| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Одмаа |
| Хэргийн индекс | 128/2025/0777/З |
| Дугаар | 221/МА2026/0159 |
| Огноо | 2026-03-05 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2026/0159
"И"-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2026/0066 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч "И"-ийн гүйцэтгэх захирал Э.Зоос давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч шүүгч Ц.Одмаа
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: "И"
Хариуцагч: Боловсролын сайд, Боловсролын ерөнхий газар
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Б.Л, Н.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2025/0777/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2026/0066 дугаар шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4, 30.5, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "И"-иас Боловсролын сайд, Боловсролын ерөнхий газарт тус тус холбогдуулан гаргасан “Боловсролын сайдын 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/3820 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, 1-5 дугаар ангийн сурах бичиг тээвэрлэн хүргэх БЕГ/20250101023 дугаар тендерт гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
2.1. “... Шүүх хууль ёсыг хамгаалах, хянан шалгах чиг үүргийн хүрээнд төрийн захиргааны байгууллагын дур зоргоор авирласан хууль, тогтоомжид нийцээгүй үйл ажиллагааг зөвтгөсөн, хууль дээдлэх зарчимд харшилсан, цаашид хууль зөрчих боломжоор хангасан шийдвэр гаргасан нь төрийн байгууллагад “хууль зөрчсөн ч болно” гэсэн буруу жишиг тогтоосон шийдвэр гарсан.
2.2. Сурах бичгийн эх зохиох, хэвлэх, түгээх харилцааг зохицуулсан журмыг Боловсролын сайдад батлах эрхийг Боловсролын ерөнхий хуулиар олгосон байх бөгөөд 2025.02.21-ний өдрийн А/87 дугаар тушаалаар “Сурах бичгийн эх зохиох, санал авах, дүгнэлт гаргуулах үйл ажиллагааны журам”-ыг баталж, Хууль зүй дотоод хэргийн яам Захиргааны ерөнхий хуулийн дагуу хянаад захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 7229 дугаарт бүртгэн Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон. Уг журмын 5.1 дэх хэсэгт “Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь сурах бичгийн хэвлэлийн эх бэлтгэх, хэвлэх, түгээх ажлын гүйцэтгэгчийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу шалгаруулах ажлыг зохион байгуулна” гэж хуульчилсан атлаа шалгарсан байгууллагаар бус Монголын оёдлын нэгдсэн холбоо болон яам өөрөө сурах бичгийг хариуцан хүргэснийг шүүх зөвтгөсөн нь гомдол гаргах үндэслэл болж байна.
2.3. Нэг цагт нэг ижил сурах бичиг тээвэрлэн хүргэх 2 тендер зарласан бөгөөд 6-12 ангийн сурах бичгийг тээвэрлэх тендер нь хэрэгжиж болоод, нөгөө 1-5 ангийн сурах бичиг тээвэрлэх тендер нь төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд төсөв байхгүй гэх нэрээр хэрэгжих боломжгүй гэх шийдвэр гарган тендерт оролцоогүй бусдаар болон өөрсдөө түгээсэн үйл баримтыг шүүхэд ирүүлснийг шүүхээс зөвтгөн шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна. Тээвэрлэлтийн ажилд тодорхой хэмжээний төсөв хөрөнгө зарцуулсан болох нь үйл баримтаар тогтоогддог ч шүүх нотлох баримтыг хангалттай цуглуулах ажлаа хийгээгүй, үнэ төлбөргүй түгээсэн мэтээр дүгнэсэн байна.
2.4. Шийдвэрийн 9 дүгээрт “... Боловсролын сайдаас төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт орж төрийн хэмнэлтийн хүрээнд бага ангийн сурах бичиг татан авахад шаардагдах зардлыг аймаг, нийслэлийн Боловсролын газарт шилжүүлэх боломжийг судалж, шийдвэрлэх чиглэлийг гаргаж аймаг, нийслэлийн Боловсролын газарт хүргүүлсэн нь дээрх худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчээр шалгарсан "И"-тай гэрээ байгуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн” гэж дүгнэсэн нь гэрээ байгуулахгүй байх үндэслэл болохгүй. Зардалтай холбоотой хэд хэдэн удаагийн сайдын тушаал нь сурах бичгийн эх зохиох, сурах бичгийн хөтөлбөр зохиох ажлын хэсэгт хамааралтай байсныг шууд тээвэрлэхтэй хамаатуулах боломжгүй байсан.
2.5. Шийдвэрийн 10 дугаарт “... төсөвт тодотгол хийгдсэнээс санхүүжилтийн эх үүсвэргүй нөхцөл байдал үүсэж, тухайн төсөл арга хэмжээг хүчингүй болгосныг Төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим системд 2025.08.28-ны өдөр байршуулан мэдээлсэн нь хуульд нийцсэн” гэж дүгнэсэн байдаг. Цахим системд байршуулсан мэдээлэл нь тендерийг хүчингүй болгосон шийдвэр биш гэж үзнэ.
2.6. Шүүхийн шийдвэрийн 11 дүгээрт “..... санхүүжилтийн эх үүсвэргүйгээс шалтгаалан Боловсролын ерөнхий газраас 1-р ангийн сурах бичгийг тээвэрлэн хүргэх ажлыг Монголын оёдлын нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулсан, 2-5 ангийн сурах бичгийг хүргэх ажлыг Боловсролын яам хариуцан хүргэсэн” гэж дүгнэсэн. Ямар хууль тогтоомжийн хүрээнд М* холбоо тээвэрлэлтийг хийсэн болох болон уг тээвэрлэлтийн гэрээ, зардалтай холбоотой хангалттай нотлох баримтуудыг шүүх бүрдүүлээгүй. Нэхэмжлэгчийн хүсэлтийг бүрэн дүүрэн хангаагүй.
2.7. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нотолбол зохих ажиллагааг бүрэн гүйцэт хийж, үндэслэл бүхий шүүхийн шийдвэр гаргуулахаар анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул тус хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамааралгүй шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн байх тул шийдвэрт тус хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
3. Нэхэмжлэлийн “... 1-5 дугаар ангийн сурах бичиг тээвэрлэн хүргэх БЕГ/20250101023 дугаар тендерт гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгуулах” шаардлагын тухайд:
3.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Боловсролын сайдын 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/220 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Боловсролын сайдын 2025 оны хөтөлбөр арга хэмжээний жагсаалтаар сургалтын хөтөлбөрийн шинэчлэлтэй холбогдуулан ЕБС-ийг сурах бичгээр хангах шинэ ном хэвлүүлэх хөтөлбөр арга хэмжээний санхүүжүүлэх дүнг 6,656,082.0 мянган төгрөгөөр баталсан байна.
3.2. Ийнхүү Боловсролын ерөнхий газраас 1-5 дугаар ангийн сурах бичиг тээвэрлэн хүргэх БЕГ/20250101023 дугаартай тендер шалгаруулалтыг зохион байгуулж, нэхэмжлэгч хуулийн этгээдийн ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, Боловсролын ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1/2922 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгожээ.
3.3. Улмаар Боловсролын сайдын 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/402 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Боловсролын сайдын 2025 оны хөтөлбөр, арга хэмжээний жагсаалтаар сургалтын хөтөлбөрийн шинэчлэлтэй холбогдуулан ЕБС-ийг сурах бичгээр хангах шинэ ном хэвлүүлэх хөтөлбөр арга хэмжээний санхүүжилтийг 2025 оны тодотгосон дүнгээр 3,124,620.60 мянган төгрөг болгон бууруулж, 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Их Хурал Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, уг хуулийн хэрэгжилтийн хүрээнд Боловсролын сайдаас 2025-2026 оны хичээлийн жилийн бэлтгэлийг хангах, төсвийн хэрэгжилтийг батлагдсан төсөвт багтаан зохион байгуулах чиглэлийг Боловсролын ерөнхий газарт хүргүүлснээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д зааснаар санхүүжилтийн эх үүсвэргүй болсон тул гэрээ байгуулахаас татгалзаж байгаагаа мэдэгдсэн байна.
4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т “Захиалагч шалгарсан оролцогчийн баталгаажуулан ирүүлсэн гэрээг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор, энэ хуулийн 49.4.13-т заасан мэдэгдлийн дагуу гэрээ байгуулах тохиолдолд ажлын 10 өдрийн дотор тус тус гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүй бол гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрт заасан нөхцөлөөр гэрээ байгуулсанд тооцно”, 30.5-д “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тухайн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хэрэгцээ шаардлага байхгүй болсон, эсхүл бараа, ажил, үйлчилгээ худалдан авах санхүүжилтийн эх үүсвэргүй болсон тохиолдолд энэ хуулийн 30.4 дэх хэсэг хамаарахгүй”, 30.6-д “Санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсөвт тодотгол хийснээс бусад тохиолдолд захиалагч энэ хуулийн 30.5-д заасан үндэслэлээр худалдан аваагүй бараа, ажил, үйлчилгээг тухайн төсвийн жилд дахин худалдан авахыг хориглоно” гэж заасан.
5. Хуулийн дээрх зохицуулалтын агуулга нь захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тухайн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хэрэгцээ шаардлага байхгүй болсон, эсхүл бараа, ажил, үйлчилгээ худалдан авах санхүүжилтийн эх үүсвэргүй болсон тохиолдолд захиалагч гэрээ байгуулахаас татгалзах үүрэгтэй.
6. Энэхүү маргааны хувьд нэхэмжлэгчээс хариуцагч Боловсролын ерөнхий газарт холбогдуулан 1-5 дугаар ангийн сурах бичиг тээвэрлэн хүргэх БЕГ/20250101023 дугаар тендерт гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгах хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргаж байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн шалгарсан БЕГ/20250101023 дугаартай тендер шалгаруулалт нь санхүүжилтийн эх үүсвэргүй болсон нь нэгэнт тогтоогдож байхад шүүхээс санхүүжилтийн эх үүсвэргүй болсон тендерт гэрээ байгуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь бодит байдалд шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзнэ.
7. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхын зэрэгцээ биелэгдэх боломжтой байх ёстой. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэжээ.
8. Нэхэмжлэлийн “... Боловсролын сайдын 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/3820 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан.
10. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл, захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулж, гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан шинж бүхий захиргааны актын улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй гэж үзэж хүн, хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэлийг харьяалан шийдвэрлэхээр байна.
11. Гэтэл нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Боловсролын сайдын 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 1/3820 дугаар албан бичиг нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг буюу харьяа Боловсролын ерөнхий газрын даргад хандсан, “... Боловсролын сайдын 2025 оны А/402 дугаар тушаалын хавсралтаар баталсан 2026 онд хэрэгжүүлэх хөтөлбөр арга хэмжээний жагсаалтаар эрх олгосон “Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлтэй холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийг сурах бичгээр хангах, шинэ ном хэвлүүлэх” арга хэмжээг санхүүжүүлэх, ... зохицуулалт хийх, 2025.08.26-ны өдрийн А/422 дугаар тушаалын хэрэгжилтийг хангаж, суралцагчдыг сурах бичгээр хангах ажлыг нэн яаралтай зохион байгуулах, 2025-2026 оны хичээлийн жил эхлэхээс өмнө бага ангийн сурах бичих хүргэх асуудлыг аймаг, нийслэлийн боловсролын газарт хамтран зохион байгуулах, бага ангийн сурах бичиг татан авахад шаардагдах зардлыг аймаг, нийслэлийн боловсролын газарт шилжүүлэх боломжийг судалж, холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэх” зэрэг асуудлаар тодорхой чиглэлийг хүргүүлсэн буюу захиргааны байгууллагын дотогшоо чиглэсэн шийдвэр гэж үзэхээр байна.
12. Тодруулбал, маргаан бүхий Боловсролын сайдын 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 1/3820 дугаар албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан гадагш чиглэсэн, чиглэсэн этгээддээ эрх зүйн үр дагаврыг үүсгэсэн байх захиргааны актын үндсэн шинжийг агуулахгүй байх тул захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш. Гэтэл анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагад тодорхой дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.
13. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт “Боловсролын сайдын 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/3820 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Энэхүү магадлал нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн Боловсролын ерөнхий газраас зарласан БЕГ/20250101023 дугаартай тендер шалгаруулалтад оролцсонтой холбоотой учирсан хохирлоо зохих журмын дагуу нэхэмжлэх эрхийг хязгаарлахгүй болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2026/0066 дугаар шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 1 дэх заалтыг “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн “... Боловсролын сайдын 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/3820 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий "И"-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авснаас хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Ц.ОДМАА