Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Будын Отгонсүрэн |
Хэргийн индекс | 143/2020/00051/И |
Дугаар | 161 |
Огноо | 2020-03-31 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 161
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Г б”
Хариуцагч: Б овогт Б З /РД:/,
Хариуцагч: Т овогт Э С /РД:/,
Б.З 3 949 806.69 төгрөг, Э.С 3 949 806.69 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Б.З, Э.С, нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Г б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Өмнөговь салбарын захирал Т.Буяндалай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.З, Э.С нар нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Голомт банктай ЗГ дугаартай зээлийн болон барьцааны гэрээг байгуулж 7 500 000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 27.6 хувийн хүүтэйгээр 48 сарын хугацаатай зээлж авсан болно. Б.З нь зээл авах үедээ “Ник Петровис” ХХК шатахуун түгээх станцад түгээгчээр 6 дахь жилдээ ажиллаж байсан бөгөөд цалингаа барьцаалж гэр бүлийн хэрэгцээнд эхнэр Э.С хамтран цалингийн зээл авсан. Гэтэл Б.З, Э.С нар нь зээл болон барьцааны гэрээний 2.4 дэх заалт буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлээ төлөх үүргээ зөрчиж 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүүгийн төлбөрийг 426 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Банкны зүгээс зээлдэгч Б.З, Э.С нартай удаа дараа холбогдож зээлээ төлөх талаар сануулж хэлсэн боловч зээлээ төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсаар 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээл 5 928 833.84 төгрөг, зээлийн хүү 1 916 202.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54 577,22 төгрөг, нийт 7 899 613.38 төгрөг болсон байна. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг тэнцүү хэмжээгээр буюу зээлдэгч Б.З 3 949 806.69 төгрөгийг, хариуцагч Э.С 3 949 806.69 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.З Э.С нар 2017 онд Голомт банктай дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулж 7 500 000 төгрөг авсан. Жилийн 27.6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээл авсан. Тухайн үед Б.З нь Петровис ШТС-д түгээгчээр ажилладаг байсан. Цалингаа барьцаалж, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай хамтран зээлдэгчээр эхнэртэйгээ зээл авсан. Б.З, Э.С нар зээлийн гэрээний 2 заалтыг зөрчсөн. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн учраас 2020 оны 01 сарын 03-ны өдрийн байдлаар 426 хоног зээлийн хугацааг хэтрүүлсэн. Банкны зүгээс зээлдэгч Б.З, Э.С нарт удаа дараа холбогдож зээл төлөх талаар сануулж байсан боловч зээлээ төлөх ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Тийм учраас 2020 оны 01 сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээл 5 928 833.84 төгрөг, зээлийн хүү 1 916 202.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54 577.22 төгрөг нийт 7 899 613.38 төгрөг болсон. Зээлийн гэрээн дээр хамтран үүрэг гүйцэтгэгч гэж адилхан эрх эдэлж, үүрэг хүлээсэн гэж хамтран гарын үсэг зурсан учраас зээлийн гэрээний үүргийг тэнцүү хэмжээгээр хувааж Б.З, Э.С нараас нэхэмжилж байгаа. Манайхаас зээлийн гэрээний үүргийн хугацаа 2021 оны 08 сарын 02-ны өдөр дуусах байгаа. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад шүүхэд хандаж байгаагийн гол учир нь зээлийн гэрээний 3.3.4-т дараах тохиолдолд банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж зээлийг төлүүлэхээр буцаан дуудна гэж байгаа. Зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй учраас манайх зээлийн гэрээг цуцлаад зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөнгөн дүнг нэхэмжилж байгаа гэв.
Хариуцагч Б.З шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Батнасан овогтой З нь Голомт банкны надаас нэхэмжилсэн 3 949 806,69 төгрөгийн зээлийг хүлээн зөвшөөрч байгаа учир уг зээлийг 2020 оны 02 дугаар сараас эхлэн төлж барагдуулж эхлэх болно. Үнийн дүн дээр маргах зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Голомт банкнаас авсан зээлийн хугацааг хэтрүүлсэн. 2018 оны 07 сард НИК ХХК-д ажиллаж байгаад ажлаасаа гарсан. 2018 оны 08 сард ажлаасаа гараад Эрдэнэс таван толгой ХХК-д 2 сар ажиллаад мөн ажлаасаа гарсан. Түүнээс хойш ажилгүй зогсонги байдалд орсон учраас төлж чадаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би Голомт банканд 7 899 613.38 төгрөгийг бүтнээр нь төлнө гэв.
Хариуцагч Э.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Голомт банкны Өмнөговь салбарын нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч танилцаж хариу тайлбар гаргаж байна. Э.С миний бие 1988 онд төрсөн, Өмнөговь аймгийн Номгон сумын төвд оршин суудаг. Засаг даргын Тамгын газарт Архив, бичиг хэргийн эрхлэгчээр ажилладаг. Б.З нь Э.С надтай хамтран амьдарч байх хугацаандаа граж барьж машин тэрэг засварлах зорилгоор 2017 онд “Голомт банк”-аас 7.500.000 төгрөгийн цалингийн зээл авахад нь хамтран амьдрагч гэдэг утгаараа гарын үсэг зурсан юм. Б.З цалингийн зээлийн мөнгөнөөс нь нэг төгрөг ч манай ахуй амьдралд зарцуулагдаагүй бөгөөд удалгүй бид хамтран амьдрахаа больж одоо бид хоёр ямар ч хамааралгүй болсон. Энэхүү зээлийн талаар бид утсаар ярилцаж Б.З хариуцан төлөхөөр харилцан тохиролцсон. Э.С миний бие “Хаан банк”-д 10,123,807,95 төгрөгийн цалингийн зээлтэй сар бүр 377,000 төгрөгөөр төлдөг, хүүхэдтэйгээ хамт амьдардаг сарын цалин амьдралд хүрэлцдэггүй тул Голомт банкны нэхэмжилсэн 3,949,806,69 төгрөгийг үнэхээр төлөх боломжгүй. Дээрх нөхцөл байдлын улмаас нэхэмжлэлээс татгалзаж байгаа бөгөөд Б.З 7 899 613,38 төгрөгийг төлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Э.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.З зээл авахад эхнэр нь гэдэг утгаараа гарын үсэг зурсан. Тухайн үед авсан зээлээс би огт авч хэрэглээгүй. Тийм учраас энэ зээлийг би төлөх боломжгүй гэв.
Шүүх зохигч талуудын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Г б” ХХК нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Өмнөговь салбараар дамжуулан зээлийн гэрээний үүрэгт Б.З 3 949 806.69 төгрөг, Э.С 3 949 806.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчийн хооронд 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч нар нь Голомт банкнаас 7 500 000 төгрөгийг жилийн 27,6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлж, талууд зээлийн гэрээг бичгээр байгуулсан байх ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.
Хариуцагч Б.З нь “...Голомт банкнаас авсан зээлийн хугацааг хэтрүүлсэн нь үнэн, ажлаасаа гараад ажилгүй зогсонги байдалд орсон учраас төлж чадаагүй. Би Голомт банкны нийт нэхэмжилсэн 7 899 613.38 төгрөгийг бүтнээр нь төлнө. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргадаг.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...Хариуцагч нар зээл болон барьцааны гэрээний 2.4 дэх заалт буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээл төлөх үүргээ зөрчиж 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүүгийн төлбөрийг 426 хоног хугацаа хэтрүүлсэн тул мөн өдрийн байдлаар үндсэн зээл 5 928 833.84 төгрөг, зээлийн хүү 1 916 202.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54 577,22 төгрөг, нийт 7 899 613.38 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулах хүсэлтэй” гэж тайлбарладаг.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэжээ.
Зээлийн гэрээний 3.3.4-т зээлдэгч гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудах эрхтэй байхаар тохиролцжээ.
Голомт банк ХХК нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.
Хариуцагч Б.З нь “Голомт банкны нийт нэхэмжилсэн 7 899 613.38 төгрөгийг бүтнээр нь төлнө” гэж тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул зээлийн гэрээний үүрэгт 7 899 613.38 төгрөгийг төлүүлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч Э.С холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 949 806.69 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “...Би Б.Золжаргалыг зээл авахад эхнэр нь гэдэг утгаараа гарын үсэг зурсан. Би тухайн үед авсан зээлээс огт авч хэрэглээгүй. Иймд энэ зээлийг төлөх боломжгүй” гэсэн үндэслэлээр татгалзжээ.
Нэхэмжлэгч нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч Б.З, Э.С нартай зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/ байгуулсан, уг гэрээний зээл эргэн төлөлтийн хуваарьт Э.С гарын үсэг зураагүй байх ба зээлдүүлэгч нь зээлийн 7 500 000 төгрөгийг Б.Здансанд шилжүүлсэн байна.
Дээрх гэрээнд зээлдэгч нь зээлийн төлбөрийг хангахаар өөрийн цалингийн орлого болон картын, бусад дансны орлогоор төлөх, банк цалинг /дансны дугаар 5205106003/ үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр тодорхойлж, цалингаас шууд төлүүлэхээр заажээ. Өөрөөр хэлбэл, банк зөвхөн Б.З цалин орлогын хэмжээ, түүний хүсэлт зэргийг үндэслэн зээл олгосон нь хэргийн баримтаар тогтоогдож байна. Дээр дурдсанаас үзвэл хамтран зээлдэгч болох хариуцагч Э.С холбоотой ямар нэг баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар зээлийн гэрээнд тусгагдаагүй байна.
Ажил хөдөлмөр эрхэлж, түүнд тохирсон цалин хөлс авах нь зөвхөн тухайн хүний хувийн байдалтай салшгүй холбоотой бөгөөд энэ тохиолдолд цалингаа барьцаалж зээл авах нь хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг бий болгоно. Б.З цалингаа барьцаалж, зээл авсан нь түүнд хамааралтай болох бөгөөд харин гэрээнд хамтран зээлдэгч гэж заагдсан боловч өөрийн цалин тогтмол орлогоо барьцаалаагүй хариуцагч Э.С зээлийн гэрээний үүргийг хамааруулах боломжгүй юм.
Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2 дахь хэсэгт заасан эрх зүйн үндэслэл тогтоогдоогүй тул Голомт банк ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт Э.С 3 949 806.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.З зээлийн гэрээний үүрэгт 7 899 613.38 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г б” ХХК-д олгосугай.
2. Нэхэмжлэгчийн хариуцагч Э.С зээлийн гэрээний үүрэгт 3 949 806.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Г б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141 343.81 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.З улсын тэмдэгтийн хураамж 141 343.81 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г б” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН