| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Одмаа |
| Хэргийн индекс | 221/2024/0021/З |
| Дугаар | 221/ШШ2026/0004 |
| Огноо | 2026-02-23 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 221/ШШ2026/0004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хаалттай явуулсан шүүх хуралдааны шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Ц.Одмаа,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Мөнхтулга
Шүүгч Б.Адъяасүрэн
Нэхэмжлэгч: "Т"
Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар
Нэхэмжлэлийн шаардлага: "Т"-иас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “Т ХХК-ийн XV-02221*дугаар тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын хайгуулын талбайг хэсэгчлэн төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговрыг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайгаас "Т"-д талбай олгох шийдвэр гаргахыг Монгол Улсын Засгийн газарт даалгах” тухай
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 221/2024/0021/З
НУУЦ
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Т"-ийн Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, "Т"-ийн XV-02221*дугаар тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын хайгуулын талбайг хэсэгчлэн төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговрыг олгохгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөх олговор авах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН