Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2022/0176

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: С ХК /РД:**********/,

Хариуцагч: ******* А.Т 

Гомдлын шаардлага: Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ***** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, гомдол гаргагчийн өмгөөлөгч Г, хариуцагч А., гуравдагч этгээд Н, түүний өмгөөлөгч Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Наранцацрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч С ХК шүүхэд гаргасан гомдлын шаардлага, түүний үндэслэлдээ: “Манай компани нь Монгол Улсын сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны ууган аж ахуйн нэгж бөгөөд 1958 оноос хойш дотоодын хэрэгцээг чанарын шаардлага бүхий сүүн бүтээгдэхүүнээр өнөөдрийг хүртэл хангаж ирсэн ба 2021 оноос “Ш” нэрийн савалгаа бүхий сүүн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж ажилласан.

Улмаар иргэн Н зүгээс Оюуны өмчийн газарт хандаж “Ш” нэрийн савлагаа бүхий сүү, сүүн бүтээгдэхүүний нэртэй холбогдуулан гомдол гаргасан. Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/163 дугаар тушаалаар улсын бүртгэлийн ******* дугаартай Барааны тэмдэгтийн гэрчилгээг авсан ба тухайн барааны тэмдэгтийн гэрчилгээгээр “улаан өнгийн дэвсгэр дээр, цагаан өнгөөр тодорхой үсгийн шрифтээр ш******* гэж бичигдсэн, тухайн бичиглэлийн доод хэсэгт үг болон дүрс агуулсан барааны тэмдэг”-ийн эрхийг хамгаалуулсан ба С ХК нь хамгаалагдсан барааны тэмдгийн “ш*******” нэрийг ашигласан гэж үзэж 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гомдол гаргасан байдаг.

Оюуны өмчийн газрын улсын ахлах байцаагчийн зүгээс улсын бүртгэлийн ****** дугаартай барааны тэмдэгтийн гэрчилгээгээр иргэн Н олгосон Барааны тэмдэгтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийг зөрчиж С ХК нь “Ш" гэх нэршил ашигласан гэж үзэж 0020253 дугаартай шийтгэлийн хуудсыг оногдуулсан нь илтэд үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь манай компанийн зүгээс улсын бүртгэлийн ***** дугаартай барааны тэмдэгтийн гэрчилгээгээр иргэн Н нь өөрийн барааны “шинж агуулга бүхий тодорхой өнгө дүрслэл бүхий үгийн бичиглэл”-ийг хамгаалуулсан гэж ойлгож байгаа ба "Ш” гэх үг нь Монгол хэлний үгсийн санд байх, нийтээр өргөн хэрэглэдэг нэр томъёо ба “Ш*******” гэх нэршил нь тухайн бүтээгдэхүүний амт чанарыг тодорхойлсон утгатай үг тул тухайн хамгаалагдсан барааны тэмдэгтэд хамаарахгүй гэж үзэж байгаа болно.

Монгол улсын Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгээс “Ш*******” хэмээх үгийг дараахь байдлаар тайлбарласан байдаг. Үүнд:

1/ Ш******* хэмээх үгийг “Монгол хэлний тайлбар толь”-д “Амт бүхий”, “Амт чанар” гэх зэргээр тодорхойлж иржээ. Иймээс “Ш******* байдал” гэх зэргээр хэрэглэдэг бөгөөд тухайн бүтээгдэхүүнд агуулагдах чанарыг тодорхойлдог болно гэжээ.

2/ “Ш*******” хэмээх үгийг хүнсний технологид өргөн хэрэглэж байна. “Ш******* бодис”, “Ш******* бодисын агууламж”, “Ш******* байдал” гэх зэргээр хэрэглэдэг бөгөөд тухайн бүтээгдэхүүнд агуулагдах чанарыг тодорхойлдог болно гэсэн.

Мөн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “барааны тэмдэгт тооцохгүй” байх тохиолдлыг зохицуулсан ба тус зүйлийн 5.1.2-т “тухайн бараа, үйлчилгээг тодорхойлсон нэр, барааны тоо, хэмжээ, жин, чанар, зориулалт, үнэ, үйлдвэрлэсэн газрын нэр, газар зүйн нэр, түүний товчлол, газрын зураг дээрх байршил, арга, хугацаа зэргийг тайлбарласан үг, дурс” гэж заасан, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “барааны тэмдэг” гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг” гэж тодорхойлсон бөгөөд “Ш*******” гэх үг нь тухайн хүнсний бүтээгдэхүүний чанар байдлыг тодорхойлсон нэршил гэж ойлгоно.

Харин улсын бүртгэлийн ******* дугаартай барааны тэмдэгтийн гэрчилгээгээнд дурдсан барааны тэмдэг нь иргэн н. барааны “шинж агуулга бүхий тодорхой өнгө дүрслэл бүхий үгийн бичиглэл”-ийг хамгаалуулсан бөгөөд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн хүрээнд “Ш*******” гэх үгийг иргэн, хуулийн этгээд нь барааны тэмдэгтээр эзэмших боломжгүй байтал Оюуны өмчийн газрын улсын ахлах байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 3,000,000 төгрөгийн торгууль тавьсан нь илтэд үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Оюуны өмчийн газрын улсын ахлах байцаагчийн ***** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Н барааны тэмдэг өнгө дүрсний хослолоор  “Ш*******” өнгө дүрс нь улбар шар өнгийн  загвараар барааны тэмдэгтэд бүртгүүлсэн, манай компани “Ш******* сүү” хосолмол үгтэй цэнхэр өнгөөр мэдүүлсэн. Хэрэглэгчдийг төөрөгдүүлээгүй өнгө дизайнаараа өөр, манай бүтээгдэхүүний гаднах байдал өөр байгаа. Гуравдагч этгээдтэй уулзаж хамтран ажиллах, тоног төхөөрөмж, техник технологийг сайжруулах санал тавьсан. Өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байгаа. Манайх хамтран ажиллахад бэлэн байна.” гэв.

3. Гомдол гаргагчийн өмгөөлөгч тайлбартаа: “Хэрэгт 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн улсын байцаагч А.Т*******ийн  хүсэлтийн дагуу шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан. “Ш*******” нэршилтэй холбоотойгоор байцаагчийн зүгээс шинжээч томилуулах шаардлагатай гэж үзээд шинжээч томилсон. С ХК-ийн зүгээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Шинжлэх ухааны академийн Хэл судлалын үндэсний хүрээлэнд хандан “Ш*******” нэртэй холбоотой тайлбар авсан байгаа. “Ш*******” гэдэг нэршил хоорондоо зөрүүтэй байна. “Ш*******” гэдэг нэр дангаараа утга санаа илэрхийлэх үү, барааны тэмдэгт болох уу гэдэгт бид маргаантай байсан. Хэл судлалын хүрээлэнгээс “Ш*******” гэдэг нэр дангаараа шууд утга илэрхийлэхгүй, чанарыг илэрхийлж байна гэдэг.

С ХК-ийн зүгээс Оюуны өмчийн газарт “Ш******* сүү” гэдэг нэрээр бүртгүүлэх гээд өгсөн байхад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн. Бидний хүсэлтийг Оюуны өмчийн газар бүрэн шийдээгүй байсан. Үүнтэй холбоотойгоор эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн тул бүрэлдэхүүнтэйгээр шинжээч томилж “Ш******* сүү”, “Ш*******” гэсэн нэршлийн ялгаатай  нөхцөл байдлыг тогтоолгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан.  Бид зөвхөн “Ш******* сүү” гэдэг сүүн бүтээгдэхүүнийг нэрлэж байгаа.

Улсын байцаагчийн зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд зөрчил гэж үзсэн үндэслэлд шинжээчийн дүгнэлт орсон. Шинжээчийн дүгнэлтээр дийлэнх нэршил буюу “Ш******* сүү” гэсэн бүтэн нэршлээр нь бодоод үсгээр нь тоолж 4 үсэг буюу өмнө өгсөн барааны тэмдэгтийн “Ш*******” гэдэг хэсэг ижил байгаа тул үүнийг давхцал үүссэн байна гэсэн. Өөрөөр хэлбэл утга агуулгын хувьд үсгийн тоо байх уу гэдэг нь эргэлзээтэй байна.

Иргэн Н барааны тэмдэгт үг дүрсний хувьд өөр шар өнгөтэй. Манай компани цэнхэр өнгийн “Ш******* сүү” гэдэг нэрээр бараа бүтээгдэхүүнээ худалдаанд гаргасан. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан чанарыг агуулж буй үг бүртгэхээс татгалзаж байгаа бол манайх үүнийг зөрчөөгүй. Манайх хосолмол үгээр “Ш******* сүү” гэж байгаа.

“Ш*******” гэдэг үгийг дангаар нь бүртгэж болохгүй. “Сүү” гэдэг үгийг мөн дангаар нь бүртгэж болохгүй учраас “Ш******* сүү” гэдэг хосолмол үгээр бүтээгдэхүүний нэр болгох үүднээс барааны тэмдгээр бүртгүүлэхээр мэдүүлсэн байгаа.

Нэрийн тухайд манайх бүртгэгдээгүй ч үг үсэг давхардаагүй хосолсон байгаа. Магадгүй давхацсан гэвэл “Ш*******” гэдэг хэсэг байж болно. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад барааны тэмдгийн аль хэсгийг зөрчөөд байгаа нь тодорхойгүй байна.

 “Ш*******” гэдэг нэр дангаараа ямар утга илэрхийлэх тухай Оюуны өмчийн газраас тайлбар авсан байгаа. Утгын хувьд ижил төсөөтэй байна. Нэрийн хувьд шууд утга нь төсөөтэй гэж үзэх нь утгагүй байна. Шинжээчийн дүгнэлтээр 7 үсгийн 4-н үсэг буюу дийлэнх хэсэг нь давхардсан гэсэн утгатай байгаа. Тэгвэл “Миний монголын ш******* сүү” гэдэг нэртэй байвал дийлэнх хэсэг нь давхцахгүй байна гэсэн ойлголт үүснэ. С ХК-д зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дараа  2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Ш*******” гэдэг нэр чанар заагаад байна гэсэн татгалзсан хариу өгсөн. Оюуны өмчийн газар өөрсдийнхөө үйлдлийг үгүйсгэсэн мэт харагдаж байна. Энэ зөрчилдөөнтэй нөхцөл байдал дан ганц манайх биш “Ш*******” гэдэг нэр орсон барааны тэмдгийг авахыг хүссэн хүмүүст эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэж байна. Барааны тэмдэгтийн тухай зөрчил үүсээд байна уу, нэрийн тухайд зөрчил үүсээд байна уу гэдэг эргэлзээтэй байна. Тийм учраас шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хариу тайлбартаа: “С ХК-ийн Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ***** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдолтой танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Иргэн Н барааны тэмдгийн онцгой эрх үүссэн тухайд: 2020.03.11 өдрийн анхдагч огноотой Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/163 тоот тушаалаар улсын бүртгэлийн ***** дугаартай барааны тэмдгиин гэрчилгээ авч, эрх нь хууль ёсоор хамгаалагдсан байна. Барааны тэмдгийг бүртгэхдээ 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн дугаар зүйлийн 8 дугаар зүйлийн 8.1-ийн дагуу шүүлт хийж, тус хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзэв” гэсэн барааны тэмдэг бүртгэх тухай  Оюуны өмчийн газрын шинжээчийн дүгнэлтээр ирсэн иргэн Н “ш*******” үг дүрсний хосолмол барааны тэмдэг нь Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Төрийн захиргааны байгууллага барааны тэмдгийг бүртгэх шийдвэр гаргасан бол түүнийг барааны тэмдгийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоно.” гэж заасны дагуу зохих журмын дагуу, хууль ecoop бүртгэгджээ.

Иргэн Н.Г*******д Барааны тэмдэг газарзүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх тухайн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.” гэж заасны дагуу барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх үүссэн байна.

Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дэх хэсэгт “Барааны тэмдгийн улсын бүртгэлд тухайн барааны тэмдгийн улсын бүртгэлийн дугаар, мэдүүлгийн бүртгэлийн дугаар, барааны тэмдэг эзэмшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хуулийн этгээдийн оноосон нэр, хаяг, улсын нэр, барааны тэмдгийн дурс, олон улсын ангиллын дагуу ангилсан тухайн барааны тэмдэгт хамаарах бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалт, анхдагч огноо, давамгайлах огноо, бүртгэлийн хүчинтэй байх хугацаа болон хамгаалагдаагүй үг, дүрсийн талаархи мэдээллийг заана.” гэж заасан байдаг бөгөөд улсын бүртгэлийн ******* дугаартай барааны тэмдгийн гэрчилгээнд хамгаалагдаагүй үг, дүрсний мэдээлэл байхгүй тул иргэн Н эзэмшдэг “Ш*******” барааны тэмдэг нь үг болон дүрсний хосолмол байдлаар бараа ажил, үйлчилгээний ангиллын 29, 35, 39, 43 дугаар ангиллуудад барааны тэмдэг эзэмших онцгой эрхийн хамгаалалт хийлгэсэн байна.

Гомдлын шаардлагаас харахад Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ***** дугаар шийтгэлийн хуудсаар хүлээлгэсэн шийтгэл хууль ёсны байсан эсэхэд гомдоогүй, харин “ш*******” гэх барааны тэмдэг нь чанар илэрхийлсэн уг тул бүртгэгдэх ёсгүй тэмдэг байсан гэсэн агуулгыг илэрхийлжээ. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт бүртгэгдсэн барааны тэмдгийг хүчингүй болгуулах хүсэлтийг албан ёсны хэвлэлд нийтэлснээс хойш 1 жилийн дотор Маргаан шийдвэрлэх комисст гаргана гэж заасан байна. Иргэн Н. эзэмшлийн “ш*******” барааны тэмдгийг бүртгэх шийдвэр нь Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/163 тоот тушаалаар гарсан бөгөөд оюуны өмчийн тогтмол хэвлэлийн 2020 оны 8 дугаар сарын ОѲМ2020/08Т дугаарт сэтгүүлийн 84 дүгээр хуудсанд хэвлэгдсэн байна. Тиймээс нэхэмжлэгч нь хэрвээ “ш*******” барааны тэмдгийн хүчин т******* эсэхтэй маргахыг хүсвэл 2021 оны 8 дугаар сарын дотор гомдлоо маргаан шийдвэрлэх зөвлөлд гаргах бүрэн боломжтой байсан бөгөөд одоо ийнхүү гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа болохыг онцлон дурдаж байна.

Эцэст нь дүгнэхэд С ХК нь “Ш******* сүү” тэмдэгтэй сүүн бүтээгдэхүүн худалдаанд гаргаснаар Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дугаар зүйлд заасан иргэн Н.Г*******гийн улсын бүртгэлийн ****** дугаартай “Ш*******” барааны тэмдэг эзэмших онцгой эрхийг зөрчиж эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан тул хяналтын улсын байцаагч А би, Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийг зөрчсөн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 3,000,000 төгрөгөөр ***** дугаар шийтгэлийн хуудсыг бичсэн болно. Харин зөрчлийн хэрэгт холбогдогч С ХК нь эрх эзэмшигч Н оюуны өмчийн эрхийг үл хүндэтгэн өнөөдрийг хүртэл тухайн хууль бус бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж, зөрчлөө гаргасаар байгаа болно. Иймд гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ***** дугаар шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

5. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “  “Ш*******” гэдэг үг үгийн чанар заасан барааны тэмдгээр хамгаалагдах ёсгүй байсан гэвэл Оюуны өмчийн газрыг хариуцагчаар дуудах байсан. Миний гаргасан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлагатай хэрэгт “Ш*******” гэдэг үг чанар заасан байна уу, үгүй юу хамаагүй гэж үзэж байна. Өмнө хамгаалагдсан барааны тэмдгийг эзэмших онцгой эрхийг зөрчсөн гэдэг утгаар шийтгэлийн хуудас бичсэн. “Ш*******” гэдэг үгээр шинжээчийн дүгнэлт гараад “Ш*******” гэдэг үг ямар нэг утга илэрхийлсэн ч миний шийтгэлийн хуудас өөрчлөгдөхгүй. Би хуулийн дагуу шийтгэлийн хуудас гаргасан. Оюуны өмчийн газрын шинжээчийн дүгнэлт “Ш*******” гэдэг үгийг тайлбарлаагүй. Иргэн Н “Ш*******”, “С” ХК-ийн “Ш******* сүү” гэдэг нэр давхцаж С ХК-ийн “Ш******* сүү” нь Н “Ш*******” гэдэг үгтэй давхцаж эрх зөрчигдөж байна уу гэдэгт дүгнэлт гаргасан. Тэрнээс үг тайлбарлаагүй. Үг тайлбарласан дүгнэлт гарсан ч торгууль ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлагатай хэрэгт хамааралгүй байна.

Гомдлын шаардлагаас харахад Оюуны өмчийн газрын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ****** дугаар шийтгэлийн хуудсаар хүлээлгэсэн шийтгэл хууль ёсны байсан эсэхэд гомдоогүй, харин “Ш*******” гэх барааны тэмдэг нь чанар илэрхийлсэн үг тул бүртгэгдэх ёсгүй тэмдэг байсан гэсэн агуулгыг илэрхийлжээ. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т бүртгэгдсэн барааны тэмдгийг хүчингүй болгуулах хүсэлтийг албан ёсны хэвлэлд нийтэлснээс хойш 1 жилийн дотор Маргаан шийдвэрлэх комисст гаргана гэж заасан байна. Иргэн Н эзэмшлийн “Ш*******" барааны тэмдгийг бүртгэх шийдвэр нь Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 8 сарын 31-ний өдрийн А/163 тоот тушаалаар гарсан бөгөөд оюуны өмчийн тогтмол хэвлэлийн 2020 оны 8 дугаар сарын ******* дугаартай сэтгүүлийн 84 дүгээр хуудсанд бүртгэгдсэн. Гомдол гаргагч нь барааны тэмдэгтэй маргахыг хүсвэл 2021 оны 8 дугаар сарын дотор Маргаан шийдвэрлэх комисст гомдол гаргах бүрэн боломжтой байсан. Одоо гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

“С” ХК-ийн “Ш******* сүү” нэртэй бүтээгдэхүүн худалдаанд гарснаар  Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасан Н “Ш*******” барааны тэмдэгт эзэмших онцгой эрхийг зөрчиж ашигласан тул Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 3 сая төгрөгөөр торгох шийтгэлийн хуудас бичсэн.

Зориулалт нь үг дүрсний хосолмол гэж буруу ойлгоод байна. Үг дүрсний хосолмол гэдэг нь барааны тэмдгийн байрлалыг хэлж байгаа. Ш******* гэдэг үгтэй доороо аяганы дүрслэлтэй үг дүрслэлийн хосолмол байдаг. Үг дүрсний хослолоор хамгаалагдана гэдэг нь бүхэлдээ гэсэн үг.

С ХК “ “Ш*******” гэдэг үгийг чанар заасан үг. Нэг хүн эзэмших эрхгүй” гэдэг. Гэхдээ 2021 оны 5 дугаар сард өөрсдөө энэ үгийг барааны тэмдгээр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан. Сүү сүүн бүтээгдэхүүний 29 дүгээр ангилалд заасан “С” гэдэг үг хамгаалагддаггүй. Бараа үйлчилгээний ангилал заасан үг барааны тэмдгээр хамгаалагдахгүй.

“Ш*******” гэдэг үг дангаар нь хамгаалахгүй гэж яриад байна. “Ш*******” гэдэг үгийг дангаар нь хамгаална, харин ард талд нь бүтээгдэхүүний чанар заагаад  байгааг хамгаалахгүй гэдэг шинжээчийн дүгнэлт гарсан. “Ш*******” гэдэг үгийг “Ш******* сүү”  гэдэг үгтэй харьцуулж байна гэсэн тайлбар өгч байна. “Ш******* сүү” гэх холбоо үгний сүү гэх үгийг нь авахаар яг адилхан дуудлагатай адилхан үг гарч байна. Иргэн Н.Г*******гийн барааны тэмдэг нь үг дүрсний хосолмол барааны тэмдэг, үгийг нь авахаар зөрчилгүй гэдэг зүйл яриад байна. Үгийг нь ашигласан, дүрслэлийг нь ашигласан хоёр яг адилхан зөрчил юм. Тийм учраас шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

6. Гуравдагч этгээд тайлбартаа: “Иргэн Н би "Ш*******” (дүрстэй) нэрийг Монгол улсын Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн дагуу дүрс, үсгийн хосолмол барааны тэмдгээр бүртгүүлж 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн анхдагч огноотой, улсын бүртгэлийн ******* дугаартай барааны тэмдгийн гэрчилгээг авсан. Уг гэрчилгээний тэмдэгт хамаарах бараа, олон улсын ангиллын дагуу 29, 35, 39, 43 дугаар ангиллуудад барааны тэмдэг эзэмших онцгой эрхийн хамгаалалт хийлгэсэн болно.

Бараа үйлчилгээний олон улсын ангиллын 29 дүгээрт “Ш*******” нэрийн дор хэрэглэх бараа бүтээгдэхүүнийг сүү, сүүн бүтээгдэхүүн гэж тодруулан бичиж хамгаалуулсан билээ. Уг хамгаалагдсан барааны тэмдэгтээр баталгаажуулж сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, зах зээлд нийлүүлэн, хэрэглэгчдэд тодорхой хэмжээнд танигдан, үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр чармайн яваа жижиг үйлдвэрлэгч билээ. Манай бүтээгдэхүүнээс хэрэглэгчдэд таалагдаж танигдсан Ш******* халтар арвайтай хатаасан аарц, ш******* ээзгийний хатаамал, Ш******* хуурай ааруулын шүүс зэрэг бүтээгдэхүүн нь илүү эрэлттэй бүтээгдэхүүн болсон. Цар тахал болон хөрөнгө оруулалтын асуудал, сав баглаа боодлоос хамааран Ш******* сүүгээ худалдаанд гаргаж чадахгүй байна.

Гэтэл С ХК өөрийн үйлдвэрлэн гаргаж байгаа сүүг “Ш******* сүү” гэсэн нэрээр савлан борлуулж байгаа нь “Ш*******” гэсэн манай бүтээгдэхүүнтэй хэрэглэгчид андуурч байгаа бөгөөд тус компани нь сүүлийн үед дээрх нэрийн бүтээгдэхүүнийг эрч*******эй борлуулж байгаагаас миний бүтээгдэхүүний борлуулалтын тоо хэмжээг хязгаарлаж байгаа нь надад эдийн засгийн болоод эрх зүйн хохирол учирч байгаа талаар Оюуны өмчийн газарт гомдол гаргасан болно.

С ХК нь ижил нэр тэмдэгтээр барааны тэмдэгт бүртгүүлэхээр 28745 дугаартай мэдүүлгээр 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Ш******* сүү /хөх суурь өнгөтэй/, 29911 дүгээр мэдүүлгээр 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Ш******* сүү /хар цагаан өнгөтэй/ Оюуны өмчийн газарт тус тус гаргасан бөгөөд уг мэдүүлгүүдийг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэж байсан болно.

Мэдүүлэгч этгээд өөрийн мэдүүлэгт дурдсан барааны тэмдэгтийг давхардсан эсэхийг шалгаж мэдүүлэх ёстой бөгөөд миний барааны тэмдэгт Аж үйлдвэрийн əмчийн мэдээллийн санд https://publish.ipom.mn/  байгаа болно.

Миний хамгаалагдсан барааны тэмдэгтийг ашигласан асуудлаар С ХК-ийн удирдах ажилтанууд надтай удаа дараа уулзаж, 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр барааны тэмдэгтийг бүхэлд нь, эсхүл сүү үйлдвэрлэх эрхийг зарах саналыг надад тавьж, үнийн санал авч байсан. Чамд туслая, хамтарч ажиллах талаар ярилцъя, гэхчилэн гүйцэтгэх захирал, үйл ажиллагаа хариуцсан захирал, хуулийн зөвлөх нар нь санал тавьж байсан. Гэхдээ тэдний санал манайд ашиггүй, үр өгөөжтэй биш байсан бөгөөд тэдэнд л асуудлаас гарах арга замаа хайж байгаа нь илт байсан тул тохиролцоонд хүрээгүй болно.

Мөн түүнчлэн С ХК-ийн гүйцэтгэх захирал нь өмнө нь өөр ажил эрхэлж байхдаа маркетингийн зөвлөгөө өгөх нэрийдлээр надтай уулзаж миний бизнесийн санаа нэр, нэршлийн талаар санал солилцож байсан хэрнээ жижиг бизнес эрхлэгч, өрсөлдөгчийн санаа, барааны тэмдэгтийг хулгайлж буй нь увайгүй шударга бус хандлагатайг харуулж байгаа бөгөөд одоо надаас дээрэмдэх байдлаар ашиглаж, шүүх манай талд, бид том компани, чамайг дийлнэ, манайх шүүхээр ялна тийм учраас гомдолгүй гээд бичиг өгчих гэх зэргээр дарамталж доромжилж байна.

Энэ ч хандлагаараа Оюуны өмчийн газрын улсын байцаагчийн гаргасан дүгнэлтийг, мөн надад олгосон гэрчилгээг хүчингүй болгуулахаар тус тус шүүхэд хандсан байна.

С ХК нь Барааны тэмдэгт, газарзүйн заалтын тухай хуулийг зөрчсөн, иргэн Н миний хуулиар хамгаалагдсан, барааны тэмдэг эзэмших онцгой эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж, бизнесийн үйл ажиллагаагаа хууль зөрчин, шударга бусаар өрсөлдөж байна. Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн шийтгэлийн хуудас үндэслэлтэй тул гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Н миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч тайлбартаа: “Гомдол гаргагч “Ш*******” гэдэг барааны тэмдгийг хүсэж байсан. Харин энэ барааны тэмдгийг өөр этгээд эзэмшиж байгаа тул бүртгэхээс татгалзсан шийдвэр байдаг. Энэ үйл бар******* гарсны дараа “Ш*******” гэдэг үг барааны чанар заасан учир өгөх нь буруу тийм учраас зөрчлийн актыг буюу шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох гомдол гаргаж байгаа үндэслэлд барааны шинж чанарыг тодорхойлсон уу гэдэг агуулга ач холбогдолгүй. Мөн өөрийн өмнө гаргаж байсан “Ш******* сүү” нэрийг хамгаалуулах мэдүүлэг гаргасан үйлдэлтэй зөрчилдөөнтэй хүсэлт байна. Шүүх энэ хэсэгт барааны тэмдэг хэрхэн бүртгэгдсэнийг шалгаагүй учраас шинжээч томилох хүсэлт нь ач холбогдолгүй байна.

Н “Ш*******” гэдэг дүрстэй барааны тэмдэг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн заалтын дагуу үг дүрсний хосолмол. Сүү болон сүүгээр үйлдвэрлэдэг бүх л төрлийн бүтээгдэхүүнд авахаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулж Оюуны өмчийн газарт 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр анхдагч огноотой ****** дугаартай барааны тэмдэгтийг эзэмших гэрчилгээ авсан.

 Энэ гэрчилгээ бараа, үйлчилгээний 29, 35, 39, 43 гэсэн ангилалтай. Энэ ангилал нь сүүн бүтээгдэхүүний ангилал. С ХК-ийн “Ш******* сүү” гэдэг барааны тэмдэгтийг ашиглахаас 1 жил 2 сарын өмнө бүртгүүлсэн. 2021 оны 5 дугаар сард С ХК барааны тэмдгийг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргах үед Н барааны тэмдэг бүртгүүлж, хэвлэлд нийтэлсэн байсан. С ХК нь 12 барааны тэмдэгт Монгол Улсын Оюуны өмчийн газарт бүртгүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл С ХК барааны тэмдэгт бүртгүүлж байсан туршлагатай. Барааны тэмдгийг хэрхэн яаж бүртгүүлдэг, бүртгүүлэхдээ ямар хайлт шүүлт хийдгийг тодорхой мэддэг. Барааны тэмдэгтийг бүртгэсэн үйл бар******* нь Монгол Улсын хууль, Олон улсын дүрэм журамд нийцсэн.

Барааны тэмдгийг аж үйлдвэрлэлийн мэдээллийн сангийн нийтэд илэрхий мэдээллийн сангаас хайхад тухайн мэдээллийн санд барааны тэмдэгтийг бүртгэсэн болон татгалзсан нь гарч ирдэг. Шийдвэртэй холбоотой ямар барааны тэмдэгт байгаа нь харагддаг. Энэ барааны тэмдгийг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “Ш******* сүү” гэдэг нэрээр барааны тэмдэг авахаар мэдүүлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зөрчлийн хэрэг үүссэнээс хойш татгалзсан хариу авдаг. “Ш*******” гэдэг нэрийг бусад компани авсан бол энэ нь хууль бус, харин өөрсдөө авбал энэ нь хуульд нийцэх юм шиг ийм агуулгатай тайлбар өгсөн нь өөрөө шударга бус байна.

Барааны тэмдэг бүртгэсэн асуудлаар С ХК-ийн удирдлага, хуулийн хэлтэс хамтарч миний үйлчлүүлэгчтэй уулзалт хийсэн байдаг. Барааны тэмдгийн гэрчилгээг худалдаж авъя. Чи үнийн саналаа хэл, ашиглуулахад ямар үнэтэй, худалдаж авахаар ямар үнэтэй байх вэ, үнийн саналаа хэл, түүний дараа уулзъя гэсэн үйл бар******* болсон. Ингээд үнийн саналаа хэлсэн боловч үнийг хэт өндөр байна гээд татгалзсан.

С ХК-ийн н.Б******* гэх гүйцэтгэх захирал өмнө маркетингийн компанитай байсан. Энэ үйл ажиллагаагаар нь манай үйлчлүүлэгч уулзаж “Ш*******” гэдэг барааны тэмдэгтийг бүртгүүлж Оюуны өмчийн газар хандаад явж байгаа, ямар бизнес эрхэлбэл болох вэ гэсэн зөвлөгөө авсан байдаг. н.Б******* гэх гүйцэтгэх захирал нь “Ш******* сүү” гэдэг барааны тэмдэгтийг мэдүүлэхээс өмнө өөрөөс нь зөвлөгөө авч байсан Н мэдүүлснийг мэднэ. Гэтэл мэдсэн хэрнээ барааны тэмдгийг С ХК–д авахаар мэдүүлж, энэ нэрээр бараа бүтээгдэхүүн гаргаж байгаа нь бизнесийн ёс зүйн доголдол гаргасан. Энэ байгууллага барааны тэмдгийн зөрчилтэй гэдгийг мэдсээр байж энэ нэрээр бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн.

Энэ үйл бар*******ын дараа “би авахгүй шүүхээр шийдвэрлүүлнэ. Бид өмгөөлөгчдөө их хэмжээний мөнгө төлнө, энэ төлбөрийг чи төлнө шүү” гэж айлган сүрдүүлж дарамталсан байдлаар асуудлыг шийдвэрлэх гэж оролдсон. Энэ үйл бар*******ыг мэдсээр байж өнөөдрийг хүртэл улсын байцаагчийн зөрчлийн үр дагаврыг арилгуулах даалгаврыг зөрчин бараа бүтээгдэхүүнээ худалдаанд гаргаж байна.

Тухайн барааны тэмдэг ижил болоод төсөөтэй байдлаар бүртгэгдсэнийг тус тусад нь шалгадаг. Ижил гэдэг нь бүх талаараа адил байхыг хэлдэг, төсөөтэй гэдэг нь харагдах байдлаараа өөр байгаа боловч ашиглагдаж байгаа барааны хувьд ижил байдаг, энэ нь иргэдийг төөрөгдөлд оруулна гэж үзнэ. Нбарааны тэмдэг, С ХК-ийн ашигласан барааны тэмдэг  ижил болон төсөөтэй. Бараа үйлчилгээний ангиллын хувьд ижил, харагдах байдлын хувь өөр байгаа боловч ашиглагдаж байгаа барааны хувьд төсөөтэй. Энэ нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж байна. Тухайн ижил төсөөтэй бараа бүтээгдэхүүний хувьд хэрэглэгчдийн хүрээ гэж байгаа. Сүү сүүн бүтээгдэхүүний хувьд тодорхой байдаг. “Ш******* сүү” 2021 оны 5 сарын 31-ний өдөр мэдүүлсэн. Анхдагч огноо нь 11 дүгээр сард байсан. 12 төрлийн бүтээгдэхүүнд барааны тэмдэг бүртгүүлсэн компани үүнийг мэдэхгүй байна гэж байхгүй. Хайлтаа ч хийгээгүй байна. Үгийг хайлт хийхэд тодорхой гарч ирэх байсан. Энэ хайлтыг хийгээгүй байгаа нь бизнесийн ёс зүйгүй байна.

Уулзалтын тухайд нэхэмжлэгч хэлсэнчлэн анхныхаа уулзалтыг хийхдээ бид танд 3 сарын хугацаанд борлуулалтын  сүлжээгээр борлуулж өгье. Чи гомдлоо гаргачих хэрэв чи худалдмаар байвал үнийн саналаа хэлчих гэсэн. Барааны тэмдгийг худалдах үнийн дүнтэй тохироогүй байхад эднийх утасдаж дээрэнгүй хандсан. Барааны тэмдгийг ямар хугацаанд бүртгүүлэхийг жирийн нэг иргэн мэдэхгүй өнгөрсөн бол үүнийг өөрөөр харах байсан. Гэтэл тухайн зах зээлд өрсөлдөгч том компани жижиг дунд бизнес эрхлэгчид дээрэнгүй хандаж байгаа нь ёс зүйгүй байна. С ХК-ийн гүйцэтгэгч захирал хэлсэн гэсэн анхдагч огноо гэдэг нь мэдүүлж байгаа огноог хэлж байгаа. Барааны тэмдэг бүртгүүлэх нь зүгээр нэг гаргадаг зүйл биш, санаагаа гаргаж бүтээлч байдлаар ханддаг, үүнийг хийсний дараа Оюуны өмчийн газар бүртгэдэг. Тухайн компанийг удирдаж байгаа этгээд мэдэж байсан атлаа дээрэнгүй хандсан. Барааны тэмдгийг ашигласан нь тодорхой үйл бар*******аар нотлогддог. Ийм учраас Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн гаргасан шийдвэр үндэслэлтэй байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдлын шаардлагад хамаарах Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0020253 дугаар шийтгэлийн хуудсаар “С ХК нь иргэн Н эзэмшдэг улсын бүртгэлийн 40-********* дугаартай “Ш*******” барааны тэмдгийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашиглаж “Ш******* сүү” гэх бүтээгдэхүүн шинээр худалдаанд гаргасан нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийг зөрчсөн” гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох шийтгэл ногдуулж, мөн зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтны даалгавар бичсэн байдаг.   

Гомдол гаргагч С ХК нь “ “Ш*******” гэх нэр нь барааны тэмдэгтээр хамгаалагдахгүй, барааны тэмдэгт нь өөр” гэсэн үндэслэлүүдээр Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ***** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргасан бөгөөд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох бар*******уудыг үнэлээд дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Иргэн Н Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн хэлтэст гаргасан “Ш******* барааны тэмдгийг эзэмших эрх авсан байхад С ХК нь Ш******* нэрийн сүү худалдаанд гаргаж барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрхийг зөрчсөн” гэх гомдлоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж маргаагүйг дурьдах нь зүйтэй.

2. Иргэн Н нь 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн анхдагч огноогоор бараа үйлчилгээний 29, 35, 39, 43 ангиллаар “Ш*******” гэсэн үг, дүрсний /2 аяга, уухад ш*******эй, идэхэд амттай гэсэн үгтэй/ хосолмол барааны тэмдгийг бүртгүүлэхээр 40-2020-****** дугаартай мэдүүлэг гаргаж, Оюуны өмчийн газрын шинжээч 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр шүүлт хийж, барааны тэмдэг бүртгэх тухай дүгнэлт гаргаснаар Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/163 дугаар тушаалаар барааны тэмдгийг улсын бүртгэлийн 40-00***** дугаарт бүртгэж, барааны тэмдгийн гэрчилгээ олгожээ.

 Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төрийн захиргааны байгууллага барааны тэмдгийг бүртгэх шийдвэр гаргасан бол түүнийг барааны тэмдгийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоно.”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх тухайн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.” гэж зааснаар ийнхүү барааны тэмдгийг бүртгэх шийдвэр гарч, улсын бүртгэлд бүртгэж, барааны тэмдгийн гэрчилгээ олгосноор иргэн Н “Ш*******” үг, дүрсний хосолмол барааны тэмдэг нь бүртгэгдэж, түүнд “Ш*******” гэх үг, дүрсний хосолмол барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх үүссэн байх бөгөөд  барааны тэмдэг эзэмшигч нь тухайн барааны тэмдгийн хувьд мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.4, 12.3.5-д заасан “бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах, бүртгэгдсэн барааны тэмдэгтэй ижил төсөөтэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах” онцгой эрхийг эдлэхээр байна.

3. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.1.4-т зааснаар барааны тэмдгийг бараа, түүний сав, баглаа боодол, үйлчилгээнд хэрэглэсэн, барааны тэмдэг бүхий барааг нийлүүлсэн, худалдаанд гаргасан, энэ зорилгоор хадгалсан, үйлчилгээ үзүүлсэн, барааны тэмдгийг танилцуулга, сурталчилгаанд ашигласан бол барааны тэмдгийг ашигласанд тооцох бөгөөд С ХК нь “Ш******* сүү” гэх нэрийн сүүн бүтээгдэхүүнийг 2021 оны 9 дүгээр сараас худалдаанд гаргаж, нийлүүлсэн, телевиз, цахим сүлжээгээр танилцуулга, сурталчилгаа хийсэн болох нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон, энэ талаар зөрчил гаргагч нь маргаагүй болно.

4. Ийнхүү барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлж, барааны тэмдгийн гэрчилгээ авснаар Н “Ш*******” гэх үг дүрсний хосолмол барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх үүссэн байх тул энэ онцгой эрхэд халдсан гэж хариуцагч  үзсэн нь үндэслэлтэй байна. Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнаас шинжээч томилж, оюуны өмчийн улсын байцаагчаас 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан 03 дугаартай дүгнэлтээр “С ХК-ийн худалдаанд борлуулж буй сүүн бүтээгдэхүүний хайрцаг дээрх “Ш******* сүү” барааны тэмдгийн “Ш******* сүү” үг нь дийлэнх хэсгийг бүрдүүлж байгаа нь бүртгэгдсэн барааны тэмдгийн ялгагдах шинж чанар болох “Ш*******” гэдэг үгтэй харагдах, дуудагдах байдал, мөн утгын хувьд ижил, түүнчлэн бүртгэгдсэн барааны тэмдэгтэй ижил төрлийн бараа бүтээгдэхүүнд ашиглаж байгаа нь хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулахаар байгаа учир ижил төсөөтэй” гэж дүгнэсэн байдаг.

Эрхийн хамгаалалт хийгдсэн барааны тэмдгийг шууд ашиглаагүй ч хамгаалагдсан барааны тэмдгийн үгийг ижил төрлийн бараа бүтээгдэхүүнд буюу сүү сүүн бүтээгдэхүүнд ашиглаж байгаа нь хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулахаар байна гэж шүүх үзлээ. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдийн бүртгүүлсэн барааны тэмдгийн ангилал нь бараа үйлчилгээний 29 “хатаасан ааруул, ээзгий, сүү сүүн бүтээгдэхүүн, ундаа, жүүс, шүүс, хандмал ундаа, хатаасан ааруулын ундаа, уусдаг ааруул”, 35 “зар сурталчилгаа, худалдаа”, 39 “савлах, түгээх”, 43 ”хүнс болон ундааны хангамжийн үйлчилгээ” бөгөөд сүү, сүүн бүтээгдэхүүний хувьд ижил ангиллын бүтээгдэхүүнд барааны тэмдгээр хамгаалагдсан үгийг ашиглаж, сүү савлаж, худалдаанд гаргасан, зар сурталчилгаа хийсэн байх тул хэрэглэгчид төөрөгдөхөөр байна.

5. Гомдол гаргагч нь “барааны тэмдгийн гэрчилгээгээр улаан өнгийн дэвсгэр дээр цагаан өнгөөр тодорхой үсгийн шрифтээр ш******* гэж бичигдсэн, бичиглэлийн доод хэсэгт үг дүрс агуулсан, С ХК нь хөх өнгийн дэвсгэрт дээр цагаанаар “Ш******* сүү” гэсэн нэршил ашигласан буюу барааны тэмдэгт нь өөр” хэмээн маргах ч үг дүрсний хосолмол барааны тэмдэг хамгаалагдсан, үгийн хувьд ижил агуулгатайгаас гадна ижил төрлийн бараа бүтээгдэхүүнд ашиглаж байгаагаас хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулахаар байна гэж үзсэн нь үндэслэлтэй гэж үзлээ. 

Иймд С ХК нь “Ш******* сүү” тэмдэгтэй сүү буюу сүүн бүтээгдэхүүн худалдаанд гаргаснаар иргэн Н “Ш*******” барааны тэмдгийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашигласан зөрчлийг шалгаж, Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.5-д заасан “бүртгэгдсэн барааны тэмдэгтэй ижил төсөөтэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах” барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрхийг хамгаалж Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр торгох шийтгэл ногдуулсан нь хуульд нийцжээ.

6. Энэ захиргааны хэрэг нь барааны тэмдэг олгох, барааны тэмдэгт тооцох эсэх, барааны тэмдгээр хамгаалагдах үг мөн эсэхтэй холбоотой оюуны өмчийн бүртгэлийн маргаан биш, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага бүхий, нэгэнт бүртгэгдсэн буюу хамгаалагдсан барааны тэмдэгтэй ижил барааны тэмдгийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан зөрчил гарсан эсэх маргаан тул энэ хэрэгт гомдол гаргагч нь “Ш*******” гэх нэр нь тухайн бүтээгдэхүүний амт чанарыг тодорхойлсон утгатай үг тул барааны тэмдгээр хамгаалагдахгүй буюу “Ш*******” гэх үгийг иргэн, хуулийн этгээд нь барааны тэмдгээр эзэмших боломжгүй хэмээн маргаж буй нь үндэслэлгүй юм.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т  “бүртгэгдсэн барааны тэмдгийг хүчингүй болгуулах хүсэлтийг албан ёсны хэвлэлд нийтэлснээс хойш 1 жилийн дотор Маргаан шийдвэрлэх комисст гаргах”-аар заасан бөгөөд Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/163 дүгээр тушаалаар Н “Ш*******” үг дүрсний хосолмол барааны тэмдгийг бүртгэсэн нь оюуны өмчийн тогтмол хэвлэлийн 2020 оны 8 дугаар сарын ОѲМ2020/08Т дугаарт хэвлэгдсэн байдаг. Гомдол гаргагч Сүү ХК нь “Ш*******” гэсэн үгийг барааны тэмдгээр бүртгэсэн улсын бүртгэлийн ******* дугаартай барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гомдол гаргасныг Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөл 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр 01 тоот албан бичгээр “бүртгэл хүчингүй болгуулахаар хандах хуульд заасан хугацаа хэтэрсэн” хэмээн буцаажээ. Өөрөөр хэлбэл барааны тэмдгээр бүртгэсэн шийдвэртэй, хамгаалагдах барааны тэмдэг мөн эсэхэд маргах эрхээ элдэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул одоо энэ хэрэгт энэ талаар маргах боломжгүй юм.    

7. Гомдол гаргагч С ХК нь хэдийгээр “Ш*******” гэх нэршил нь тухайн бүтээгдэхүүний амт чанарыг тодорхойлсон утгатай үг тул барааны тэмдгээр хамгаалагдахгүй буюу “Ш*******” гэх үгийг иргэн, хуулийн этгээд нь барааны тэмдгээр эзэмших боломжгүй  гэдэг ч “Ш******* сүү” гэх нэрээр 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр бараа үйлчилгээний 29 “... сүү ба сүүн бүтээгдэхүүн, ...” ангиллаар барааны тэмдгийг бүртгүүлэхээр 40-202************5  дугаартай мэдүүлэг гаргасан байх бөгөөд Оюуны өмчийн газрын шинжээч шүүлт хийж “тухайн барааны шинж чанарыг заасан, бүтээгдэхүүнээ тодорхойлсон үг, хэллэг, ш*******эй сүү гэсэн магтаалын утга агуулсан үг хэллэг, барааны тэмдгийн бүрдэлд орсон “Ш*******” гэдэг үг нь Монгол Улсад бүртгэгдсэн барааны тэмдэгтэй төсөөтэй тул хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй” үндэслэлээр 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр уг барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан байдаг.

8. Энэ маргаан нь дээр дүгнэсэнчлэн барааны тэмдэг олгох, барааны тэмдэгт тооцох, барааны тэмдгээр хамгаалагдах үг мөн эсэхтэй холбоотой оюуны өмчийн бүртгэлийн маргаан биш бөгөөд нэгэнт бүртгэгдсэн буюу хамгаалагдсан барааны тэмдэгтэй ижил үгтэй барааны тэмдгийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан зөрчил гарсан эсэх маргаан тул “Ш*******” гэдэг үгийг хэрхэн тайлбарлах, хамгаалагдах үг мөн эсэхэд шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах нь хэрэгт нотолгооны ач холбогдолгүй гэж шүүх үзэж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан энэ талаарх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.5, 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.1.4 дэх заалтыг бар*******лан Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ************ дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай С ХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА