| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2023/0172/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/179 |
| Огноо | 2023-10-12 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/179
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, улсын яллагч А.Э*******, шүүгдэгч Б.Н*******, түүний өмгөөлөгч Д.Ариунтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д******* овогт Б******* Н*******ад холбогдох эрүүгийн 2331004610187 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн М******* суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн М******* сумын Тарни ** дугаар баг, “.....” гэх газарт оршин суух хаягтай, урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Д******* овогт Б******* Н*******, РД: /*******/
Шүүгдэгч Б.Н******* нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Сэлэнгэ аймгийн Шаамар сумын, Д******* 1 дүгээр баг, “Тэмээн хүзүү” гэх газарт зөвшөөрөлгүйгээр 2 тооны гөрөөс агнасан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Н******* нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Сэлэнгэ аймгийн Шаамар сумын, Д******* 1 дүгээр баг, “Тэмээн хүзүү” гэх газарт зөвшөөрөлгүйгээр 2 тооны гөрөөс агнасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл[1], хохирогч П.Даваа-О******* мэдүүлэг[2], гэрч Э.Ш мэдүүлэг[3], гэрч М.Х мэдүүлэг[4], гэрч С.Э мэдүүлэг[5], гэрч Б.Б мэдүүлэг[6], Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлт[7] зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.Н******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2 дахь хэсэгт зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар амьтны аймагт учирсан нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтоосон шинжээчийн дүгнэлтээр 2 тооны бор гөрөөсний үнэлгээ 1,600,000 төгрөгийг шүүгдэгч Б.Н*******аас албадан гаргуулан, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэсэн.
Шүүгдэгч нь 2 тооны гөрөөсний үнэ 1,600,000 төгрөгөө мал зарж нөхөн төлөхөө илэрхийлснийг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчийн зүгээс эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ял тохирч, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд ял, албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н*******ад хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар оршин суух газар, ажлаа өөрчлөн явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсэн.
Мөн шүүгдэгчид гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүргийг хүлээлгэхээр тогтоов.
Шүүгдэгч Б.Н******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн гол төмөр дугааргүй, замаг 10920 дугаартай гар хийцийн галт зэвсэг 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэвэл зохилтой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д******* овогт Б******* Н*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н*******ад хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Б.Н*******ад гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүргийг хүлээлгэх, мөн тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөн явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
4.Шүүгдэгч Б.Н******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн гол төмөр дугааргүй, замаг 10920 дугаартай гар хийцийн галт зэвсэг 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
6.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2 дахь хэсэг, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт тус тус зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, амьтны аймагт учирсан нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтоосон 2 тооны бор гөрөөсний үнэлгээгээр тогтоогдсон 1,600,000 /нэг сая зургаан зуун мянга/-н төгрөгийг шүүгдэгч Б.Н*******аас албадан гаргуулан, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10.Дээр дурьдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ