Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 227

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н би

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг Замын-Үүд сум 1 дүгээр багт байрлах, “Х банк” ХХК-ийн Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суух, Б овогт Д.Б,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багт оршин суух, Б овогт Л.Ц нарт холбогдох

“Үндсэн зээлийн төлбөр 8,598,145 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,601,889 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 42,736 төгрөг, нийт 11,242,770 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХХК-ийн Замын-Үүд салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Д.Б, Л.Ц нар нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ЗГ201944374837 тоот зээлийн гэрээ байгуулан 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгийн зээлийг жилийн 30 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар өрхийн зээлийн бүтээгдэхүүнээр авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4, 1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 3,401,855 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,413,432 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 12,655 төгрөг нийт 4,827,942 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан болно. Зээлийн гэрээний 4.3-д заасны дагуу зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчид зээлээ төлөхийг олон удаа хэлж шаардсан боловч зээлээ төлөхгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагаас зээл төлөхгүй өнөөдрийн байдлаар 317 хоног хугацаа хэтэрч байна. Иймд  Д.Б, Л.Ц нараас үндсэн зээл 8,598,145 төгрөг, хүү 2,601,889 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,736 төгрөг нийт 11,242,770 төгрөг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Д.Б, Л.Ц нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Д.Б, Л.Ц нар нь Х банкны нэхэмжилсэн 11,242,770 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Энэхүү төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 25-наас 2021 оны 03 дугаар сарын 25-ныг хүртэл сар бүр 200,000 төгрөгөөр, 2021 оны 04 дүгээр сарын 25-наас 2021 оны 06 дугаар сарын 25-ны дотор үлдэгдэл  9,442,770 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О нь шүүхэд гаргасан тайлбартаа: “...Манай банкны зүгээс Д.Б, Л.Ц нарын  хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн Замын-Үүд салбар нь хариуцагч Д.Б, Л.Ц нарт  холбогдуулан үндсэн зээл 8,598,145 төгрөг, хүү 2,601,889 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,736 төгрөг, нийт 11,242,770 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Д.Б, Л.Ц нар нь нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээл 8,598,145 төгрөг, зээлийн хүү 2,601,889 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,736 төгрөг, нийт 11,242,770 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулна гэсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн Замын-Үүд салбар нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194,834 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 194,834 төгрөгөнд төлөх хувиас 50 хувь хөнгөлж 97,417 төгрөгийг, төрийн сангаас 97,417 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74   дүгээр зүйлийн 74.1,  74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн Замын-Үүд салбарын нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 8,598,145 төгрөг, зээлийн хүү 2,601,889 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,736 төгрөг, нийт 11,242,770 төгрөгийг хариуцагч Д.Б, Л.Ц нар бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194,834 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сан буюу улсын орлогоос 97,417 төгрөгийг, хариуцагч Д.Б, Л.Ц нараас 97,417 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х банк ХХК-ийн Замын-Үүд салбарт олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ             Б.Н