Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2016/0777

 

Дорноговь аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг, хариуцагчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг нарыг оролцуулан, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Дорноговь аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Сайншанд сумын Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр: “Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.5, 34 дүгээр зүйлийн 34.1.2, 159 дүгээр зүйлийн 159.3 дахь зүйлүүдэд заасныг тус тус баримтлан Дорноговь аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлийг хангаж, “В.Болдмааг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах тухай” шийдвэр гаргахыг Дорноговь аймгийн Сайншанд сумын Сонгуулийн хороонд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Дорноговь аймгийн Ардчилсан намаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Сонгуулийн хорооноос 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хүрэлмаа давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхээс Сайншанд сумын Сонгуулийн хороо нь В.Болдмааг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлэх шийдвэр буюу захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр нь Сонгуулийн тухай хуулийг дараах байдлаар зөрчсөн гэж үзсэн. Үүнд: Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-д заасан “нэр дэвшигч нь энэ хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна, 154.3.1-д “банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй” гэж заасан бөгөөд нэр дэвшигч В.Болдмаа нь ... төлбөл зохих өртэй өртэй байснаа нуун дарагдуулж, хуурамч мэдүүлэг гаргасан болох нь тогтоогдсон, илэрхий болсон байхад Сумын сонгуулийн хороо 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 04 хуралдаанаараа Сонгуулийн тухай хуулийн зохих зүйлүүдийг буруу тайлбарлан “өртэй байсан боловч, одоо өрөө төлж барагдуулсан гэх үндэслэлээр нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлэх тухай шийдвэр гаргахаас татгалзаж шийдвэрлэсэн гэж дүгнэжээ.

Ийнхүү дүгнэлт хийхдээ Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн шүүгчийн 136/ШШ2016/00280 дугаар захирамж, нэр дэвшигч В.Болдмаагийн Сайншанд сумын Сонгуулийн хороонд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаргасан тайлбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1217 дугаар албан бичиг, бусад нотлох баримтуудаар Сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйлүүдийг зөрчсөн нь тогтоогдож байна гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүх нотлох зарчмыг бүрэн хэрэгжүүлж чадаагүй гэж үзэж байна. Манай байгууллагын зүгээс иргэн Т.Баяраагийн гаргасан гомдлыг хянан шалгах ажиллагааны үеэр 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 44 дүгээр албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандахад тус албаны 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1217 дугаар албан бичгээр В.Болдмаа нь өр төлбөртэй байсан, төлбөрийг бүрэн барагдуулсан талаар хариу ирүүлсэн, мөн В.Болдмаагийн Сайншанд сумын Сонгуулийн хороонд гаргасан тайлбар нотлох баримтуудыг хянаж үзээд дээрх нотлох баримтуудаар нэр дэвшигч В.Болдмаа нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1, 157 дугаар зүйлийн 157.2.5 дах хэсгийг зөрчсөн тус тус гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэр дэвшигч В.Болдмаагийн Үндсэн хуульд заасан сонгогдох эрхийг хангаж, нэр дэвшигчийн жагсаалтаас хасах тухай гомдлыг хангахгүй орхисон болно. Иргэн Т.Баяраа нь гомдлоо буцаан авах тухай хүсэлтийг гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарийн шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд Сайншанд сумын Сонгуулийн хороо нь нэр дэвшигч В.Болдмааг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасаагүй шийдвэр гаргасан нь тодорхой этгээдийн эрх ашиг, сонирхлыг шууд хөндөж байна гэж үзэх үндэслэлгүй байгаа байдал, мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар захиргааны үйл ажиллагаа үр нөлөөтэй, зорилгодоо нийцсэн байх зарчмыг харгалзан үзнэ үү.

Манай байгууллага нь хуульд заасан эрх хэмжээний хүрээнд, хуулийг дээдлэн, ягштал баримталж ажилласан бөгөөд бидэнд хууль зөрчсөн зүйл огт байхгүй болно. Иймд Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 115/ШШ2016/0019 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1-д орон нутгийн сонгуульд нэр дэвшигч нь банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй байхыг шаардсан бөгөөд Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол Ардын намаас дээрх шаардлагыг хангасан гэж үзэн хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.5-д заасан мэдүүлэг болон холбогдох бусад бичиг баримтыг бүрдүүлэн хандсаныг Сайншанд сумын Сонгуулийн хороо хүлээн авч, Сонгуулийн тухай хуульд заасан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй гэж үзэж, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолоор тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 6 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч В.Болдмааг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэн авсан нь хуульд нийцжээ.  

Уг бүртгэл хийгдсэний дараа буюу 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэн Т.Баяраагаас Сайншанд сумын Сонгуулийн хороонд нэр дэвшигч В.Болдмаатай холбогдуулан гомдол гаргасан, Сонгуулийн хорооноос Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д заасан бүрэн эрхийн хүрээнд холбогдох асуудлыг нягтлан шалгахад В.Болдмаа нь иргэн Т.Баяраад 2.810.250 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон, үүнийг нь Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 280 дугаар захирамжаар баталгаажуулсан болох нь тогтоогджээ.

 Тухайн Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж буюу хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон 2016 оны 08 дугаар сард төлөх байх ёстой 1,3 сая төгрөгийг нэр дэвшигч В.Болдмаа сонгуулийн байгууллагыг шалгах үед буюу 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар төлөөгүй байсан нь тогтоогдсон, энэ нь хуульд заасан шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөргүй байх шаардлагыг хангаагүй гэх үндэслэл болохоор байжээ.

Энэ тохиолдолд хариуцагч байгууллага нэр дэвшигчийг бүртгэсний дараа тухайн нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэлийг зохицуулсан Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д заасны дагуу нэр дэвшигч В.Болдмааг Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэн нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч нийтэд мэдээлэх байжээ.

Гэтэл Дорноговь аймгийн Сайншанд сумын Сонгуулийн хороо тухайн нөхцөл байдал илэрсний дараа нэр дэвшигчээс өр төлбөрийг барагдуулсныг харгалзан хуульд заагдаагүй үндэслэлээр дээрх шийдвэрийг гаргахаас татгалзсан нь буруу байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1-д банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй байхыг л шаардсан, В.Болдмаагийн төлбөр нь тухайн хуульд заасан өр төлбөрт хамаарахгүй” гэх боловч хуулийн тухайн заалтыг “зээл, барьцаа, батлан даалтын өртэй этгээдэд хамаарна” гэж явцуу утгаар ойлгох нь сонгуульд нэр дэвших хүсэлтэй иргэдэд тэгш бус хандах, энэ нь Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.3-д заасан сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад баримтлах хууль дээдлэх, шударга ёсыг сахих зарчмуудад нийцэхгүй тул тухайн тайлбарыг үндэслэлтэй гэх боломжгүй.  

Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР