Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 29

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч М.Мандахбаяр, Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэйгээр,

Улсын яллагч: Д.Ганцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Батжаргал,

Иргэдийн төлөөлөгч: А.Дулмаа,

Хохирогч: Д.Пүрэвсүрэн,

Иргэний нэхэмжлэгч: О.Отгончимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: П.Адъяасүрэн,

Шүүгдэгч: Э.Очирсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Эрдэнэбатын Очирсүрэнд холбогдох 201615000279 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-2, эхнэрийн хамт, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой 3 дугаар баг 12 айлын орон сууц 2-01 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1/80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1/113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Э.Очирсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус багтааж, 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар шүүгдэгч Э.Очирсүрэнд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1/113 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн хорих ял дээр өмнөх 2005 оны 05 дугаар сарын 13-ны 1/80 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын заримыг буюу 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 9 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэснийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 300 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.2-т зааснаар Э.Очирсүрэнгийн эдлээгүй үлдсэн 1 жил 21 хоногийн хугацаагаар хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн сулласан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Эрдэнэбатын Очирсүрэн /РД: ЙП78051810/

Шүүгдэгч Э.Очирсүрэн нь ялтай байх хугацаандаа согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр иргэн О.Отгончимэгийн эзэмшлийн 97-25 ӨВР улсын дугаартай Toyota Rav-4 маркийн автомашиныг жолоодож явахдаа 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг Нисэхийн арын засмал зам дээр хохирогч Н.Сандагдоржийг санаатайгаар, танхайн сэдэлттэйгээр дайрч бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулан Н.Сандагдоржийг алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Э.Очирсүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... 2016 оны 09 дүгээр сарын эхээр бид нар самранд явсан. Тэгээд 2016 оны 09 дүгээр сарын 10-нд бид нар уулнаас буугаад уулын доор самар цайруулж байхдаа 3 шил архи хувааж уусан. Дахиад архи авч ирсэн. Тэр архинаас би уугаагүй. Шийлэгпүрэв бид хоёр уулан дээр гарч утсаар ярьчихаад айлд очиж хоносон. 2016 оны 09 дүгээр сарын 11-нд 2 машиндаа самраа хувааж ачаад хөдөлсөн. Манай машинд Даваасүрэн, Шийлэгпүрэв 2 сууж, нөгөө машинд Мөнхдалай, Шийлэгбат, Сандагдорж 3 сууж явсан. Тэгээд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ойролцоо явж байтал миний машины бензин дуусаж байхаар нь Зүүнбаян-Улаан сумаас бензин авъя гэж ярилцаж байсан. Тэгтэл Сандагдорж миний машинд суусан. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд ирээд бензин авчихаад дэлгүүр ороход тэнд надтай цэрэгт хамт байсан залуу таарч тэр залууд нэг шил архи авч өгсөн. Нэг шил архиа дэлгүүрийн гадаа машинд уусан. Харин 0.75 граммын архи 1 ширхэг, пиво 1 ширхэгийг машиндаа аваад наашаа явах замд миний машин голд суусан. Тэгээд машинаа голоос түрж гаргахад нөгөө машин урд ороод явсан. Замдаа архиа уугаад л яваад байсан. Нэг мэдэхэд машины хажууд нэг жижиг машин зогссон байсан. Тэгтэл Сандагдорж жижиг машины жолоочид пивоноосоо хийж өгсөн. Даваасүрэн жижиг машинд суугаад явсан. Тэгээд бид нар аймаг руу орсон. Архиа хэзээ яаж ууж дууссан гэдгээ би сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд аймгийн ягаан толгойн хавьд машины дугуй хагарчихсан явж байсан. Би нисэхийн арын дугуй засвар дээр ирсэн гэдгээ мэдэхгүй байна. Ухаан орж гараад л яваад байсан. Нэг сэрэхэд хээр унтаж байсан. Өглөө босоод харахад машины хоёр дугуй болон гэрэл нь хагарчихсан байсан. Сандагдоржтой маргалдсан гэдгээ мэдэхгүй байна. Бид хоёр төрсөн ах дүүсийн хүүхдүүд юм. Өмнө нь ямар нэгэн байдлаар маргаж байсан өс хонзон гэх зүйл байхгүй. Надтай хамт явдаг миний хамгийн ойрын хүн. Архи ууснаас болж ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна гэв.

Хохирогч Д.Пүрэвсүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Э.Очирсүрэн нь миний хүү Н.Сандагдоржийн эмчилгээний зардлыг төлж барагдуулсан. Болсон хэргийн талаар надад мэдэх зүйл байхгүй гэв.

Иргэний нэхэмжлэгч О.Отгончимэг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Би шүүгдэгч Э.Очирсүрэнтэй хамтран амьдраад 2 жил болж байна. Миний эзэмшлийн RAV-4 маркийн автомашиныг миний хүү өөрөө жолоодож Э.Очирсүрэнтэй хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумаас самранд явсан. Замдаа явж байгаад ууж идсэн байдлаасаа болж манай хүүхдийн үгэнд оролгүй машин унаж яваад ийм зүйл болсон байсан. Энэ машиныг 2016 оны 05 дугаар сард цалингийн зээлээр авч байсан. Өөрийн эзэмшлийн автомашинаа буцааж авах хүсэлтэй байна гэв.

Хохирогч Н.Сандагдорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Би өдрийг нь сайн санахгүй байна. 2016 оны 09 дүгээр сарын 03-ны орчимд л байсан байх. Би Шийлэгбат, Мөнхөө, Шийлэгпүрэв нартай хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Өлтийн даваа руу самранд явахаар УАЗ-469 маркийн автомашинтай аймгийн төвөөс гарсан. Уг машин нь Очирсүрэн ахын аавынх нь машин байсан. Тэр өдөр Очирсүрэн ах Хархорин сумаас ирсэн. Бид нар самар түүхээр тохирсон байсан. Очирсүрэн ах эхнэрийнхээ хүүхэдтэй цуг ирээд бид нар Өлтийн даваан дээр уулзацгаасан. Бид нар Өлтийн даваан дээр уулзацгаахад шөнө болж байсан. Ойролцоогоор 23 цаг болж байсан. Бид нар тэндээ хоночихоод маргааш өдрөөс нь эхлээд 5-6 хоног самар түүж 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр уулнаас бууж ирсэн. Тэгээд модны ёроолд самраа цайруулах гээд байж байхдаа би айлаас 3 шил “Ерөөл” архи авчирсан. Авчирсан 3 шил архиа 6-уулаа хувааж уусан. Архиа ууж дуусчихаад ахиад 2 шил архи, 2 том савтай пиво авчирсан. Сүүлийн архи пивыг хэн авчирсныг мэдэхгүй. Ямар нэртэй архи авчирсан байсныг санахгүй байна. Сүүлийн архинаас Очирсүрэн ах уугаагүй. Утсаар ярих гээд сүлжээтэй газар хайгаад явсан байсан. Тэгээд тэндээ хоночихоод маргааш нь буюу 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө босоод аймгийн төв рүү явахаар болсон. Самраа цайруулж амжаагүй байсан болохоор 2 машиндаа хувааж хийгээд хөдөлсөн. Тэндээс хөдлөхдөө айлаас 2 том пиво аваад хувааж ууцгаасан. Тэгээд УАЗ-469 машинд Мөнхөө, Шийлэгбат бид 3 суугаад, Очирсүрэн ахын машинд Шийлэгпүрэв, Очирсүрэн ахын эхнэрийн хүүхэд, Очирсүрэн ах 3 суугаад хөдөлсөн. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сум дөхөөд ирэхэд Очирсүрэн ах машины бензин дууслаа, Зүүнбаян-Улаан сум орж бензин авъя гэхэд Мөнхөө, Шийлэгбат 2 намайг Очироо ах архи авах л гэж байгаа, архи авбал 1 ширхэгийг л авахуулаарай, та машинд нь суучих гэхээр нь би Очирсүрэн ахын машинд суусан. Тэгээд бид нар Зүүнбаян-Улаан сумын төв ороод Очирсүрэн ах машиндаа бензин хийчихээд дэлгүүрийн гадаа очоод 0,75 литрийн /нэрийг нь санахгүй байна/ архи 1 ширхэг, том савтай пиво 1 ширхэгийг авсан. Очирсүрэн ах дэлгүүрээс бас нэг шил архи аваад дэлгүүрийн гадна тааралдсан хүнд өгсөн. Тэр хүн Очирсүрэн ахын авч өгсөн архийг задлахад бид нар тэр архинаас нь нэг нэг удаа уусан. Дэлгүүрээс авсан архиа тэнд задлалгүй аваад явсан. Явсаар байгаад Мөнхөө, Шийлэгбат 2 дээр ирэхэд тэр 2 голын цаана гараад зогсож байсан. Тэгээд бид нар араас нь гарахаар явтал голын захад машин унтарсан. Бид нар машинаас бууж машинаа түрээд голоос гаргасан. Голын цаана жижиг машинтай танихгүй хүмүүс таарсан. Бид нар тэр машинтай танихгүй хүмүүстэй авсан архиа хувааж уусан. Бид нарыг голоос машинаа түрж гаргахад Мөнхөө, Шийлэгбат 2 хөдлөөд явчихсан. Очирсүрэн ахын эхнэрийн хүү тэр жижиг машинд суугаад явчихсан. Очирсүрэн ахын машинд Шийлэгпүрэв, Очирсүрэн ах бид 3 суугаад хөдөлснөө санаж байна. Тэгээд цаашаа юу болсныг болон аймгийн төвд яаж ирснээ мэдэхгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэгт сэргэсэн. Эмнэлэгт 3 хоносон байсан. Ямар ч хэрүүл маргаан болоогүй. Согтуудаа л бие биедээ ямар нэг зүйл хэлээд хэрүүл хийгээгүй л бол эрүүлдээ ямар нэгэн маргаан хийгээгүй. Одоо биеийн байдал гайгүй байна. Тухайн үед хөл хугарсан байсан. Одоогоор өвдөж байгаа зүйл байхгүй. Эмчилгээний зардлаа бүрэн төлүүлсэн тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 47-48 хуудас/

            Хохирогч Д.Пүрэвсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Би Сандагдоржийн өргөмөл аав нь байгаа юм. Би Сандагдоржийг 2 настай байхад нь өөрийн дүү болох Наранцэцэгээс өргөж авсан. Сандагдорж одоо хүртэл төрсөн эх Наранцэцэгээрээ овоглодог. Надад болсон явдлын талаар мэдэх зүйл байхгүй. Тэр өдөр буюу 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр манай бэр Доржпагам утсаар ээж та 2 эмнэлэг дээр хүрээд ир гэж ярихаар нь эмнэлэг дээр очиход манай хүү Сандагдорж эмнэлэгт ухаангүй хэвтэж байсан. Сандагдорж нь ухаан алдаж унаад Улаанбаатар хот руу эмнэлэгт хүргэгдсэн. Биеийн байдал маш муу, сахиуртай, ухаан нь орж гараад байгаа. Улаанбаатар хотын 3 дугаар эмнэлэгт хэвтэж байгаа. Эмчилгээнийх нь зардлыг нөхөн төлүүлмээр байна. /хх-ийн 174-175 хуудас/

            Гэрч О.Отгончимэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Манай хүү болох Даваасүрэн нь Улаанбаатар хотоос самранд явахаар ирсэн. Тэр үед 2016 оны 09 дүгээр сарын эхээр байсан. Өдрийг нь санахгүй байна. Өвөрхангай аймгийн Хархорин сумаас нөхөр Очирсүрэн, манай хүү Даваасүрэнгийн хамт миний эзэмшлийн 97-25 ӨВР улсын дугаартай, Toyota Rav4 маркийн автомашинтай явсан. Явснаасаа хойш утсаар ярилгүй байж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Очирсүрэн над руу ярихдаа бид нар Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сум руу орж байна гэхээр нь би ажил дээрээ байна, шууд наашаа ирэх юм уу? гэхэд Очирсүрэн машин болохгүй байна, аймгийн төв орж оношлогоонд оруулъя гэхээр нь бензин, масло үрж тэнээд байх юм гэхэд Очирсүрэн юун сүртэй юм бэ, маргааш очихын хооронд гэж хэлээд утсаа салгасан. Түүнээс хойш над руу дахиж яриагүй. Би олон удаа залгасан боловч утас нь холбогдохгүй байсан. Тэр өдрийн орой 19 цагийн орчимд аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн төлөөлөгч Доржсүрэн гэх хүн байна гээд над руу утсаар ярихдаа ийм дугаартай машин таны машин мөн үү? Очирсүрэн гэртээ харьсан уу? өөртэй чинь холбоо барьсан уу? гэж асуухаар нь би үгүй, яасан бэ? гэхэд манай дээр ажилтай байгаа, цуг явсан хүнийх нь бие муу байна, гэртээ ирвэл энэ утсаар холбоо бариарай гээд утасныхаа дугаарыг өгсөн. Би Доржсүрэн гэх хүнд Очирсүрэн 80006078 гэсэн дугаартай байгаа гээд дугаарыг нь өгсөн. Эрүүгийн төлөөлөгч Доржсүрэн эргэж залгаад энэ дугаар холбогдохгүй байна гэхээр нь би ийм асуудалтай байгаа бол Хархоринд ирэхгүй юм байгаа биздээ гээд Очирсүрэнгийн очиж болох айлуудынх нь утасны дугаарыг өгсөн. Би цагдаа ярьсны дараа Очирсүрэнгийн аав болох Эрдэнэбаттай утсаар ярихад Очироо, Сандагаа, Шийлэгээ 3 явж байгаад хоорондоо зодоон хийсэн юм шиг байна, тэгээд Очироо Сандагааг хаяад явчихаж, одоо хаана байгааг нь мэдэхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би наад хүн чинь согтуу унаа тэрэгтэй явж байгаад асуудалд орчихож магадгүй, холбоо баривал цагдаад хэлээд баривчлуул гэж хэлсэн. Би аймгийн төвд 4 дэх өдөр сургалттай байсан болохоор 3 дахь өдөр буюу 2016 оны 09 дүгээр сарын 14-нд аймгийн төвд ирсэн. 3 дахь өдөр хүртэл Очирсүрэн над руу утсаар яриагүй. 3 дахь өдрийн орой аймгийн төвд ирээд ажил тараагүй болохоор болсон асуудлын талаар сонсоё гээд эрүүгийн төлөөлөгч Доржсүрэн рүү залгасан боловч утсаа аваагүй. Тэгээд маргааш өглөө нь аймгийн захиргаа руу явж байтал Очирсүрэн 80006078 дугаараас над руу залгаад миний утас цэнэггүй байна гэхээр нь чи хаана байгаа юм бэ? Ямар сонин юм бэ? гэхэд Очирсүрэн би аймгийн Цагдаагийн газрын гадаа ирчихлээ, одоохон хүрээд ир гэхээр нь би эрүүгийн төлөөлөгч Доржсүрэн рүү залгаад наад хүн чинь Цагдаагийн газрын гадаа ирчихсэн байна гэнэ, миний дүү гараад бариад аваадах, би одоохон очлоо гэж хэлээд цагдаагийн газрын гадна очиход эрүүгийн төлөөлөгч Доржсүрэн таны машин байхгүй байна, нөгөө хүний чинь утас нь холбогдохгүй байна гээд гадаа зогсож байсан. Тэгээд бид 2 Очирсүрэнгийн утас руу ээлжлээд залгахад 20-иод минутын дараа цайны газар орчихоод ирлээ гээд мотоцикль такситай ирсэн. Очирсүрэнг согтуу байсан үгүйг нь сайн мэдэхгүй байна. Утсаар ярьсан болохоор сайн мэдэгдээгүй. Toyota Rav-4 маркийн автомашин миний эзэмшлийн машин. Машинаа буцааж авмаар байна. Машинаа нэхэмжилж байна. /хх-ийн 52-54, 187 хуудас/

Гэрч Б.Гантулга мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг Нисэхийн уулзвар дээр засварын газар ажиллуулдаг. Тэр өдөр би ганцаараа ажиллаж байсан. Манай 2 талын засварын газар ажиллаагүй. Тэр өдрийн үдээс хойш цагийг нь сайн санахгүй байна, цагаан өнгийн Toyota Rav-4 маркийн автомашин дугуйгаа засуулахаар ирсэн. Тэр машин дотор 3 эрэгтэй хүн байсан. Автомашины жолооч гэх залуу машинаасаа бууж ирээд надтай уулзаад жолоочийн талын урд дугуйндаа хий нэмүүлье гэхээр нь би заасан дугуйнд нь хий нэмэх гэтэл машинаас 1 залуу бууж ирснээ /аль хаалганаас бууж ирснийг нь мэдэхгүй байна/ намайг хориод битгий хий нэм гээд байсан. Тэгэхээр нь би дугуйнд нь хагас дутуу хий нэмчихээд дугуй засвар руугаа орсон. Намайг дугуйнд нь хий нэмүүлэхгүй гээд хориод байсан залуу

бууж ирэхдээ гартаа савтай пиво барьчихсан байсан. Энэ залуучуудын унаж явсан
Rav-4 машинаас өөр 2-3 автомашин манай засварын газрын гадна байсан. Тэр
хүмүүст барьж явсан пивоноосоо аягалж өгөөд байсан. Би ажил ихтэй байсан
болохоор ахиж засварын газраасаа гараагүй. Тэр машин хөдлөөд явж байгаа бололтой
байсан. Гэтэл пиво аягалаад байсан залуу намайг үлдээгээд явчихлаа гээд засварын газарт орж ирсэн. Би завгүй байсан болохоор тэр залуу гараад явчихсан. Би дугуй
нөхчихөөд гараад иртэл зам дээр пиво аягалаад байсан залууг /Сандагдоржийг/
машинаар дайрчихсан, тэр залуу газар хэвтчихсэн машины жолооч залуу дэргэд
нь ирчихсэн хөдөлгөж үзээд байсан. Тэгэхээр нь би тэр 2-ын дэргэд очтол нөгөө
залуу нь машинаас бууж ирэхэд Очирсүрэн нь шууд машиндаа суугаад хөдлөөд
явчихсан. Тэгээд удалгүй түргэний машин болон цагдаа нар ирсэн. Манай засварын газрын гадаа ирээд жолооч нь /Очирсүрэн/ дугуйгаа хийлүүлье гэхэд машин дотроос гарч ирсэн залуу /Сандагдорж/ битгий хийлж өг гээд намайг хориод жолооч руу дайраад хэрүүл хийх
гээд байсан. Жолооч тэр залуугийн өөдөөс дайрах гээд байсан чинь машинаас 1 хүн
гарч ирээд боль боль гээд жолоочийг арагш нь татаад байсан. Тэгээд жолоочийг
машиндаа суулгаж байсан. Тэр хооронд би машиных нь дугуйны хийг нэмсэн.
Очирсүрэн гэгчийг машиндаа суугаад хөдлөөд явсны дараа нөгөө залуу надаас гар
утсаа өгөөч, түргэн дуудах гэсэн юм гэхэд нь би утасгүй гэдгээ хэлсэн. Нөгөө залуу нь
/Шийлэгпүрэв/ дэлгүүр рүү гүйгээд явчихсан. Би эмнэлэгт дуудлага өгөөгүй. Хэн
дуудлага өгснийг мэдэхгүй. Намайг гараад ирэхэд тэр залууг мөргөчихсөн байсан. Би хараагүй. Би тэр хүмүүсийн машиных нь дугуйны хийг нэмж өгчихөөд дугуй засвар руугаа орсон. Би дугуй засвараас гараагүй. Тэр хүмүүс гадна байцгааж байгаад машин нь хөдлөөд явах шиг болсон. Тэгтэл пиво аягалаад байсан Сандагдорж гэх залуу нь намайг үлдээгээд явчихлаа шүү дээ гээд хашгираад манай засварын гадна байсан сандлыг /3 шон бэхлээд дээр нь обуд тавьсан сандал шиг зүйл/ аваад шидсэн. Сандагдорж манай засвар руу орж ирээгүй. Намайг дугуй хийлж байхад Очирсүрэн, Сандагдорж гэх 2 залуу хоорондоо барилцаад авсан. Юунаас болж барилцаж авсныг нь мэдэхгүй байна. Сандагдорж гэх бүдүүн залуу нь наад дугуйгаа битгий хийлж өг гээд байсан. Өөр юу ярьсныг санахгүй байна. Дугуйн дээрээс л болж маргалдсан байх. Аль аль нь согтуу байсан. Сүүлд машинаас бууж ирсэн залуу ч согтуу байсан. Шийлэгпүрэв гэх хүн надаас гар утас асууж орж ирсэн. Тэгээд Шийлэгпүрэвийг явсны дараа гараад харахад Очирсүрэн гэгч нь машинаа зам дээр баруун зүг рүү харуулаад тавьчихсан, наана нь Сандагдорж гэх залуу хэвтчихсэн, Сандагдоржийн хажууд Очирсүрэн гэх залуу байсан. Тэгээд засвар руугаа орчихоод гараад очих хооронд Очирсүрэн нь машинаа унаад хөдлөөд явчихсан. Намайг очихоос өмнө Очирсүрэн хөдлөөд явчихсан. Надад тухайн үед гар утас байгаагүй. /хх-ийн 55-56,188-189 хуудас/

            Гэрч Н.Пүрэвжал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Би өдрийг нь санахгүй байна. 2016 оны 09 дүгээр сарын 10-дын орчим л байсан байх. Манай гэр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг Нисэхийн хажууд байдаг. Тэр өдрийн үдээс хойш намайг хашаандаа юм хийгээд сууж байтал 1 машин хааз ихтэй эргэх шиг болсон. Манай 2 хүүхэд хашааны гадаа тоглож байсан болохоор би хүүхдүүдээ харахаар хашаанаас гарахад зам дээр цагаан өнгийн дунд оврын автомашин баруун зүг рүү хараад зогсчихсон байсан. Машины цаана хүн унасан байгааг би эхлээд хараагүй. Тэгээд гарч ирээд хүүхдүүдээ харчихаад буцаад хашаа руугаа орсон. Хашаан дотор байхад хүмүүс зам дээр овоороод түргэний машин ирчихсэн байхаар нь хашаанаас гараад хартал 1 эрэгтэй хүн зам дээр хэвтэж байсан. Зам дээр байсан цагаан өнгийн машин байхгүй байсан. Намайг хашаанаас гараад ирэхэд л цагаан өнгийн дунд оврын суудлын машин зам дээр зогсож байсан. Тэрнээс өмнө машин маш их хаазтай эргэх чимээ сонсогдсон. /хх-ийн 190-191 хуудас/

Гэрч Д.Шийлэгпүрэв мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2016 оны 09 дүгээр сарын эхээр өдрийг нь одоо санахгүй байна, би Сандагдорж, Шийлэгбат, Мөнхөө нартай Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сум руу самранд явахаар болоод Эрдэнэбат ахын УАЗ-469 маркийн автомашинтай явсан. Хархорин сумаас Очирсүрэн эхнэрийнхээ хамаатантай ирэх байсан. Очирсүрэнтэй цуг ирсэн хүнийг танихгүй. Тэгээд бид нар Бат-Өлзий сумын даваан дээр Очирсүрэнг хүлээсэн. Очирсүрэн ч 1 залуугийн хамт ирсэн. Тэгээд бид нар ууланд гарч самар түүсэн. Самар түүж дуусаад 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр уулнаас бууж ирсэн. Тэгээд самраа цайруулах гээд байж байхад Сандагдорж айл руу яваад 0,5 литрийн 3 шил “Ерөөл” архи авчирсныг Сандагдорж, Мөнхөө, Очирсүрэн бид 4 хувааж уусан. Тэгээд Очирсүрэн бид 2 айл руу явж хонохоор болсон. Тэгэхэд гадаа харанхуй болчихсон байсан. Очирсүрэн бид 2-ын очиж хоносон айл бид нарын буудалласан газраас 500м зайтай байсан. Тэр айл наймаа хийдэг айл байсан. Тэр айлд очиход нэг залуу пиво аваад гарч байсан. Очирсүрэн тэр залууг таниад байсан. Тэгээд тэр залуутай 1 том пиво хувааж уусан. Тэгээд айлд ороод хоносон. Маргааш өглөө нь Очирсүрэн бид 2 босоод тэд нарын буудаллаж байсан газар очихдоо 2 ширхэг том “Нийслэл” пиво авч очсон. Түүнийгээ хувааж уучихаад аймгийн төв рүү хөдөлцгөөсөн. УАЗ-469 машиныг Мөнхдалай бариад дотор нь Сандагдорж, Шийлэгбат 2 суугаад самраа ачаад аймгийн төв рүү явсан. Очирсүрэнгийн унаж явсан Rav-4 маркийн машиныг Очирсүрэн бариад цуг ирсэн залуу бид 2 суугаад явсан. Зүүнбаян-Улаан сумын дээд талын гарман дээр Очирсүрэнгийн унаж явсан машин бензингүй болчихоор нь Зүүнбаян-Улаан сум руу явж бензин авахаар болсон. Зүүнбаян-Улаан сумын төв рүү орно гэхэд Сандагдорж машинд орж ирээд суусан. Тэгээд бид 4 Зүүнбаян-Улаан сумын төв рүү ороод шууд бензинээ аваад хүнсний дэлгүүр дээр зогсоод дэлгүүрээс Очирсүрэн, Очирсүрэнтэй хамт явж байсан эхнэрийнх нь дүү /Даваасүрэн/ хоёр 0,5 литрийн, 0.75 литрийн 2 Харзтай архи авсан. Пиво авсныг санахгүй байна. Тэгээд 0,5 литрийн архиа дэлгүүрийн гадна задлаж уусан. Тэгээд бид нар хөдөлсөн. Үлдсэн 0,75 литрийн архиа явах замдаа машин дотор хувааж уусан. Бид нарыг гарман дээр очиход Мөнхдалай, Шийлэгбат 2 гарамны наана зогсож байсан. Тэгээд бид нар голоор гарах гэж байгаад машин унтрахаар нь түрж гаргасан. Бид нарыг гармаар гарахад Мөнхдалай, Шийлэгбат 2 цаашаа хөдлөөд явчихсан. Араас нь бид нар явсан. Замдаа жижиг машинтай хүмүүстэй таарсан. Тэгээд цаашаа юу болсныг би мэдэхгүй байна. Тэгээд нэг сэрсэн чинь аймгийн төв ороод ирчихсэн байсан. Нисэхийн замын урд талд байх дугуй засварын гадна машинтайгаа зогсож байсан. Би урд талын жолоочийн хажуугийн суудалд суусан байсан. Намайг аймгийн төвд орж ирэхэд Очирсүрэнгийн хамаатны хүн байхгүй байсан. Сандагдорж засварын газрын гадна зогсож байсан. Очирсүрэн гадна байснаа машиндаа орж ирээд суусан. Тэгээд машинаа хөдөлгөөд нар зөв эргүүлтэл түг хийх чимээ гараад миний сууж байсан талаар хүн унах шиг болсон. Очирсүрэнг машинаа зогсоохоор нь буугаад хартал Сандагдорж газар доошоо хараад хэвтэж байсан. Тэгэхээр нь би дэргэд нь очоод Сандагаа ахын дүү яасан бэ? гэхэд юм дуугарахгүй байсан. Нүүрэн хэсэг нь нил цус болсон байсан. Очирсүрэн миний дараа машинаас бууж ирчихээд буцаад машиндаа суусан. Надад гар утас байхгүй байсан болохоор засварын газрын хүнээс утсыг нь аваад түргэн дуудах гэтэл гap утсаа өгөхгүй болохоор нь гүйгээд гартал эмнэлгийн машин ирчихсэн байсан. Очирсүрэн машинтайгаа байхгүй байсан. Тэгээд Сандагдоржийг эмнэлэг рүү аваад явсан. Хоорондоо маргалдаж хэрэлдснийг мэдэхгүй. Бүгдээрээ адилхан архи уусан. Сандагдорж юм дуугарахгүй доошоо хараад хэвтээд байсан. Нүүр нь нил цус болчихсон байсан. /хх-ийн 57-59 хуудас/

Гэрч Ц.Доржпалам мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:…Осол болдог өдөр буюу 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 17 цагийн орчимд намайг ажил дээрээ байхад Очирсүрэнгийн төрсөн дүү Шийлэгпагам над руу утсаар залгаад чи эмнэлэг дээр хүрээд ир гэж хэлсэн. Өмнөх өдөр нь Шийлэгпагам эгч над руу ярихдаа тэр хэд ирж байгаа гэсэн гэж хэлж байсан болохоор юу болсон юм бол гэж бодоод эмнэлэг рүү очиход манай нөхөр Сандагдорж цустайгаа холилдчихсон 103-ын өрөөнд орон дээр хэвтэж байсан. Болсон явдлын талаар мэдэх зүйл надад байхгүй. /хх-ийн 60-61 хуудас/

Гэрч Э.Шийлэгпагам мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Намайг тэр өдөр гэртээ байж байтал 17 цагийн орчимд манай дүү Шийлэгбат, Мөнхдалай нар манайд ирээд Шийлэгпүрэв зам дээр ганцаараа согтуу зогсож байна гэнээ, Очирсүрэн машинтайгаа байхгүй байна, Сандагдорж Очирсүрэн 2 хоорондоо маргалдаад Очирсүрэн Сандагдоржийг дайрчихаад явчихлаа, Сандагдоржийг түргэн аваад явчихсан гээд учир нь олдохгүй юм яриад байна гэхээр нь би эмнэлэг дээр яваад очтол Сандагдорж согтуудаа ч тэр юм уу, ухаангүй шахуу яаралтай тусламжийн өрөөнд хэвтэж байсан. Тэгэхээр нь би Сандагдоржийн эхнэр Доржпагам руу залгаж хэлсэн. /хх-ийн 192-193 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 306 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:… Н.Сандагдоржийн биед тархины няцралт, тархины цус харвалт, духны яс, ухархайн гадна, дотно хана, хамар, гайморийн хөндийн хананууд бяцарсан хугарал, зүүн дунд чөмөгний зөрөөтэй далд хугарал, дух, зүүн шуу, тохойн зулгаралт, зүүн тохойн язарсан шарх, 2 нүдний зовхины цус хуралт, зүүн нүдний алимны цус хуралт, 2 нүдний зовхи, зүүн гуяны зөөлөн эдийн гэмтэл, зүүн гуяны мэс заслын шарх бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх магадлалтай. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 66 хуудас/

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ¹14 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэнд:… 97-25 ӨВР улсын дугаартай автомашин жолоодож явсан Э.Очирсүрэн нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Жолооч Э.Очирсүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а заалтыг зөрчсөн байна. Уг зам тээврийн осол жолооч Э.Очирсүрэн нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож санаатайгаар бусдыг /Н.Сандагдоржийг/ мөргөж осол гаргасан байна. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Нямдашийн гаргасан зам тээврийн осол дээр тогтоосон акт үндэслэлтэй байна. Нисэхийн арын уулзварын хяналтын камерийн бичлэгт Э.Очирсүрэн нь тээврийн хэрэгслээр явган зорчигч Н.Сандагдоржийг санаатайгаар мөргөсөн байна. /хх-ийн 98 хуудас/

Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ¹47 дугаартай сэтгэцийн шинжээч эмчийн дүгнэлтэнд:… Үзүүлэгч Э.Очирсүрэн нь сэтгэцийн ямар нэгэн өвчин эмгэгээр өвчлөөгүй. Үзүүлэгч Э.Очирсүрэн нь төрөлхийн болон олдмол сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчлөөгүй. Үзүүлэгч Э.Очирсүрэн нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ямар нэг сэтгэцийн эмгэгээр өвчлөөгүй. Үзүүлэгч Э.Очирсүрэн нь хэрэг хариуцаж, үнэн зөв мэдүүлэг өгөх чадавартай. /хх-ийн 200 хуудас/

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:… Хэрэг учрал болсон гэх газрын камерын бичлэгт үзлэгийг хийв. Үзлэгээр уг бичлэг нь 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цаг 44 минутаас эхэлж, 16 цаг 1 минут 25 секундэд дуусаж байх ба Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах Нисэхийн арын автомашины дугуй засваруудыг харуулсан камерын бичлэг байв. Уг бичлэг дээр авто засварын гадаа бараан өнгийн суудлын автомашин 1, цагаан өнгийн суудлын автомашин 3, цэнхэр өнгийн Портер маркийн автомашин зогсох ба бараан өнгийн суудлын автомашин түрүүлж хөдлөн түүний араас цагаан өнгийн суудлын автомашин хөдлөх ба уг хоёр автомашин нь засмал замаар зүүн тийш явж өнгөрч байв. Э.Очирсүрэнгийн унаж явсан цагаан өнгийн Rav-4 маркийн автомашин нь авто засварын гадаа ертөнцийн зүгээр зүүн хойд зүг рүү харан зогссон байх ба цагаан өнгийн суудлын автомашиныг хөдлөөд явсны дараа автомашины жолооч талаас хар өнгийн хувцастай Э.Очирсүрэн нь гарч ирэн автомашины цаана зогсож байсан Портер маркийн автомашин дээр очиж буцан авто засварын үүд рүү очиход дээгүүрээ цайвар өнгийн хувцастай Сандагдорж гартаа савтай зүйл барьсаар засварын үүд рүү очиж засварын довжоон дээр суухад Очирсүрэн буцаад машин руугаа ирэхэд засварчин мөн Очирсүрэнгийн машин руу очиж дугуйг нь үзэж байна. Тэгтэл Сандагдорж Очирсүрэнгийн араас очиж Очирсүрэнтэй барилцаж авах ба засварын газар дотроос Шийлэгпүрэв гарч ирж тэр хоёр дээр очиход Очирсүрэн нь Сандагдоржийг түлхэж газарт унагаж байгаа бичлэг бичигдсэн байна. Сандагдорж нь газарт уначихаад босч ирээд ахиад Очирсүрэнтэй барилцаж авахад Очирсүрэн Сандагдоржийг татаж газарт доош нь харуулан унагаж зууралдахад Шийлэгпүрэв дундуур нь орж салгах ба Очирсүрэн Сандагдоржийг толгой руу нь цохиж байгаа бичлэг байв. Сандагдорж, Очирсүрэн нар нь дахин барилцаж авах ба Сандагдорж нь Очирсүрэнг өшиглөж зууралдахад Шийлэгпүрэв нь тэр хоёрыг салгахад Очирсүрэн машиндаа суухад Шийлэгпүрэв мөн машинд нь сууж Сандагдоржийг үлдээгээд баруун тийш хөдөлснөө дороо эргэж Сандагдоржийн өөдөөс чиглэж явахад Сандагдорж цааш зугтаж Очирсүрэнгийн машиныг хажуугаар нь гарахад Сандагдорж Очирсүрэнгийн машины араас гүйж юм авч шидэхэд Очирсүрэн нь баруун гар тийш эргэж Сандагдоржийг баруун талаар нь бүтэн тойрсноо цааш чигээрээ явж Сандагдоржийг шидсэн зүйлээ авахаар засмал зам руу гарахад буцаж ирэн Сандагдоржийг дайраад эргээд засмал зам дээр Сандагдоржийн хажууд очиж зогсоод Очирсүрэн машинаас гарч ирээд Сандагдорж дээр очиж Сандагдоржийг хөдөлгөж байхад Шийлэгпүрэв нь машинаас гарч ирэн чигээрээ засварын газар руу явж орох ба Очирсүрэн нь Сандагдоржийг хөдөлгөж байснаа Шийлэгпүрэвийн араас засварын газар руу орж явахад өөдөөс нь Шийлэгпүрэв гарч ирэн 2-уулаа буцаж Сандагдорж дээр очиж Очирсүрэн нь Сандагдоржийг босгох гэж оролцож байснаа орхиж машиндаа суун хөдөлж засмал замаар баруун зүг рүү явж байгаа бичлэг бичигдэн үлдсэн байна. Э.Очирсүрэнг машинтайгаа хөдлөөд явсны дараа Шийлэгпүрэв Сандагдорж дээр очиж замаар явах автомашинуудыг зогсоох гэсэн боловч зогсохгүй байх ба зүүн зүгээс засмал замаар 103-ын автомашин Сандагдоржийн хэвтэж байгаа газарт очиж байгаа бичлэг бичигдэн үлдсэн байв. Өөр ямар нэгэн зүйл илрээгүй тул үзлэгийг үүгээр дуусгахад хөндлөнгийн гэрч, оролцогч нараас өөр ямар нэгэн санал хүсэлтгүй байв. /хх-ийн 44 хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Доржсүрэнгийн илтгэх хуудас, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний “Лэндс ХХК”-ийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №10/52, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ¹10/39 дугаартай үнэлгээний тайлангууд, хураан авах тогтоол, тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн зам тээврийн осол дээр тогтоосон акт, зам орчны байдал, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1/80, 2007 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1/113 дугаартай шийтгэх тогтоол, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 300 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбарууд, тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгч Э.Очирсүрэнгийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирлын баримтууд, хохирогч Д.Пүрэвсүрэнгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 980.400 төгрөг авсан, одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлт /хх-ийн 1, 3-6, 12-16, 18-23, 27-28, 30-34, 37-42, 44-45, 94-95, 125-130, 166-168, 176-183, 207-209, 238, 240 хуудас/

Шүүгдэгч Э.Очирсүрэнгийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Хархорин сумын 3 дугаар багийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 405 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 120-121 хуудас/

Шүүгдэгч Э.Очирсүрэнгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 119 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Э.Очирсүрэн нь ялтай байхдаа согтуурсан үедээ, танхайн сэдэлтээр 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг Нисэхийн арын засмал зам дээр иргэн О.Отгончимэгийн эзэмшлийн 97-25 ӨВР улсын дугаартай Toyota Rav-4 маркийн автомашинаар хохирогч Н.Сандагдоржийг дайрч санаатай алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Очирсүрэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 11-нд миний машинд Даваасүрэн, Шийлэгпүрэв 2 сууж, нөгөө машинд Мөнхдалай, Шийлэгбат, Сандагдорж 3 суугаад Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ойролцоо явж байтал миний машины бензин дуусаж байхаар нь Зүүнбаян-Улаан сумаас бензин авчихаад дэлгүүр ороход тэнд надтай цэрэгт хамт байсан залуу таарч тэр залууд нэг шил архи авч өгөөд тэр архиа дэлгүүрийн гадаа машинд уусан. Харин 0.75 граммын архи 1 ширхэг, пиво 1 ширхэгийг машиндаа аваад наашаа явах замдаа архиа уугаад л яваад байсан. Тэгээд бид нар аймаг руу орсон. Нэг мэдэхэд аймгийн ягаан толгойн хавьд машины дугуй хагарчихсан явж байсан. Өглөө босоод харахад машины хоёр дугуй болон гэрэл нь хагарчихсан байсан. Архи ууснаас болж ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Хохирогч Д.Пүрэвсүрэнгийн Э.Очирсүрэн нь миний хүү Н.Сандагдоржийн эмчилгээний зардлыг төлж барагдуулсан. Иргэний нэхэмжлэгч О.Отгончимэгийн миний эзэмшлийн RAV-4 маркийн автомашиныг миний хүү өөрөө жолоодож Э.Очирсүрэнтэй хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумаас самранд явсан. Замд явахдаа ууж идсэн байдлаасаа болж манай хүүхдийн үгэнд оролгүй машин унаж яваад ийм зүйл болсон байсан гэх мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Н.Сандагдоржийн 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр уулнаас бууж ирээд айлаас 3 шил “Ерөөл” архи авчирч 6-уулаа хувааж уусан. Маргааш нь буюу 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө босоод аймгийн төв рүү хөдлөхдөө айлаас 2 том пиво аваад хувааж ууцгаасан. Зүүнбаян-Улаан сумын төв ороод Очирсүрэн ах машиндаа бензин хийчихээд дэлгүүрийн гадаа Очирсүрэн ахын архи авч өгсөн хүн тэр архийг задлахад бид нар тэр архинаас нь нэг нэг удаа уусан. Мөн бид нар машинтай танихгүй хүмүүстэй таарч авсан архиа тэр хүмүүстэй хувааж уусан. Очирсүрэн ахын машинд Шийлэгпүрэв, Очирсүрэн ах бид 3 суугаад хөдөлснөө санаж байна. Тэгээд цаашаа юу болсныг болон аймгийн төвд яаж ирснээ мэдэхгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэгт сэргэсэн. Эмнэлэгт 3 хоносон байсан. Тухайн үед хөл хугарсан байсан. Хохирогч Д.Пүрэвсүрэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр манай бэр Доржпагам утсаар ээж та 2 эмнэлэг дээр хүрээд ир гэж ярихаар нь эмнэлэг дээр очиход манай хүү Сандагдорж эмнэлэгт ухаангүй хэвтэж байсан. Гэрч О.Отгончимэгийн 2016 оны 09 дүгээр сарын эхээр байсан. Өдрийг нь санахгүй байна. Өвөрхангай аймгийн Хархорин сумаас нөхөр Очирсүрэн, манай хүү Даваасүрэнгийн хамт миний эзэмшлийн 97-25 ӨВР улсын дугаартай, Toyota Rav4 маркийн автомашинтай самранд явсан. Явснаасаа хойш утсаар ярилгүй байж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Очирсүрэн над руу ярихдаа бид нар Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сум руу орж байна, машин болохгүй байна, аймгийн төв орж оношлогоонд оруулна гэж ярьсан. Тэр өдрийн орой 19 цагийн орчимд аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн төлөөлөгч Доржсүрэн гэх хүн Очирсүрэн гэртээ харьсан уу? Өөртэй чинь холбоо барьсан уу? гэж асуугаад манай дээр ажилтай байгаа, цуг явсан хүнийх нь бие муу байна гэж утсаар хэлсэн. Toyota Rav-4 маркийн автомашин миний эзэмшлийн машин. Гэрч Б.Гантулгын би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг Нисэхийн уулзвар дээр засварын газар ажиллуулдаг. Тэр өдрийн үдээс хойш цагийг нь сайн санахгүй байна, цагаан өнгийн Toyota Rav-4 маркийн автомашин дугуйгаа засуулахаар ирсэн. Тэр машин дотор 3 эрэгтэй хүн байсан. Аль аль нь согтуу байсан. Би ажил ихтэй байсан болохоор ахиж засварын газраасаа гараагүй. Тэр машин хөдлөөд явж байгаа бололтой байсан. Гэтэл пиво аягалаад байсан залуу намайг үлдээгээд явчихлаа гээд засварын газарт орж ирсэн. Би завгүй байсан болохоор тэр залуу гараад явчихсан. Би дугуй нөхчихөөд гараад иртэл зам дээр пиво аягалаад байсан залууг /Сандагдоржийг/ машинаар дайрчихсан, тэр залуу газар хэвтчихсэн машины жолооч залуу дэргэд нь ирчихсэн хөдөлгөж үзээд байсан. Очирсүрэн гэгч нь машинаа зам дээр баруун зүг рүү харуулаад тавьчихсан, наана нь Сандагдорж гэх залуу хэвтчихсэн, Сандагдоржийн хажууд Очирсүрэн гэх залуу байсан. Тэгээд засвар руугаа орчихоод гараад очих хооронд Очирсүрэн нь машинаа унаад хөдлөөд явчихсан. Тэгээд удалгүй түргэний машин болон цагдаа нар ирсэн. Гэрч Н.Пүрэвжалын манай гэр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг Нисэхийн хажууд байдаг. 2016 оны 09 дүгээр сарын 10-дын орчимд тэр өдрийн үдээс хойш намайг хашаандаа юм хийгээд сууж байтал 1 машин хааз ихтэй эргэх шиг болохоор нь гадаа тоглож байсан хүүхдүүдээ харахаар хашаанаас гарахад зам дээр цагаан өнгийн дунд оврын автомашин баруун зүг рүү хараад зогсчихсон байсан. Удалгүй зам дээр түргэний машин ирчихсэн байхаар нь хашаанаас гараад хартал 1 эрэгтэй хүн зам дээр хэвтэж байсан. Зам дээр байсан цагаан өнгийн машин байхгүй байсан. Гэрч Д.Шийлэгпүрэвийн нэг сэрсэн чинь аймгийн төв ороод ирчихсэн Нисэхийн замын урд талд байх дугуй засварын гадна машинтайгаа зогсож байсан. Сандагдорж засварын газрын гадна зогсож байсан. Очирсүрэн гадна байснаа машиндаа орж ирээд суусан. Тэгээд машинаа хөдөлгөөд нар зөв эргүүлтэл түг хийх чимээ гараад миний сууж байсан талаар хүн унах шиг болсон. Очирсүрэнг машинаа зогсоохоор нь буугаад хартал Сандагдорж газар доошоо хараад хэвтэж байсан. Нүүрэн хэсэг нь нил цус болсон байсан. Гэрч Ц.Доржпаламын осол болдог өдөр буюу 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 17 цагийн орчимд намайг ажил дээрээ байхад Очирсүрэнгийн төрсөн дүү Шийлэгпагам над руу утсаар залгаад чи эмнэлэг дээр хүрээд ир гэж хэлэхээр нь эмнэлэг рүү очиход манай нөхөр Сандагдорж цустайгаа холилдчихсон 103-ын өрөөнд орон дээр хэвтэж байсан. Гэрч Э.Шийлэгпагамын тэр өдөр 17 цагийн орчимд манай дүү Шийлэгбат, Мөнхдалай нар манайд ирээд Шийлэгпүрэв зам дээр ганцаараа согтуу зогсож байна гэнээ, Очирсүрэн машинтайгаа байхгүй байна, Сандагдорж Очирсүрэн 2 хоорондоо маргалдаад Очирсүрэн Сандагдоржийг дайрчихаад явчихлаа, Сандагдоржийг түргэн аваад явчихсан гээд байна гэхээр нь би эмнэлэг дээр яваад очтол Сандагдорж согтуудаа ч тэр юм уу, ухаангүй шахуу яаралтай тусламжийн өрөөнд хэвтэж байсан гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 306 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ¹14 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ¹47 дугаартай сэтгэцийн шинжээч эмчийн дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Доржсүрэнгийн илтгэх хуудас, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний “Лэндс ХХК”-ийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №10/52, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ¹10/39 дугаартай үнэлгээний тайлангууд, хураан авах тогтоол, тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн зам тээврийн осол дээр тогтоосон акт, зам орчны байдал, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1/80, 2007 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1/113 дугаартай шийтгэх тогтоол, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 300 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбарууд, тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирлын баримтууд, хохирогч Д.Пүрэвсүрэнгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 980.400 төгрөг авсан, одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүгдэгч Э.Очирсүрэнгийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Э.Очирсүрэнгийн үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Э.Очирсүрэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар ял шийтгүүлсэн болох нь хэрэгт авагдсан Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1/113 дугаартай шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй болохыг дурьдав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Очирсүрэн нь танхайн сэдэлтээр хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэрэг үйлдээгүй гэж тайлбарлаж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурьдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн дээрхи тайлбар няцаагдаж байна.

Шүүгдэгч Э.Очирсүрэн нь хэрэг хариуцах чадвартай болох нь Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ¹47 дугаартай сэтгэцийн шинжээч эмчийн дүгнэлтээр,

Ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1/80, 2007 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1/113 дугаартай шийтгэх тогтоол, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 300 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбарууд болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар,

Согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр,

Шүүгдэгч Э.Очирсүрэн нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн болох нь хохирогч Д.Пүрэвсүрэнгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 980.400 төгрөг авсан, одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Очирсүрэнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг танхайн сэдэлтээр, хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 Шүүгдэгч Э.Очирсүрэнгийн ялтай байхдаа, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.1.12-т заасан ял хүндрүүлэх нөхцөл байдлыг, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж, түүнд шүүх ял оногдуулсан болно.

Шүүгдэгч Э.Очирсүрэнгийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 9.000.000 төгрөгийн үнэ бүхий, цагаан өнгийн, Toyota Rav-4 маркийн автомашин нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч, хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, №01428198 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар иргэний нэхэмжлэгч О.Отгончимэгийн эзэмшлийн автомашин болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Э.Очирсүрэнгийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн дээрхи автомашины үнэ болох 9.000.000 төгрөгийг шүүгдэгч Э.Очирсүрэнгээс гаргуулж улсын орлого болгож,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Сэрүүн” нэртэй пивоны сав 1 ширхэг, автомашины толь 1 ширхэг, автомашины толины суурь 1 ширхэгийг устгаж, камерын бичлэгтэй CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт үлдээж, хохирогч Н.Сандагдоржийн томографийн зураг 2 ширхэг, CD 1 ширхэгийг хохирогч Н.Сандагдоржид, О.Отгончимэгийн эзэмшлийн 9.000.000 төгрөгийн үнэ бүхий, цагаан өнгийн, Toyota Rav-4 маркийн автомашин болон №01428198 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг эзэмшигч иргэний нэхэмжлэгч О.Отгончимэгт тус тус буцаан олгож,

Хэрэгт иргэний нэхэмжлэгч О.Отгончимэгийн эзэмшлийн 9.000.000 төгрөгийн үнэ бүхий, цагаан өнгийн, Toyota Rav-4 маркийн автомашин битүүмжилсэн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн, шүүгдэгч Э.Очирсүрэнгийн эзэмшлийн Mogul sonor S401 маркийн, хар өнгийн, хуучин гар утас 1 ширхэгийг битүүмжилсэн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож,    

Шүүгдэгч Э.Очирсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Пүрэвсүрэнд 980.400 төгрөгийн хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигин овогт Эрдэнэбатын Очирсүрэнг танхайн сэдэлтээр, хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3, 60,4, 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар шүүгдэгч Э.Очирсүрэнд 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Э.Очирсүрэнд оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Э.Очирсүрэнгийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн цагаан өнгийн, Toyota Rav-4 маркийн автомашины үнэ болох 9.000.000 төгрөгийг шүүгдэгч Э.Очирсүрэнгээс гаргуулж улсын орлого болгосугай.

5.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Сэрүүн” нэртэй пивоны сав 1 ширхэг, автомашины толь 1 ширхэг, автомашины толины суурь 1 ширхэгийг устгаж, камерын бичлэгтэй CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт үлдээж, хохирогч Н.Сандагдоржийн томографийн зураг 2 ширхэг, CD 1 ширхэгийг хохирогч Н.Сандагдоржид, О.Отгончимэгийн эзэмшлийн 9.000.000 төгрөгийн үнэ бүхий, цагаан өнгийн, Toyota Rav-4 маркийн автомашин болон №01428198 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг эзэмшигч иргэний нэхэмжлэгч О.Отгончимэгт тус тус буцаан олгосугай.

6.Шүүгдэгч Э.Очирсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Пүрэвсүрэнд 980.400 төгрөгийн хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

7.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар иргэний нэхэмжлэгч О.Отгончимэгийн эзэмшлийн 9.000.000 төгрөгийн үнэ бүхий, цагаан өнгийн, Toyota Rav-4 маркийн автомашин битүүмжилсэн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн, шүүгдэгч Э.Очирсүрэнгийн эзэмшлийн Mogul sonor S401 маркийн, хар өнгийн, хуучин гар утас 1 ширхэгийг битүүмжилсэн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

8.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Очирсүрэнд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

9.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Очирсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Х.ОТГОНЖАРГАЛ

                      ШҮҮГЧ                   М.МАНДАХБАЯР

                                                     Д.ЦЭЦЭГЭЭ