Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 281

 

Е.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 10 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 08 дугаар магадлалтай, 1713000000035 дугаартай эрүүгийн хэргийг Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр бичсэн 5/06 дугаартай эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Е-ийн А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ. 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Е.А-ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар 5 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар Е.А-г 3 жил 4 сар хорих ял шийтгэсүгэй” гэж, тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1,850,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болохыг дурдсугай” гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Е.А, түүний өмгөөлөгч Ө.Бахытбек нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр бичсэн 5/06 дугаартай эсэргүүцэлд “Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны ба үндэслэлтэй байж чадаагүй байна. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх” заалтыг хэрэглэх боломжтой гэж үзсэн нь үндэслэлгүй. 2015 оны Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан үндэслэлээр оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэхэд заавал шаардагдах нөхцөл нь шүүгдэгч “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” байх явдал юм. Яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмаар буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтээ гаргаж, шүүх мөн хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байдаг. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.6-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж болох бөгөөд энэ зүйлийн 7-д шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг даруй үргэлжлүүлэн явуулна гэжээ. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн яллагдагчид холбогдох хэргийг зөвхөн дээрх хоёр тохиолдолд хянан шийдвэрлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан байгаа. Талууд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахгүй байж болох ба яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэсний дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай эсэхийг тогтоох, мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг явуулахаар хуульчилсан.Энэ хэргийг шалгах явцад болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах боломжит хугацаанаас өмнө яллагдагч Е.А нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” талаар хүсэлт гаргаагүй, харин ч гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлж байсан тул анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 33.1 дүгээр зүйлийн 6.6, 7 дахь заалтууд болон 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Учир нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхдээ шүүх үйл баримтын талаар маргаангүй, гэм буруугийн талаар маргаангүй хэрэгт л хэрэглэх ёстой гэж үзэж байна. Гэтэл шүүгдэгч Е.А нь өөрийгөө гэмт хэрэг үйлдээгүй гэж үйл баримтын талаар маргаснаас гадна гэм буруугаа огт хүлээгээгүй байхад давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх нь ялын бодлогыг сулруулсан буруу шийдвэр юм.

Мөн давж заалдах шатны шүүх “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ш.Жанатын хохирол гомдолгүй талаарх хүсэлтийг үнэлж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой гэж дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийг буруу тайлбарлаж магадлал гаргасан байна. Өөрөөр хэлбэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг эсхүл гэм буруугийн шүүх хурлаас өмнө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлын болон үйл баримтын талаар маргаангүй хэрэгт хэрэглэх ёстой заалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийг баримтлан хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Иймд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийг буруу тайлбарласан тул Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурор эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Е.А нь зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан оногдуулсан хорих нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Харин давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Учир нь шүүгдэгч Е.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримтлан хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр бичсэн 5/06 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Е.А-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Е.А нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 2-36 айлын байрны 29 тоотод иргэн Ш.Ж-ыг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Е.А-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч Е.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялаас чөлөөлөх, хөнгөрүүлэх зохицуулалтыг аль ч шатны шүүх хэрэглэх эрхтэй боловч шүүгдэгч гэм буруугаа бодитой хүлээн зөвшөөрсөн эсэхийг дүгнэх учиртай.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй субъектив байдлын цогц илрэл бөгөөд өөрийн гэм бурууг ойлгож чин санаанаасаа гэмших байдлаар дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх хүсэл зоригийг бий болгодог нийгэмд ашигтай сэтгэл зүйн хандлага гэж үзэж хөхүүлэн дэмжих зорилгоор хуулиар ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлд тооцсон болно. Шүүгдэгч гэм буруугаа хүлээж буй нь мөрдөн байцаалтаар тогтоосон хэргийн үйл баримтыг хууль зүйн дүгнэлтийн хамт бүрэн хүлээн зөвшөөрөх, учруулсан хохирлоо нөхөн төлөх, хор уршгийг арилгах, гэмт хэрэг дахин үйлдэхгүй байхыг амлах зэрэг хэлбэрээр илэрнэ. Гэтэл шүүгдэгч Е.А-ы хувьд гэм буруугаа хүлээж буй байдалд дээрх шинжүүд үгүйсгэгдэж байх бөгөөд гагцхүү ялыг багасгах зорилго агуулсан болох нь давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлд буй түүний мэдүүлгээр хангалттай тодорхойлогдож байна.

Шүүгдэгч Е.А нь мөрдөн шалгах явцад болон анхан шатны шүүх хуралдаан дээр гэм буруугийн талаар маргаж, шийтгэх тогтоолыг давж заалдсан атлаа хэлэлцүүлгийн эцэст “эцэг, эх маань нэгэнт хохирлыг барагдуулж өгсөн юм чинь би энэ хэргээ хүлээе” гэж мэдүүлснийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, үйлдсэн хэргийнхээ үр дагавар, хор холбогдлыг ойлгосон гэж үзэх боломжгүй байна.

Шүүгдэгч Е.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй байна гэж дүгнэлээ.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 08 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

 

                       

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН