Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 123/ШШ2019/0006

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “М" ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн З сумын З Дд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: М" ХХК-ийн эзэмшлийн XV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг З сумын З Д Б.Самбуугийн хүлээн авч батлахгүй байгаа нь хууль зөрчсөн болохыг тогтоолгож, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжин, Г.Жавхлантөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М" ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжин, Г.Жавхлантөр нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М ХХК нь Ашигт малтмалын газраас олгосон Төв аймгийн З сумын нутагт Хашаат овоот даваат нэртэй газар орших XV-020580 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу XV-020580 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар биечлэн болон албан бичгээр удаа дараа З сумын З Дд хандсан боловч баталж өгөлгүй өнөөдрийг хүрлээ. Хайгуулын тусгай зөвшөөрөл авсныхаа дараа байгаль хамгаалах төлөвлөгөөгөө 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 321 дугаартай албан бичгээр хүргүүлж, байгаль хамгаалах, нөхөн сэргээлтийн зардалд 500.000 төгрөг шилжүүлсэн, З Дтай уулзсан, манай бичгийг хүлээж аваагүй, одоохондоо баталж өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. 2017 онд төлөвлөгөөгөө бариад биечлэн уулзаж, гуйж байсан. Тухайн үед Захиргааны хэргийн шүүхэд хандаж байгаагүй. Учир нь боломжтой юм шиг хариу өгдөг байсан. Шүүхээс үзлэг хийгээд 2018, 2019 оны байгаль хамгаалах төлөвлөгөөг гаргуулахыг хүссэн. 2016-2018 оны ирсэн, явсан бичгийн бүртгэлийн дэвтрийг үзэхэд байхгүй байдаг. М ХХК-иас сумын З Дд 2018 оны 2 сарын 12-ны өдөр 62 тоот албан бичгээр хүсэлт гаргасан, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 2/1096 тоотоор хүсэлтийг дахин гаргасан боловч хариу өгөөгүй. Компанийн зүгээс албан бичгийн хариуг 2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн дотор өгөхгүй тохиолдолд хуулийн байгууллагад хандахаа 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2/1202 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр мэдэгдсэний хариуд З Д Б.Самбуу нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1/307 тоот албан бичгээр тусгай зөвшөөрөлд хамрагдах газар нь малчид оршин суудаг тул эсэргүүцэл, гомдол ихээр ирдэг. Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01 тоот тогтоолоор сумын тусгай хэрэгцээний газарт авсан, багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01 тоот бүхий тогтоол, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 01 тоот бүхий уул уурхайн тусгай зөвшөөрөл цуцлуулах тухай тогтоол гарсан тул танай байгууллагын ирүүлсэн Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж батлах боломжтой гэж мэдэгдсэн. Дээрх бичгээр ирсэн хариу нь хүсэлтийн шаардлагыг хангаагүй учир Төв аймгийн З Дд 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2/1116 тоот үйлдвэрлэлийн хэвийн ажиллагааг хангах тухай албан бичиг, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1/1296 тоот гомдол гаргах тухай албан бичгээр Төв аймгийн З сумын З Д Б.Самбуугийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдлийн талаарх гомдлыг хүлээн авч, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг даалгаж өгнө үү гэж гомдол гаргасны хариуг компанид өгөөгүй. Харин үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Монгол улсын Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 02/2540 тоот албан үүргээ хэрэгжүүлэх тухай албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэг Сум дүүргийн З Д энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ гэж заасны дагуу хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг Төв аймгийн З сумын З Д Б.Самбууд мэдэгдсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтад ...тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум дүүргийн З Дтай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах..., мөн хуулийн 38.2 дахь хэсэгт сум, дүүргийн З Д энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ гэж заасан. Монгол улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн... 61 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...З Д тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн хамт засаг төрийн төлөөлөгчийн хувьд харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газар, дээд шатны Засаг даргын өмнө хариуцна гэж заасан. Захиргааны ерөнхий хуулийн ерөнхий зарчим нь хууль дээдлэх зарчим гэж заасан байдаг. Татгалзаж байгаа бол хууль зүйн үндэслэлтэй хариу өгөх шаардлагатай. Хариуцагч бидний байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд ерөнхий байдлаар хариу өгсөн нь үндэслэлгүй. ... Хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр зөвшөөрөл учир сумын З Д Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт зааснаар байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор батална. Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан гэх үндэслэлээр байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. 2016 оноос 2019 он хүртэл 3 жилийн хугацаанд З Д, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс М ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох гомдлыг шүүхэд гаргаагүй нь Ашигт малтмалын газрын 2019 оны албан бичгээр тогтоогдож байгаа, тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг орон нутгийн зүгээс хүчингүй болгох хүсэлт тавиагүй, тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар ямар нэг шүүхийн маргаан байхгүй гэсэн бичиг шүүхэд ирүүлсэн байгаа. З сумын З Д Б.Самбуугийн тусгай зөвшөөрөлтэй талбайн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэл нь ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч манай компанийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх боломжийг хаасан ба сумын Засаг даргын хуулиар хүлээсэн үүргээсээ татгалзаж байна гэж үзэж байна. Иймд М" ХХК-ийн эзэмшлийн XV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг З сумын З Д Б.Самбуугийн хүлээн авч батлахгүй байгаа нь хууль зөрчсөн болохыг тогтоож, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг З сумын З Дд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч З сумын З Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтүвшин нар шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал нь XV-020580 дугаартай тусгай зөвшөөрлийг 2016 онд авсан байдаг, үүнээс хойш Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т заасныг биелүүлээгүй, тусгай зөвшөөрөлтэй талбайн байгаль хамгаалах төлөвлөгөөг сумын З Дтай харилцан тохиролцож боловсруулаагүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.1.6, 38.2 зэрэг заалтуудад тус хуулийн 38.1.1 дэх заалт багтаж байгаа нь сумын З Д зөвхөн нэхэмжлэгч талын тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор сумын З Дтай харилцан тохиролцож боловсруулсан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлах үүрэгтэй байгаа учраас сумын З Дтай харилцан тохиролцож гаргаагүй байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг нэхэмжлэгч тал батлуулах хууль зүйн үндэслэлгүй, төлөвлөгөөг хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзэж байгаа. Өмнөх Засаг даргын үед тусгай зөвшөөрөл болон байгаль хамгаалах төлөвлөгөөг харилцан тохиролцоод боловсруулах боломжтой байсан. Тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн хугацаа өнгөрсөн. XV-020580 тоот тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах бүс нутаг нь сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2015 оны 01 тоот тогтоолоор сумын тусгай хэрэгцээнд авсан газар ... шийдвэрийн гол үндэслэл нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хамгаалах үүднээс гаргасан. ...Хашаат овоот даваат газрын хувьд нийт 18 малчин өрхтэй, Хайлааст багт ганц эрүүл үлдсэн газар гэж хэлж болно. Тухайн иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс төлөвлөгөөг батлахгүй байгаа. 2018 оны 07, 08 дугаар саруудад тус бүс нутгийн малчин иргэнээс гомдол ирсэн, Монголросцвемтет ХХК хайгуул явуулж байна гэсэн. Мөн малчин иргэдтэй тэмцэлдсэн байсан. Байгаль орчны хяналтын улсын байцаагч газар дээр нь очиж шалгахад 2 хайгуулын өрөм тавьсан байсныг лацдаж зогсоосон. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгүйгээр хайгуулын үйл ажиллагаа явуулсан нь хууль зөрчсөн үйлдэл. XV-020580 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль хамгаалах төлөвлөгөөг батлах эрх зүйн үндэслэл байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч "М" ХХК өөрийн эзэмшлийн XV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг Төв аймгийн З сумын З Д Б.Самбуугийн хүлээн авч батлахгүй байгаа нь хууль зөрчсөн болохыг тогтоолгож, XV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2018 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг З сумын З Дд даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...төлөвлөгөөг батлуулахаар биечлэн болон албан бичгээр удаа дараа З сумын З Дд хандсан боловч баталж өгөөгүй... XV-020580 тоот тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар сумын З Д төлөвлөгөөг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан батлах үүрэгтэй... гэж тодорхойлсон.

Харин хариуцагч тал болох З сумын З Д ...2016 онд тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн хугацаа өнгөрсөн...тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор зөвхөн сумын З Дтай харилцан тохиролцож боловсруулсан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлах үүрэгтэй учраас харилцан тохиролцож гаргаагүй байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлах хууль зүйн үндэслэлгүй... 2016, 2017 онд төлөвлөгөөгөө тохиролцож гаргаагүй, батлуулаагүй ... XV-020580 тоот тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах бүс нутгийг сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2015 оны 01 тоот тогтоолоор сумын тусгай хэрэгцээнд авсан, тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар шүүхэд хандах шийдвэр гарсан... Хайлааст багийн иргэд мал маллан амьдардаг... иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хамгаалах үүднээс шийдвэр гаргасан... гэсэн тайлбар гаргасан байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үнэлж, дүгнэн дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр Төв аймгийн З сумын нутаг, Хашаат овоот даваат нэртэй газарт 2585,65 гектар талбай бүхий ХV-020580 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Засгийн газрын 2015 оны 359 дүгээр тогтоолын дагуу /гол мөрний урсац бүрэлдэх эх үүсвэртэй давхцалтай байсан тусгай зөвшөөрөлтэй талбайн нөхөн олговорт/ "М" ХХК-д 3 жилийн хугацаагаар[1] олгосноор нэхэмжлэгч XV-020580 дугаартай тусгай зөвшөөрлийн хууль ёсны эзэмшигч болсон байна. "М" ХХК тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд байгаль орчныг хамгаалах үүргийг хуулиар хүлээсэн байна. Үүнд: Монгол улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 1-т Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэж заасны дагуу хууль тогтоогчоос Монгол улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, хайгуулын талбайн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулахаар хуульчлан тогтоож, энэ хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон энэ хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасан үүргийг биелүүлнэ хэмээн тусгайлан зааж, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах чиглэлээр хүлээх үүргийг нь тодорхойлсон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сумын З Дтай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах, энэ хуулийн 38.1.3-т зааснаар тухайн төлөвлөгөөгөө сумын З Дд хүргүүлэх үүрэгтэй, тусгай зөвшөөрөл эзэмшигч, сумын З Д нарын зөвшилцөж боловсруулаад ирүүлсэн төлөвлөгөөг энэ хуулийн 38.2-т зааснаар сумын З Д хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэх үүрэгтэй, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалахаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгон энэ хуулийн 38.1.8-т зааснаар сумын Засаг даргын нээсэн дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй байна.

 

1. Нэхэмжлэгч нь 2016 оны 07 сарын 08-ны өдрийн 321/а тоот албан бичгээр З сумын З Д Д.Болормаад хандан Хашаат овоот даваат нэртэй газарт орших ХV020580 тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2016 оны байгаль хамгаалах төлөвлөгөөгөө батлуулахаар хүсэлт гаргаж, тухайн жилийн байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгө буюу 500.000 төгрөгийг З сумын Засаг даргын дансанд шилжүүлсэн, харин тухайн талбайн 2017 оны байгаль хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар З сумын З Д, түүний Тамгын газарт хандаагүй, уг төлөвлөгөөг хүргүүлээгүй, тухайн жилийн байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг сумын Засаг даргын нээсэн дансанд шилжүүлээгүй, хуулиас хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн 2016 оны 07 сарын 08-ны өдрийн 321/а тоот албан бичиг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын ...2016 онд сумын дансанд 500.000 төгрөг шилжүүлсэн... гэсэн тайлбар, гэрч, З сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Ган-Очирын ...намайг ажилд ороход ХV020580 тоот тусгай зөвшөөрөлтэй 2016-2017 оны төлөвлөгөө байгаагүй, 2018 онд анх удаа төлөвлөгөө ирүүлсэн... гэсэн мэдүүлэг, сумын 2016, 2017 оны ирсэн бичгийн бүртгэл, гэрч, Д.Болормаагийн 2012 оны 12 сараас 2016 оны 12 сарын 01-ний өдөр хүртэл З сумын З Дар ажилласан...Хашаат овоот даваат нэртэй газарт орших ХV020580 тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг надад өгөөгүй... гэсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Хариуцагчийн сумын З Дтай харилцан тохиролцож гаргаагүй төлөвлөгөөг нэхэмжлэгч тал батлуулах эрх зүйн үндэслэлгүй гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж маргаагүй бөгөөд тухайн талбайн 2016, 2017, 2018 онуудын байгаль хамгаалах төлөвлөгөөгөө сумын З Д, байгаль орчны байцаагч нартай хамтран боловсруулсан гэх тайлбар, нотлох баримт гаргаагүйгээс гадна ХV020580 тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2016, 2017 онуудын байгаль хамгаалах орчныг хамгаалах төлөвлөгөөг нь батлаагүй сумын Засаг даргын үйлдэл /эс үйлдэхүй/-тэй холбогдуулан дээд шатны нь З Дд болон шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргасан гэх байдал нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тодруулбал, ХV020580 тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2016, 2017 онуудын байгаль хамгаалах төлөвлөгөөгөө сумын З Дтай зөвшилцөж боловсруулаагүй, батлуулаагүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Маргаж буй ХV020580 тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2018 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар нэхэмжлэгч тал З сумын З Дд 2018 оны 02 сарын 12-ны өдөр 62 тоот, 8 сарын 23-ны өдөр 2/1096 тоот, 9 сарын 12-ны өдөр 2/1202 тоот албан бичгээр тус тус хүсэлт гаргасан, хариуцагч З сумын З Д 2018 оны 9 сарын 27-ны өдрийн 1/307 тоот албан бичгээр ...тусгай зөвшөөрөлд хамаарагдах газар нь малчин иргэд оршин суудаг бэлчээрийн бүс нутаг бөгөөд малчдаас эсэргүүцэл, гомдол ирж байна, ...тусгай хэрэгцээний газарт авсан, ...тусгай зөвшөөрөл цуцлуулах тогтоол гарсан тул...ИТХ-аар хэлэлцүүлж батлах боломжтой... хэмээн хариу өгснийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ гэж, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас ... тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж тус тус заасны дагуу хариуцагчийг 2018 оны 9 сарын 27-ны өдрийн 1/307 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн ХV-020580 тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2018 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч тал нэхэмжлэгчийн XV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2018 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзсан үндэслэлээ шүүхэд ...XV-020580 дугаартай тусгай зөвшөөрлийг 2016 онд авсан, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т зааснаар тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор сумын З Дтай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулаагүй... хэмээн тайлбарлажээ.

З сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01 тоот тогтоолоор маргаж буй XV-020580 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий Хашаат овоот даваат нэртэй газрыг сумын тусгай хэрэгцээнд авсан байх боловч нэхэмжлэгчид олгосон XV-020580 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа бөгөөд хариуцагч талаас тухайн тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар төрийн захиргааны байгууллагад болон шүүхэд гомдол нэхэмжлэл гаргаагүй нь Ашигт малтмалын газрын 2019 оны 01 сарын 23-ны өдрийн 7/440 тоот албан бичгээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийг хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй хайгуулын талбайн байгаль орчныг хамгаалах жил бүрийн төлөвлөгөөгөө сумын З Дтай зөвшилцөж боловсруулах боломжтой байсан байна.

Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудаар нэхэмжлэгч нь XV-020580 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр авснаасаа хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн тусгай зөвшөөрөлтэй талбайн 2016, 2017, 2018 онуудын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг сумын З Дтай зөвшилцөж боловсруулаагүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчийн М" ХХК-ийн эзэмшлийн XV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2018 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзаж шийдвэрлэснийг Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т сумын З Д энэ хуулийн 38.1.3-т заасан төлөвлөгөө...-г хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ гэж заасныг зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.

2. Хариуцагчийн М" ХХК-ийн эзэмшлийн XV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн 2018 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзсан нь хууль зөрчөөгүй, тодруулбал, нэхэмжлэгч тал Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т заасан журмаар З сумын З Дтай зөвшилцөн тухайн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө боловсруулаагүй байх тул нэхэмжлэгчийн XV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн 2018 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг З сумын З Дд даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч "М" ХХК-ийн М" ХХК-ийн эзэмшлийн XV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг З сумын З Д Б.Самбуугийн хүлээн авч батлахгүй байгаа нь хууль зөрчсөн болохыг тогтоолгож, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг сумын З Дд даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН

 

 

 

 


[1]Хавтаст хэргийн 65 дахь тал,