| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2023/0149/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/167 |
| Огноо | 2023-05-15 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч П.Пагма, шүүгч Г.Намуунтуяа нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Иргэдийн төлөөлөгч Г.Нарангэрэл
Улсын яллагч М.Бамбадорж
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох
Шүүгдэгч М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Бамбадоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э.Б холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Ольхон” ХХК-ийн агуулахад ачааны машины жолооч ажилтай байсан, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Пионерийн 312 /хуучин .... тоотод оршин суух, улсаас авсан гавья шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Э.Б /РД: .../
Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Пионерын 312 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр А-ыг архи их уулаа гэж загнаснаас болж маргалдан зодож, гавал тархины битүү гэмтэл учруулж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчийн 3-7 тоотод ээж Т хамтаар амьдардаг юм. Миний төрсөн эгч болох А-ыг маань тус багийн Пионерийн ... тоотод нөхөр М, хүү М 11 настай, дунд охин М 8 настай, бага охин М 5 настай нарын хамтаар амьдардаг байсан юм. Эгч маань нөхөртэйгээ цуг “Ольхон” ХХК-нд ажилладаг байсан бөгөөд заримдаа эгчийнхээ гэрээр орж гардаг байсан. Хамгийн сүүлд 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн орчим би эгчийнхээ гэрээр орсон. 2022 оны 12 дугаар сарын 05-ны өглөө 08 цагийн орчим намайг ажил дээрээ байж байх үед манай ээж маань над руу утсаар “Эгч чинь нас барсан байна” гээд уйлаад ярьсан. ... би ээжтэйгээ очиж уулзаад цагдаа дээр очиж мэдүүлэг өгсөн юм. А, М хоёр гэр бүл болоод 12 жил болж байна. Эгчийг М ахад зодуулдаг эсэх талаар би сонсож байгаагүй. Гэр бүлийн улсууд тул дунд нь жижиг хэрүүл маргаан байдаг байсан байх. Манай ээж Т маань өндөр настай, бие муутай учраас гурван хүүхэд харахад бие нь дийлэхгүй. Миний хувьд хот хооронд тээврийн жолооч хийдэг, хөдөө замд их явдаг гэртээ бараг байдаггүй учраас хүүхдүүд харах боломжгүй. Тийм учраас Э.М-ыг талийгаачийн хүүхдүүдийн асран хамгаалагчаар томилох саналыг дэмжсэн юм. Манай гэр бүлийн зүгээс Э.М-д гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид нар үлдэж байгаа 3 хүүхдүүдийг нь бодож байна. Нэгэнт ээж нь байхгүй болсон учраас аавыг нь бага ял аваад хүүхдүүд дээрээ хурдан гарч ирээсэй гэж бодож байна...гэв.
Иргэдийн төлөөлөгч Г.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь хүний амь насыг хохироосон гэм буруутай гэж үзэж байна...” гэв.
Гэрч о мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 12 дугаар сарын 05-ны шөнө 03 цаг 10 минутанд Цагдаагийн газрын “А” байрны жижүүрийн зааланд нэг залуу согтуу байдалтай орж ирсэн. Би түүнээс “Та ямар хэргээр яваа билээ” гэж асуухад “Манай эхнэр амьгүй болчихжээ, би эхнэрээ алчихлаа, та хэд шалгаад өгнө үү” гэж хэлсэн. Тухайн үед уг залуугийн зүүн гар нь бага зэргийн цус болчихсон байсан ба бас баруун талынх нь нүдний орчимд жижигхэн хумсны маажуурын бололтой улайсан мөр байсан....би хөдөлгөөнт эргүүлийн машиныг дуудаад ирж байх хооронд нь уг залууд “Та цагдаагийн байгууллагад худал мэдээлэл өгөх юм бол өөрөө хуульд заасан хариуцлага хүлээлэ шүү, таны мэдээллийг шалгуулна үнэн зөв мэдээлэл өгөх ёстой” талаар тайлбарлаж уг хүнийг сатааруулж ярилцаад байж байсан. Удалгүй хөдөлгөөнт эргүүлийн цагдаа х,ц нар ирээд уг залууг дагуулаад машинтай гэр рүү нь явж ярьсан зүйлийг нь шалгасан. Удалгүй эргүүлийн цагдаа Х утсаар яриад “Пионерийн 2-8 тоотод саяны залуугийн эхнэр нь буйдан дээрээ нас барчихсан хэвтэж байна гэж хэлсэн. Улмаар би Мгэх залуугийн өөрийн биеэр гаргасан дуудлага мэдээллийг нь албан ёсоор бүртгэж аваад, жижүүрийн бүрэлдэхүүнд мэдэгдэж, хэргийн газар руу явуулсан юм. Дараа нь жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт очоод “А гэх эмэгтэй зодуулсан байдалтай нүүрэндээ битүү хөхөрсөн гэмтэл шархтай нас барсан байна” гэж мэдэгдсэн юм” гэжээ. /хх-ийн 53-54 тал/
Гэрч Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 12 дугаар сарын 05-ны шөнө 03 цаг 10 минутын орчимд намайг жижүүрийн өрөөнд С.Отгонболдтой цуг мэдээ авч байх үед зааланд нэг 30 орчим насны нэг согтуу ороод ирсэн. О түүнээс ямар хэргээр яваа талаар нь асуухад уг залуу “Би эхнэрээ алчихлаа, эхнэр маань нас барчихсан байна” гэж хэлсэн. Би тэр залууд “Чи тоглоод байгаа юм уу? Хэрвээ худал мэдээлэл өгч цагдаагаар тоглох юм бол, чи хуулийн хариуцлага хүлээнэ шүү” гэж хэлтэл уг залуу надад “Би худлаа яриагүй, үнэнээ ярьж байна, та нар зүгээр надтай цуг гэр рүү маань яваад шалгачих, би үнэнээ ярьж байна” гэж хэлсэн. ... би хөдөлгөөнт эргүүлд гарч байсан цагдаа Х, Ц нарыг дуудаж, уг залуу хөдөлгөөнт эргүүлийн машинтай гэр рүү нь явуулсан. Төд удалгүй эргүүлийн цагдаа Х утсаар залгаад “Хэрлэн сумын 2 дугаар баг .... тоотод ирлээ, эхнэр нь бололтой эмэгтэй хүн нас барчихсан байна, нүүрэндээ гэмтэлтэй байна” гэж хэлсэн” гэжээ. /хх-ийн 58-59 тал/
Гэрч Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт цагдаа зохицуулагч хийдэг юм. 2022 оны 12 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө би эргүүлийн цагдаа ахлагч Ц-ийн хамтаар ... ДОА улсын дугаартай албаны Приус-20 маркийн машинтай шөнийн хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн юм. Эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд шөнө 03 цаг өнгөрч байхад жижүүрийн мөрдөгч Д-н албаны станцаар Ц бид хоёрыг “Жижүүрийн өрөөнд яаралтай хүрээд ир, авсан дуудлагаа түр азнаж бай” гэж хэлээд дуудсан. ...Би машины ар талд тухайн залуугийн хажууд суугаад түүнээс “Юу болсон юм” асуухад “Эхнэр маань амьсгалахгүй байна” гэж хэлсэн. Хэрлэн сумын 2 дугаар баг Пионерийн .... тоот гэрийнх нь гадаа очоод Ц-н бид хоёр түүнээс “Эхнэр чинь хаана байгаа юм” гэж асуухад “Гэр дотор байгаа, ороод шалга л даа, амьсгалахгүй байгаа” гэж хэлсэн. Тэгээд Ц бид хоёр уг залууг машинаас буулгаад түүнтэй цуг хашаа руу нь орсон. Байшингийнх нь үүдэнд би уг залууг харгалзаад үлдсэн бөгөөд байшин руу Ц-н орж үзээд гарч ирэхдээ “Нас барчихсан юм шиг байна, нүүр нь хөхөрчихсөн байна” гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 61-62 тал/
Гэрч Ө.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр манай байгууллагын шинэ жилийн баярын арга хэмжээ “Ольхон” ХХК-ны “Азура” ресторанд 17 цагт эхлээд 00 цаг өнгөрч байхад тарсан. Тэр үед би ресторанаас гараад цуг ажилладаг Г-н машинд суугаад гэр рүүгээ хүргүүлэх гэж байсан юм. Тэгтэл надтай хамт ажилладаг А над руу 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 00 цаг 57 минутанд залгаад “Чи хаана байгаа юм бэ очоод авъя, цуг явъя би Бумбатын энд явж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Би Гантулгын машинд суугаад явж байнаа” гэсэн чинь “Хаана явж байгаа юм” гэж асуусан. Тэгэхээр нь би “0132 дугаар ангийн тойргоор эргээд дээшээ явж байна” гэсэн чинь “За би Бумбатын тойргоор эргээд очьё” гэж хэлсэн. Ингээд “Амар буйдан” нэртэй 2 давхар барилгын гадаа уулзацгаагаад би Гантулгын машинаас буугаад М, А хоёрын машинд суусан. Машинд нь суугаад би Хэрлэн сум 2 дугаар баг Төв 5-9 тоотод гэртээ буугаад үлдсэн. М, А-с хоёр намайг буулгачихаад явсан бодвол гэррүүгээ явсан байх. Ямар ч байсан намайг машинаас буух үед З.А-ын нүүрэнд нь гэмтэл шарх байгаагүй...” гэжээ. /хх-ийн 67-71 тал/
Дорнод аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн шүүх эмнэлгийн цогцост хийсэн №127 дугаартай дүгнэлтийн хэсэгт:
1. Амь хохирогч З.А-ын цогцост тархины битүү гэмтэл тархины хатуу хальсан доорх дагз суурь хэсгийн хамарсан цусан хураа, хатуу хальсан доорх голомтлог цус харвалт, тархины суурийн голомтлог шигдээс, тархи дарагдал, баруун зүүн чамархайн хуйх болон булчингийн цус хуралт, 2 нүдний алимны салстад цус харвалт, 2 нүдний эргэн тойронд цус хуралт зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстын язарсан шарх, баруун хацар, хамар, зүүн хацар хоншоор, эрүү, эрүүний доод хэсгийн хамарсан, хүзүү, баруун шуу, зүүн тохой, зуун гуянд зулгаралт, баруун чихний дэлбэн, дух, баруун зүүн хацар хамар эрүү хэсгийг хамарсан, зүүн бугалга, шуу, тохой, баруун ташаа хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх тархины битүү гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Эсэргүүцсэн тэмцэлдсэн эсэхийг тогтоох боломжгүй.
5. Амь хохирогч А-ыг нь тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн цогцосны гадна үзлэгээр нас бараад 2-3 цаг болсон байна” гэжээ. /хх-ийн 107-120 тал/
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт-03-ын хэсгээс:
1. Мсэтгэцийн хувьд эрүүл байна.
2. М 2022 оны 12 дугаар сарын 04-нд шилжих шөнө согтолт ихтэй байсан. Энэ хэрэг хариуцахгүй байх шалтгаан болохгүй.
3. Мнь өөрийн үйлдэл, эс үйлдлийнхээ үнэн зөвөөр тайлбарлаж, мэдүүлэг өгч, хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ. /хх-ийн 146 тал/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 тал/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-24 тал/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-29 тал/
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 30-33 тал/
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-37 тал/,
- Э.М-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 212-222 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Б овогт Э.Б нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Пионерын ... тоотод өөрийн эхнэр З.А-тай маргалдан зодож, гавал тархины битүү гэмтэл учруулж алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.А, гэрч С.О-д, Б.Д-н, Б.Х, Ө.С-г, Л.Г, Б.Ц-г нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний гэрэл зургууд, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч, шүүгдэгч нарын архидан согтуурсан, тэдгээрийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон байдал нөлөөлсөн ба шүүгдэгч нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний амь насыг санаатайгаар хохироосон үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Мнь амь хохирогч З.А-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан амь хохирогчийн толгойн тус газарт нь олон удаа цохиж тархинд битүү гэмтэл учруулсан ба тухайн үйлдлийн улмаас хүний амь нас хохирч болох нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүнээс учирч болох хохирлыг мэдэх бүрэн боломжтой байсан гэж үзнэ.
Эдгээр тогтоогдсон нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа буюу хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед шууд үхэлд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.
Иймд шүүгдэгч Э.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн ба шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Г.Нарангэрэлийн “Э.М-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна” гэсэн дүгнэлттэй тохирч байгаа болно.
Шүүхээс шүүгдэгч Э.М-ыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, өөрийгөө илчилсэн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Шүүгдэгч Э.М гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас З.А амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А нь шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгчээс гэм хорын хохиролд хашаа, байшин хүлээн авсан тул шүүгдэгчид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М цагдан хоригдсон 161 /нэг зуун жаран нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 22.000.000 төгрөгийн буюу хашаа байшин хүлээлгэн өгсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Э.М ... тоот иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э.М-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-ыг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д оногдуулсан 8 /найм/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-ын цагдан хоригдсон 161 /нэг зуун жаран нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 22.000.000 төгрөгийн буюу хашаа байшин хүлээлгэн өгсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Э.М-ын ... тоот иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.М-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ
ШҮҮГЧИД П.ПАГМА
Г.НАМУУНТУЯА