Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 413

 

Б.Б, О.Т нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Эрдэнэтуяа,

            шүүгдэгч Б.Б,

цагаатгагдсан этгээд О.Т, түүний өмгөөлөгч С.Алтантуяа,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 04 дугаартай эсэргүүцлээр Б.Б, О.Т нарт холбогдох эрүүгийн 1910001450771 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. ..........................., 1988 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хорооллын 9-76 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ЧИ.................../;

 

            2. ........................., 1989 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сүлжээний инженер мэргэжилтэй, Харилцаа холбооны сүлжээний газарт инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 16 дугаар байрны 405 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................./;

 

            Б.Б, О.Т нар нь бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан хилл” цогцолборын “Ион” нэртэй баарны гадаа иргэн Ж.Зоригтыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Б, О.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газраас ..............................ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Сартод овгийн Боргилхуягийн Бархаст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчилж, шүүгдэгч ......................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч ........................т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 3.290.810 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Зоригтод олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 1910001450771 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, эрүүгийн 1910001450771 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Б, цагаатгагдсан этгээд О.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, О.Т бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тоогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б, цагаатгагдсан этгээд О.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б, цагаатгагдсан этгээд О.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор О.Алтангэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “Анхан шатны шүүхийн шийдвэрт заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна. Тогтоолын шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт хэсэгт “...хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дангаар болон бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтүүд, шинжээчийн мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтууд, шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтууд, тэр дундаа камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хэрэгт хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий сидиг шүүх хуралдааны явцад үзсэн тухай болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр О.Тт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэв.” гэж дүгнэсэн байх бөгөөд шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан нотлох баримтууд нь О.Тт холбогдох хэргийг үгүйсгэн няцаах үндэслэл болж чадаагүй байна. Шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэг бүхий сидиг шүүх хуралдааны явцад үзсэн дүгнэлт, шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б, О.Т, хохирогч Ж.Зоригт нарын өгсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан гэрч Ч.Билгүүнбаяр, Б.Содбаяр нарын мэдүүлгээр шүүгдэгч О.Т нь шүүгдэгч Б.Б, хохирогч Ж.Зоригт нар харилцан заамдалцсан байхад Ж.Зоригтын өмсөж явсан гадуур хувцасны малгайнаас хойш татаж санаатайгаар унагаан Б.Быг хохирогч Ж.Зоригтын нүүрэн тус газар цохих боломжийг бүрдүүлж, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн болох нь тогтоогдсон байхад “...О.Т нь маргааны үеэр хохирогч Ж.Зоригтыг татаж унагааснаас өөрөөр хохирогч Ж.Зоригтын биед хүрээгүй. ...хохирогчийн биед О.Т цохиж зодож дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх нотлох баримтгүй байна. ...” гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

 

Цагаатгагдсан этгээд О.Тийн өмгөөлөгч С.Алтантуяа прокурорын эсэргүүцэлтэй танилцаад тус шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцэлд “...шүүгдэгч О.Т нь шүүгдэгч Б.Б, хохирогч Ж.Зоригт нарыг харилцан заамдалцсан байхад Ж.Зоригтын өмсөж явсан куртикны малгайнаас хойш татаж санаатайгаар унагаан Б.Быг хохирогч Ж.Зоригтын нүүрэн тус газар цохих боломжийг бүрдүүлж, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн” гэсэн дүгнэлт хийсэн боловч энэ нь хавтас хэрэгт авагдсан болон анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлгээр батлагдаагүй. Харин ч О.Т нь Б.Б, хохирогч Ж.Зоригт нар заамдалцан зууралдаж байх үед Ж.Зоригтын куртикны малгайнаас татаж холдуулан зодооныг эхний удаа салгасан байдаг. Мөн шүүгдэгч Б.Б нь хохирогч Ж.Зоригтын нүүр рүү цохиж зодож байх үед ч гэсэн О.Т нь хүрч ирээд Б.Быг холдуулан 2 дахь удаагаа зодооныг салгаж, гэмт хэргийг таслан зогсоосон байдаг. Анхан шатны шүүхээс үүн дээр “О.Т нь дээрх маргааны үеэр хохирогч Ж.Зоригтыг шүүгдэгч Б.Бтай заамдалцсан байдалтай байхад нь хохирогчийн араас гадуур хувцасны малгайнаас татаж унагааснаас өөрөөр хохирогчийн биед хүрээгүй бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан “...баруун нүдний ухархайн дотор хана болон доод ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхины зулгаралт, баруун нүдний алимны гадна, дотно салстын цус харвалт...” бүхий хөнгөн хохирол нь О.Тийн энэ үйлдэлтэй шалтгаант холбоогүй, хохирогчийн биед О.Т цохиж зодож дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх нотлох баримтгүй байна. Харин газар унасан байхад нь Ж.Зоригтын нүүрэнд гараараа 4-5 удаа цохисон Б.Бын гэмт үйлдэлтэй хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл шууд шалтгаант холбоотой байна” гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэлтэй зөв дүгнэлт байна. Өөрөөр хэлбэл, хохирогч Ж.Зоригтын нүдэнд үүссэн хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Б.Бын цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна. Эдгээр нь хавтас хэрэгт авагдсан болон анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгээр хангалттай нотлогдсон. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Ж.Зоригтод гэмтэл учруулсандаа гэмшиж байгаа бөгөөд хохирлыг барагдуулна.” гэв.

 

Цагаатгагдсан этгээд О.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэгт би өөрийн мэдэлгүй татагдан оролцсон байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

Цагаатгагдсан этгээд О.Тийн өмгөөлөгч С.Алтантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүхэд гаргасан прокурорын эсэргүүцэлтэй танилцаж тайлбар гаргасан. Прокуророос О.Т нь шүүгдэгч Б.Быг хохирогчийн нүүрэн тус газар цохих боломжийг бүрдүүлж, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн болох нь тогтоогдсон гэж эсэргүүцэлдээ бичсэн байна. Гэхдээ прокурор яллах дүгнэлтдээ, О.Тийг дэмжлэг үзүүлсэн гэж дүгнэсэн болохоос дэмжлэг үзүүлсэн болох нь тогтоогдоогүй. О.Т нь Ж.Зоригтын куртикных нь малгайнаас татсан нь хохирогч Ж.Зоригт болон шүүгдэгч Б.Б нарын заамдалцсан үйлдлийг салгахаар татсан нь камерын бичлэгээс тодорхой харагддаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж хуульчилсан. Гэтэл О.Т нь Ж.Зоригт, Б.Б нарыг заамдалцсан байхад нь куртикных нь малгайнаас татсан үйлдэл нь урьдчилж амлаагүй, хамжсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин ч О.Т нь бие бие рүүгээ довтлоход бэлэн байсан хохирогч, шүүгдэгч нарын үйлдлийг малгайнаас нь татаж, таслан зогсоох идэвхтэй үйлдэл хийж байсан. Мөн шүүгдэгч Б.Б нь хохирогч Ж.Зоригтыг газар унасан байхад нь нүүр рүү нь олон удаа цохисон. Энэхүү үйлдлийг мөн О.Т таслан зогсоосон. Ийм олон удаагийн таслан зогсоосон идэвхтэй үйлдэл хийсэн байхад гэмт хэргийн хамжигч байсан гэж хэт нэг талыг барьж байгаа нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр хэргийн оролцогчид хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэгийг шинжлэн судалсан. Тэгэхэд прокуророос “О.Т нь Ж.Зоригтыг хальт цохисон байж магадгүй” гэж өөрийн яллах дүгнэлтдээ эргэлзэж, О.Тийг гэм буруугүй болохыг хүлээн зөвшөөрсөн болох нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Иймд О.Т нь зодооныг эхлүүлэх нөхцөлийг бүрдүүлээгүй, зодоонд оролцоогүй, хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан нь О.Тийн үйлдэлтэй шалтгаант холбоогүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.” гэв.

 

Прокурор Х.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж хуульчилсан. О.Т нь уг гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон байхад хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Гэмт хэргийг хамтран үйлдэхдээ хор уршгийг хэн нь учруулснаас үл хамаарч оролцогч тус бүрийг үйлдэл, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулах ёстой. Мөн шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.6 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй бол ноцтой зөрчилд тооцно” гэж заасан. Анхан шатны шүүх хуралдаанд томилолтоор Н.Пүрэвтогтох прокурор оролцсон байхад шүүх тогтоолдоо прокурор П.Болормааг оролцсон гэж бичсэн байна. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “хуралдаанд оролцож байгаа талуудыг шүүхийн шийдвэрт заавал бичнэ” гэсэн байтал оролцоогүй прокурорыг бичсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Прокуророос шүүгдэгч Б.Б, О.Т нарыг бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан хилл” цогцолборын “Ион” нэртэй баарны гадаа иргэн Ж.Зоригтыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд шүүгдэгч О.Тт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, Б.Бт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана” гэж заажээ.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, анхан шатны шүүх хохирогч Ж.Зоригтын “...би “манай найз чамд амжилт хүсэж байхад чи юу гээд байгаа юм” гэсэн чинь намайг зодсон гэх залуугийн найз намайг араас шат руу түлхээд унагаасан. Унаад босож ирээд яаая гээд доголоод байж байхдаа намайг зодсон залуутай барьцалдаад байж байхад миний нүүр рүү гараараа цохисон. ...би тэгээд ухаан алдаад унасан. ...” /хх 20-21/, гэрч Ч.Билгүүнбаярын “...Ингээд шатан дээр зогсож байхад 26-27 орчим насны хар куртик өмссөн залуу Ж.Зоригтын нүүр рүү баруун гараараа нэг цохисон. Цохисоны дараа Ж.Зоригт ухаан алдаад газар унасан. Тэгээд газар унасан байхад нь саравчтай малгайтай намхандуу залуу Ж.Зоригтын нүүр рүү өшиглөсөн. Энэ үед эхэлж Ж.Зоригтыг цохиж унагаасан залуу Ж.Зоригтын нүүр рүү 2 удаа өшиглөсөн. ...” /хх 29-30/, гэрч Б.Содбаярын “...О.Т Ж.Зоригт гэх залууг араас нь “чи болиоч” гээд татхад газар унасан. Унасны дараа буюу унаж байхад нь Б.Б 2-3 удаа цохиод дээрээс нь өшиглөж харагдсан. ...” /хх 36/ гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг болон олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. ...” /хх 38/ гэх дүгнэлт, хяналтын камерын бичлэг бүхий дискэнд үзлэг хийсэн “...Ж.Зоригтын баруун талд зогсож байсан хар куртиктэй, малгайгүй залуу Ж.Зоригтыг 2 гараараа түлхэн шат уруу унагаав. Үүний дараа Ж.Зоригт нь гуйвсан байдалтай хөл дээрээ босож ирсэн ба саарал өнгийн саравчтай малгайтай залуу ирж заамдалцаж байх үед хар өнгийн куртиктэй, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, малгайгүй эрэгтэй Ж.Зоригтын куртикний малгайнаас нь зүүн гараараа татаж байгаад баруун гараараа нүүрэнд нь 2 удаа цохин Ж.Зоригтыг газар унагав. ...газар унасан байсан Ж.Зоригтыг саарал өнгийн саравчтай малгайтай залуу баруун гараараа нүүр болон гэдэс рүү нь 5 удаа цохив. ...шатаар доош буух үед Ж.Зоригтыг хамгийн эхэнд цохисон залуу Ж.Зоригтын ар талын гуя хэсэг рүү 1 удаа баруун хөлөөрөө өшиглөн мөн шатаар уруудан явав. ...” /хх 15-16/ гэх тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг ямар нотлох баримтаар няцаан үгүйсгэсэн нь тодорхойгүй байх бөгөөд О.Тт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь үндэслэлийн аль нэг нь байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө” гэж, мөн зүйлийн 1.1-т “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхийн гаргасан алдаа, зөрчил нь хуулийн энэ үндэслэлд хамаарч байна.

Иймд, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл үүсэв.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй;” гэж, мөн зүйлийн 2-т “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.” гэж тус тус заажээ.

 

Б.Б, О.Т нар нь 2019 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Ж.Зоригтын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд прокуророос 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол үйлджээ. /хх 76-83/

 

Анхан шатны шүүх дээрх үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно.” гэж заасныг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татах хүртэл тоолохоор зохицуулжээ.

 

Дээрх байдлаар хуульд өөрчлөлт орсон боловч 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж заасан зохицуулалт нь хуулийн өөрчлөлтийн аль аль цаг хугацаанд үйлчилж байгаагаас үзэхэд яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацаа тоолох ойлголтыг 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш үйлдсэн гэмт хэргийг шийдвэрлэхэд хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг хэвээр үлдээж, түүнтэй зөрчилдөж байсан шүүхээр шийдвэрлэх хүртэл хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг хуулиас хассан тул яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолох ойлголт нь буцаан хэрэглэгдэж байгаа гэж үзэхгүй.

 

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй.” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэглэх талаар хууль зүйн тодорхой, ойлгомжтой дүгнэлт хийж хэргийг дахин шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Энэхүү зохицуулалттай холбогдуулан шүүгдэгч Б.Б, О.Т нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан дээрх гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь процессын шинжтэй хэм хэмжээг агуулсан бөгөөд материаллаг хуулийн хэм хэмжээний нэгэн адил буцаан хэрэглэгдэх эсэх нь тухайн хэм хэмжээний мөн чанар, зохицуулалтын онцлогоос хамаарч өөр өөр байдлаар тайлбарлагдаж, хэрэглэгдэж болохыг эрх зүйн онолын хүрээнд хүлээн зөвшөөрдөг байна. Тодруулбал, материалллаг болон процессын хэм хэмжээ өөр, өөр харилцааг зохицуулдаг, хоорондоо ялгаатай болох нь ойлгомжтой хэдий ч зарим тохиолдолд тэдний зохицуулалтын хил хязгаар давхцаж, холимог шинжийг агуулж байдаг тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэдгээрийг харилцан уялдаатай байдлаар тайлбарлаж, хэрэглэх боломжтой байдаг.

 

Иймээс процессын шинжтэй хэм хэмжээг агуулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийг шат шатны шүүх хэрэглэх хууль зүйн үндэслэл үүсч байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, Б.Б, О.Т нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцтэл шүүгдэгч Б.Б, О.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б, О.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцтэл Б.Б, О.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                                                                                                                             

 

                                    ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ