эрхтэнд үнэлгээ хийлгүүлж, үнэлгээний дагуу О-ээс гаргуулж өгнө үү. Маш их гомдолтой байхад анхан шатны шүүх хохирогч миний саналыг хүлээж аваагүй. Урьд нь О- намайг хоёр удаа хутгалж байсан. Би анх цагдаад түүнийг өмөөрч өөр хүнд хутгалуулсан гэж хэлсэн. Хэрэг болох үед О- намайг хутгалчихаад дээрээс өшиглөөд байсан. О- өөрийг нь гэж хэлэхгүй гэсэн миний ам өчгийг авч байж түргэн дуудсан. Сүүлд намайг эмнэлэгт нэг удаа эргэсэн. Түүнийгээ шүүх хуралд дандаа эмнэлэгт эргэсэн, уучлалт гуйсан мэтээр ярьж, шүүх хурал дээр намайг буруутгаж ярьж байсанд гомдолтой байна. Иймд Ц.О-ээс хохирлыг гаргуулж, зохих ялыг оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч /хохирогч/ М.М-ийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...М.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. М.М-э нь анхан шатны шүүх хуралдааны үед хагалгаанд ороод удаагүй, биеийн байдал нь маш муу байсан. Шүүх хуралдаан завсарлах үеэр шүүгдэгч Ц.О-ийн ар гэрийнхэн нь миний үйлчлүүлэгчид хандаж “хохиролд авсан мөнгөндөө хахаж үхээрэй” гэж доромжилж байсан. Иймд шүүгдэгч Ц.О- гэм буруугаа чин сэтгэлээсээ ойлгож, хохирлоо төлсөн гэж үзэхгүй байна. М.М-э 4 удаа хагалгаанд орсон бөгөөд хохиролд өгсөн мөнгөнөөс нь илүү зардал гарсан ч М.М-ийн ар гэрийнхэн цуглуулсан баримтуудаа л өгсөн. Сүүлд өгсөн баримтууд нь эдэлгээний явцад цаасандаа үрэгдэж бичиг нь бүдгэрсэн байсан. Тэр баримтуудыг анхан шатны шүүх үнэлэхгүй хасаж тооцон, хохирлыг бүрэн төлсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хохирол, хор уршгийг арилгасан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх ёстой. Гэтэл хор уршиг, хохирол одоо хүртэл арилаагүй байхад хохирол бүрэн төлөгдсөн гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. ...” гэв
Шүүгдэгч Ц.О- “тус шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.
Шүүгдэгч Ц.О-ийн өмгөөлөгч Я.Баярсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч, хохирогч М.М-ийн гаргасан давж заалдах гомдолтой танилцсан. Гомдолд хэлэх тайлбар алга. Цаашид гарах хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Хэдийгээр хохирогч 6.484.000 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргасан гэдэг боловч анхан шатны шүүх хохиролтой холбоотой нотлох баримтуудыг үнэлэн 3.872.000 төгрөг баримтаар тогтоосон гэж үзэж, анхан шатны шүүх хуралдааныг 5 хоног завсарлуулж, шүүгдэгч Ц.О- уг хохирлыг төлж барагдуулсан. Ц.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Тодруулбал, Ц.О-, М.М-э нарын 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Б-ын нүүр лүү нь гараараа цохих, газар чирэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр /1хх 104-105, 109-110/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.
Анхан шатны шүүх дээрх үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно.” гэж заасныг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татах хүртэл тоолохоор зохицуулжээ.
Дээрх байдлаар хуульд өөрчлөлт орсон боловч 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж заасан зохицуулалт нь хуулийн өөрчлөлтийн аль аль цаг хугацаанд үйлчилж байгаагаас үзэхэд яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацаа тоолох ойлголтыг 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш үйлдсэн гэмт хэргийг шийдвэрлэхэд хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй.
Яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг хэвээр үлдээж, түүнтэй зөрчилдөж байсан шүүхээр шийдвэрлэх хүртэл хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг хуулиас хассан тул яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолох ойлголт нь буцаан хэрэглэгдэж байгаа гэж үзэхгүй.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй.” гэж заасан бөгөөд шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэдэгт гурван шатны шүүх хамаарахаас гадна тухайн шийтгэх тогтоолд гомдол гаргаснаар хуулийн хүчин төгөлдөр болоогүй гэж үзнэ.
Энэхүү зохицуулалттай холбогдуулан шүүгдэгч Ц.О-, М.М-э нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан дээрх гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолох хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь процессын шинжтэй хэм хэмжээг агуулсан бөгөөд материаллаг хуулийн хэм хэмжээний нэгэн адил буцаан хэрэглэгдэх эсэх нь тухайн хэм хэмжээний мөн чанар, зохицуулалтын онцлогоос хамаарч өөр өөр байдлаар тайлбарлагдаж, хэрэглэгдэж болохыг эрх зүйн онолын хүрээнд хүлээн зөвшөөрдөг байна. Тодруулбал, материалллаг болон процессын хэм хэмжээ өөр, өөр харилцааг зохицуулдаг, хоорондоо ялгаатай болох нь ойлгомжтой хэдий ч зарим тохиолдолд тэдний зохицуулалтын хил хязгаар давхцаж, холимог шинжийг агуулж байдаг тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэдгээрийг харилцан уялдаатай байдлаар тайлбарлаж, хэрэглэх боломжтой байдаг.
Иймээс процессын шинжтэй хэм хэмжээг агуулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийг шат шатны шүүх хэрэглэх хууль зүйн үндэслэл үүсч байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, Ц.О-, М.М-э нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцтэл шүүгдэгч Ц.О-т урьд авсан цагдан хорих, М.М-эд урьд авсан хувийн баталгаа гаргах тус тус таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах болсонтой холбогдуулан хохирогч М.М-ийн “...Ц.О-т оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн, түүнээс эмчилгээний төлбөрийг бүрэн гаргуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/107 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.О-, М.М-э нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч М.М-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Ц.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН