Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2022/00644

 

  

*******ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 147/ШШ2020/00253 дугаар шийдвэр,

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 222/МА2020/00010 дугаар магадлалтай,

 

*******ий нэхэмжлэлтэй

С.Мөнхзул,******* нарт холбогдох

 

Зээлээр худалдах-худалдан авах гэрээ-ний үүрэгт төлсөн төлбөрөөс үлдэх 8,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

10,644,600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч*******,******* нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбат, хариуцагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч *******өөс*******,******* нарт холбогдуулан Зээлээр худалдах-худалдан авах гэрээ-ний үүрэгт төлсөн төлбөрөөс үлдэх 8,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, 10,644,600 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 147/ШШ2020/00253 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******,******* нараас 8,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******өөс 818,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч************** нарт олгож,************** нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 900,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч************** нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 8,926,600 төгрөгийг хэлэлцэхгүйгээр орхисон болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ий улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 142,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хэрэгсэхгүй болгосон 900,000 төгрөгийн шаардлагаас улсын тэмдэгтийн хураамж тооцож 26,150 төгрөгийг тус тус гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

3. Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 222/МА2020/00010 дугаар магадлалаар: Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 253 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтад дараах өөрчлөлтийг оруулж,

1.1. Тогтоох хэсгийн 2 дахь заалтын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******өөс 818,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч************** нарт олгож,************** нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 900,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******өөс 1,425,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч************** нарт олгож,************** нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 9,219,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

1.2. Тогтоох хэсгийн 4 дэх заалтын *******өөс сөрөг нэхэмжлэлийн шаардлага 818,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 24,182 төгрөгийг гаргуулж, хариуцагч*******,******* нарт олгож,*******, С.Түвшинжаргал нараас хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийн шаардлага 900,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 26,150 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай гэснийг *******өөс сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1,425,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 37,750 төгрөг гаргуулж,*******,******* нарт олгож, хариуцагч нараас хэрэгсэхгүй болгосон 9,219,600 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 143,114 төгрөгийг улсын орлогод оруулсугай гэж өөрчилж,

1.3. Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож,

Хоёр. Шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Гурав. хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч*******,******* нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* бидний хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулахдаа бичгээр байгуулаагүй, мөн үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэхдээ улсын бүртгэлд бүртгүүлэх хуульд заасан заалтыг зөрчиж хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна. Учир нь зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй нь түүнийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхээр хуульд заагаагүй байна. Харин тухайн гэрээг бичгээр байгуулаагүй нь худалдан авагч хүү төлөхөөс чөлөөлөгдөхөөр заасан байна. Мөн үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэхдээ улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагын тухайд нэхэмжлэгч ******* орон сууцны үнийг бүрэн төлж дууссан тохиолдолд бидний зүгээс мэдээж үл хөдлөх эд хөрөнгөө шилжүүлэхээр улсын бүртгэлд бүртгүүлэх нь тодорхой байсан. Харин нэхэмжлэгч нь гэрээнээс өөрөө татгалзаж, орон сууцны үнийг бүрэн төлөх боломжгүй болсноор үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хийлгэх шаардлагагүй болсон. Энэ нь тухайн бидний хооронд байгуулагдсан зээлээр худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй. Мөн нэхэмжлэгч талаас бидний хооронд амаар байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргаагүй болно.

Давж заалдах шатны шүүх гэрээний талаар анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн учир мөн дээрх үндэслэлээр зөвшөөрөх боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэх үндэслэлээр 8,926,600 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцээгүй орхигдуулсныг буруу гэж дүгнэсэн хэдий ч зохих нотлох баримтыг гаргаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч 23 сар бидний орон сууц ашиглаж байсанд тооцож авахаар нэхэмжилсэн 9,200,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг хангаагүй. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь нэхэмжлэгч тухайн орон сууцны байрыг биднээс хүлээн авч ашиглаж байснаа шүүхэд гаргасан тайлбараар бүрэн нотлогдоно. Бидний зүгээс тухайн орон сууц ашигласан 1 сарын хөлсийг 400,000 төгрөгөөр тооцон нэхэмжилж байгаа нь ямар нэгэн хууль зөрчөөгүй.

Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын гомдлыг хангах үндэслэлгүй.

 

6. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Баруун-Урт сумын 4 дүгээр баг, Өлзийт хорооллын 215 тоот байшинг 60,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч байрны урьдчилгаа төлбөрт өгсөн 29,500,000 төгрөгийг төлсөн боловч талууд гэрээнээс татгалзаж байрыг хүлээлгэн өгсөн, 21,500,000 төгрөгийг буцааж авсан тул үлдэгдэл 8,000,000 төгрөг гаргуулна.., түрээсийн төлбөр төлөхөөр харилцан тохиролцоогүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй... гэж маргасан,

 

Хариуцагч нар: ...2017 оны 12 дугаар сард Өлзийтийн 215 тоот 4 өрөө, 2 давхар 90 м.кв талбайтай байрыг гараж, газрын хамт 4 жилийн хугацаатай урьдчилгаа 30,000,000 төгрөг, үлдэгдэл 30,000,000 төгрөгийг 4 жилийн дараа төлөхөөр харилцан тохирч худалдсан, урьдчилгаа 29,500,000 төгрөгийг цувуулж авсан боловч 2019 онд үлдэгдэл төлбөрийг төлөх чадваргүй болсон үндэслэлээр байраа бусдад 45,000,000 төгрөгөөр худалдсан. ...урьдчилгаанд авсан мөнгөнөөс хоёр жил байранд суусныг түрээсэлсэн гэж үзэн дундаж ханшаар тооцож 8,000,000 төгрөгийг суутгаж авсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж, улмаар ...байрыг хүлээн авснаас хойш суллаж өгсөн хүртэлх 23 сарын хугацааны түрээсийн төлбөр /400,000х23 сар/ 9,200,000 төгрөг, байрны эд хөрөнгийг эвдэж, гэмтээсний болон үрэгдүүлсний төлбөр 1,355,000 төгрөг, үнэлгээний хөлс 89,600 төгрөг, нийт 10,644,000 төгрөгийг нэхэмжилнэ... гэжээ.

 

8. Хэрэгт авагдсан баримтаар зохигч 2017 оны 12 дугаар сард Баруун-Урт сумын 4 дүгээр баг, Өлзийт хорооллын 215 тоот байшинг 60,000,000 төгрөгөөр худалдаж-худалдан авахаар амаар тохиролцсон, нэхэмжлэгч ******* байрыг хүлээн авч эзэмшиж, ашигласан, урьдчилгаа 29,500,000 төгрөгийг 2018.01.05-наас 2018.09 сарын хооронд цувуулан төлсөн, 2019 оны 9 сард үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй үндэслэлээр гэрээнээс татгалзаж, байшинг суллаж өгсөн, хариуцагч байрыг хүлээн авч нэхэмжлэгчид 21,500,000 төгрөгийг буцаан төлсөн үйл баримт тогтоогдсон, байрыг ашиглах явцад учруулсан хохирлыг Ашид билгүүн ХХК 1,335,000 төгрөгөөр үнэлжээ.

 

9. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэхдээ ...үндсэн нэхэмжлэлийн хувьд: ...зохигч үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулахдаа хуульд заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг зөрчсөн тул хэлцэл хүчин төгөлдөр бус байна, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй, иймд урьдчилгаанд авсан 29,500,000 төгрөгөөс үлдэх 8,000,000 төгрөгийг буцаан өгөх үүрэгтэй тул нэхэмжлэлийг хангана... гэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд: ...улсын тэмдэгтийн хураамж төлсөн 1,718,000 төгрөгийн хүрээнд дүгнэж, байшинд учирсан хохирлоос баримтаар нотлогдсон 818,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын гаргасан гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хянаад ...анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөв шийдвэрлэсэн, харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь шийдвэрлээгүй орхигдуулсан нь буруу... гэж дүгнэн, анхан шатны шүүхийн алдааг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2-т нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсантай холбогдуулан хариуцагч нь орон сууцанд учирсан хохирлыг төлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргасан нь хуулийн дээрх заалтад нийцсэн байна.

 

Давж заалдах шатны шүүх хохирлыг тооцохдоо шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 1,335,400 төгрөгийг үнэлгээ хийлгэсний төлбөр 89,600 төгрөгийн хамт нийт 1,425,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргажээ.

 

10. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ, хууль болон гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг буцаан өгөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус зохицуулжээ.

 

Зохигч үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авахаар амаар тохиролцсон, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээ хэрэгжих явцад нэхэмжлэгч буюу худалдан авагч гэрээнээс татгалзсныг хариуцагч буюу худалдагч хүлээн зөвшөөрч орон сууцыг хүлээж авсан боловч нэхэмжлэгчээс гэрээний үүрэгт төлсөн төлбөрийг буцааж өгөхдөө дутуу шилжүүлсэн үндэслэлээр үлдэгдэл төлбөрөө гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

 

Анхан шатны шүүх талууд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг бичгээр үйлдээгүй, эрх бүхий этгээдэд бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж, үр дагаврыг шийдвэрлэсэн нь зохигчийн маргаан, нэхэмжлэлийн шаардлагад нийцээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байхад давж заалдах шатны шүүх дээрх алдааг засаагүй буруутай байна.

 

Иймд зохигч худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан гэж үзэх тул татгалзлын үр дагавар болох гэрээний үүрэгт шилжүүлсэн 29,500,000 төгрөгийн үлдэгдэл 8,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь хуулийн дээрх заалтад нийцнэ.

 

Хоёр шатны шүүх хариуцагчаас 8,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн шийдэл зөв тул хяналтын шатны шүүхээс хууль хэрэглээний алдааг залруулж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

11. Нэхэмжлэгч нь орон сууцыг ашиглах хугацаанд ямар нэг төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй, хариуцагч орон сууц ашигласны төлбөр шаардсан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлоогүй, энэ талаар хэрэгт баримтгүй тул орон сууц ашигласны төлбөрт 9,200,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх нотлох баримт үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1. 40.2 дахь заалтыг зөрчөөгүй байна.

 

Иймд энэ үндэслэлээр /тодорхойлох хэсгийг 4-т тусгагдсан/ хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын гомдлыг хангахгүй.

 

12. Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 222/МА2020/00010 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 147/ШШ2020/00253 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн 1 гэж дугаарлан Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч*******,******* нараас 8,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгч *******өөс 1,425,000 төгрөгийг гаргуулан хариуцагч нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,219,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 3 дахь заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60,1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******өөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,950 төгрөг, хариуцагч нараас төлсөн 42,500 төгрөгийг тус тус төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 142,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 37,750 төгрөгийг гаргуулан хариуцагч нарт тус тус олгож, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 157,775 төгрөгийг нөхөн гаргуулж төрийн сангийн төсвийн орлогод оруулсугай гэж, шийдвэрийн 3, 4, 5, 6 дахь заалтын дугаарыг 2, 3, 4, 5 гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч*******,******* нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч*******аас 2020.07.06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД