| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Одмаа |
| Хэргийн индекс | 128/2025/0823/З |
| Дугаар | 221/МА2026/0182 |
| Огноо | 2026-03-12 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2026/0182
"Л"ТББ-ын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2026/0064 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч "Л"ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-с гаргасан давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Л.Одбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Адъяасүрэн
Илтгэгч шүүгч Ц.Одмаа
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: "Л"ТББ
Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан
Хэргийн индекс: 128/2025/0823/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2026/0064 дүгээр шийдвэрээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 27 дугаар зүйлийн 27.2, 11 дүгээр зүйл, 33 дугаар зүйлийн 33.1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3, 15.4, 15.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Л"ТББ-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан “... Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад хандан гаргасан 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаар /2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүргүүлсэн/ газрын зориулалтыг өөрчилж, байршил шилжүүлэх тухай хүсэлтийг “давхардал үүссэн гэх газарт өөр аж ахуй нэгжтэй холбоотой маргаан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн үндэслэлээр татгалзаж шийдвэрлэснийг хууль бус болохыг тогтоож, газрын зориулалтыг өөрчилж, байршил шилжүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
2.1. “... нэхэмжлэгчийн зүгээс давхардал үүссэн гэх"К"ХХК болон иргэн Д.М-н газрын маргаан хэрхэн шийдвэрлэгдсэнтэй холбоотой баримтыг гаргуулах хүсэлт гаргахад шүүхээс эдгээр нотлох баримт шаардлагагүй гэж үзэж нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь эдгээр нотлох баримтын ач холбогдлыг буруу үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
2.2. Хавтаст хэрэгт авагдсан"К"ХХК-ийн газартай холбоотой шүүхийн шийдвэр, эрх бүхий байгууллагын газар ашиглах эрх олгосон шийдвэр болон бусад нотлох баримт нь манай байгууллагын хүсэлт гаргасан газартай давхардал үүсээд байгаа газрын эрхтэй хамааралгүй өөр газрын эрхтэй холбоотой баримт байх боломжтой байхад шүүхээс үүнийг эцэслэн тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь мөн нотлох баримтын ач холбогдлыг буруу үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь хэрэгт авагдсан"К"ХХК-д газар олгосон болон дахин шүүхийн шийдвэрээр сэргээсэн шийдвэрүүдэд газрын хэмжээг 15 га гэсэн байхад хариуцагчаас ирүүлсэн газрын давхардлыг харуулсан зурагт манай компанийн газартай давхардал үүсээд байгаа газрын хэмжээ нь манай хүсэлт гаргасан 8 га газрын зөвхөн 4 га-тай давхардаж байна. Иймээс шүүх хэрэгт хамааралгүй өөр газрын эрхтэй холбоотой баримтад үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
2.3. Манай байгууллагын хүсэлт гаргасан газартай давхардал үүссэн гэх иргэн Д.Мын газар нь шүүхийн шийдвэрээр олгогдсон гэх боловч эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу хүсэлт гаргасан газарт, манай байгууллагаас хүсэлт гаргасны дараа өөр газрын эрхийг шилжүүлж олгосон байхад тухайн нотлох баримтыг харгалзалгүй шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүхээс энэхүү байдалд холбогдуулж нотлох баримтыг буруу үнэлсэн, ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргуулах хүсэлтээс үндэслэлгүйгээр татгалзсан гэх үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч "Л"ТББ-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “... Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад хандан гаргасан 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаар /2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүргүүлсэн/ газрын зориулалтыг өөрчилж, байршил шилжүүлэх тухай хүсэлтийг “давхардал үүссэн гэх газарт өөр аж ахуй нэгжтэй холбоотой маргаан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн үндэслэлээр татгалзаж шийдвэрлэснийг хууль бус болохыг тогтоож, газрын зориулалтыг өөрчилж, байршил шилжүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
3. Нэхэмжлэгчийн газрын байршил шилжүүлэх хүсэлтийн тухайд:
3.1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан.
3.2. Нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэр Нүхтийн аманд газрын байршлыг шилжүүлэх хүсэлтийг гаргасан байх бөгөөд энэхүү газар нь иргэн Д.М болон"К"ХХК-ийн ашиглаж байгаа газартай давхцалтай болох нь хэрэгт авагдсан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/321 дүгээр тушаал, мөн сайдын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/405 дугаар тушаал, Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах хүсэлт гаргаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын байршлын зураг зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.
3.3. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А-338 дугаар тушаалаар"К"ХХК-д Хан-Уул дүүргийн Арцатын аманд аялал жуулчлалын зориулалтаар 15 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэж, мөн сайдын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/220 дугаар тушаалаар газар ашиглах эрхийн зориулалтыг өөрчилж, хугацааг 5 жилийн хугацаатайгаар сунгаж, сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/662 дугаар тушаалаар"К"ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэснийг"К"ХХК-иас эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ20274/0790 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/662 дугаар тушаалыг хүчингүй болгосон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2024/0791 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 001/ШХТ2025/0084 дүгээр тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн.
3.4. Энэхүү шүүхийн шийдвэрийг үндэслэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/321 дүгээр тушаалаар"К"ХХК-ийн ашиглаж байсан газрын эрхийг хүчингүй болгосон 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/662 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцож, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээнд эрх сэргээсэн талаарх тэмдэглэгээг хийж, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэж, газар ашиглах гэрээг шинэчлэн байгуулахыг холбогдох эрх бүхий байгууллагад даалгаж шийдвэрлэснээр"К"ХХК-ийн газар ашиглах эрх сэргэсэн байна.
3.5. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/492 дугаар тушаалаар "Н" ХХК-д 2011 оны А-338 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн Арцатын аманд аялал жуулчлалын зориулалтаар олгосон 16 га газрын эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байх бөгөөд тус тушаалыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0945 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2025/0169 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 001/ШХТ2025/0202 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
3.5. Уг байршилд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/405 дугаар тушаалын 2 дахь заалтаар “С” ХХК-д олгосон газар ашиглах эрхийг дээрх шүүхийн шийдвэр болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн албан бичгийн дагуу иргэн Д.Мт газар ашиглах эрхийг шилжүүлж, аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглах зориулалтаар 5 жилийн хугацаатай олгосон болох үйл баримтууд тус тус тогтоогдож байх бөгөөд энэ тохиолдолд хариуцагчийн татгалзлыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.
3.6. Ийнхүү анхан шатны шүүх нэхэмжлэгчийн газрын байршил шилжүүлэх хүсэлттэй холбоотой шаардлагыг үндэслэлтэй зөв дүгнэсэн байх ба тухайн газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцалтай болох нь нэгэнт тогтоогдож байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
4. Нэхэмжлэгчийн 41 га газрын зориулалтыг өөрчилж, “түүх соёлын дурсгалт зүйлсийг хадгалах, хамгаалах” зориулалтаар ашиглах хүсэлтийн тухайд:
4.1. Анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/539 дүгээр тушаалаар "Л"ТББ-д Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс Ч* ам гэх байршилд 26,3 га газрыг аялагч түр буудаллах, орон байрны зориулалтаар, 23,5 га газрыг түүх соёлын дурсгалт зүйлсийг хадгалах, хамгаалах зориулалтаар газар ашиглах эрх олгосон.
4.2. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Газар ашиглах эрхийн талбайн хэмжээ, солбицол, зориулалт өөрчлөх, хугацаа сунгах тухай” А/503 дугаар захирамжаар "Л"ТББ-д олгосон 497902 кв.м газрын хэмжээг мөн сайдын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/197 дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ХIII-р хурлаас гарсан шийдвэр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024.06.12-ны өдрийн 01/890 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу талбайн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр 137555 кв.м, 86792 кв.м, 38300 кв.м, 36188 кв.м, 56557 кв.м, 142504 кв.м болгон 6 нэгж талбарт хувааж, солбицлыг өөрчлөн, газрын зориулалтыг хуульд нийцүүлэн “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглах болгон өөрчилж, газар ашиглах эрхийн хугацааг 2028 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл сунгаж, газар ашиглах эрхийн 0171170, 0171171 дугаар гэрчилгээг тус тус олгосон байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дараахь байдлаар ангилна” гээд 4/-д “дурсгалт газар”, 22 дугаар зүйлд” Байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёлын ул мөрийг уламжлагдан хадгалагдсан байгалийн байдлаар нь өвлөн үлдээх зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг дурсгалт газар гэнэ”, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дурсгалт газрыг дараахь төрөлд хуваана”, 2/-т “түүх, соёлын дурсгалт газар” 26 дугаар зүйлд “Засгийн газар тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 6/-д “байгалийн нөөц газрын болон дурсгалт газрын хилийн заагийг тогтоох” гэж тус тус заажээ.
4.4. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзвэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Түүх соёлын хөшөөт цогцолбор барьж байгуулах тухай” 99 дүгээр тогтоолоор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын Дархан цаазат газрын Ч* аманд “Цэцгэн эрхт Ловон бурхан”-ы хөшөөт цогцолборыг барьж байгуулахыг зөвшөөрч, дархан цаазат газарт түүх, соёлын хөшөөт цогцолборыг барьж байгуулахтай холбогдуулан дурсгалт газрын хадгалалт хамгаалалт болон холбогдох бусад арга хэмжээг авч ажиллахыг “Лувсан данзан равжаа” ТББ-д даалгаж шийдвэрлэсэн,
4.5. Улмаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2018 оны 07 дугаар 06-ны өдрийн 05/1371 дүгээр албан бичгээр Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт “Цэцгэн эрхт Ловон бурхны цогцолбор бүтээх төсөл нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 99 дүгээр тогтоолоор зөвшөөрөгдсөн тул цэцэрлэгт хүрээлэн болон усан толио, эвтэй 4 амьтан бүхий 12 жилийн цогцолбор, амрах сүүдрэвч тавцан, нийтийн бие засах газар, хиймэл горхи, явган зам зэргийг тохижуулах хүсэлтийг дэмжин уламжилж”,
4.6. Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 01/143 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ... тус хорооны нутаг дэвсгэр дээр "Л"ТББ-ын хэрэгжүүлж буй Цэцгэн эрхт цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг дэмжих саналыг уламжилсан болох үйл баримтууд тус тус тогтоогдож байна.
4.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасан.
4.8. Хэрэгт авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/539 дүгээр тушаалаас үзвэл анх нэхэмжлэгч "Л"ТББ-д Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс Ч* ам гэх байршилд 23,5 га газрыг түүх соёлын дурсгалт зүйлсийг хадгалах, хамгаалах зориулалтаар газар ашиглах эрх олгосон.
4.9. Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Түүх соёлын хөшөөт цогцолбор барьж байгуулах тухай” 99 дүгээр тогтоолоор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын Дархан цаазат газрын Ч* аманд “Цэцгэн эрхт Ловон бурхан”-ы хөшөөт цогцолборыг барьж байгуулахыг нэхэмжлэгчид зөвшөөрсөн байтал хариуцагчаас “бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай давхцалтай байх тул байршил шилжүүлэх боломжгүй” гэх хариуг хүргүүлсэн нь нэхэмжлэгчийн зориулалт өөрчлөх хүсэлтийг шийдвэрлээгүй гэж үзэхээр байна.
4.10. Учир нь, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд Өргөдөл, гомдол гаргагч дараахь эрх эдэлнэ, 1/гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах; 5/төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 1-д Өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтан дараахь нийтлэг үүрэг хүлээнэ, 3/ өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх гэж тус тус заасан.
4.11. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага нь хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгчийн одоо ашиглаж байгаа газрын бодит нөхцөл байдлыг тодруулж, ингэхдээ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Түүх соёлын хөшөөт цогцолбор барьж байгуулах тухай” 99 дүгээр тогтоол зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр газрын зориулалт өөрчлөх хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан зарчимд нийцнэ.
4.12. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах”, “Тайлбар: Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно” гэж зааснаар энэ тохиолдолд нэхэмжлэгч "Л"ТББ-ын хууль ёсны итгэл хамгаалагдах учиртай.
4.13. Тодруулбал, хариуцагч захиргааны байгууллагаас Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3/-д “өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх”, 13 дугаар зүйл “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан албан тушаалтан дараахь байдлаар хянан үзнэ”, 3/-д “өөрийн харьяалан шийдвэрлэвэл зохих өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрд дүн шинжилгээ хийж, холбогдох газраас магадлах, судалгаа, тодорхойлолт шаардан авах зэрэг үйл ажиллагаа явуулна” гэж заасныг тус тус зөрчиж, хүсэлтэд дурдсан асуудал бүрийг судалж, шийдвэрлээгүй буюу “газрын зориулалт өөрчлөх” хүсэлтийг огт шалгаж, шийдвэрлээгүй болох нь тогтоогдож байна.
4.14. Ийнхүү нэхэмжлэгчийн “газрын зориулалт өөрчлөх” хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдсон боловч шүүх нэхэмжлэгчийн газрын зориулалтыг өөрчлөхийг хариуцагчид шууд даалгаж шийдвэрлэх боломжгүй бөгөөд энэ нь захиргааны байгууллагын бүрэн эрхэд хамаарах асуудал тул нэхэмжлэгчийн гаргасан газрын зориулалтыг өөрчлөх хүсэлтийг хууль тогтоомжийн хүрээнд зохих журмын дагуу шийдвэрлэхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгах нь зүйтэй байна.
4.15. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2026/0064 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Л"ТББ-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад хандан гаргасан 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаар /2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүргүүлсэн/ газрын зориулалтыг өөрчлөх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгасугай гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-н давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ОДМАА