| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2023/0148/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/170 |
| Огноо | 2023-05-16 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/170
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч П.Пагма, шүүгч Г.Намуунтуяа нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Иргэдийн төлөөлөгч Д.Энхчимэг
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн....Б-д холбогдох эрүүгийн ........... дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Баян-Уул сумын 2-р баг “.... гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,....Б/РД: ..../
Шүүгдэгч ... Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 23 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар баг “Хүрээ” гэх газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Б-той маргалдан хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн улмаар цээжин тус газарт нь 2 удаа, бүсэлхий нурууны баруун хажуу хэсэгт 1 удаа хутгалж М.Б-ын биед цээжний зүүн дээд хэсгийн хатгагдаж нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цус хуралдалт, бүсэлхий нурууны баруун хажуу хэсгийн хатгагдаж нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний хатгагдаж нэвтэрсэн шарх, хэвлийн зүүн доод хэсгийн хатгагдаж нэвтэрсэн шарх, бүдүүн гэдэсний уруудах хэсгийн зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Нэмж гаргах тайлбар байхгүй. Гэм буруугаа хүлээж байна...гэв.
Иргэдийн төлөөлөгч Д.Энхчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай гэж үзэж байна...” гэв.
Хохирогч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар багийн нутаг “Хүрхрээ” гэх газарт нутаглах иргэн Б.Төмөрсүхийнд 2022 оны 09 сард очиж хонь маллаж амьдарч байсан юм. Надтай хамт Б гэх хүн Т-ийн адуу болон үхрийг нь маллаж отрын зөөврийн зориулалттай вагончик дотор амьдарч байсан. 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ... Б гэх залуу эхнэрийнхээ хамтаар Баян-Уул сум руу очоод буцаж явна гээд манай вагончикоор 19 цагийн орчим ороод 2 ахдаа ганц юмтай ирлээ гээд ... Эликс нэртэй архи гаргаж ирэхээр нь Б, Б бид 3 хувааж ууж эхлэхэд Бийн эхнэр “мал дээр хүн байхгүй байна” гээд яараад хоол идээд явсан. Б бид 2 үлдсэн архиа хуваагаад ууж дуусах үед 22 цаг өнгөрч байсан байх. Бид архиа уучихаад амрах гэхэд Б “нэмж архи уумаар байна” гэхээр нь “харанхуй шөнө одоо хаанаас архи олдох юм бэ” гэхэд тэрээр миний өөдөөс үг сөрөөд “ Та С-ээд илүү дутуу юм ярьдаг” гээд маргалдаад “чамайг С-тэй чинь ална” гээд байснаа намайг вагончик дотор үлдээгээд “С-ийнх рүү явлаа” гээд морь унаад явсан. Тэрээр “С-ээ сумаас юмтай ирсэн байх, хоёулаа явж юм ууя” гээд байсан. Улмаар би вагончик дотор хэсэг байж байгаад түүний араас морь унаад С-ийнх рүү очиход Б, Т-ийн гэрийнх нь хаалгыг нь цохиод байж байхаар нь би Бд хандаж одоо боль, хоёулаа гэртээ харьж амаръя гэхэд тэрээр миний өөдөөс эргэж хараад түрийнээсээ хутга аваад миний гэдэсний хэвлий хэсэгт болон цээжний дээд хэсэгт нэг удаа хатгахаар нь би өөрийн гартаа барьж байсан нарийн хусны хугархайгаар зүүн гар руу нь нэг удаа цохисон. ... би түүнээс айгаад арагшаа ухрахдаа түмпэнд хийсэн үнсэнд бүдрээд баруун талаараа унахад тэрээр араас нэг удаа хутгалсан. Гэтэл Б гэнэт Т-ийн гэрийн хаалгыг хүчтэй татаж онгойлгоод намайг гэр рүү түшиж оруулаад газарт гудас дэвсээд намайг хэвтүүлэхээр нь би тэдэнд хандаж хурдан эмнэлэг дуудаарай гэж хэлэхэд С-ээ сум руу түргэн дуудсан. Энэ үед Б гэрээс орж гараад миний буруу, та намайг ал гээд уйлж байгаад яваад өгсөн байсан...” гэжээ. /1-р хх-ийн 24-33, 211-213 тал/
Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар баг “Хүрхрээ” гэх газарт өөрийн эзэмшлийн малаа маллан амьдардаг юм. ... 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 18 цагийн орчимд Баян-Уул сумын 2 дугаар баг “Хүрхрээ” гэх газарт байх хөдөө гэртээ очсон. Тэгээд эхнэртэйгээ утсаар ярьчихаад шууд орондоо ороод унтаж байхад 2022 оны 11 дүгээр сарын 07-ны шөнийн 22 цаг 50 минутын орчимд гэрийн хаалгыг хүн татаад “Хаалгаа хаалгаа” гэхээр нь би “одоо очлоо” гээд орноосоо босож байсан чинь хаалганы түгжээг мулт татаад манай малчин болох Бах орж ирээд “хаалгаа яагаад нээхгүй байгаа юм бэ” гэхээр нь “би босоод гэрлээ асаах гэж байхад та ороод ирлээ ш дээ” гэсэн. ... гэрийн гадаа “Шаачлаа шаачлаа” гэх чимээ гарахаар нь би гэрээс гараад хартал гэрийн үүдэнд манай малчин болох Бах дээлээ тайлаад байж байсан. ...түргэн дуудаад байж байтал Б ах “би хэвтмээр байна тэр ширдэг дэр хоёрыг аваад өг” гэхээр нь авч өгөөд хажуу тийш харуулаад хэвтүүлтэл цээж хэсэгт дахин нэг мэсний шарх харагдсан. Тухайн үед Бах орж ирээд хаалга яагаад тавихгүй байгаа юм бэ гэж асууж байсан өөр зүйл яриагүй. Тухайн үед Б, Б ах нараас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан.... Бахыг харахад нилээн айж сандарсан байсан. ... Б ах гэрт нэг билүү хоёр удаа л орж ирсэн. Гэхдээ орж ирчихээд л яваад өгсөн...” гэжээ. /1-р хх-ийн 41-46 тал/
Гэрч Б.Б-аа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 07-ны орой 23 цагийн орчим гэртээ байж байхад манай эрүүл мэндийн төвийн дарга Б.Д-маа над руу утсаар залгаад Баян-Уул сумын 2 дугаар багийн нутагт хүн хутгалуулсан дуудлага ирлээ хоёулаа хамт явья гэсэн. Ингээд би Б.Д-маа эмч болон сумын цагдаа нарын хамтаар машинтай 2022 оны 11 дүгээр сарын 07-ны орой 23 цаг 20 минутын орчим тус сумын 2 дугаар багийн нутаг “Хүрхрээ” гэх газар руу яваад Т гэх айлд шөнө 01 цаг 40 цагийн орчим очиход гэрийн баруун урд хэсэгт газарт гудсан дээр цээж хэсгээрээ нүцгэн, хэвлийгээ тэвэрсэн байдалтай эрэгтэй хүн хэвтэж байсан тул тухайн хүнд Б.Д-ийн хамтаар үзлэг хийхэд цээжний зүүн дээд хэсэгт 1 шархтай, мөн хэвлийн зүүн доод хэсэгт 1 шархтай, нурууны баруун бөөрний дээд хэсэгт мөн нэг шархтай байхаар нь тухайн хүний биеийн байдлыг нь үзэж яаралтай арга хэмжээ авч шархыг цэвэрлэж, цэгцлэн цус тогтоох арга хэмжээ авч, цээжний хэсэгт үүссэн шарханд 1 оёдол, бусад шарханд тус бүр хоёр оёдол тавьж өвчин намдаах шингэн сэлбэх дусал тариа хийж биеийн байдлыг ажиглан тээвэрлэхээр болох үед нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө 03 цагийн орчим тээвэрлэн сумын эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн тасагт хэвтүүлэн эмчилгээг үргэлжлүүлэн ажиглахад хэвлий цээжний нэвтэрсэн ил шархтай байсан тул өглөө 08 цагт аймгийн БОЭТ-ийн түргэн тусламжийн 103 дугаарт дуудлага өгсөн. Биднийг дуудлагаар очиход өвчтөн Б-ын биеийн байдал хүнд хэвлий, цээж, нурууны баруун бөөрний дээд хэсэгт тус бүр нэг удаа хутгалагдсан шархтай байсан бөгөөд орчиндоо харьцаатай асуултад муу хариулж байсан. Надтай хамт манай дарга Б.Д-аа болон сумын цагдаа нар хамт явж байсан бөгөөд Б-оос “юу болсон” талаар цагдаа нар асуухад “түүнийг хамт мал малладаг Бгэх хүн хутгалсан гэж хариулж байсан...” гэжээ. /1-р хх-ийн 57-58 тал/
Гэрч Л.Л мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Намайг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэртээ байж байхад өглөө 07 цагийн орчим Б ах ганцаараа манайд морьтой ирээд “ах нь одоо баларсаан Б арвай ахыг хутгалчихаад явж байна” гээд надтай уулзаад манайд 20 орчим минут ярьж сууж байгаад өөрийн дүү Б-нд очиж уулзаад ирье гээд гараад явсан...” гэжээ /1-р хх-ийн 60, 188 тал/
Гэрч Г.Д-гийн “...Б манай нөхөр юм. ... Болсон асуудлын талаар гэвэл 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11 цагийн орчим би нөхөр Б руу залгасан чинь утсаа аваагүй малдаа явчихсан байсан. Эргээд Бнад руу 13 цаг өнгөрч байхад буцаад залгасан. ... малдаа явчихаад ирлээ хөгшөөн бие нь яаж байна вэ гэж залгасан. Ингээд ойр зуурын юм яриж байгаад салгасан. Маргааш нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн өглөө хавдарын эмнэлэг дээр шинжилгээ өгөөд байж байхад буюу 07 цаг өнгөрч байхад Б төрсөн дүү Б эхнэр А над руу залгаад Б ах урьд шөнө 23 цагийн үед хутгалуулаад 02 цагийн орчим сумын эмнэлэгт ирсэн юм шиг байна одоо биеийн байдал нь жаахан хүндхэн байна, хэвлий хэсэгтээ хэдэн удаа хутгалуулсан юм шиг байна гэж хэл дуулгасан. Тухайн үед нь би хэн хутгалсан, яасан, юу болсон талаар сайн тодруулж асуугаагүй, би ч эмнэлэг дээр эмчилгээ хийлгээд шинжилгээ өгөөд явж байсан болохоор надад ч хүнд тусаад аягүй хэцүү байсан. ... Ингээд 2022 оны 11 дүгээр сарын 08-ны орой Алтаагаас юу болсон, хэнд хутгалуулсан талаар асуухад Бгэж хэлсэн...” гэжээ. /1-р хх-ийн 62-65 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай нэмэлт дүгнэлтээр
1. М.Б биед цээжний зүүн дээд хэсгийн хатгагдаж нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цус хуралдалт, бүсэлхий нурууны баруун хажуу хэсгийн хатгагдаж нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний хатгагдаж нэвтэрсэн шарх, хэвлийн зүүн доод хэсгийн хатгагдаж нэвтэрсэн шарх, бүдүүн гэдэсний уруудах хэсгийн зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо.
2. Цээжний зүүн дээд хэсгийн хатгагдаж нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цус хуралдалт, бүсэлхий нурууны баруун хажуу хэсгийн хатгагдаж нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний хатгагдаж нэвтэрсэн шарх, хэвлийн зүүн доод хэсгийн хатгагдаж нэвтэрсэн шарх, бүдүүн гэдэсний уруудах хэсгийн зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэжээ. /1-р хх-ийн 31-34 тал/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 07 тал/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 8-14 тал/
- Эд зүйл, эд мөрийн баримтыг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 16-21 тал/
- Г.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 127-129 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч....Б нь согтуурсан үедээ буюу 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 23 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар баг “Хүрээ” гэх газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч М.Б маргалдан хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн улмаар түүний цээжин тус газарт нь 2 удаа, бүсэлхий нурууны баруун хажуу хэсэгт 1 удаа хутгалж, түүний биед “цээжний зүүн дээд хэсгийн хатгагдаж нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цус хуралдалт, бүсэлхий нурууны баруун хажуу хэсгийн хатгагдаж нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний хатгагдаж нэвтэрсэн шарх, хэвлийн зүүн доод хэсгийн хатгагдаж нэвтэрсэн шарх, бүдүүн гэдэсний уруудах хэсгийн зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч М.Б , гэрч Б.Т , Ц. Ж Б.Б, Л.Л, Г.Д нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Б-нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн ба шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Энхчимэгийн “Г.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна” гэсэн дүгнэлттэй тохирч байгаа болно.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи ууж согтуурсан, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болоод хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Шүүхээс шүүгдэгч Г.Б-ийг зэвсэг хэрэглэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Б-ний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Б-ий үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Б нь цаашид гарах эмчилгээ болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох Г.Б-эс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах зүйтэй байна.
Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 4.824.920 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, мод 1 ширхэг зэргийг устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч....Б-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Б-ийг 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 4824.920 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, мод 1 ширхэг зэргийг устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
5. Хохирогч Б нь цаашид гарах эмчилгээ болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ
ШҮҮГЧИД П.ПАГМА
Г.НАМУУНТУЯА