| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00282/И |
| Дугаар | 00331 |
| Огноо | 2020-05-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 00331
| 2020 оны 05 сарын 15 өдөр | Дугаар 153/ШШ2020/00331 | Жаргалант сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багт байрлах, Ховд аймгийн М / /-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багт оршин суух, Х овогт Г-ийн Т / /-д холбогдох,
сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 8,127,482 /найман сая нэг зуун хорин долоон мянга дөрвөн зуун наян хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 153/2020/00282/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн М Б.Батболд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх Эргэлтийн эмийн сан байгуулах зориулалтаар 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр сумын Засаг даргатай гэрээ байгуулан 8.5 сая /Найман сая таван зуун мянган/ төгрөгний зээл авч, 2018 оны 08 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн эргэн төлөлтийг хийж дуусгахаар гэрээнд тусган, гэрээ байгуулсан. Үүнд
Эргэн төлөлт: Сар бүр үндсэн зээлээс 150.000 төгрөг хийхээр гэрээ байгуулсан. Гэрээний дагуу үндсэн зээл 8,500,000 төгрөг хүү 144,857 төгрөг, зээлийн гэрээний 2.10-д заасны дагуу алданги тооцон 1,360,000 төгрөг, Нийт 10,004,857 төгрөг төлөхөөр байна. Үүнээс 2017 оны 03 дугаар сарын 16-нд Эвлэрүүлэн зуучлалийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээнд 1,877,374 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсныг нийт төлбөрөөс 1,877,374 төгрөгийг хасаж 8,127,482 төгрөг төлөхөөр байна.
Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Г ийн Т ээс сум хөгжүүлэх сангийн зээл 8,127,482 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Т нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг даргын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 8,127,482 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн М нь Г.Т ид холбогдуулан сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 8,127,482 /найман сая нэг зуун хорин долоон мянга дөрвөн зуун наян хоёр/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 8,127,482 /найман сая нэг зуун хорин долоон мянга дөрвөн зуун наян хоёр/ төгрөгийг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сум хөгжүүлэх сангийн дансанд төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн М нь улсын тэмдэгтийн хураамжид 144,990 /нэг зуун дөчин дөрвөн мянга есөн зуун ер/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 8,127,482 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 144,990 төгрөгийн тал хувь болох 72,495 /далан хоёр мянга дөрвөн зуун ерэн тав/ төгрөгийг хариуцагч Г.Т ээс гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.
Хариуцагч Г.Т нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Т ид холбогдох, сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 8,127,482 /найман сая нэг зуун хорин долоон мянга дөрвөн зуун наян хоёр/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,127,482 /найман сая нэг зуун хорин долоон мянга дөрвөн зуун наян хоёр/ төгрөгийг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сум хөгжүүлэх сангийн дансанд төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн М нь улсын тэмдэгтийн хураамж 144,990 /нэг зуун дөчин дөрвөн мянга есөн зуун ер/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Г.Т ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 72,495 /далан хоёр мянга дөрвөн зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100160000941 тоот дансанд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.Т нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ