| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00349/И |
| Дугаар | 00320 |
| Огноо | 2020-05-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 00320
| 2020 оны 05 сарын 12 өдөр | Дугаар 153/ШШ2020/00320 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Намаржин багт оршин суух, Дунд шавь овогт Б ын Э / /-ын нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 153/2020/00349/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Б.Э нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралаанд гаргасан тайлбартаа:...Би 1965 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн. Эхийн хамт амьдарч байгаад манай эх 1985 онд нас барсан. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн сургуулийг 1981 онд төгссөн. 1983 онд Говь-Алтай аймгийн Шаргын техник мэргэжлийн сургуулийг төгссөн. 1984 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдаж 1987 оны 6 дугаар сарын 23-ны өдөр халагдаж ирсэн. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Үйлдвэр бригадад ажилчнаар 1989 он хүртэл ажилласан. 1990 онд 5 хургатай хонь, 5 ишигтэй ямаа, нэг тугалтай үхэр, нэг морь өгч намайг малчин болгож гаргаж байсан. 1991 онд нэгдэл хувьчлагдсан. Миний хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байгаа. Одоо малчнаар эрэгтэй 55 настай тэтгэвэрт гарах болсонтой холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан….Техник мэргэжлийн сургуульд сурч байсан оныг хассан.
....Намайг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Үйлдвэр бригадад 1983 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ажилчнаар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Үйлдвэр бригадад 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Бодит байдалд нийцүүлж ажилласан жилээ тогтоолгох гэж байгаа....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Үйлдвэр бригадад 1983 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Эрдэнэчулуун нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Үйлдвэр бригадад 1983 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус ажилчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1013 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Үйлдвэр бригадын 1987-1989 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, Ховд аймгйин Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн даргын 1987 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Б ын Э ын “Тракторын жолооч мэргэжилтэй, 1983 онд эзэмшсэн, Социализм нэгдэлд ажилладаг, 1983 онд ажилд орсон, ажилчин” гэж бичвэртэй ХААТР-1 маягтын хуулбар, Ховд аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 1983 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 95 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, гэрч Т.Бавуугийн “....Б.Э нь цэргийн алба хаасан шиг санагдаж байна. Цэргээс халагдаж ирээд тракторын жолоочоор ажилласан. Б.Э нь ээжийнхээ хамт дандаа сувай мал маллаж байсан. Үржлийн мал маллаж байгаагүй. Намайг өндөр насны тэтгэвэртээ гарах үед Б.Э нь тракторын жолоочоор ажиллаж байсан....” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 9-12, 32-34, 54-55, 61, 62 дугаар тал/
Нэхэмжлэгч Б.Э нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1616000318 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалах яамны сайдын 1984 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн н/165 дугаар тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1987 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн н/234 дүгээр тушаалаар 1987 оны 6 дугаар сарын 22-ны өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 3489 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус тус хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 15, 20 дугаар тал/
Хавтаст хэргийн 5-8 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 1 дүгээр бригадын 1981, 1982 оны цалин хөлсний 70 дугаар дансны хуулбар, хавтаст хэргийн 18 дугаар хуудсанд авагдсан гэрэл зураг, хавтаст хэргийн 36-50 дугаар хуудсанд авагдсан Иргэний паспорт зэрэг баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 1 дүгээр бригадын 1983, 1984 оны цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарт нэхмэжлэгчийн нэр бичигдээгүй, хавтаст хэргийн 13-14, 35 дугаар хуудсанд авагдсан иргэн Т.Сэр-Од, Л.Алтантуяа, Т.Бавуу нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 32-34 дүгээр хуудсанд авагдсан гэрч Л.Алтантуяа, хавтаст хэргийн 51-53 дугаар хуудсанд авагдсан гэрч Т.Сэр-Од нарын мэдүүлгүүд нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас зөрсөн буюу нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгч Б.Э ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Дунд шавь овогт Б ын Э / /-ын Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Үйлдвэр бригадад 1983 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Э ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ