Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 98

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

улсын яллагч Д.Ганчимэг,

насанд хүрээгүй шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Мандал /ҮД: 14-94/,

насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхбаяр, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Бямбадорж,

насанд хүрээгүй шүүгдэгч Б.Бат-Оргил, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Бадамцэцэг,

насанд хүрээгүй шүүгдэгч У.Анхбаяр, түүний хууль ёсны төлөөлөгч С.Ундрах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Энхмэнд овогт Бямбадоржийн Энхбаяр, Энхмэнд овогт Ундрахын Анхбаяр, Боржигон овогт Бадамцэцэгийн Бат-Оргил нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2501 3824 дүгээр хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Энхмэнд овогт Бямбадоржийн Энхбаяр, Монгол улсын иргэн, 2002 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд төрсөн, 14 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, 55 дугаар сургуулийн 7в бүлэгт сурдаг, ам бүл 7, эцэг, эх, 4 дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 42 дугаар гудамж 779 тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн МЮ02260139 дугаартай,

 

2. Энхмэнд овогт Ундрахын Анхбаяр, Монгол улсын иргэн, 2002 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 14 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, 3 дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 40а дугаар гудамж 760 тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн УК02292891 дугаартай,

 

3. Боржигон овогт Бадамцэцэгийн Бат-Оргил, Монгол улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 42а дугаар гудамж 778 тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн МЮ01212811 дугаартай.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхбаяр, У.Анхбаяр, Б.Бат-Оргил нар нь 2016 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 01 цагийн үед бүлэглэн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 50 дугаар гудамж 1 тоот хашаанд байх иргэн М.Эрдэнэбаярын эзэмшлийн “Мэргэн тохой” дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж 331.200 төгрөгийн эд зүйлс хулгайлсан гэмт хэрэгт хэрэгт холбогджээ.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд: 

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй шүүгдэгч У.Анхбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Бат-Оргилын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхбаярын хууль ёсны төлөөлөгч Б.Бямбадоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Цаашид хүүхдээ харж хандана. Мөн сургуульд сургана. Би 3 хүүтэй. Нөхөр бид хоёр ажил эрхэлдэг. Манай дүүгийнд байхдаа гэмт хэрэгт холбогдсон байна.” гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Бат-Оргилын хууль ёсны төлөөлөгч Б.Бадамцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Цаашид хүүхдээ хариуцаж аваад гэмт хэрэгт холбогдуулахгүй байж чадна.” гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй шүүгдэгч У.Анхбаярын хууль ёсны төлөөлөгч С.Ундрахын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хүү маань болгоомжгүй байдлаар гэмт хэрэгт холбогдсон байна. Цаашид хүүхэддээ хараа хяналт тавих болно. Өмгөөлөгчтэйгээ санал нэг байна.” гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхбаярын мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын орчим хашааны гадаа Бат-Оргил, Анхбаяр, Батсүрэн бид дөрөв өдөржин тоглож байгаад орой 23 цаг өнгөрч байхад манай гэрлүү орох гээд хамт явсан. Бат-Оргил, Батсүрэн бид гурав түрүүлээд явж байхад хойноос Анхбаяр хүрч ирээд “орой энэ “Мэргэн тохой” хүнсний дэлгүүрийн цонхоор орчих уу” гэхээр нь би ямар нэгэн зүйл дуугарахгүй гэрлүү орсон. Бат-Оргил юу гэсэн талаар би санахгүй байна. Харин Батсүрэн “хэрэггүй, яах гээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Бид дөрөв манай гэрлүү орж сууж байхад Батсүрэн би гэрлүүгээ харьлаа гэхэд Бат-Оргил, Анхбаяр хоёр хашааны булан руу гаргаж өгөөд эргэж орж ирээд намайг “гарах уу” гэхээр нь би хувцасаа өмсөөд хамт гарсан. …Бид гурав дэлгүүрийн гадна байхад Анхбаяр цонхруу чулуу шидэх гэж байхад Бат-Оргил “байж бай” гэж хэлээд баруун тийш дэлгүүрийн хамгийн урд талын нь цонхон дээр очиж гараараа түлхэхэд онгойчихсон. …Анхбаяр эхлэж ороод дараа нь би орсон, тэр үед Бат-Оргил гадаа хүн харж үлдсэн юм. Дэлгүүрт 100 төгрөгийн том цэнхэр уут байхаар нь тэрэнд загас, тамхи, төрөл бүрийн чихэр, бохь зэрэг зүйлүүдийг хийхэд дүүрсэн учир Анхбаяр бид хоёр цонхоор Бат-Оргилд гаргаж өгөхөд хашааны буланд аваачиж асгасан. Бат-Оргил эргээд ахиж бид хоёрт уг уутыг авчирч өгөхөөр нь түрүүний авсан зүйлүүдээс ахиад хийсэн ингэж байхдаа бид хоёр бас чихэр, бохь зэрэг зүйлүүдийг хармаандаа хийж байсан. Анхбаяр бид хоёр нийт гурван удаа уг тороор эд зүйл юмсыг дүүргэж Бат-Оргилд өгч асгуулаад араас нь гараад бид гурав хашааны буланд юм асгасан газраа очоод зогсож байсан чинь дээд талын хашаанаас хоёр ах гарч ирээд “юу хийж байгаа юм бэ” гэхээр нь “юу ч хийгээгүй” гэхэд өөдөөс алхаад ирсэн. Тэр үед Бат-Оргил гүйгээд зугтахаар нь би “гүйгээрэй” гэж хэлээд гүйхэд Анхбаяр гүйлгүй баригдчихсан. …Бид гурвыг хулгай хий гэж шаардсан хүн байхгүй, бас айлгаж сүрдүүлсэн хүн байхгүй. …бид гурав л хулгай хийсэн.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 36-37 дугаар тал/

Насанд хүрээгүй шүүгдэгч У.Анхбаярын мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гадаа Энхбаяр, Бат-Оргил, Батсүрэн нартай гадуур тоглож байгаад 23 цаг өнгөрч байхад Энхбаярын гэрт хонохоор тэдний гэрлүү явсан. Бид нар явж байхад урд байсан Энхбаяр, Бат-Оргил, Батсүрэн нар дээр очоод зүгээр л энэ хойд талын “Мэргэн тохой” хүнсний дэлгүүр лүү шөнө орох уу гэж асуусан, тэгэхэд ямар зүйл хэлсэн талаар бол санахгүй байна. Бид нар Энхбаярын гэрт ороод гар утсаар тоглоод байж байхад Батсүрэн “явлаа” гэхээр нь Бат-Оргил бид хоёр гэр лүү нь дөхүүлж өгөөд, эргээд Энхбаярын гэр лүү орсон. Энхбаярын гэрт орж байж байгаад угаасаа хулгай хийе гээд ярьсан байсан учир бид гурав гарч худгийн цаад талд байдаг “Мэргэн тохой” хүнсний дэлгүүрийн гадаа очоод би чулуу шидэж цонхийг нь хагалах гэж байсан чинь Бат-Оргил баруун талын цонхны поорчигийг нь гараараа түлхээд онгойлгосон. Поорчиг нь онгойход Энхбаяр бид 2 орж бараа зөөсөн, тэр үед Бат-Оргил хүн харж эд зүйл зөөхөөр гадаа үлдсэн. Энхбаяр бид хоёр дэлгүүрт ороод банш хийсэн байсан давхар торны гадна талын 100 төгрөгийн торыг авч тамхи, чихэр, загас зэрэг эд зүйлүүдийг авч дүүргээд цонхоор Бат-Оргилд өгөхөд хашааны буланд аваачиж асгасан, эргээд бид хоёрт торыг буцааж авчирч өгөхөөр нь ахиад дүүргэж өгсөн ба нийт 3 удаа тороор зөөсөн. Энхбаяр бид хоёр буцаж цонхоороо гараад хашааны буланд Бат-Оргилтой нийлж хулгайлсан зүйлүүдээ идэх гэж байсан чинь дээд талын хашаанаас хоёр ах гарч ирээд намайг бариад авсан, тэр үед Энхбаяр, Бат-Оргил нар зугтаад явчихсан. Тэр хоёр ах намайг барьж аваад дэлгүүрийн эгчийг дуудсан, бас цагдаа дуудсан. Бид гурвыг хулгай хийлгэсэн том хүн байхгүй. Айлган сүрдүүлсэн хүн байхгүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 43-44 дүгээр тал/

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Бат-Оргилын мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: “…Анхбаяр хүрч ирээд “манайхаан орой энэ дэлгүүр лүү орох уу” гэхээр нь бид нар “яах юм бэ, маргааш баригдана шүү дээ” гэж хэлээд Бямбадорж эгчийн гэрт орж гар утсаар тоглоцгоосон. …Шөнө 00 цаг өнгөрч байхад гэрээс нь Анхбаяр, Энхбаяр бид гурав гараад худгийн цаад талд байдаг “Мэргэн тохой” хүнсний дэлгүүр дээр очиход хаачихсан, хүн байхгүй байсан. Анхбаяр эхлээд “цонхыг нь хагалаад орчихъё” гээд чулуу авахаар нь “яах юм бэ, байж бай” гээд цонхон дээр нь очиж поорчигийг нь гараараа түлхсэн чинь онгойчихсон. Цонх онгойход Энхбаяр, Анхбаяр хоёр уг цонхоор орж би гадаа нь хүн харж үлдсэн. Тэр хоёр дотроос баахан юм уутанд хийж зөөсөн, тэрийг нь би гаднаас нь авч цаад талын гудамжид аваачиж асгасан. Ойролцоогоор гурав юмуу дөрвөн удаа том тороор зөөсөн. Энхбаяр, Анхбаяр хоёр нэлээн удаж байгаад гарч ирээд бид гурав хулгайлсан зүйлүүдийнхээ хажуу талд очоод сууж байхад Энхбаяр, Анхбаяр хоёр шоколаднаас задлаад идэж эхэлсэн, тэр үед цаад талын цэнхэр хашаанаас хоёр ах гарч ирэхээр нь би “Энхбаяр хүн гарч ирж байна, зугтаарай” гэж хэлээд би гүйхэд хойноос Энхбаяр гүйсэн. Бид хоёр гүйж байхад ард Анхбаяр баригдаж байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 50-51 дүгээр тал/

 

Хохирогч М.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 50 дугаар гудамж 1 тоот хашаанд байх “Мэргэн тохой” хүнсний дэлгүүрээ ажиллуулж байгаад орой 22 цаг 30 минутын орчимд хаагаад гарсан. Би хааж гараад гэртээ амарч байхад шөнө 01 цаг 30 минутын орчимд хажуу хашааны такси барьдаг залуу “би шөнө ирсэн чинь хүүхдүүд дуугараад байсан, тэгэхээр нь яваад очсон чинь хулгай хийж байсан хүүхдүүд байна, нэг хүүхдийг нь бариад авлаа” гээд манай гэрт ороод ирэхээр нь гарч харсан чинь хашааны буланд эд зүйлүүдээ тавьчихсан, асгачихсан, Анхбаяр гэж банди байсан, тэр бандиас хэнтэй хулгай хийсэн талаар асуухад Энхбаяр, Бат-Оргил гээд 2 хүүхэдтэй хулгай хийсэн, зугтаагаад явчихсан гэж хэлсэн. …зарим эд зүйлүүдээ буцаан авсан байгаа.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 17-18 дугаар тал/

 

Гэрч Ш.Орхонбатын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 00 цаг 40 минутын орчимд би Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 50 дугаар гудамж 6а тоот хашаа руугаа өөрийн машинтайгаа ирсэн чинь хашааны буланд чихэр, хиам зэрэг зүйлүүдийг асгасан байхаар нь дэлгүүрээс хүн хулгай хийж байгаа юм байна даа гэж бодоод хашаа руугаа очоод хашааны булангаас харсан чинь, 3 эрэгтэй жоохон хүүхэд байсан, би ямарч хүн цаана нь байх юм билээ гэж бодоод хажуу айлын хүний гэр лүү ороод гаръя гээд хамт гарч дэлгүүрийн буланд зогсож байсан нөгөө 3 хүүхэд рүү гүйж нэгийг нь барьж авахад 2 нь гүйгээд явчихсан. Тэр хүүхдийг барьж аваад дэлгүүрийн эзнийг нь дуудъя гээд надтай хамт байсан Билэгт гэж залууг явуулахад эзэн нь хүрч ирсэн юм, бид 2 эзэнд нь нөгөө хүүхдийг хүлээлгэж өгөөд цагдаа дуудсан юм.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 27 дугаар тал/

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл,

/хх-ийн 12 дугаар тал/

 

Нас тоолсон тэмдэглэл,

/хх-ийн 13-15 дугаар тал/

 

Эд зүйлийн үнэлгээ,

/хх-ийн 19-20 дугаар тал/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 56, 60, 75 дугаар тал/

 

Хохирол хүлээн авсан баримт,

/хх-ийн 76 дугаар тал/

 

Төрсний бүртгэлийн лавлагаа,

/хх-ийн 55, 59, 72 дугаар тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхбаяр, У.Анхбаяр, Б.Бат-Оргил нар нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 50 дугаар гудамж 1 тоот хашаанд байх иргэн М.Эрдэнэбаярын эзэмшлийн “Мэргэн тохой” дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж 331.200 төгрөгийн эд зүйлс хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн байцаалтад насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхбаярын сэжигтнээр өгсөн “…Бид гурав дэлгүүрийн гадна байхад Анхбаяр цонхруу чулуу шидэх гэж байхад Бат-Оргил “байж бай” гэж хэлээд баруун тийш дэлгүүрийн хамгийн урд талынх нь цонхон дээр очиж гараараа түлхэхэд онгойчихсон. …Анхбаяр эхэлж ороод дараа нь би орсон, тэр үед Бат-Оргил гадаа хүн харж үлдсэн юм. Дэлгүүрт 100 төгрөгийн том цэнхэр уут байхаар нь тэрэнд загас, тамхи, төрөл бүрийн чихэр, бохь зэрэг зүйлүүдийг хийхэд дүүрсэн учир Анхбаяр бид хоёр цонхоор Бат-Оргилд гаргаж өгөхөд хашааны буланд аваачиж асгасан. Бат-Оргил эргээд ахиж бид хоёрт уг уутыг авчирч өгөхөөр нь түрүүний авсан зүйлүүдээс ахиад хийсэн, ингэж байхдаа бид хоёр бас чихэр, бохь зэрэг зүйлүүдийг хармаандаа хийж байсан. Анхбаяр бид хоёр нийт гурван удаа уг тороор эд зүйл юмсыг дүүргэж Бат-Оргилд өгч асгуулаад араас нь гараад бид гурав хашааны буланд юм асгасан. …бид гурав л хулгай хийсэн.” гэх /хх-36-37/,

 

насанд хүрээгүй шүүгдэгч У.Анхбаярын сэжигтнээр өгсөн “…Энхбаяр, Бат-Оргил, Батсүрэн нар дээр очоод зүгээр л энэ хойд талын “Мэргэн тохой” хүнсний дэлгүүр лүү шөнө орох уу? гэж асуусан, тэгэхэд ямар зүйл хэлсэн талаар бол санахгүй байна. …Энхбаярын гэрт орж байж байгаад угаасаа хулгай хийе гээд ярьсан байсан учир бид гурав гарч худгийн цаад талд байдаг “Мэргэн тохой” хүнсний дэлгүүрийн гадаа очоод би чулуу шидэж цонхийг нь хагалах гэж байсан чинь Бат-Оргил баруун талын цонхны поорчигийг нь гараараа түлхээд онгойлгосон. Поорчиг нь онгойход Энхбаяр бид 2 орж бараа зөөсөн, тэр үед Бат-Оргил хүн харж эд зүйл зөөхөөр гадаа үлдсэн. Энхбаяр бид хоёр дэлгүүрт ороод банш хийсэн байсан давхар торны гадна талын 100 төгрөгийн торыг авч тамхи, чихэр, загас зэрэг эд зүйлүүдийг авч дүүргээд цонхоор Бат-Оргилд өгөхөд хашааны буланд аваачиж асгасан, эргээд бид хоёрт торыг буцааж авчирч өгөхөөр нь ахиад дүүргэж өгсөн ба нийт 3 удаа тороор зөөсөн. Энхбаяр бид хоёр буцаж цонхоороо гараад хашааны буланд Бат-Оргилтой нийлж хулгайлсан зүйлүүдээ идэх гэж байсан чинь дээд талын хашаанаас хоёр ах гарч ирээд намайг бариад авсан, тэр үед Энхбаяр, Бат-Оргил нар зугтаад явчихсан.” гэх /хх-43-44/,

 

насанд хүрээгүй шүүгдэгч Б.Бат-Оргилын сэжигтнээр өгсөн …Шөнө 00 цаг өнгөрч байхад гэрээс нь Анхбаяр, Энхбаяр бид гурав гараад худгийн цаад талд байдаг “Мэргэн тохой” хүнсний дэлгүүр дээр очиход хаачихсан, хүн байхгүй байсан. Анхбаяр эхлээд “цонхыг нь хагалаад орчихъё” гээд чулуу авахаар нь “яах юм бэ, байж бай” гээд цонхон дээр нь очиж поорчигийг нь гараараа түлхсэн чинь онгойчихсон. Цонх онгойход Энхбаяр, Анхбаяр хоёр уг цонхоор орж би гадаа нь хүн харж үлдсэн. Тэр хоёр дотроос баахан юм уутанд хийж зөөсөн тэрийг нь би гаднаас нь авч цаад талын гудамжид аваачиж асгасан. Ойролцоогоор гурав юмуу, дөрвөн удаа том тороор зөөсөн. Энхбаяр, Анхбаяр хоёр нэлээн удаж байгаад гарч ирээд бид гурав хулгайлсан зүйлүүдийнхээ хажуу талд очоод сууж байхад Энхбаяр, Анхбаяр хоёр шоколаднаас задлаад идэж эхэлсэн, тэр үед цаад талын цэнхэр хашаанаас хоёр ах гарч ирэхээр нь би “Энхбаяр хүн гарч ирж байна, зугтаарай” гэж хэлээд би гүйхэд хойноос Энхбаяр гүйсэн. Бид хоёр гүйж байхад ард Анхбаяр баригдаж байсан.” гэх /хх-50-51/,

 

хохирогч М.Эрдэнэбаярын өгсөн “…шөнө 01 цаг 30 минутын орчимд хажуу хашааны такси барьдаг залуу “би шөнө ирсэн чинь хүүхдүүд дуугараад байсан, тэгэхээр нь яваад очсон чинь хулгай хийж байсан хүүхдүүд байна, нэг хүүхдийг нь бариад авлаа” гээд манай гэрт ороод ирэхээр нь гарч харсан чинь хашааны буланд эд зүйлүүдээ тавьчихсан, асгачихсан, Анхбаяр гэж банди байсан, тэр бандиас хэнтэй хулгай хийсэн талаар асуухад Энхбаяр, Бат-Оргил гээд 2 хүүхэдтэй хулгай хийсэн, зугтаагаад явчихсан гэж хэлсэн.” гэх /хх-16-17/,

 

гэрч Ш.Орхонбатын өгсөн “... хашааны буланд чихэр, хиам зэрэг зүйлүүдийг асгасан байхаар нь дэлгүүрээс хүн хулгай хийж байгаа юм байна даа гэж бодоод хашаа руугаа очоод хашааны булангаас харсан чинь 3 эрэгтэй жоохон хүүхэд байсан, би ямарч хүн цаана нь байх юм билээ гэж бодоод хажуу айлын хүний гэр лүү ороод гаръя гээд хамт гарч дэлгүүрийн буланд зогсож байсан нөгөө 3 хүүхэд рүү гүйж нэгийг нь барьж авахад, 2 нь гүйгээд явчихсан.” гэх /хх-27/ мэдүүлгүүд,

 

хавтаст хэрэгт цугларсан эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-12/, эд зүйлийн үнэлгээ /хх-19-20/, хохирол хүлээн авсан баримт /хх-76/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа нь насанд хүрээгүй шүүгдэгч Энхмэнд овогт Бямбадоржийн Энхбаяр, Энхмэнд овогт Ундрахын Анхбаяр, Боржигон овогт Бадамцэцэгийн Бат-Оргил нарыг яллах үндэслэл болж байна.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас насанд хүрээгүй шүүгдэгч Энхмэнд овогт Бямбадоржийн Энхбаяр, Энхмэнд овогт Ундрахын Анхбаяр, Боржигон овогт

 

Бадамцэцэгийн Бат-Оргил нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд насанд хүрээгүй шүүгдэгч Энхмэнд овогт Бямбадоржийн Энхбаяр, Энхмэнд овогт Ундрахын Анхбаяр, Боржигон овогт Бадамцэцэгийн Бат-Оргил нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас бага бус хэмжээний хохирол учирсан гэм буруутайд тооцож, тэд нарт хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч нар нь хохирогч М.Эрдэнэбаярт гэм хорын хохиролд нийт 270.000 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан /хх-76/ бичмэл баримтаар тогтоогдсон байх тул насанд хүрээгүй шүүгдэгч Энхмэнд овогт Бямбадоржийн Энхбаяр, Энхмэнд овогт Ундрахын Анхбаяр, Боржигон овогт Бадамцэцэгийн Бат-Оргил нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Энхмэнд овогт Бямбадоржийн Энхбаяр, Энхмэнд овогт Ундрахын Анхбаяр, Боржигон овогт Бадамцэцэгийн Бат-Оргил нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхбаяр, У.Анхбаяр, Б.Бат-Оргил нарын
үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан тэднийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж шүүх үзэж хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг зургаан сарын хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Б.Энхбаяр, У.Анхбаяр, Б.Бат-Оргил нар бусдад төлөх төлбөргүй,  цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Насанд хүрээгүй шүүгдэгч Энхмэнд овогт Бямбадоржийн Энхбаяр, Энхмэнд овогт Ундрахын Анхбаяр, Боржигон овогт Бадамцэцэгийн Бат-Оргил нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учирсан гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Энхбаяр, У.Анхбаяр, Б.Бат-Оргил нарт эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсэгт зааснаар Б.Энхбаяр, У.Анхбаяр, Б.Бат-Оргил нарт оногдуулсан 2 жил хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Б.Энхбаяр, У.Анхбаяр, Б.Бат-Оргил нар бусдад төлөх төлбөргүй,  цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дах хэсэгт зааснаар Б.Энхбаяр, У.Анхбаяр, Б.Бат-Оргил нарт 2 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж, тэднийг цаашид сургуульд орох, сургууль болон оршин суугаа газраа өөрчилсөн тухайгаа оршин суугаа газрынхаа цагдаагийн байгууллагад мэдэгдэж байх зэрэг тэдний засрал хүмүүжилд дөхөм үзүүлэх үүргийг Б.Энхбаяр, У.Анхбаяр, Б.Бат-Оргил нарын хууль ёсны төлөөлөгч Б.Бямбадорж, Б.Бадамцэцэг, Э.Ундрах нарт даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Энхмэнд овогт Бямбадоржийн Энхбаяр, Энхмэнд овогт Ундрахын Анхбаяр, Боржигон овогт Бадамцэцэгийн Бат-Оргил нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Н.ОДОНТУУЛ