Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 57

 

 

 

                                         

                                                  

 

 

 

 

 

                                      

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

улсын яллагч Т.Жаргалсайхан,

хохирогчийн төлөөлөгч Д.Цогттөгөлдөр,

шүүгдэгч Ц.Загасбалдан,

шүүгдэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал,

нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэцмэргэн овогт Цэнд-Аюушийн Загасбалданд холбогдох эрүүгийн 201626030801 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Эко констракшн” ХХК-д сантехникч ажилтай байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Сансарын 12-19 тоотод оршин суух хаягтай улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Цэцмэргэн овогт Цэнд-Аюушийн Загасбалдан /РД:ВГ87122213/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ц.Загасбалдан нь 2016 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Маршал хотхоны Кинг тауэрийн 2-1 дэх барилгын подвалийн давхарт байрлах сантехникийн материалын өрөөний цонхоор хууль бусаар нэвтрэн орж преслегч булан 30 ширхэг, PVC булан 30 ширхэг, винтель /хос/ 9 ширхэг, коллектор /хий авагч/ 9 ширхэг, фа булан 35 ширхэг, холигч /ислан/ 1 ширхэг, муфьт /пресс/ 30 ширхэг, фүдрик /жийрэгтэй/ 7 ширхэг, фүдрик /20-15/ 1 ширхэг, заглушик /15-н диаметр/ 6 ширхэг сантехникийн барилгын материал хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 1.207.410 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Ц.Загасбалдангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би 2016 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө ажил дээрээ шөнийн ээлжинд хонохоор болсон. Урьд 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ажилдаа ирээгүй, техникчээс чөлөө авсан байсан. Мөн өмнөх долоо хоногт нь 2 өдөр ажилдаа очоогүй чөлөөтэй байсан юм. Гэтэл манай байгууллагад шинээр орсон ээлжийн инженер нь намайг зохих журмаар чөлөө аваагүй, 3 хоног ажил тасалсан гэж оффист байх захиргаа удирдлагад мэдэгдэн, намайг ажлаас халах асуудал яригдсан байсан.

Тэгээд урьд манай инженерээр ажиллаж байсан Хишигбаяр нь “Загасбалданг ажлаас халж болохгүй, манай байгууллагын сайн ажилтан” гэж хэлснээр ажлаас халахгүйгээр захиргааны шийтгэл хүлээлгэн арга хэмжээ авахаар болж, 3 сарын цалин хасна гэсэн. Манай гэр бүлийн хүн хүнд өвчтэй, ходоодны хорт хавдар гэсэн онош тогтоогдож, зайлшгүй гадагшаа явж эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн тул би ээлжийн техникч, бригадын ахлагчид хэлээд чөлөө авсан байсан ба намайг инженерээс чөлөө аваагүй гэж буруутгасан юм. 

Тухайн өдөр ийм асуудал болсон тул миний хувьд их гомдолтой байсан. Би тус Эко констракшн ХХК-д 6 жил ажилласан, тус байгууллагын тэргүүний ажилтан болж шагнал урамшил авч байсан. 2016 оны 05 сарын 18-нд шөнө ээлжинд хонох хүнгүй байна, чи ээлжинд гар гэж инженер хэлсэн тул жижүүрийн сантехникчээр хонож ажиллах болсон.

Тэр намайг орой ажилд гарч байхад буюу 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр найз Энхтөр, Баярбаатар нартай урьд нь уулзахаар ярилцсан тул тэр 2-т ажилтай болчихлоо амжихгүй нь гэдгээ хэлсэн. Гэтэл манай 2 найз ажил дээр чинь яваад очъё, ганц юм зохицуулаад байж бай гэхэд нь би хажуугийн дэлгүүрээс нэг том савтай пиво зээлж авсан. Тэгээд би Энхтөр, Баярбаатар хоёр ирж, бид 3 нэг том савтай пиво, 0.33-тай нэг шил архи хувааж уусан. Тухайн үедээ би тэр хоёр найздаа “Эко констракшн” ХХК-д 6 жил, сайн ажилласан, гэтэл миний цалинг 3 сарын хугацаагаар хасаж захиргааны арга хэмжээ авсан, манай эхнэр ходоодны хорт хавдартай болсон, заавал гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай болсон тухайгаа яриад, гомдоллосон байдаг.

Тухайн өдөр хулгай хийх санаа зорилго байгаагүй, архи ууж, гоморхсондоо ийм хэрэгт холбогдсондоо маш их харамжсаж байна. Хулгай хар мөртэй гэдэг үнэн юм байна гэдгийн маш сайн ойлгосон. Тухайн үед тэр сантехникийн сэлбэг, хэрэгсэл хадгалдаг агуулахын цонх нь онгорхой байсан. Би цонхоор нь ороод буцаж гарахдаа складан дотор байсан цүнхийг авч гарсан, цүнхэн дотор сантехникийн багаж, хэрэгсэл байсан. Агуулах дотор ороод гарахдаа цонхоор нь гарч чадахгүй байсан учир Энхтөр, Баярбаатар хоёрыг дуудаж, тэр хоёр татаж гаргасан. Хохирлын үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Эд зүйлийг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн.

Уг нь тухайн өдөр миний хонох ээлж биш байсан. Би складнаас авсан цүнхээ тухайн үед сандал дээр нь тавьчихсан байсан. Тэгээд цагийн дараа ирж үнэнээ хэлээд склад руу оруулах бодолтой байсан. Тухайн өдөр надад хулгай хийх санаа зорилго байгаагүй.” гэсэн мэдүүлэг,  

 

2. Хохирогч Эко констракшн ХХК-ийн төлөөлөгч Д.Цогттөгөлдөрөөс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2016 оны 5 сарын 18-19-нд шилжих шөнө 22:00 цагийн үед намайг гэртээ байхад оператор Дугарцэцэг залгаж, “Загасбалдан сантехникч сантехникийн бараа материал хулгай хийсэн байна, Цагдаагийн байгууллагад мэдэгдэх үү, яах вэ” гэж асуусан. Тухайн үед нь би “Цагдаагийн байгууллага дууд аа, гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй юм байна” гэж хэлээд ажил дээрээ ирсэн. Намайг ирэх үед цагдаагийн бүрэлдэхүүн ирсэн байсан. Тэгээд Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр очсон. Загасбалдан цүнхтэй эд зүйл авсан байсан. Тэр үед нь “склад руу яаж орсон юм бэ” гэхэд “цонхоор нь орсон” гэсэн. Барилгын доод подвалийн давхарт сантехникийн материалын өрөө буюу склад руу хүн ороод гарах боломжгүй байдаг.

Тэгээд би “яаж гарсан юм бэ” гэхэд “Энхтөр, Баяраа хоёроор татуулж гаргасан” гээ хэлсэн. Энхтөр нь манай байгууллагад ажилладаг. “Та нар яагаад хулгай хийсэн юм бэ” гэхэд Энхтөр, Баяраа, Загасбалдан нар архи уусан байсан. Склад руу орж цүнхтэй бараа материал авч, зарж борлуулан архи уух гэж байсан юм болов уу гэж бодсон.

Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл өгч шалгуулсан. 2016 оны 05 сарын 19-ний өдөр цүнхтэй  сантехникийн бараа материалуудыг тоо ширхэгээр нь бүрэн хүлээж авсан. Хохирол бүрэн барагдсан. 

Тэгээд компанийн агуулахад тооллого хийхэд 6.0 сая орчим төгрөгийн бараа материал дутагдсан байсан. Загасбалдангийн авсан бараа материалын үнэ үнэлгээгээр 1.207410 төгрөг болж байсан. Тэгээд үлдэгдэл 5.0 сая гаран төгрөгийн бараа материал яасан нь тодорхойгүй байсан учир ер нь энэ хулгайн хэрэгтээ холбоотой байж магадгүй гээд өргөдөл гарган шалгуулсан боловч сэжигтэй зүйл тогтоогдоогүй. Энэ хэрэгт холбоогүй гэдэг нь нотлогдсон. Загасбалдангаас бараа материалаа тоо ширхэгээр нь хүлээж авсан учир гомдол санал байхгүй. “Эко констракшн” ХХК-ийн зүгээс цаашид нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 201626030801 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Д.Цогттөгөлдөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:        .

“...Манай “Эко констракшн” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршал таун хотхон дотор Кинг Тауэр 2-1 гэсэн барилга ашиглалтанд ороод удаагүй байгаа юм. Энэ барилгын доод подвалийн давхарт сантехникийн материалын өрөө байдаг. 2016 оны 5 сарын 18-19-нд шилжих шөнө Сан-2 бригадын ажилтан Загасбалдан нь жижүүрийн үүрэг гүйцэтгээд ажиллаж байх хугацаандаа сантехникч Энхтөрийн болон Баяраа гээд залууг дуудаж ажлын байранд архи уусан байсан. Ингээд тухайн хүмүүс нь хоорондоо үгсэн хуйвалдаж складанд дотроос сантехникийн бараа материал хулгай хийсэн байсан. Үүнд:

- сантехникийн булан /хоёр талын пресс булан 15-н диаметртэй /30 ширхэг нэг бүрийн үнэ 8.400 төгрөг, нийт 252.000 төгрөг,

- нэг талын эр булан 20-н диаметртэй 30 ширхэг, нэг бүрийн үнэ 6.150 төгрөг, нийт 184.500 төгрөг,

- сантехникийн винтел 15 диаметртэй нийт 9 хос, нэг бүрийн үнэ нь 17.600 төгрөг,  нийт 158.400 төгрөг,

- сантехникийн фа 20-н диаметртэй 35 ширхэг, нэг бүрийн үнэ нь 3.900 төгрөг, нийт 136.500 төгрөг,

- сантехникийн коллектор /хий авагч/ 15-н диаметртэй 9 ширхэг,  нэг бүрийн үнэ нь 2.200 төгрөг,  нийт 19.800 төгрөг,

- сантехникийн холигч /испан/ комоороо, нэг бүрийн үнэ нь 218.810 төгрөг,

- мүфт /пресс/ 15-н диаметртэй 30 ширхэг, нэг бүрийн үнэ нь 6.600 төгрөг, нийт 198.000 төгрөг,

- фүдрик /жийргэтэй/ 20/15 диаметртэй 7 ширхэг, нэг бүрийн үнэ нь 3.500 төгрөг,  нийт 24.500 төгрөг,

- фүдрик 20/15 диаметртэй 1 ширхэг,  2.900 төгрөг,

- заглушка 15-н диаметртэй 6 ширхэг, нэг бүрийн үнэ нь 2.000 төгрөг, нийт 12.000 төгрөг буюу бүгд 1.207.410 төгрөгийн эд зүйлсийг авч гарч байгаад баригдсан. Үүнийг хамгаалагч Дугарцэцэг гэж эмэгтэй саатуулсан байгаа. ...Би тэр бичлэгийг үзэхэд шаардлага хангахгүй болохоор нь өөртөө хадгалж байсан юм. Одоо камерын бичлэгээ хайгаад олохгүй байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 16-18х, 82х/,

 

2. М.Энхтөрийн мөрдөн байцаалтын шатанд гэрч, сэжигтнээр өгсөн:

“...2016 оны 05 сарын 16-ны өдөр найз Баярбаатар над руу залгаад орой уулзая гэж хэлсэн. Ингээд би орой ажлаа тараад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах офицерт байх ажлаасаа тараад байж байхад найз Баярбаатар ажлын гадаа ирсэн байна гэж хэлэхээр нь гараад очсон. Ингээд гараад очсон чинь Баярбаатар жаахан архи уусан байдалтай байсан. Тэгээд бид хоёр жаахан уухаар болоод найз Загасбалдан руу Баярбаатар залгаад уулзахаар болсон. Тухайн үед Загасбалдан ажил дээрээ ээлжтэй хонож байна гэхээр нь бид хоёр “очвол наанаасаа нэг шил архи зохицуулж чадах уу” гэж асуухад Загасбалдан “чадна хүрээд ир” гэсэн.

Ингээд Загасаагийн ажил болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршал таун хотхонд байх ажил дээр нь очсон чинь Загасбалдан дэлгүүрээс нэг том пиво зээлээд авсан. Бид 3 авсан пивийг уугаад сууж байтал Загасбалдан “юманд явчихаад ирье” гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд буцаж орж ирээд нэг шил 0,33 литрийн архи авч орж ирээд бид 3 түүнийг нь хувааж уусан. Ингээд талд нь орж байхад “гарчихаад ирье” гээд гарч явсан. Тэгээд ирэхгүй байхаар нь хүлээгээд байж байхад Загасаа миний утас руу залгаад “байрны үүдэнд ирээд намайг татаад гаргаадах, би гарч чадахаа больчихлоо” гэхээр нь Баярбаатар бид хоёр очоод татаж гаргасан. Ингээд татаж гаргасан чинь Загасаа цүнхтэй юм барьчихсан гарч ирсэн. Тэр цүнхтэй эд зүйлийг нь сандал дээр тавиад, өөдөөс хоёр хүн гараад ирэхээр нь би яваад өгсөн.

Баярбаатарт хулгай хийх гэж байгаа талаар хэлээгүй. Би 2 сар орчимын өмнө Загасаатай уулзсан. Тэрнээс хойш ямар нэгэн байдлаар уулзаагүй байж байгаад тухайн өдөр л уулзсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 20-21х, 86-87х/,

 

3. Э.Баярбаатарын мөрдөн байцаалтын шатанд гэрч, сэжигтнээр өгсөн:

“...Би 2016 оны 05 сарын 16-ны өдөр найз Энхтөртэй утсаар яриад орой уулзахаар болсон. Ингээд орой ажил тарах үеэрээ Энхтөрийн ажил дээр нь очоод нэг шил архи уусан. Тэгээд найз Загасбалдан руу яриад “яасан бэ уулзах уу” гэж асуусан чинь “амжихгүй нь ээ ажил дээрээ хонохоор болчихлоо” гэсэн. Тэгэхээр нь “бид хоёр яваад очъё, чи наанаасаа уух юм зохицуулж чадах уу” гэж асуухад “болно хүрээд ир” гэж хэлсэн. Ингээд Энхтөр бид хоёр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршал таун хотхон дотор байх Загасаагийн ажил дээр нь очсон. Тэгээд Загасбалдан гараад нэг том пиво зээлээр аваад ирсэн. Ингээд бид 3 пивоо хувааж уусан. Тэгээд юм яриад сууж байхад Загасаа “олон жил ажиллаж байхад чинь 2 хоног ажил тасалсан чинь цалин хасчихлаа” гэж хэлсэн. Тэгээд пиво уугаад сууж байгаад “гарчихаад ирье” гэж хэлээд гараад явсан.

Ингээд Төрөө бид хоёр пивоо уугаад сууж байсан чинь Загасбалдан орж ирээд дахиж дэлгүүр гараад нэг шил 0,33 литрийн архи авчираад бид 3 хувааж уугаад “та хоёр наанаа уугаад сууж бай, би ажил руугаа орчихоод ирье” гэж хэлээд явсан. Тэгээд бид хоёр жаахан байж байгаад утсаар яриад “ирээд татаад гаргачих” гэхээр нь явж очоод подвалийн өрөөнөөс татаж гаргасан.

...Загасбалдан нь гартаа нэг цүнхтэй юм барьсан гарч ирсэн. Ингээд нөгөө цүнхтэй юмаа сандал дээр тавиад, цаашаа яваад цаанаас хамгаалагч ирж байхаар нь би тэр чигтээ Загасбалданг орхиод яваад өгсөн. Дараа нь Загасбалдан руу яриад юу болсон талаар асуухад цүнхтэй юмыг хамгаалагч авсан гэж хэлсэн. Бид хоёрт хулгай хийх гэж байгаа талаар хэлээгүй. Зүгээр хамт сууж байгаад “гарчихаад ирье” гэж хэлээд гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 23-24х, 90-91/,

 

4. Гэрч Б.Нямдуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Манай Эко констракшн ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршал таун хотхон дотор барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2016 оны 5 сарын 18-ны өдөр манай барилга дээр сантеникчээр Загасбалдан ээлжинд гарч байсан. Ээлжинд хонож байх шөнө Загасбалдан нь хамт ажилладаг Энхтөрийн хамт складны цонхоор ороод дотроос нь сантехникийн бараа материал авч байгаад тэр шөнөө хамгаалалтын ажилтанд баригдсан байсан. Ингээд 2016 оны 5 сарын 20-ны өдөр тооллого явуулахад 7.154.885 төгрөгийн бараа материал дутсан. Энэ дутсан бараа материалаас Загасбалдан, Энхтөр нар нь 1.207.410 төгрөгийн буюу нийт 10 нэр төрлийн сантехникийн бараа материал хулгайлаад явж байгаад баригдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 29-30х/,

 

5. Гэрч Р.Дугарцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршал таун хотхонд ээлжтэй байхад шөнийн 01 цагийн орчим хотхон дотор эргүүл хийгээд явж байхад 101 дүгээр байрны орцонд хоёр залуу сууж байсан. Тэр хоёр залуугийн нэг нь гар утсаараа оролдоод сууж байсан юм. Тэгээд би объёктоо эргээд камерын хяналтын өрөөнд ирээд камер хянаад тэр хоёр залууг хараад сууж байсан чинь эхлээд хотхоноос гарч яваад эргээд хотхон руу ороод ирсэн юм. Ингээд ороод ирэхээр нь хаачих гэж байгаа юм бол гээд араас нь дагаад явсан. Тэгээд Кинг товерын орчим явж байгаад нөгөө хоёр залууг алдчихсан. Ингээд цаашаа яваад хамт гарч байсан хамгаалагч Алтангэрэлийг грашийн үүдэнд үлдээсэн. Тэгээд араар тойроод хүн байхгүй болохоор нь эргээд хүрээд ирсэн чинь манай нөгөө хамгаалагч Алтангэрэл энд нэг цүнхтэй юм барьсан хүн явж байна гэж хэлсэн. Тэгээд явсан зүг рүү нь алхаад очиход усан оргилуурын орчим цүнхтэй эд зүйл тавьсан байсан. Ингээд цүнхээ авах байх гээд хүлээгээд байж байхад 3 залуу ирэхээр нь өөдөөс нь дөхөөд очиход зугтаад яваад өгсөн. ...Тухайн үед тэнд хаяад явсан цүнхийг нь постондоо оруулаад онгойлгоод үзсэн чинь дотор нь сантехникийн материал хийсэн байсан. Ингээд нэг залуу хотхоноос гарах гээд явж байхад нь манай хамгаалагч оруулж ирээд цүнхтэй юмыг хаанаас авсан юм бэ гэхэд гаднаас барьж орж ирсэн юм гээд согтуу янз бүрийн юм яриад байхаар нь цагдаад өгөөд явуулсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 31-32х/,

 

  6. Гэрч Х.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршал таунд харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхад манай оператор гадуур шалгалтаар явж байгаад намайг гараад ир сэжигтэй хүн яваад байна гэхээр нь би араас нь гараад очсон. Тэгсэн нэг залуу гартаа цүнхтэй юм бариад явж байгаад намайг харчихаад цүнхтэй юмаа тавиад буцаад яваад өгсөн. Ингээд би оператор Дугарцэцэгийн хамт зогсож байсан чинь нөгөө залуу чинь хоёр залуугийн хамт гараад ирсэн. Ингээд өөдөөс нь алхсан чинь нөгөө цүнхтэй юм бариад явж байсан залуу зугтаад яваад өгсөн. Ингээд араас нь хөөсөн чинь цаашаа хашаа даваад зугтаад өгсөн. Ингээд буцаж ирээд цүнхтэй юмыг нь аваад постон дээрээ ирээд байж байхад тэр 3 залуугийн нэг нь гарах гээд явж байхаар нь барьж аваад цагдаад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 33-34х/,

 

7. Гэрч Ж.Хүрэлчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 5 сарын 19-ний өдөр ажилдаа ирээд байж байхад өчигдөр орой Загасбалданг шөнө ээлжинд гарч байхдаа хулгай хийж байгаад харуулын хүмүүст баригдсан гэж сонссон. Өмнө нь Загасаа ямар нэгэн байдлаар хулгай хийж байгаагүй. Манай ажилтнууд дураараа очиж материал авах боломжгүй, няраваар дамжуулж авдаг...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 96-97х/,

 

8. Гэрч Ш.Сэлэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би Эко констракшн ХХК-нд СА-2 бригадад сантехникийн техникчээр 2008 оноос эхлэн ажиллаж байгаа юм. ...Загасбалдан нь 2016 оны 05 сарын хавьцаа хэд хоног ажилдаа ирэхгүй явж байгаад 2016 оны 5 сарын 18-ны өдөр ажилдаа ирсэн. Ингээд орой ажил тарах гэж байхад ээлжинд хонохоор болоод ажил дээрээ байж байхдаа хулгай хийж байгаад баригдсан гэсэн.

Би бригадын ажилчдад тухайн өдөр ашиглах сантехникийн материалыг ажилтай нь уялдуулж бичиж өгдөг юм. Үүний дагуу бригадын ажилчид барилгын материалаа нярав Нямдуламаас авдаг. Өмнө нь складнаас сантехникийн барилгын материал алдагдаж байгаагүй. Тухайн үед камерын бичлэг хийгдээгүй байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 98-99х/,

 

9. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /хэргийн 1-р хавтас 63-64х/,

 

10. Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 9х/,

 

11. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 10х/,

 

12. Зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хэргийн 1-р хавтас 107-108х/,

 

13. Шүүгдэгч Ц.Загасбалдангийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...Би “Эко констракшн” ХХК-нд 2010 оны 11 дүгээр сараас эхлэн сантехникийн туслах ажилтнаар анх ажилд орсон. ...2016 оны 5 сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршал таун хотхон дотор байх Эко констракшн ХХК-н ажлын байран дээр ажилтай байсан юм. Тэгээд үдээс хойш 16-17 цагийн орчим нярав Нямдуламтай уулзаад складнаас босоо душны булан төмөр дутуу байна гээд авах гээд орсон. Тэгсэн нярав надад түлхүүрээ өгөөд явуулсан. Тэгээд ороод авах ёстой юмаа хайж байхад цүнхтэй зүйл байсан. Намайг ороход складны нэг цонх нь онгорхой байсан.

Тухайн өрөө нь битүү чийгтэй өрөө учраас цонхыг нь онгойлгосон юм байна гэж бодоод хаах гэж байгаад болиод онгорхой орхиод гарсан. Тэгээд складнаас хайсан юм олдохгүй болохоор нь өрөөг түгжээд няравт түлхүүрийг аваачиж өгсөн. Ингээд орой ажлаа тараад харих гэж байсан чинь “намайг өнөөдөр ээлжтэй юм байна” гэж хэлсэн. Тэгээд ажил дээрээ хонох гээд байж байсан чинь манай найз нар болох Энхтөр, Баяраа хоёр намайг “уулзъя” гэж дуудсан. Ингээд “намайг гараад ир” гэхээр нь би “ажил дээрээ хонох гэж байна, очиж чадахгүй” гэж хэлсэн. Тэгээд манай хоёр найз над дээр хүрээд ирэхээр нь дэлгүүрээс нэг шил пиво зээлж авч уугаад, пивоо дуусгаад хотхон дотор явж байгаад дахиж нэмж 0,33 литрийн архи зээлж авсан.

...Тэгээд би хоёр найзыгаа “байж бай” гэж хэлчихээд яваад онгорхой байсан складны өрөө рүү ороод, цүнхэнд хийсэн байсан зүйлийг аваад гарах гэсэн чинь цонхоор нь гарч чадахгүй байсан. Ингээд найз Энхтөрийн утас руу яриад “намайг ирээд татаад гаргаадах” гэж дуудсан чинь ирээд намайг татаж гаргасан. Гарахдаа цүнхтэй сантехникийн материалыг аваад гарсан. Тэгээд гараад байж байсан чинь өөдөөс хамгаалагч хүрээд ирэхээр нь сандал дээр орхиод зугатаад яваад өгсөн. Ингээд би буцаад харуул дээр яваад очиход шууд цагдаа дуудаад өгсөн.

...Тухайн үед цалин хасаад “компаниас хөөнө” гээд байхаар нь юу, юу ч үгүй халагдах гээд байхаар нь гомдоод архи уусан үедээ хулгай хийсэн. Би сая авсан сантехникийн барилгын материалаас өөр ямар нэгэн зүйл хулгайлж байгаагүй. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...

...Манай найз Энхтөр, Баярбаатар нар “намайг хулгай хийх” гэж байгаа талаар мэдээгүй. Хамт архи уугаад сууж байхдаа “наанаа байж бай” гэж хэлээд склад руу ганцаараа явсан. Тухайн үед хаашаа явах гэж байгаагаа хоёр найздаа хэлээгүй. Ингээд складанд ороод цүнхтэй сантехникийн материалын аваад гарах гэсэн чинь гарч чадахгүй байсан учраас Баярбаатарын гар утас руу залгаад, байгаа газраа зааж өгөөд тэр хоёр  ирээд намайг татаж гаргасан. Тэгээд хажуу талын сандал дээр очиж суугаад, манай хоёр найзууд шууд яваад өгсөн.  Ингээд би хүн ирж байхаар нь цүнхтэй юмаа тавиад холдоод явсан. ...Хулгай хийх гэж байгаа гэдгээ тэр хоёрт хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 41-42х, 46-47х, 100х/ болон шүүгдэгч Ц.Загасбалдангийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох гэрч Б.Батцэцэг /хэргийн 1-р хавтас 25-26х, 2-р хавтас 62х/, Д.Машбат /хэргийн 1-р хавтас 27-28х/ нарын мэдүүлэг, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 1-р хавтас 56х, 66х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 1-р хавтас 59х, 35х/, оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 65х/, хөдөлмөрийн гэрээний хуулбар /хэргийн 1-р хавтас 68-70х/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлсэн ба мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэжигдсэн баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Ц.Загасбалдан нь 2016 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Маршал хотхоны Кинг тауэрийн 2-1 дэх барилгын подвалийн давхарт байрлах сантехникийн материалын өрөөний цонхоор хууль бусаар нэвтрэн орж преслегч булан 30 ширхэг, PVC булан 30 ширхэг, винтель /хос/ 9 ширхэг, коллектор /хий авагч/ 9 ширхэг, фа булан 35 ширхэг, холигч /ислан/ 1 ширхэг, муфьт /пресс/ 30 ширхэг, фүдрик /жийрэгтэй/ 7 ширхэг, фүдрик /20-15/ 1 ширхэг, заглушик /15-н диаметр/ 6 ширхэг сантехникийн барилгын материал хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 1.207.410 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

- Хохирогч Эко констракшн ХХК-ийн төлөөлөгч Д.Цогттөгөлдөрийн: “...Манай Эко констракшн ХХК нь Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршал таун хотхон дотор Кинг тауэр 2-1 гэсэн барилга ашиглалтад ороод удаагүй байгаа юм. Энэ барилгын доод подвалийн давхарт сантехикийн материалын өрөө байдаг. Тэндээс 2016 оны 05 сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сан-2 бригадын ажилтан Загасбалдан нь жижүүрт үүрэг гүйцэтгэн ажиллаж байх хугацаандаа ...складан дотроос сантехникийн бараа материал хулгай хийсэн байсан. Нийт 9 төрлийн бараа материал алдагдсан. Үүнд:

- сантехникийн булан /хоёр талын пресс булан 15-н диаметртэй/ 30 ширхэг нэг бүрийн үнэ 8.400 төгрөг, нийт 252.000 төгрөг,

- нэг талын эр булан 20-н диаметртэй 30 ширхэг нэг бүрийн үнэ 6.150 төгрөг, нийт 184.500 төгрөг,

- сантехникийн винтел 15 диаметртэй, нийт 9 хос нэг бүрийн үнэ нь 17.600 төгрөг,  нийт 158.400 төгрөг,

- сантехникийн фа 20-н диаметртэй 35 ширхэг,  нэг бүрийн үнэ нь 3.900 төгрөг,  нийт 136.500 төгрөг,

-сантехникийн коллектор /хий авагч/ 15-н диаметртэй 9 ширхэг нэг бүрийн үнэ нь 2.200 төгрөг нийт 19.800 төгрөг,

- сантехникийн холигч /испан/ комоороо, нэг бүрийн үнэ нь 218.810 төгрөг,

- мүфт /пресс/ 15-н диаметртэй 30 ширхэг, нэг бүрийн үнэ нь 6.600 төгрөг, нийт 198.000 төгрөг,

- фүдрик /жийргэтэй/ 20/15 диаметртэй 7 ширхэг , нэг бүрийн үнэ нь 3.500 төгрөг нийт 24.500 төгрөг,

- фүдрик 20/15 диаметртэй 1 ширхэг 2.900 төгрөг,

- заглушка 15-н диаметртэй 6 ширхэг, нэг бүрийн үнэ нь 2.000 төгрөг, нийт 12.000 төгрөг буюу бүгд 1.207.410 төгрөгийн эд зүйлсийг Загасбалдан авч гараад баригдсан байгаа. Үүнийг хамгаалагч Дугарцэцэг гэж эмэгтэй саатуулсан. ...хулгай гарах үеийн камерын бичлэг байхгүй байна. Камерын бичлэг нь нэг сарын хугацаанд хадгалаад устгасан байна. ” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 16-18х, 82х/,

 

- М.Энхтөрийн сэжигтнээр өгсөн: “...2016 оны 05 сарын 16-ны өдөр Баярбаатар над руу залгаад уулзая гэж хэлсэн. Ингээд би Баянзүрх дүүргийн офицерт байрлах ажлаасаа буугаад байхад Баярбаатар ажлын гадаа ирчихсэн байна гэхэд нь би гараад очсон. Гараад очиход Баярбаатар жоохон архи уусан байдалтай байсан. Тухайн өдөр Загасаа ажил дээрээ ээлжтэй хонох гэж байсан. Тэгсэн Баярбаатар “бид хоёр наана чинь очих гэж байна, наад хавийнхаа дэлгүүрээс нэг шил архи зохицуулж чадах уу” гэж асуусан. Тэгсэн Загасаа “би эндээс зохицуулаад байж байя, та хоёр яваад ир” гэсэн. Тэгээд Загасаагийн ажил болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршал таун хотхонд байх ажил дээр нь очсон чинь Загасбалдан дэлгүүрээс нэг том пиво зээлээд авсан байсан. Бид 3 авсан пивийг нь уугаад сууж байсан чинь Загасбалдан “юманд явчихаад ирье” гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд буцаж орж ирээд нэг шил 0.33 литрийн архи авч орж ирээд бид 3 түүнийг хувааж уусан. Ингээд талд нь орж байсан чинь “гарчихаад ирье” гээд гарч явсан. Тэгээд ирэхгүй байхаар нь хүлээгээд байж байсан чинь Загасаа миний утас луу залгаад “байрны үүдэнд ирээд намайг татаад гаргаадах, би гарч чадахаа больчихлоо” гэхээр нь Баярбаатар бид хоёр очоод татаж гаргасан. Ингээд татаж гаргасан чинь Загасаа цүнхтэй юм барьчихсан гарч ирсэн. Тэр цүнхтэй эд зүйлийг нь сандал дээр тавиад, өөдөөс хоёр хүн гараад ирэхээр нь би яваад өгсөн. Тухайн үед Загасааг хулгай хийх гэж байгааг нь мэдээгүй. Баярбаатар бид хоёрын хувьд найзтайгаа зүгээр ойрд уулзаагүй болохоор учраас жоохон юм ярих гэж очсон. Загасбалдан Баярбаатар бид хочрт хулгай хийх гэж байгаа талаар хэлээгүй. Хамт ууж байгаад ойрхон гарчихаад ирье гэж хэлээд явсан. Ингээд удалгүй ирээд авчих гэхээр нь байгаа газар нь яваад очиход гарч чадахгүй байна гэхээр нь очоод татаад гаргасан юм. Тэгээд татаад гаргахад гартаа цүнхтэй юм барьсан байсан. Хулгай хийж байгааг нь мэдсэн бол би очиж авахгүй байх байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 86-87х/,

 

- Э.Баярбаатарын сэжигтнээр өгсөн: “...Би 2016 оны 05 сарын 16-ны өдөр найз Энхтөртэй утсаар яриад орой уулзахаар болсон. Ингээд орой ажил тарах үеэр Энхтөрийн ажил дээр нь очоод нэг шил архи уусан. Тэгээд найз Загасбалдан луу яриад “яасан бэ уулзах уу” гэж асуусан чинь “амжихгүй нь ээ ажил дээрээ хонохоор болчихлоо” гэсэн. Тэгэхээр нь бид хоёр яваад очъё, чи наанаасаа уух юм зохицуулж чадах уу гэж асуухад болно, хүрээд ир гэсэн. Тэгээд маршал таун хотхон дотор байрлах Загасбалдангийн ажил дээр очсон. Загасаа гараад нэг том пиво зээлээр аваад ирсэн. Бид 3 пивоо хувааж уусан. Тэгээд юм яриад сууж байхад Загасаа олон жил ажиллаж байхад чинь 2 хоног ажил тасалсан чинь цалин хасчихлаа гэж хэлж байсан. Тэгээд пивоо уугаад сууж байхдаа “гарчихаад ирье” гэж хэлээд гараад явсан. Ингээд Төрөө бид хоёр пивоо уугаад сууж байсан чинь Загасбалдан орж ирээд дахиж дэлгүүр гараад нэг шил 0.33 литрийн архи авчираад бид гурав хувааж уугаад “та хоёр наанаа уугаад сууж бай, би ажил орчихоод ирье” гэж хэлээд гараад явсан. Тэгээд бид хоёр жаахан байж байхад утсаар яриад “ирээд татаад гаргачих” гэхээр нь явж очоод подвалийн өрөөнөөс татаж гаргасан. Тэгчихээд Загасбалдан нь гартаа нэг цүнхтэй юм барьсан гарч ирсэн. Ингээд нөгөө цүнхтэй юмаа сандал дээр тавиад цаашаа яваад өгөхөөр нь би тэр чигтээ Загасбалданг орхиод яваад өгсөн. Энхтөр бид хоёрын хувьд Загасбалдантай хамтарч хулгай хийсэн ямар нэг асуудал байхгүй. Тухайн өдөр найзын ажил дээр жоохон архи уучихаад дахиж ганц шил архи авч уух гэж очсон. Энхтөр бид хоёрын хувьд хулгай хийх гэж байгааг мэдээгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 90-91х/,

 

- Гэрч Б.Нямдуламын: “...Манай “Эко констракшн” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршал таун хотхон дотор барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2016 оны 05 сарын 18-ны өдөр манай барилга дээр сантеникчээр Ц.Загасбалдан ээлжинд гарч байсан. Ээлжинд хонож байх шөнө Загасбалдан нь хамт ажилладаг Энхтөрийн хамт складны цонхоор ороод дотроос нь сантехникийн бараа материал авч байгаад тэр шөнөө хамгаалалтын ажилтанд баригдсан байсан. ... Загасбалдан, Энхтөр нар нь 1.207.410 төгрөгийн буюу нийт 10 нэр төрлийн сантехникийн бараа материал хулгайлаад явж байгаад баригдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 29-30х/,

 

- Гэрч Р.Дугарцэцэгийн: “...Би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршал таун хотхонд ээлжтэй байхад шөнийн 01 цагийн орчим хотхон дотор эргүүл хийгээд явж байхад 101 дүгээр байрны орцонд хоёр залуу сууж байсан. Тэр хоёр залуугийн нэг нь гар утсаараа оролдоод сууж байсан юм. Тэгээд би объёктоо эргээд камерын хяналтын өрөөнд ирээд, камер хянаад, тэр хоёр залууг хараад сууж байсан чинь эхлээд хотхоноос гарч яваад, эргээд хотхон руу ороод ирсэн юм.

Ингээд ороод ирэхээр нь хаачих гэж байгаа юм бол гээд араас нь дагаад явсан. Тэгээд Кинг тауэрын орчим явж байгаад нөгөө хоёр залууг алдчихсан. Ингээд цаашаа яваад хамт гарч байсан хамгаалагч Алтангэрэлийг грашийн үүдэнд үлдээсэн. Тэгээд араар нь тойроод хүн байхгүй болохоор нь эргээд хүрээд ирсэн чинь манай нөгөө хамгаалагч Алтангэрэл “энд нэг цүнхтэй юм барьсан хүн явж байна” гэж хэлсэн.

Тэгээд явсан зүг рүү нь алхаад очиход усан оргилуурын орчим цүнхтэй эд зүйл тавьсан байсан. Ингээд цүнхээ авах байх гээд хүлээгээд байж байхад 3 залуу ирэхээр нь өөдөөс нь дөхөөд очиход зугатаад яваад өгсөн. ...Тухайн үед тэнд хаяад явсан цүнхийг нь постондоо оруулаад онгойлгоод үзсэн чинь дотор нь сантехникийн материал хийсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 31-32х/,

 

  - Гэрч Х.Алтангэрэлийн: “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршал таунд харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхад манай оператор гадуур шалгалтаар явж байгаад “намайг гараад ир, сэжигтэй хүн яваад байна” гэхээр нь би араас нь гараад очсон. Тэгсэн нэг залуу гартаа цүнхтэй юм бариад явж байгаад, намайг харчихаад цүнхтэй юмаа тавиад буцаад яваад өгсөн. Ингээд би оператор Дугарцэцэгийн хамт зогсож байсан чинь нөгөө залуу чинь хоёр залуугийн хамт гараад ирсэн. Ингээд өөдөөс нь алхсан чинь нөгөө цүнхтэй юм бариад явж байсан залуу зугатаад яваад өгсөн. Ингээд араас нь хөөсөн чинь цаашаа хашаа даваад зугатаад өгсөн. Ингээд буцаж ирээд цүнхтэй юмыг нь аваад постон дээрээ ирээд байж байхад тэр 3 залуугийн нэг нь гарах гээд явж байхаар нь барьж аваад цагдаад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 33-34х/,

 

- Гэрч Ж.Хүрэлчулууны “...2016 оны 05 сарын 19-ний өдөр ажилдаа ирээд байж байхад өчигдөр орой Загасбалданг шөнө ээлжинд гарч байхдаа хулгай хийж байгаад харуулын хүмүүст баригдсан гэж сонссон...” гэсэн мэдүүлэг /хэргийн 96-97х/,

 

- Гэрч Ш.Сэлэнгийн “...Загасбалдан нь 2016 оны 05 сарын хавьцаа хэд хоног ажилдаа ирэхгүй явж байгаад 2016 оны 5 сарын 18-ны өдөр ажилдаа ирсэн. Ингээд орой ажил тарах гэж байхад ээлжинд хонохоор болоод ажил дээрээ байж байхдаа хулгай хийж байгаад баригдсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 98-99х/, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт хэргийн 63-64х/, шүүгдэгч Ц.Загасбалдангийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч Ц.Загасбалдангийн 2016 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Маршал хотхоны Кинг тауэрийн 2-1 дэх барилгын подвалийн давхарт байрлах сантехникийн материалын өрөөний цонхоор хууль бусаар нэвтрэн орж хулгайлсан эд зүйлсийн /сантехникийн барилгын материал/ үнэлгээ 1.207.410 төгрөгөөр үнэлгэдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан бага бус хэмжээнд /хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (192.000 төгрөг)-г нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх/ хэмжээнд хамаарах боловч шүүгдэгч нь дээрх хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ “Эко констракшн” ХХК-ийн сантехникийн сэлбэг хэрэгсэл хадгалж байсан зоорийн давхрын цонх онгорхой байсныг далимдуулан, шөнийн цагаар нэвтрэн орж авсан үйлдэл нь тогтоогдсон тул түүнийг ажлын зайлшгүй шаардлагаар, тухайн цаг хугацаанд, хэрэгцээтэй байсан багаж хэрэгслийг авсан гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдгийг түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад нь сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орохыг ойлгох бөгөөд тодорхой хугацаанд байх эрх бүхий этгээд өөр цаг хугацаанд үйлдвэрлэлийн байр, албан тасалгаа зэрэгт зөвшөөрөлгүйгээр орсон байвал орон байр, агуулах саванд нэвтэрсэнтэй адилтган үзнэ.  

 

Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Ц.Загасбалданг агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх эрх зүйн үндэслэлтэй тул шүүгдэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргалаас шүүх хуралдаанд гаргасан “...миний үйлчлүүлэгч Ц.Загасбалдангийн үйлдэлд хохирогчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн орсон гээд байгаа цонхыг эвдэлсэн, багаж хэрэгсэл тааруулсан, хагалсан, гэмтээсэн үйлдэл тогтоогдоогүй. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Ц.Загасбалданд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй юм.  

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Ц.Загасбалданд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүх Ц.Загасбалданг агуулах саванд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлан, бага бус хэмжээний буюу 1.207.410 /нэг сая хоёр зуун долоон мянга дөрвөн зуун арав/ төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Мөн тухайн хэрэгт холбогдуулан М.Энхтөр, Э.Баярбаатар нарыг шүүгдэгч Ц.Загасбалдантай бүлэглэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 05 сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Маршал таун хотхон дотор байх Кинг тауэр хотхоны  подвалд байрлах Эко констракшн ХХК-ийн агуулахын цонхоор хууль бусаар нэвтрэн орж барилгын сантехникийн материал хулгалж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт сэжигтнээр тооцон мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгасан боловч М.Энхтөр, Э.Баярбаатар нар нь дээрх хулгайн гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь тогтоогдоогүй үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар тэдгээрт холбогдох эрүүгийн хэргийг Прокурорын тогтоолоор /хэргийн 1-р хавтас 107-108х/ хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, үндэслэл бүхий болохыг тэмдэглэв.

 

Шүүгдэгч Ц.Загасбалдан нь гэмт хэргийн улмаас олж авсан преслегч булан 30 ширхэг, PVC булан 30 ширхэг, винтель /хос/ 9 ширхэг, коллектор /хий авагч/ 9 ширхэг, фа булан 35 ширхэг, холигч /ислан/ 1 ширхэг, муфьт /пресс/ 30 ширхэг, фүдрик /жийрэгтэй/ 7 ширхэг, фүдрик /20-15/ 1 ширхэг, заглушик /15-н диаметр/ 6 ширхэг сантехникийн барилгын материал зэргийг хулгайлан авсан, улмаар уг эд зүйлсийг биет байдлаар нь хохирогчид буцаан өгсөн болох нь хохирогч Д.Цогттөгөлдөрийн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 16-18х/, гэрч М.Энхтөр /хэргийн 1-р хавтас 20-21х/, Э.Баярбаатар /хэргийн 1-р хавтас 23-24х/, Б.Нямдулам /хэргийн 1-р хавтас 29-30х/, Р.Дугарцэцэг /хэргийн 1-р хавтас 31-32х/, Х.Алтангэрэл /хэргийн 1-р хавтас 33-34х/ нарын мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 10х/, шүүгдэгч Ц.Загасбалдангийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг баримтаар тус тус нотлогдсон тул шүүгдэгч Ц.Загасбалдангаас энэ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд тооцон гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.

 

Шүүх, ял шийтгэхдээ шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогч Эко констракшн ХХК-д учирсан эд хөрөнгийн хохирлыг биет байдлаар буцаан төлж, арилгасан, энэ хэргийн улмаас өөр бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.  

 

Шүүгдэгч Ц.Загасбалдан нь тус хэрэгт шалгагдаж байх явцдаа буюу 2016 оны 8 дугаар сарын 29-ний орой 21 цагийн орчим Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Төмөр замын төв буудлын хойд замд Ниссан Нөт маркийн 36-15 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа явган зорчигч М.Баттулга, Б.Баттулга нарыг мөргөж М.Баттулгын биед хүндэвтэр, Б.Баттулгын биед хүнд гэмтэл учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдсан хэдий ч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Тээврийн Прокурорын газрын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол /хэргийн 2-р хавтас 79-82х/, мөн тэрээр ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 1-р хавтас 59х, 35х/ тус тус хэрэгт авагдсан нь шүүгдэгч Ц.Загасбалданг Эрүүгийн хуулийн хүндэвтэр ангилалд хамаарах гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болох юм.     

 

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирол гэм хор арилсан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг мөн хуулийн ерөнхий 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон үзэв.    

 

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, Ц.Загасбалдан нь төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй гэснийг тус тус тогтоолд дурьдах нь зүйтэй.  

 

Шүүх, шүүгдэгч Ц.Загасбалдан нь хорих ял шийтгүүлж болох хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг арилгасан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж гэм буруугаа ойлгон ухамсарласан хувийн байдал зэргийг тус тус харгалзан түүнд оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамласан болохыг тэмдэглэв.  

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэг, 290, 294, 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэг, 298, 299 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Цэцмэргэн овогт Цэнд-Аюушийн Загасбалданг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Ц.Загасбалданд эд хөрөнгө хураахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Загасбалданд оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, Ц.Загасбалдан нь төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй гэснийг тус тус дурьдсугай.  

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Ц.Загасбалданд оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзан, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг оршин суугаа газрын нутаг дэвсгэрийг харьяалах Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ц.Загасбалданд урьд авсан бусдын даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          С.БАЗАРХАНД