Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 04

 

Н-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж даалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын Н-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын ардын эмч Н.Жамбалын нэрэмжит Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт холбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н түүний өмгөөлөгч, Ш.Жаргалсайхан /онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2001 онд ШУТИС-ийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийн ангийг эмнэлгийн тоног төхөөрөмж инженер мэргэжлээр төгсөж ирээд аймгийн нэгдсэн эмнэлэгт ажилд ороод 17 жил тасралтгүй, үр бүтээлтэй ажиллаж ирсэн. Ингэж ажиллах хугацаандаа ажлын ямар нэгэн алдаа, дутагдал, зөрчил гаргаагүй ажиллаж ирсэн гэдгийг миний авч байсан гавьяа шагнал нотлоно гэдгийг энд хэлмээр байна. Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргаар томилогдон ажиллаж байгаа дарга Б.Ундрах нь 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/47 дугаартай тушаалаар намайг хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Тиймээс шүүхэд хандаж ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын бичилт хийлгэх, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг нэхэмжлэлд дурдсан байгаа. Үүнийг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н-ыг ажлаас халахдаа сонсох үйл ажиллагаа явуулаагүй, нөхрөө эмчилгээнд аваад явсан талаар мэдсээр байж мэдээгүй гээд байгаа нь бүлэг зохицуулалт гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5-д заасан зохицуулалтууд бодит байдалд нотлогдоогүй. Ажил олгогчийн зүгээс өгсөн нэг сарын үүрэг даалгавар биелүүлж аппаратыг хүлээлгэж өгсөн байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 24, 25-д зааснаар сонсох үйл ажиллагаа огт хийгдээгүй, хэсэг бүлэг хүмүүсийн ялгаварлан гадуурхсан байдал бичлэгээс харагдаж байгаа. Шийдвэр гаргах үйл ажиллагаа хууль бус явагдсан гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н-ыг нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 07 сарын 31-ний өдрийн Б/47 дугаартай тушаалаар Инженер техникийн тасгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн шалтгаан нь 1-рт Н нь 2011 онд ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн шинэ Ультразвук /физик эмчилгээний аппарат/-г эд хариуцагчаас нь "эмээгийнхээ хөлийг шарна" гэж авч яваад 2015 оны жилийн эцсийн тооллогоор шууд акталж, эд хариуцагчийн хөрөнгийн бүртгэлээс хасуулан, аймгийн Орон нутгийн өмчийн албанд актлуулахаар санал хүргүүлж, хувьдаа завших гэж байсныг 2016 оны жилийн эцсийн тооллогоор эд хариуцагч нь байгууллагын захиргаанд гомдол гаргасны дагуу байгууллагын өмч хамгаалах зөвлөл, дотоод хяналтын багын шалгалтаар хувьдаа завшсан нь нотлогдсон тул 2017 оны 01 сарын 06-ны өдрийн удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж,Н-аас тайлбар авахад "би авч яваад батериаг нь шатаасан төлж хохиролгүй болгоно" гэсэн боловч удаа дараа шаардуулж, 06 сарын дараа байгууллагыг хохиролгүй болгосон. Уг аппаратны үнэ: 1.131.213 төгрөг.

2-рт 2012 онд "Алтайн хүдэр" ХХК-иас төслөөр нийлүүлэгдсэн Цусны плазмфрозерийн аппаратыг Өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурлаар "эвдэрхий" гэж асааж, шалгаж үзэлгүйгээр дур мэдэн байгууллагын хөрөнгө орлогод бүртгэж авалгүйгээр 2014.12.05-ны өдрийн 15 цаг 35 минутанд цусны салбар төвөөс дагалдах хэрэгслийн хамт гарын үсэг зурж аван "Цогц" лабораторийн эрхлэгч Д-аад шилжүүлэн, өөрийн эрх мэдэл, албан тушаалыг хэтрүүлэн ашигласан нь холбогдох байгууллагуудын дүгнэлтээр нотлогдож, уг аппаратыг аймгийн Цагдаагийн хэлтсээс 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөрхүлээлгэн өгсөн боловч дагалдах хэрэгсэл болох манжетикийг нь өгөөгүйгээс одоо болтол цусны плазмфрозерийн аппарат ашиглалтанд ороогүй эмнэлгийн үйлчилгээнд хүндрэл учруулсаар байна. Уг аппаратны үнэ одоогийн зах зээлийн ханшаар 65.000.000 төгрөг, тухайн үеийн ханш 48 сая төгрөг.Н  нь эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтанд бүртгэлээр байнга хяналт тавих эрх бүхий албан тушаалтан мөртлөө байгуулллагын өндөр үнэтэй багаж тоног төхөөрөмжийг байгууллагын эд хөрөнгийн бүртгэлд авалгүйгээр бусдад дур мэдэн өөр байгууллага руу шилжүүлж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан.

3-рт Эд хөрөнгө хамгаалах байнгын зөвлөлийн хурлаас 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Удирдлагын зөвлөлийн хуралд Н-тай холбогдох 5 асуудлыг шийдвэрлүүлэхээр хүсэлт уламжилсны дагуу 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн удирдлагын зөвлөлийн хурлаас ажлаас чөлөөлөх шийдвэр гарч, 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Н-д сонсох үйл ажиллагаа явуулан, өөрөө буруугаа хүлээсэн учир 01 сарын хугацаатай мэдэгдэх хуудас өгсөн. Гэтэл 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 12 цагаас эхлэн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дотоод дүрэм, журам зөрчиж ерөнхий захирлаас чөлөө авалгүйгээр дур мэдэн ажил тасалсан тул 2017 оны 08 дугаарсарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна. Н нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан. Байгууллагын дотоод журмын 6.2-д заасны дагуу мөн ноцтой зөрчил гаргасан. Мөн өөрийнхөө хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг буюу 8.1, 8.6-д заасны дагуу хүлээсэн үүргээ зөрчиж, ноцтой зөрчил гаргасан учраас ажлаас халагдсан. Ажлаас халсан шалтгааны үндэслэл нь Ультразвукбуюу физик эмчилгээний аппаратыг дур мэдэн авч яваад шатаачихаад эд хариуцагчийн нэрээс нь шууд хасуулсан талаарх баримт хавтаст хэргийг 101 дүгээр хуудсанд байгаа. Алтайн Хүдэр ХХК-иас 6 тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн үүний нэг зах зээлийн үнэ 65.000.000 төгрөгний үнэтэй Цусны плазмфрозерийн аппаратыг хувийн эмнэлэгийн Цогц лабораторын эрхлэгч Д-аад эрх мэдлээ хэтрүүлэн ашиглан шилжүүлсэн болох нь цагдаагийн байгууллага, дотоод хяналт, прокурорын газраар албан ёсоор тогтоогдож уг аппаратыг 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр цагдаагийн байгууллагаас манай байгууллагад хүлээлгэж өгсөн. Иргэн Б-г инженер техникийн техникчийн ажилд оруулж өгнө гэж 2.000.000 төгрөгний хахууль авсан байдаг. Энэ талаар иргэн Дондов нотлоно. Энэ хүн нэгдсэн эмнэлэгт 3 удаа гомдол гаргаж, хүүхдийн амь амьдарлаар тоглосон гэж гомдолддог. Б нь мөн ажлаас халагдсан байгаа. Энэ хүн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 31-ний өдөр хүртэл чөлөө зөвшөөрөлгүй ажил тасалсан. Манай байгууллагын дотоод журмын 4.2-т цалинтай, цалингүй чөлөөг ерөнхий эмч олгоно гэсэн журам байгаа. Дотоод хяналтаар нэгдсэн эмнэлгийн даргын тушаалаар удирдамжтай шалтгалт явуулахад 66.000.000 төгрөгийн үнэтэй зүгээр ажиллаж байсан тоног төхөөрөмжийг актлах санлыг явуулсан байдаг. Энэ бүгдийг удирдлагын багийн хурал, өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурлаар хэлэлцээд Н-д сонсох үйл ажиллагаа явуулахад өөрөө буруугаа хүлээн зөвшөөрсөн тул эмнэлгийн зүгээс мэдэгдэх хуудсыг нь өгсөн байгаа гэжээ.

 Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Монгол Улсын ардын эмч Н.Жамбалын нэрэмжит Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгийн инженер техникийн тасгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн Олхонууд овогт Ёндонгийн Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаарнэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Н давж заалдах гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 10-ны өдрийн 133/ШШ2017/00408 дугаартай шийдэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв үнэлээгүй, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна.

Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын тушаал нэртэй түр орлон гүйцэтгэгчийн гаргасан 201.07.31-ний өдрийн Б/47 дугаартай тушаалаар тус эмнэлгийн инженер техникийн тасгийн эрхлэгч Ё.Нарангаравыг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалт, байгууллагын дотоод журмын 6.6.2 дахь заалт, Удирдлагын зөвлөлийн 2017 оны 07 сарын 17-ны өдрийн хурлын шийдвэр, хөдөлмөрийн гэрээний 8.1, 8.6 дахь заалтыг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.

Анхан шатны шүүх дүгнэхдээ "Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч Н нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.6-д заасан ноцтой зөрчил гаргасан нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдсон буюу хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болохоор хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан 3-с дээш хоног ажил тасалсан, энэ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн 2017.07.31-ний өдрийн Б/47 тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Н-ын нөхөр Мөнхжаргал нь Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа өвчнийх нь онош тогтоогдохгүй байсаны улмаас яаралтай УБ хотод явж онош тодруул гэсэн шаардлага гарч 2017.07.04-ны өдөр эмчилгээ эрхэлсэн орлогч Сэлэнгээс 13-р маягт бичүүлж аван үдээс хойш Говь-Алтай аймгаас нийтийн тээвэрээр гарсан байдаг. Н тухайн өдөр хот руу гарахаас өмнө эмнэлэгийн даргадаа хандан цалинтай чөлөө хүссэн өргөдлөө бичээд хэд хэдэн удаа очсон боловч сонгуулийн ажлаар гадуур ажилтай яваа гэсэн мэдээлэл сонсоод чөлөө хүссэн өргөдлөө өгч чадаагүй өрөөндөө үлдээгээд явсан.

Н би 2017.07.04-ний үдээс хойш Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгээс нөхөр Мөнхжаргалыг авч яваад УБ хотод 07 сарын 06-нд ирж Улсын Нэгдүгээр эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж, сахиж байгаад 07.16-нд эмнэлгээс гарган 2017.07.25 хүртэл 10 хоног Дархан Анагаагч сувилалд биеийг тэнхрүүлэн сувилуулж эмчлүүлээд 2017.07.27-нд нийтийн тээврээр буцаж ирсэн бөгөөд энэ нь нотлох баримтаар нотлогдож байгааг шүүх бодит нөхцөл байдалтай нь уялдуулж дүгнэхгүй байна. Учир нь Говь-Алтай аймаг Улаанбаатар хотын хооронд 1000 км-ийн хол зайтай. Би УБ хотод ирээд утсаар хамт ажилладаг Буянхишиг рүү ярьж 2017.07.04-нд бичиж үлдээсэн чөлөө хүссэн өргөдлөө өгүүлэхэд Эмнэлгийн даргын түр орлон гүйцэтгэгч Ундрах хүлээн аваагүй, мөн эмчилгээ эрхэлсэн орлогч Сэлэнгээ эмч намайг нөхрөө эмчилгээнд аваад явахыг, би чөлөө авмаар байна гэж мэдэгдсээр байтал хэлээгүй, мөн тэрээр миний 2017оны 2-р улиралын үр дүнгийн тайланг хүлээж аваагүй, Удирдлагын зөвлөлийн гэх бүлэг хүмүүс 2017.07.17-нд хуралдахдаа Н намайг хуралд оролцуулж санал, хүсэлтийг сонсож нөхцөл байдлыг тогтоохгүйгээр шууд ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь ЗЕХ-ийн 24 дүгээр зүйл, 26-р зүйл, 27 дугаар зүйлийн 27.1-д Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг, 27.2 дах хэсэг, 27.4-т Сонсох ажиллагааг 27.4.1-27.4.6-Д заасан хэлбэрээр явуулна, 27.5-д ... оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна. Гэсэн хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Би хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслаагүй нь бодит нөхцөл байдлаас тодорхой байхад шалтгаангүйгээр орхисон, дахин давтан бүхэл бүтэн өдрөөр тасалсан нотлогдож байна гэж шүүгч хэт нэг талыг барьж буруутгаж байна. Хэнд ч гэсэн гэнэтийн өвчин, зовлон хэзээ ч нэгэн цагт ээлж дараагаар ирдэг гэдгийг санаж явахад илүүдэхгүй шүү.

Нэгдсэн эмнэлгийн удирдлагын хэсэг бүлэг хүмүүс намайг үнэнийг хэлж үзэл бодлоор чөлөөтэй илэрхийлсний төлөө ялгаварлан гадуурхаж үл ялих зүйлээр дөрөөлж, үгсэн хуйвалдаж намайг ажлаас үндэслэлгүй халсан тодорхой гэж үзэж байна. Манай нөхрийн өвчний оношийг тогтоож чадаагүй нь ч цаагуураа хуйвалдаан байх магадлалтай бөгөөд намайг нөхрөө эмнэлгээс гаргаж аваад УБ хот руу явахад эмнэлгийн дарга ч ажлаа орхиод гараад явсан байсан бөгөөд надад элдоогүй, мөн эмчилгээ эрхэлсэн орлогч Сэлэнгээ эмч ч би хуралтай байна гээд 13-р маягт дээр хам хум гарын үсэг зураад надаас зугтаад яараад гараад явсан, би бичсэн өргөдлөө өгөх хүн лйхгүй ширээндээ хийгээд явсан. Байгууллагын дотоод журамд шалтгаангүй ажил тасалсан бол ноцтой зөрчилд тооцохоор тодорхой заасан байгааг шүүх анхаарч үзэхгүй байна. Байгууллагын удирдлага надад цалинтай чөлөө өгдөггүй юмаа гэхэд цалингүй чөлөө ч болгох боломж байсан. Мөн миний 2017 оны ээлжийн амралт болгоод өгөх боломж байсан.

Иймд намайг үүрэгт ажлаас үндэслэлгүй халсан Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн үүргын түр орлон гүйцэтгэгчийн тушаалыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн Тус шүүхийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хянаж, хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэрэндэжид давж заалдах гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 10-ны өдрийн 133/ШШ2017/00408 дугаартай шийдвэрийг 2017.12.05-нд хүлээн аваад, шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, мөн хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй хууль зөрчсөн,

2.Мөн хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв үнэлээгүйгээс хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна.

Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын тушаал нэртэй түр орлон гүйцэтгэгчийн гаргасан 201.07.31-ний өдрийн Б/47 дугаартай тушаалаар тус эмнэлгийн  инженер техникийн тасгийн эрхлэгч Н-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалт, байгууллагын дотоод журмын 6.6.2 дахь заалт, Удирдлагын звлөлийн 2017 оны 07 сарын 17-ны өдрийн хурлын шийдвэр, хөдөлмөрийн гэрээний 8.1, 8.6 дахь заалтыг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.

Анхан шатны шүүх дүгнэхдээ: "Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч Н нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.6-заасан   ноцтой  зөрчил  гаргасан  нь  хэргийн  үйл  баримтаар  нотлогдон  тогтоогдсон  буюу хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болохоор хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан 3-с дээш хоног ажил тасалса, энэ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн 2017.07.31-ний өдрийн Б/47 тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна.

Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн захиргаа нь Захиргааны Ерөнхий хуулийн 5 дугаар уйлийн 5.1.4-д зааснаар захиргааны байгууллага байна гэж заасан. Тус эмнэлгийн ИТТ-ийн дарга

1.Н-н 2017.07.04-2017.07.31-ний хооронд нөхөр Мөнхжаргалын өвчнийх нь онош одруулах, мөн эмчлүүлэхээр УБ хотын эмнлэгт авч явах хугацааг Хөдөлмөрийн гэрээний 8.6-д заасан шалтгаангүй ажил тасалсан хэмээн ноцтой зөрчилд тооцон түүнийг ажлаас халах үндэслэл элгосон. Гэтэл Нэгдсэн эмнэлгийн захиргаа Н-ыг шалтгаангүй ажил тасалсан гэж зэж ажлаас халах тушаалаа гарахаас өмнө ЗЕХ-ийн 24-27-р зүйлүүдэд заасан ЗБ захиргааны шйдвэр гаргах ажиллагаанд хамаарах нөхцөл байдлыг тогтоож ач холбогдол бүхий мэдээлэлийг цуглуулах, оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах, гэрч, гуравдагч этгээдээс тайлбар гаргуулах эрэг хуульд үүргээ хэрэгжүүлж , эрх ашиг нь хендөгдөж байгаа оролцогчийг сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй хууль зөрчсөн, Сонсох ажиллагаа хийгээгүй шалтгаанаа нотолж чадаагүй. 

Өмнө нь хийсэн сонсох ажиллагаанаас гарсан шийдвэрийн дагуу Н нь   тогтоосон хугацаанд нь Ультразвук аппаратыг засаж хугацаанд нь хүлээлгэн өгсөн, мөн 2011 онд Алтайн хүдэр ХХК-аас хандиваар ирсэн. Тус нэгдсэн эмнэлгийн өмч хөрөнгийн бүртгэлд одоог хүртэл бүртгэлгүй. Плазмапройзерийн аппаратыг цагдаагийн байгууллага Долгормаа эмчээс хураан эмнэлэгт хүлээгэн өгсөн   эд хөрөнгийн   ямар нэг хохирол учруулаагүй гэж дүгнэгдсэн. Ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8.6-д заасан Шалтгаангүй ажил тасалсан гэх зөрчил Захирагааны байгууллага хуульд заасан сонсох ажиллагааг зохих журмын дагуу хийгээгүй ХУУЛЬ зөрчсөнд нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Мөн Нэгдсэн эмнэлгийн дотоод журмын 6.4.3-т Сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг тогтоож энэ тухай баримтыг үндэслэн зөрчил гаргасан ажилтанд урьдчилан таниулсан байна, Зөрчил гаргасан ажилтан уг баримт материал танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй гэсэн ажилтны эдлэх дотоод журамд заасан боломж олгоогүйг   албан тушаалтны  явцуу эрх ашгийг хамгаалан байдалд нийцээгүй дүгнэсэн.

Шүүх   шийдвэрийн   үндэслэх   хэсгийн   5-р   хуудсанд: "Алтайн   хүдэр"ХХК-ийн   нийлүүлсэн плазмапройзерийн аппаратын дагалдах хэрэгслийг дутуу өгсөн учир эмнэлэг ашиглах боломжгүй эмнэлэгийн байгууллагад хохирол учирсан гэж буруу дүгнэсэн: Учир нь уг аппаратыг 2011 онд "Алтай хүдэр"ХХК-иас ирсэнээс хойш    нэгдсэн эмнэлгийн өмчийн бүртгэлд огт бүртгүй, балансад тусгаагүй, нэг ч удаа ашиглаж байгаагүй компаний өмчид бүртгэлтэй аппарат юм.

2. ЗЕХ-ийн 24-27-р зүйлүүдэд зааснаар захиргааны байгууллага  шийдвэр гарахааас өмнө хамаарах нөхцөл байдлыг тогтоох, оролцогчийг сонсох, нотлох баримт цуглуулах, сонсох ажиллагаа явуулах нь Захиргааны байгууллагын хуулиар үүрэг хүлээсэн байна.

Хэргийн бодит нөхцөл байдлаас харахад : Нарангаравын нөхөр Мөнхжаргал нь тус эмнэлэгт олон хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн боловч өвчний онош тодроогүй, эмчилгээ үр дүнгүй байсан тул эмнэлгийн зүгээс Төв эмнэлэг явж онош тодруулах шаардлагатай гэж зөвлөснөөр УБ х явахаар нөхөртөө 13-р маягт бичүүлж авсан байдаг, Нарангарав ажлаасаа цалинтай чөлөө хүссэн өргөдлөө бичээд даргадаа өгөхөөр өрөөнд нь хэд хэдэн удаа очиход дарга нь сонгуулийн аажилтайй гээд өрөөндөө байхгүй байсан учир өргөдлөө өрөөндөө үлдээгээд өвчтэй нөхрөө аваад Говь-Алтай аймгийн төвөөс гарч 07 сарын 05-ны өдөр УБ хотод ирж 06-ны өглөө Улсын төв нэгдүгээр эмнэ хэвтүүлсэн байна. 2017.07.07-нд МУ-ын Ерөнхийлөгчийн төлөө санал өгөх сонгуулийн өдөр буюу бүх нийтээр амарсан, баасан гариг, 07 сарын 8, 9-н амралтын өдөр, үргэлжлээд Улсын их баяр наадам болж 07.16-н хүртэл амарч бүх нийтээр ажил цугласан байдаг Буянхишиг нь Нын өргөдлийг 07 сарын 16-нд даргадаа хүргэж өгөхөд хүлээж аваагүй. 2017.07.17-ны өдөр тус эмнэлгийн Удирдах зөвлөл хуралдаж Н-ыг ажлаас халахаар шийдвэрлэсэн. Нарангарав нөхрөө эмнэлэгт сахиж биеийг тэнхүүрлээд 2017.07.27-нд 5 дахь өдөр ирж 07 сарын 31-нд 1 дэх өдөр ажилдаа ирэхэд НЭ-ийн дарга Н-ыг ажлаас халах тушаалыг гаргасан байдаг.

Дээрх нөхцөл байдлыг Тус эмнэлгийн дарга ЗЕХ-д заасан дээрх үндэслэлээр нөхцөл байдлыг судлан тогтоогоогүй зэрэг хуулийн заалтыг зөрчиж Ё.Нарангаравыгажлаас халах тушаал гаргасан байна.

Шүүх дүгнэхдээ Н-ыг хөдөлмөрийн гэрээний 8.6-д заасан шалтгаангүй тасалсанаа нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн зөв үнэлээгүй, хэт явцуу хүрээнд дүгнэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хуулиар олгогдсон ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг бодит нөхцөл байдалд нийцүүлж зөв үнэлээгүйгээс хэргийн болон хэргийн оролцогчийн эрх хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэх үндэслэлээр хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Ундрах шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Нэгдсэн эмнэлгийн дарга ажилтай Б.Ундрах би нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэрэндэжидийн танай шүүхэд хандаж гаргасан гомдолтой танилцлаа. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дугаар сарын 10-ны өдрийн 408 дугаартай шийдвэрийг хариуцагч байгууллага болох аймгийн Нэгдсэн эмнэлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан "Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн шаардлагыг хангасан хуулийг зөв хэрэглэсэн, хууль зөрчөөгүй, нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж, дүгнэн, цуглуулсан шийдвэр учир нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй гэж үзэж байгаа тул дээрхи шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч энэхүү тайлбарыг гаргаж байгааг минь хүлээн авна уу.

Нэхэмжлэгчийн гомдолд дурдсан шалтгаан гээд байгаа зүйл нь үндэслэлгүй нотлогдоогүй асуудал болно. Н нь нэг ч удаа хөдөлмөрийн гэрээгээ зөрчөөгүй гэж худлаа мэдүүлсэн байна. Хөдөлмөрийн гэрээгээ удаа дараа зөрчиж байсныг байгууллагын зүгээс харж үзэж хугацаа тогтоон, сонсож алдаагаа засах боломжоор хангаж байсан. Гэтэл байгууллагын итгэлийг даагаагүй болно

Байгууллагын ажилтануудын өргөдөл гомдол бичиг хэрэг дээр бүртгэгдэж, удирдлагад танилцуулагдан, дарга цалинтай, цалингүй чөлөө олгох эсэхийг шийдвэр гаргаж цохолт хийдэг ёстой. Н нь тасгийн эрхлэгчийн үүрэгт ажлыг гүйцэтгэдэг удирдах албан тушаалтан учир архив, албан хэрэг хөтлөх, өргөдөл, гомдол хүлээн авах заавар, журмыг сайн мэдэх ёстой. Гэтэл чөлөө хүссэн өргөдлөө бичиг хэрэгт оүртгүүлээгүй мөртлөө өргөдөл өгөх үед дарга сонгуультай байгаад өгч чадаагүй гэдэг нь үндэслэлгүй юм.

Н нь нөхрийнхөө 13А маягтыг эмчилгээ эрхэлсэн орлогч дарга дээр еөрөө барьж орж ирээд гарын үсэг зуруулахдаа чөлөө авах талаар нэг ч үг дуугараагүй, хэлж яриа ч үгүй гэдгийг эмчилгээ эрхэлсэн орлогч гэрчилдэг тул шүүх үүнийг хүлээн авах үндэслэлгүй юм.

Шүүх хуралдааны явцад болон шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ нэхэжлэгчийн эрх хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг ноцтой зөрчсөн асуудал гаргаагүй болно

Шүүх бүрэлдэхүүн зөвхөн хавтаст хэрэгт цугласан нотлох баримт болон шүүх хуралдааны мэтгэлцээнээс л өөрийн дотоод итгэлээр үнэлэлт дүгнэлт өгч тал бүрээс нь судалж, шийдвэрээ гаргадаг учир хариуцагч Нэгдсэн эмнэлгийн зүгээс зөв үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж буй учир гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна гэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна. Н-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасны дагуу удаа дараа ноцтой зөрчил гаргасан. Байгууллагын дотоод журмын 6.2-д заасны дагуу мөн ноцтой зөрчил гаргасан, өөрийн хөдөлмөрийн гэрээний 8.1, 8.6-д заасны дагуу ноцтой зөрчил гаргасан учраас ажлаас халагдсан. Н-г ажлаас халсан шалтгаан нь нэгдүгээрт Н  нь  Ультразвук физик эмчилгээний 1.133.000 төгрөгийн үнэтэй аппаратыг эмээгийнхээ хөлийг шарна гэж авч яваад шатаасан. Шатаачихаад шууд актлах саналыг 2015 онд Орон нутгийн өмчийн алба руу явуулж эд хариуцагчийн нэрээс нь хасуулсан байж байгаа. 0022773 гэсэн кодтой, 2014 онд уг ультразвук аппарат хоёр байсан бол 2015 онд нэг байгаа. Хавтаст хэргийн 100, 101 дүгээр хуудсанд байгаа. Хоёрдугаарт "Алтайн хүдэр" ХХК-иас 6 тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн үүнийг нэг Цусны плазмфрозерийн аппарат зах зээлийн үнэ 65.000.000 төгрөгийн аппаратыг хувийн хэвшлийн Цогц лабораторийн эрхлэгч Г.Долгормаад шилжүүлж өгсөн нь Цагдаагийн байгууллага болон дотоод хяналт, Прокурорын газраас тогтоогдсон. Энэ хүн эрх хэмжээгээ хэтрүүлэн ашигласан, ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр гадагш нь гаргасан. 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Цагдаагийн байгууллагаас албан ёсоор хүлээлгэж өгсөн. Гуравдугаарт нь А.Бадмаанямбууг инженер техникийн техникчийн ажилд оруулж өгнө гэж эхний удаад 1.500.000 төгрөг, дараагийн удаад нь 500.000 төгрөг нийт 2.000.000 төгрөгийг хахуульд авсан. Үүнийг иргэн Х.Дондов нотлоно. Нэгдсэн эмнэлэгт 3 удаа гомдол гаргаж байгаа. Миний хүүхдийн амь амьдарлаар тоглосон эрх хэмжээгээ хэтрүүлэн хэрэглэсэн хүний шүүх хуралд сууж байгаагаа мэдлээ гэсэн. А.Бадмаанямбуу мөн ажлаас халагдсан. Дөрөвдүгээр нь энэ хүн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс 31-ний өдөр хүртэл чөлөө зөвшөөрөлгүй ажил тасалж явсан. Манай дотоод журмын 4.2-т чөлөө олгох журам гэж байдаг. Цалинтай, цалингүй чөлөөг зөвхөн ерөнхий эмч олгоно гэж заасан байгаа. Тавдугаарт нь дотоод хяналтаар Нэгдсэн эмнэлгийн даргын тушаалаар удирдамжтай шалгалт явуулсан. 2014, 2015, 2016 оны актлагдсан Нэгдсэн эмнэлгийн өндөр үнэтэй тоног төхөөрөмжүүд дээр шалгалт явуулсан. Энэ дээр 66.000.000 төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмж зөв зүгээр ажиллаж байгаа  тоног төхөөрөмжийг актлах санал явуулсан. Энэ бүгдэд бид нар удирдлагын багийн хурал, өмч хамгаалалын байнгын зөвлөлийн хурлаар хэлэлцээд Н дээр сонсох үйл ажиллагаа явуулсан, мэдэгдэх хуудсыг нь өгсөн өөрөө буруугаа хүлээн зөвшөөрсөн гэв. 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н нь Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн захиргаа нь тус эмнэлгийн инженер техникийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан Н-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.6.2 дахь заалт, удирдлагын зөвлөлийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 4 дүгээр хурлын шийдвэр, Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1, 8.6 дахь заалт зэргийг үндэслэн ажлаас чөлөөлжээ.

Хариуцагч нь ажлаас чөлөөлсөн үндэслэлээ тайлбарлахдаа: Н нь эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад бүртгэлээр байнга хяналт тавих эрх бүхий албан тушаалтан мөртлөө байгууллагын өндөр үнэтэй багаж, тоног төхөөрөмжийг байгууллагын эд хөрөнгийн бүртгэлд авалгүйгээр бусдад дур мэдэн өөр байгууллага руу шилжүүлж, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчлийг давтан гаргасан, 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Ерөнхий эмчээс чөлөө авалгүйгээр ажил тасалсан тул Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээнд заасан “...сахилгын зөрчил давтан гаргасан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагадаа мэдэгдэлгүй ажлын 3 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсанд тооцож, ажлаас халах үндэслэл болохоор заасан байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар ажлаас чөлөөлсөн гэжээ.

Мөн хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Н-ыг албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж байгууллагын өмч болох Ультразвук буюу физик эмчилгээний аппаратыг дур мэдэн авч яваад шатаасан, эд хариуцагчийн нэрээс хасуулж актлах саналыг орон нутгийн өмчийн албанд гаргасан, “Алтайн-Хүдэр” ХХК-иас нийлүүлэгдсэн 65.000.000 төгрөгний үнэ бүхий цусны плазмфрозерийн аппаратыг хувийн эмнэлгийн “Цогц” лаборторийн эрхлэгч Г.Долгормаад эрх мэдлээ хэтрүүлэн шилжүүлсэн байсныг цагдаагийн байгууллагаас хүлээн авсан ч бүрэн ажилд оруулаагүй, дагалдах хэрэгсэл дутуу өгсөн. 

Иргэн А.Бадмаанямбууг эмнэлэгт ажилд оруулж өгнө гэж 2.000.000 төгрөгний хахууль авсан зэрэг ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан гэж маргаж байна. 

Н нь Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн инженер техникийн тасгийн эрхлэгчээр ажиллах хугацаандаа Ультразвук буюу физик эмчилгээний аппаратыг дур мэдэн хувьдаа авсан, цусны плазмфрозерийн аппаратыг хувийн эмнэлэгт буюу бусдад эрх мэдлээ ашиглан шилжүүлсэн асуудалд Н-д холбогдуулан шалгаж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын 107 дугаартай тогтоол 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гарсан байна.

 Хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзэхэд Н-ын байгууллагын эд хөрөнгийг дур мэдэн хувьдаа ашиглах, бусдад шилжүүлсэн зөрчил дутагдалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дугаар зүйлийн 131.2-т заасан сахилгын зөрчил гарснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахаар заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

Нэхэмжлэгч Н “...иргэн А.Бадмаанямбууг ажилд оруулж өгнө гэж 2.000.000 төгрөгний хахууль авсан тухайд гэм буруугийн асуудал нь шалгагдаж тогтоогдсон зүйлгүй, энэ талаарх шийдвэр эцэслэн гараагүй байхад ажил олгогчийн итгэлийг алдсан гэм буруутай гэж үзэх боломжгүй юм...” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Харин Н нь нөхөр С.Мөнхжаргалын Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж онош нь тогтоогдохгүй байсны улмаас яаралтай Улаанбаатар хот руу авч явж онош тодруулах шаардлага гарч 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ш.Сэлэнгээгээс 13 дугаар маягт бичүүлэн тэр өдрөө Улаанбаатар хот явж 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 1 дүгээр эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж, сахиж байгаад улмаар Дархан Анагаагч сувилалд 10 хоног сувилуулж, эмчлүүлээд  2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр буцаж ирсэн талаар хариуцагч тал маргаагүй боловч ажилтан, байгууллагын дотоод журамд заасны дагуу чөлөө, зөвшөөрөл авч мэдэгдээгүй гэж маргаж, ажлаас чөлөөлөх үндэслэл болгож байгааг нэхэмжлэгч эс зөвшөөрч “...би чөлөө авах талаар Ш.Сэлэнгээ эмчид мэдэгдсэн,...хамт ажилладаг Буянхишиг рүү ярьж бичиж үлдээсэн чөлөө хүссэн өргөдлөө өгүүлэхэд эмнэлгийн дарга хүлээж аваагүй,...чөлөө авах талаар өөрийн биеэр уулзах гэтэл Д.Ундрах дарга олдоогүй, гадгаш ажилтай явсан байснаас чадаагүй...” гэж тайлбарлаж байгаа зэргээс үзэхэд  нөхөр С.Мөнхжаргалыг онош тодруулах зорилгоор эмчилгээнд авч явсныг хүндэтгэх үзэх шалтгаантай гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Ажил олгогч ажилтны хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.6-д “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3-с дээш хоног ажил тасалсан...”/х/х-ийн 11 дүгээр хуудас/ тохиолдолд хөдөлмөрийн харилцааг цуцлах ноцтой зөрчил болохоор заажээ.

Н нь хариуцагч байгууллагад хэвтэн эмчлүүлж онош нь тодрохгүй шалтгаанаар өвчтэй байгаа нөхрөө 3 дугаар шатлалын эмнэлэгт тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч Ш.Сэлэнгээ, эмчлэгч эмчийн заавраар эмчлүүлэхээр Улаанбаатар хот авч явахдаа ажил тасалсан байдлыг шүүх хүндэтгэн үзэх шалтгаан   гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Н-ыг  Монгол Улсын Ардын эмч Н.Жамбалын нэрэмжит Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн инженер техникийн тасгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтны ажилгүй байсан хугацааны дундаж цалинг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 дугаар тогтоолын хавсралтад заасныг жишиг болгон уг аргачлалаар тооцон тодорхойлж, хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчид дээрх олговрыг тооцон олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож суутгаж, зохих сангийн дансанд нь шилжүүлэхийг ажил олгогчид даалгах нь зүйтэй гэж үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 133/ШШ2017/00408 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Н-ыг Монгол Улсын Ардын эмч Н.Жамбалын нэрэмжит Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн инженер техникийн тасгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин 3.456.168 төгрөг олгосугай...” гэж, 

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140.449 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н-ын давж заалдсан гомдлыг хангасугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэг, Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шийтгэл төлөх журмын 2е –д заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхийг ажил олгогч Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт даалгасугай.

 

3.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ш.БАТТОГТОХ

 

                         ШҮҮГЧИД                                           Б.АРИУНБАЯР

 

                                                                                     Т.ЖАРГАЛСАЙХАН