Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 05

 


Г.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж даалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 144 дугаар шийдвэртэй,
Б-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын дунд сургуульд холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.
 Нэхэмжлэгч Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын иргэн Г.Балгармаа миний бие 2010 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сургуулийн жижүүрээр ажиллаж байгаад Хөхморьт сумын сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/05 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Миний бие нь ажиллаж байхдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй. Энэ тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй, хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. Гаргасан тушаал нь хөдөлмөрийн тухай хуулийг үндэслээгүй дотоод журам үндэслэж халсан гэж байгаа боловч манай сургуульд баталсан мөрдөгдөж байгаа дотоод журам байдаггүй, ажлын байраа орхиж архидан согтуурсан гэж ор үндэслэлгүй худлаа зүйл оруулсан, миний бие нь сургуулийн жижүүр албан тушаалтай ажиллаж байхад энэ тушаал дээр сургуулийн үйлчлэгч гэж буруу гаргасан алдаатай байна. Иймд миний бие уг тушаалыг үндэслэлгүйгээр гаргасан гэж үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Хөхморьт сумын дунд сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/05 тоот тушаалыг хянан үзэж, ажилд эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Э.Пүрэвдагва шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Эрдэнэчимэгийн Пүрэвдагва нь тус сургуулийн захирлын ажлыг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сумын Засаг даргын тамгын газраас комисс гаран үүрэгт ажлаа хүлээн авсан болно. Нэхэмжлэгч Т.Балгармааг ажлаас халсан шалтгаан нь: Үүрэгт ажлаа хүлээн аваад үдээс хойш 15 цаг 30 минутын үед сургууль орчинтой танилцаж явах үед үйлчлэгч Б нь 01 дүгээр сарын 02-ны өдрийн өглөөний 9 цагаас оройн 17 цаг хүртэл жижүүрийн ээлжийн ажилтай байсан боловч ажлын байрандаа байгаагүй учир 3 удаа үйлчлэгч Ц.Магнайбаяраар дуудуулсан боловч ирээгүй. Дахин 16 цаг 30 минутын орчимд очиход мөн ажлын байрандаа ирээгүй байсан. Намайг явсны дараа үйлчлэгч Г.Балгармаа нь 16 цаг 50 минутын орчимд ажилд дээрээ согтуу ирж коридорт байсан жижүүрийн сандал ширээг авч шидэн орилж, хашгирч нярав Ш.Бүрэнтогтох, Ц.Магнайбаяр, тогооч Ц.Цэрэндулам, эмч Х.Сарангэрэл нарыг хэл амаар доромжлон танхайрч байхад нь нөхөр Б.Батбаатар нь машинтай ирж авч явсан. 17 цаг 00 минутад жижүүр хүлээлцэх үйл ажиллагааг хянахаар очиход үйлчлэгч Б нь ажлаа хүлээлцээгүй зэрэг үйлдлүүд гаргасан тул хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзсэн. Үйлчлэгч Б нь 2010-2016 он хүртэл ажиллах хугацаандаа удаа дараа ёс зүйн зөрчил гаргаж ажил сэлгэн ажиллуулах болон сахилгын арга хэмжээнүүдийг авч байсан байна. Б нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслээгүй гэсэн шалтгааныг гаргаж байгаа боловч хөдөлмөрийн гэрээнд нь Хөдөлмөрийн тухай хуулийн сахилгын шийтгэлүүд болон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлүүдийг оруулж өгсөн байгаа. Мөн "Хөдөлмөрийн гэрээ"-д заасан нэмэлт заалтуудыг зөрчсөн байна./Хөдөлмөрийн гэрээг хавсаргав 5 хуудас/ Сургуулийн дотоод журам батлагдаагүй гэж байгаа боловч 2016-2017 оны хичээлийн жилд мөрдөгдөх "Дотоод журам"-ыг өмнө гүйцэтгэж байсан захирал Ц.Гэрэлцэцэг нь батлан мөрдөж байсан учир түүнийг хүчинтэй гэж үзэн мөрдөн ажиллаж байна. /Сургуулийн дотоод журмыг эх хувиар хавсаргав 11 хуудастай/ Нэхэмжлэгч Г.Балгармаа нь жижүүрийн албан тушаалтай гэж байгаа боловч манай сургуульд жижүүрийн орон тоо байдаггүй. Ц.Гэрэлцэцэг захирлын гаргасан 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/01 дугаартай тушаалыг мөрдөн ажиллаж байна гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Тогоочийнхон овогт Гүнсэнгийн Балгармааг урьд эрхэлж байсан ажил буюу Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын дунд сургуулийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Б-ийн ажилгүй байсан хугацааны олговорт 1.610.912 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын дунд сургуулиас гаргуулан нэхэмжлэгчид олгохыг дурдаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт  зааснаар дээрх ажилгүй байсан хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл,  хураамжийг  тооцон, Б-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын бүрэн дунд сургуульд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын дунд сургуулиас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 1.610.920 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 40.726 төгрөг, нийт 110.926 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан улсын орлогод оруулахыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Э.Пүрэвдагва давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 144 дугаартай шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа тул гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Б 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр жижүүрийн ээлжийн ажилтай байх үедээ ажлын байранд согтуу ирж, жижүүрийн сандал ширээ авч шидэн улмаар орилж хашгирч, жижүүр хүлээлцэх ажил хүлээлцээгүй бөгөөд удаа дараа ажлын байрандаа сахилгын зөрчил гаргаж байсан юм. 
Ингээд сургуулийн захирлын зүгээс дээрх зөрчилд нь хөдөлмөрийн гэрээ дотоод журмыг үндэслэн хууль зүйн дагуу ажлаас нь чөлөөлсөн. Анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 144 дугаартай шийдвэрийг дахин магадалж, нэхэмжлэгч Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. 

Нэхэмжлэгч Б нь Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын дунд сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1-д заасан “шийдвэр удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ”, 118.5-д заасан “...хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангасан, хэрэгсэхгүй болгосон ...эсэхийг заана...” гэсэн зарчмыг зөрчсөн буюу шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг, шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон Батмөнхийн Жаргалсайханы тухай бичигджээ.

Ийнхүү шүүх хуралдааны тэмдэглэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасан журамд нийцэж гараагүй нь  шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүйг гэрчилж байна.

Анхан шатны шүүхийн дээрх алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөх, залруулах боломжгүй тул анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцэж, шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэлээ хууль тогтоомжид нийцүүлэн гаргах нь зүйтэй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдааны шатнаас хэлэлцүүлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 144 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхэд буцаасугай.

2.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.