| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2023/0163/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/174 |
| Огноо | 2023-05-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч С.Ариунаа
Хохирогч У
Шүүгдэгч У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт У-д холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр, эцэг, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар ................ оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х овогт У /РД: ..../
Шүүгдэгч У нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр шөнийн 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мустанг бааранд өөрийн нөхөр Г-тай маргалдан түүн рүү пивоны шил шидэхдээ тус баараар үйлчлүүлж байсан иргэн Уийн нүүрэн тус газарт онож Уийн биед баруун хөмсөгт мэс заслын оёдол бүхий шарх, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би тухайн өдөр согтуу байсан болохоор юу болсон талаар сайн санахгүй байна...” гэв.
Хохирогч У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн өдөр тус бааранд 10 цаг өнгөрөөгөөд найзуудтайгаа ороод удаагүй байтал гэнэт маргалдаад ийм хэрэг болсон. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан ба дараа нь шууд эмнэлэгт очиж оёдол хийлгэсэн. Эмнэлгээс гараад цагдаагийн газарт очиход У цагдаа нарт агсам тавиад, орилоод байсан. Тэгэхэд нь би мэдүүлэг өгчихөөд шууд явсан. Би У-ийг над руу яриад уучлалт гуйх байх гэж зөндөө хүлээсэн. Адилхан 4 хүүхэдтэй юм байна, бололцоогоороо ярилцаж, тохиръё гэж бодсон ч над руу яриагүй. Би насаараа ийм сорвитой баймааргүй байна. Мөн цаашид нүүрэндээ эмчилгээ хийлгэсний дараах төлбөрийг нэхэмжлэхээр нээлттэй үлдээж өгнө үү...гэв.
Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 21 цагийн орчимд эхнэр У, найз У-аа, хуурай ах Л-аа нарын хамт Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Мустанг бааранд орж үйлчлүүлсэн. Ингээд дотор ороод би бүжгийн талбай дээр бүжиглэж байхад нэг үл таних эмэгтэй над руу тулаад ирсэн юм. Үүнийг манай эхнэр хараад уурласан. Миний хувьд тэр эмэгтэйтэй ойртож янз бүр болсон асуудал байхгүй. Ингээд манай эхнэр над руу учиргүй уурлаад байсан бөгөөд гартаа барьсан пивоны шилээр над руу далайж байгаад шидээд байсан. Ингээд нэг шил шидэх үедээ л хажуу ширээн дээр сууж байсан үл таних эмэгтэйг онож биед нь гэмтэл учруулсан...” гэжээ. /хх-ийн 18 тал/
Гэрч М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би найз У түүний нөхөр Э нарын хамт 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 22 цагийн орчимд Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Мустанг бааранд орж үйлчлүүлсэн бөгөөд бид 3 заалны зүүн урд талынх нь ширээн дээр сууж 1 шил архи аваад хувааж уугаад сууж байхад Э гэх залуугийн 2 найз нь ирсэн. Ингээд бид 5 сууж байхад зүүн талын ширээнд сууж байсан хүмүүс хоорондоо маргалдаад байсан. Маргалдсан шалтгааныг нь бол ойлгоогүй. Ингээд бид хэд хэсэг юм яриад сууж байхад гэнэт л зүүн талын ширээнээс нэг шил шидэх шиг болсон бөгөөд гайхаад эргээд харсан чинь хажуу ширээнээс нэг үл таних эмэгтэй дахин нэг шил шидсэн. Тухайн шил нь манай ширээнд миний хажууд сууж байсан У гэх эмэгтэйгийн нүүр хэсэгт оносон...” гэжээ. /хх-ийн 22 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 232 тоот дүгнэлтэд:
Шүүгдэгч Х овогт У нь согтуурсан үедээ буюу 2023 оны 04 дүгээр сарын 03-ны шөнийн 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мустанг” бааранд өөрийн нөхөр Г.-тай маргалдан түүн рүү пивоны шил шидэхдээ тус баараар үйлчлүүлж байсан хохирогч Уийн нүүрэн тус газарт онож, түүний биед “баруун хөмсөгт мэс заслын оёдол бүхий шарх, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч У, гэрч Г.Г, Ч.М нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 232 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч У-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч У-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч У-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч У нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Шүүгдэгч У-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Уийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрийн баримтыг шүүхэд болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргаж өгөөгүй тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Харин хохирогч У нь цаашид гарах эмчилгээ болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох Уээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч М.У-ийн .... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х... овогт У-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У-ийг 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У-ийг 2 сарын хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчийг хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч У-т мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч М.У-ийн .... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Хохирогч У нь цаашид гарах эмчилгээ болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох Уээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ