Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 215

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг Замын-Үүд сумын 1-р баг “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг Замын-Үүд сумын 1-р багт оршин суух Б овогт П.Б-т холбогдох,

 “Хэрэглээний ус, дулааны төлбөр 540,824 төгрөг” гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... орон сууцны ... тоотод оршин суух П.Б нь 2018 оны 01 дүгээр сараас 2020 оны 06 дугааар сарын 01-нийг хүртэлх хугацаанд хэрэглэсэн ус, дулааны төлбөр нийт 540,824 төгрөгийг төлөөгүй хуримтлагдсан байна. Хэрэглэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар борлуултын байцаагч удаа, дараа утсаар ярьж шаардан, хууль эрх зүйн мэргэжилтэн биечлэн уулзсан боловч төлбөрөө төлөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд П.Б-с 2018 оны 01 дүгээр сараас 2020 оны 06 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд хэрэглэсэн ус, дулааны төлбөр 540,824 төгрөгийг гаргуулж өгнө үү ...” гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд: “...Замын-Үүд сумын 1-р баг ... байрны ... тоотод оршин суух П.Б нь 2019 оны 10 сарын 01-ний өдөр манай компанитай айл өрхийг цэвэр ус, халаалт ус дулаанаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан. Уг гэрээний 3.5 дахь хэсэгт “шинээр эзэмшилдээ авч буй иргэн эрчим хүчний зохицуулах хорооны аж ахуйн харилцааны дүрмийн 2.5-т зааснаар өр төлбөргүйн баталгаа хангагчаас авсан байх, хэрэв өртэй айлын орон сууц худалдан авсан тохиолдолд холбогдох хууль, дүрэм журмын дагуу уг үлдэгдэл төлбөр тооцоог төлөх үүрэг хүлээнэ  гэсэн байгаа. Хавтаст хэрэгт уг гэрээний нотариатаар батлуулсан хуулбарыг өгсөн байгаа. Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 сарын 11-ний өдрийн 292 дугаартай тогтоолын хавсралт болох аж ахуйн харилцааны дүрэм, энэ дүрэм ямар харилцааг зохицуулдаг вэ гэхээр дулаанаар хангах, тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрэглэгч хоорондын харилцааг зохицуулна гэсэн дүрэм байгаа. Дүрмийн 2.5-т хэрэглэгч нь барилга байгууламжийг өөр этгээдэд өмчлүүлэх, эзэмших, шилжүүлэх тохиолдолд хангагчтай байгуулсан гэрээг 7 хоногийн өмнө цуцалж, төлбөр тооцоог дуусгах ба шинэ эзэмшигч нь хэрэглэсэн дулааны эрчим хүчний тооцоог дуусгасан тухай хангагч байгууллагаас тодорхойлолт авсан байх ёстой гэж байгаа юм. Тэгэхээр энэ журамд зааснаар Б нь 10 сарын 01-ний өдөр гэрээ байгуулахдаа, өмнөх хүнээсээ энэ байрыг худалдаж авахаас өмнө манай байгууллага дээр ирээд энэ хүн өр төлбөртэй эсэхийг асуух ёстой. Хэрвээ төлбөртэй байвал нөгөө хүнээсээ шаардаад эсхүл байрны төлбөрөөсөө үнийн дүн дээрээ тооцоо хийх боломж байсан. Мөн дүрмийн 2.2-т иргэн, хуулийн этгээд дулааны эрчим хүчээр хангах гэрээг байгуулахаас өмнө дараах шаардлагыг хангасан байна. 2.2.2 хэрэглэсэн дулааны эрчим хүчний тооцоог баталгаажуулах, өр төлбөрөө бүрэн барагдуулсан байх гэж байгаа, гэрээ байгуулахдаа бүгдтэй нь уншиж танилцсан байх. Гэрээ болон .дүрэмд заасан мөн Эрчим хүчний тухай хуулийн 30-р зүйл хэрэглэгчийн эрх үүрэг гэсэн зүйл заалтын 30.1.2-т эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх гэж байгаа, тэгэхээр өмнөх айлын төлбөрийг төлөхгүй гэж байгаа боловч өөрийнхөө хэрэглэсэн ус, дулааны мөнгөө ч төлөөгүй энэ хуулийн зүйл заалтыг зөрчөөд үүргээ биелүүлэхгүй явж байгаа. 31-р зүйлд төлбөр хийх, торгууль ногдуулах гэсэн зохицуулалт байна. Мөн эрчим хүч, ус дулаанаар хангагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчидэд хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэхээр алданги ногдуулна гэж байгаа боловч манай байгууллагаас энэ байрыг худалдаж авснаас хойшхи алданги тооцоогүй. Мөн нэхэмжлэлийн шаардлагаас өмнөх айлын алданги болох 137,414 төгрөгнөөс татгалзаж байгаа юм. Иймд хариуцагч П.Б-с 403,410 төгрөгийг гаргуулж Ч ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэсэн шаардлагыг гаргаж байна...” гэв.

Хариуцагч П.Б шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд: “...Би уг мөнгийг төлж чадахгүй, өөрийнхөө хэрэглэсэн ус, дулааны мөнгөө 121,600 төгрөгийг төлнө, би хил хооронд явдаг байсан одоо явахгүй байгаа болохоор төлөх ямар ч боломжгүй байгаад байна. Манайх 2019 оны 6 сард худалдаж авсан, байрны өмнөх эзэн Б-г өмнө нь таньдаг байсан, намайг авч байхад янз бүрийн өр байхгүй, зөвхөн банк бусын мөнгө л төлнө гэж хэлээд зарсан. Эхний ээлжинд 8,500,000 төгрөг хавьцаа төлөөд банк бусад өгөөд авсан. Тэгээд байрандаа ороод сарын дараа ийм өртэй гэж мэдээд Б-д хэлэхэд би төлөхгүй чадахгүй, надад хамаагүй наадуул чинь ингэж л байдаг юм гээд байсан. Сүүлдээ гуйгаад 50, 50 хувиар төлье гээд гуйгаад бараагүй, харин би өөрийнхөө төлбөрийг бол сар бүр мессеж ирээд л төлдөг байсан, хил хаагаад жаахан хэцүү байна, гэхдээ өөрийнхөө хэрэглэсэн төлбөрийг төлнө. Дэлхий даяараа ийм аюултай өвчин гараад хөл хорио тогтоогоод байхад жаахан уян хатан хандах нөхцөл, гэрээнд байдаггүй юм уу? би өөрийнхөө төлбөрийг төлнө, харин Б-н мөнгийг төлөхгүй...” гэв.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ч” ХХК нь хариуцагч П.Б-т холбогдуулан 2018 оны 01 дүгээр сараас 2020 оны 06 дугаар сар хүртэлх хэрэглээний ус, халаалтын төлбөр 540,824 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүх хуралдаанд алданги болох 137,414 төгрөгнөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа бууруулан 403,410 төгрөгийг шаардсан.

Хариуцагч нь “... байрыг 2018 оны 06 сар худалдаж авсан, уг хугацаанаас өмнөх төлбөрийг төлөхгүй, худалдаж авснаас хойшхи төлбөр 121,600 төгрөгийг төлнө...” гэж маргаж байгаа болно.

Хариуцагч П.Б нь Дорноговь аймаг Замын-Үүд сумын 1-р баг ... тоот орон сууцны өмчлөгч, мөн уг байранд оршин суудаг болох нь зохигчдын тайлбар, айл өрхийн  цэвэр ус, халаалт дулаанаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээгээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ч ХХК нь хот суурины дулаан хангамж, ус хангамж, ариутгах татгуурын ашиглалт, инженерийн шугам сулжээний засвар, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хүрээнд Замын-Үүд сумын 1-р баг ... байрыг ус, дулаанаар хангах үйлчилгээ үзүүлдэг болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. /хх-ийн 6, 23-26/

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд айл өрхийн цэвэр ус, халаалт дулаанаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл байгуулсан байна. /хх-ийн 23-26/

Орон сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлөх”, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т зааснаар “цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх”, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар “эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх” үүргийг тус тус хүлээсэн байна.

Мөн нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулсан айл өрхийн цэвэр ус, халаалт дулаанаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээний гуравт хэрэглэгчийн эрх, үүргийг заасан байна. Гэрээний 3.5 дахь хэсэгт “...шинээр эзэмшилдээ авч буй иргэн эрчим хүчний зохицуулах хорооны аж ахуйн харилцааны дүрмийн 2.5-т зааснаар өр төлбөргүйн баталгаа хангагчаас авсан байх, хэрэв өртэй айлын орон сууц худалдан авсан тохиолдолд холбогдох хууль, дүрэм журмын дагуу уг үлдэгдэл төлбөр тооцоог төлөх үүрэг хүлээнэ” гэж заасан байх тул хариуцагч П.Б-н татгалзал үндэслэлгүй, нэхэмжлэгч Ч ХХК  нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар П.Б-с шаардах эрхтэй гэж үзнэ.

 Иймд хариуцагч П.Б-с хэрэглээний ус, дулааны төлбөр 403,410 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч ХХК-д олгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1,  116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар хариуцагч П.Б-с хэрэглээний ус, дулааны төлбөр 403,410 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ч Б” ХХК-д олгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,578.12 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас илүү төлсөн 1,703.4 төгрөгийг, хариуцагч П.Б-с 12,752 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ч” ХХК-нд олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.Н