Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 242

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “К б” ХХК,

Хариуцагч: Т овогт Б. Э

Хариуцагч: З овогтой Э.С

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 27 917 741.63 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, хариуцагч Б., Э.С, нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “К б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Э, Э.С нар нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тоот зээлийн болон барьцааны тоот гэрээ, 2018 оны 08 дугаар 27-ны тоот зээлийн нэмэлт гэрээ болон барьцааны тоот нэмэлт гэрээг тус тус байгуулж 30 000 000 /гучин сая/ төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 5-н ханатай гэр, 8079 ӨМА улсын дугаартай Toyota corolla Fielder автомашин, 32 инчийн зурагт, хөргөгч, хөлдөөгч зэрэг хөдлөх хөрөнгийг барьцаалсан.

Зээлдэгч Б.Э нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлд 4 385 879.44 төгрөг, үндсэн хүүд 6 316 492.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 99 191.73 төгрөг нийт 10 801 563.22 /Арван сая найман зуун нэг мянга таван зуун жаран гурван төгрөг хорин хоёр мөнгө/ төгрөг төлсөн. Б.Эрдэнэ-Очир нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн төлбөрийг 2019 оны 06 дугаар сараас хойш төлөөгүй байна. Б. нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр №3025-2018/49 тоот зээлийн гэрээ болон 2018 оны 08 дугаар сарын 27-ны зээлийн нэмэлт гэрээний өрийн үлдэгдэл дараах байдалтай байна.

Үндсэн зээл 25 614 120.56 төгрөг, зээлийн хүү 2 290 487.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13 133.88 төгрөг, нийт 27 917 741.63 төгрөг байна.

Иймд 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №3025-2018/49 тоот зээлийн гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн №3025-2018/49-А тоот зээлийн нэмэлт гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Б. Э. нараас 27 917 741.63 /Хорин долоон сая есөн зуун арван долоон мянга долоон зуун дөчин нэгэн төгрөг жаран гурван мөнгө/ төгрөгийг гаргуулж Капитрон банкийг хохиролгүй болгуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл дээр нийт дүн нь 27 917 531.63 төгрөг гэж байгаа. Хариуцагч Б. 2020 оны 04 сарын 06, 05 сарын 06-ны өдрүүдэд нэхэмжилсэн дүнгээс төлөлт хийсэн. Мөн нэхэмжлэл гаргасан өдрөөс өнөөдрийг хүртэл хүү бодогдсон. Өөрөөр хэлбэл, 2020 оны 03 сарын 24-ний өдрөөс 2020 оны 05 сарын 14-ний өдрийг хүртэлх хүү бодогдсон байгаа. Нэхэмжлэгч талаас энэ хүүгээ гаргуулах үүрэгтэй. Нэмэгдүүлсэн хүү бол биш, үндсэн зээлийн хүү. 2020 оны 03 сарын 24-ний өдөр 2 290 487.19 төгрөгийн хүү нэхэмжилсэн. Түүнээс 1 790 500 төгрөгийг хүүнд авсан. Өнөөдрийн байдлаар 1 327 014 төгрөгийн үндсэн хүү, 9 990 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү байгаа. 2020 оны 04 сарын 06, 05 сарын 06-ны өдрүүдэд төлсөн төлбөр хүүнээс хасагдсан байгаа. Одоо нийт дүн 26 951 125 төгрөгийг нэхэмжилж байна.

Б., Э. нар 2018 оны 06 сарын 25-ны өдөр  тоот зээлийн болон барьцааны 3025201849 тоот гэрээ, 2018 оны 08 сарын 27-ны өдрийн тоот зээлийн нэмэлт гэрээ болон барьцааны тоот нэмэлт гэрээ тус тус байгуулж 30 000 000 төгрөгийн зээлийн 48 сарын хугацаатай жилийн 19.2 хувийн хүүтэй зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 5 ханатай гэр, 8079 ӨМА улсын дугаартай Toyota corolla маркийн автомашин, 32 инчийн зурагт, хөргөгч, хөлдөөгч зэрэг хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч Б.Эрдэнэ-Очир нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлд 4 385 879.47 төгрөг, үндсэн хүүнд 6 316 492.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 99 191.73 төгрөг, нийт 10 801 563.22 төгрөгийг төлсөн. Б. нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж зээлийн хуваарьт төлбөрийг 2019 оны 06 дугаар сараас хойш төлөөгүй байна. Б. нь 2018 оны 06 сарын 25-ны өдөр 3 тоот зээлийн болон 2018 оны 08 сарын 27-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээний өрийн үлдэгдэл дараах байдалтай байна. Үндсэн зээл 25 614 120.56 төгрөг, зээлийн хүү 2 290 487.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13 133.88 төгрөг, нийт 27 917 741.63 төгрөг байна. Иймд 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 3025201849 тоот зээлийн гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 3025201849-А тоот зээлийн нэмэлт гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Б., Э. нараас 27 917 741.63 төгрөгийг гаргуулж Капитрон банкийг хохиролгүй болгуулж өгнө үү гэсэн шаардлагыг гаргаж байна гэв. 

Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б овогтой Э миний бие Капитрон банкнаас ирүүлсэн нэхэмжлэлийг гардан авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 3025-2018/49 тоот зээлийн гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 3025-2018/49-А тоот зээлийн нэмэлт гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн үлдэгдэл 27 917 741,63 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

Хариуцагч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Капитрон банкнаас авсан зээлийн төлбөрөө төлнө. 2 шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Сард 1 000 000 төгрөг төлнө. Би зээл авах үед ажил хийдэг байсан. Би 2020 оны 04 сарын 07-ны өдөр 1 000 000 төгрөг, мөн 05 сарын 06-ны өдөр 1 000 000 төгрөг төлсөн гэв.

Хариуцагч Э. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Э овогтой С миний бие нь Капитрон банкнаас ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авсан. Үндсэн зээлдэгч Э хамтран зээлдэгчээр зээл авч байх үед бид гэр бүл байсан, тухайн үед зээлээ хугацаанд нь төлөөд явдаг байсан. Нэмэлт 10 000 000 төгрөг зээлэхэд намайг дургүй байхад авсан. Одоогоор бид гэр бүл салсан. Зээлээр авсан машин болон нэмж авсан 10 000 000 төгрөгийг юунд зарцуулсаныг мэдэхгүй. Миний хадгаламж дахь 1 сая гаруй төгрөгийг өнгөрсөн оны 06 дугаар сард банк зээлэнд авсан. Миний хувьд өрх толгойлоод өөрийн гэсэн орлогогүй, амьдралаа авч явж байгаа. Энэ хүнээс тэтгэлэг, тэтгэмж ямар нэгэн тусламж авдаггүй. Э өөрөө ажилгүй байж байгаад одоо тогтмол цалинтай ажилтай болсон гэсэн. Иймд нөхцөл байдлыг харгалзан зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж төлөх хугацааг хойшлуулж, үндсэн зээлдэгчээр зээлийг төлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Э.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд энэ мөнгөн дүнг төлөх боломжгүй. 2019 оны 06 дугаар сард Капитрон банк дээр миний өөрийн нэрийн хугацаатай хадгаламж байдаг байсан. Тэгээд хугацаа нь дуусангуут банк мэдэгдэлгүйгээр зээлийн төлбөрт суутгасан. Энэ нь банкны өөрийн эрх үүрэгт байдаг юм байна лээ. Дараа нь мөн энэ банк дээр 2 хүүхдийн хадгаламж байдаг. 2020 оны 04 дүгээр сарын сүүлээр шалгасан чинь битүүмжилсэн байсан. Тэгээд би өөрөө гомдол гаргаад хэлж байж битүүмжийг гаргуулсан. Өмнө нь авсан 20 000 000 төгрөгийн хувьд би хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн үед бид гэр бүл байсан. Харин сүүлд нэмэлтээр авсан 10 000 000 төгрөгийн зээлийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед гэр бүлийн маргаантай байсан. Б.Э би зээл авах гэж байгаа, чамаар төлүүлэхгүй, би өөрөө төлнө гээд надаар гарын үсэг зуруулсан. Одоо энэ зээлийг миний хувьд төлөх боломжгүй. 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр орж гарын үсэг зурсан. Машин худалдаж авсан. 10 000 000 төгрөгийн зээлийн хувьд би зөвшөөрөхгүй байсан боловч гэрээг гэрт Б.Э авч ирж гарын үсэг зуруулсан. Би хариу тайлбартаа гарын үсэг зураагүй гэсэн нь зөвшөөрч зураагүй. Энэ хүн эгчдээ авч өгч байгаа, чамаар төлүүлэхгүй гэсэн. 20 000 000 төгрөг зээлээд авсан машинаа энэ хүн надаас салахдаа унаад явсан. Б.Э 2018 оны 11 дүгээр сард ажлаасаа гарсан. Хэрвээ би хамтран зээлдэгчээр төлөхөөр бол анхны авсан 20 000 000 төгрөгийн зээлийг хамтран төлөх боломжтой. Нэмэлт 10 000 000 төгрөгийг би зөвшөөрч аваагүй учраас төлөх боломжгүй. Сүүлийн авсан 10 000 000 төгрөгийг би авч ашиглаагүй. Дээрээс нь би 1 300 000 төгрөг төлсөн. Б.Эрдэнэ-Очир ажилд орсон гэсэн. Одоо сар бүр зээлээ төлөөд явж байгаа учраас банк зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулаад Б.Э гэрээ байгуулаад явах байх гэж бодож байна. Би тухайн үед хувиараа дэлгүүр ажиллуулж байсан. Тогтмол цалин орлого байгаагүй гэв.

Шүүх зохигч талуудын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                         

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “К б” ХХК нь хариуцагч Б.Э, Э.С нарт холбогдуулан 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн тоот зээлийн гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн тоот зээлийн нэмэлт гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 27 917 741.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З нь шүүхэд нэхэмжлэл гаргасан цагаас эхлэн өнөөдрийг хүртэлх хугацааны зээлийн хүүг нэмж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна гэх боловч тэрээр хэдэн төгрөгийн хүүг нэмж байгаа нь тодорхойгүй, нэмэгдүүлсэн шаардлагыг бичгээр гаргаагүй, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй зэргээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй байх тул шүүх нэхэмжлэгчийг нэмэгдүүлсэн шаардлага гаргасан гэж үзэх боломжгүй юм.

Зохигчийн хооронд байгуулагдсан 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн цалингийн зээлийн гэрээгээр хариуцагч нар нь Капитрон банкнаас 20 000 000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар, мөн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн нэмэлт гэрээгээр /нэмж зээл олгох/ 10 000 000 төгрөгийг, нийт 30 000 000 төгрөгийг зээлж талууд зээлийн гэрээг бичгээр байгуулсан байх ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

Хариуцагч Б.Э нь “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн тоот зээлийн гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн тоот зээлийн нэмэлт гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн үлдэгдэл 27 917 741.63 төгрөгийг төлж барагдуулна” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргадаг.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...Б.Э нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж зээлийн хуваарьт төлбөрийг 2019 оны 06 дугаар сараас хойш төлөөгүй. Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулж, үүргийн гүйцэтгэлд Б.Э, Э.С нараас 27 917 741.63 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй” гэж тайлбарладаг.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэжээ.

“К б” ХХК нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлдэгч Б.Э зээлийн үүргийн гүйцэтгэлд нийт 2 000 000 төгрөгийг банкинд төлж барагдуулсан байх ба нэхэмжлэгчийн төлөөлөгч нь дээрх 2 000 000 төгрөгийг тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь гэрээний үүрэг болох үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн дарааллаар хасч тооцсоныг хариуцагч маргаагүй тул үндсэн зээл 25 614 120.56 төгрөг, зээлийн хүү 601 959.07 төгрөг, нийт 26 216 079.63 төгрөгийг хариуцагч Б.Э гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нь хариуцагч Э.С холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27 917 741.63 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч татгалзжээ.

Нэхэмжлэгч нь 2018 оны 06 дугаар сарын 25, мөн оны 08 дугаар сарын 27-ны өдөр тус тус хариуцагч Б.Э, С.С нартай зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/ байгуулсан ба зээлдүүлэгч нь зээлийн нийт 30 000 000 төгрөгийг Б.Э дансанд шилжүүлсэн талаар талууд маргахгүй байна.

Дээрх гэрээнд зээлдэгч нь зээлийн төлбөрийг хангахаар өөрийн цалингийн орлого болон картын, бусад дансны орлогоор төлөх, банк цалинг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр тодорхойлж, цалингаас шууд төлүүлэхээр заажээ. Өөрөөр хэлбэл, банк зөвхөн Б.Э цалин орлогын хэмжээ, түүний хүсэлт зэргийг үндэслэн зээл олгосон нь хэргийн баримтаар тогтоогдож байна. Дээр дурдсанаас үзвэл хамтран зээлдэгч болох хариуцагч Э.С холбоотой ямар нэг баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар зээлийн гэрээнд тусгагдаагүй байна.

Ажил хөдөлмөр эрхэлж, түүнд тохирсон цалин хөлс авах нь зөвхөн тухайн хүний хувийн байдалтай салшгүй холбоотой бөгөөд энэ тохиолдолд цалингаа барьцаалж зээл авах нь хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг бий болгоно. Б.Э цалингаа барьцаалж, зээл авсан нь түүнд хамааралтай болох бөгөөд харин гэрээнд хамтран зээлдэгч гэж заагдсан боловч өөрийн цалин тогтмол орлогоо барьцаалаагүй хариуцагч Э.С зээлийн гэрээний үүргийг хамааруулах боломжгүй юм.

Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2 дахь хэсэгт заасан эрх зүйн үндэслэл тогтоогдоогүй тул “К б” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт Э.Сэржмядагаас 26 216 079.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч “К б” ХХК болон Б.Э, Э.С нарын хооронд байгуулагдсан 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №3025-2018/49 тоот зээлийн гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн №3025-2018/49-А тоот зээлийн нэмэлт гэрээг тус тус хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Б.Э зээлийн гэрээний үүрэгт 26 216 079.63 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “К б” ХХК-д олгосугай.

2. Нэхэмжлэгчийн хариуцагч Э.С холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 26 216 079.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “К б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279 538 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э  улсын тэмдэгтийн хураамж 279 538 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “К б” ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНСҮРЭН