| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 182/2020/01034/И |
| Дугаар | 182/ШШ2020/01306 |
| Огноо | 2020-06-02 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 182/ШШ2020/01306
| 2020 оны 06 сарын 02 өдөр | Дугаар 182/ШШ2020/01306 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэгт байрлах ЭХ ХХК /РД:27/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах НШШГГ т холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЭХ ХХК нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1025 дугаартай шийдвэрээр Монгол Улсын Хөгжлийн Банкинд 611,109,400.31 төгрөгийг олгохоор шийдвэрлэгдсэн Тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Чингэлтэй дүүргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Сэлэнгэ явуулж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Б.Сэлэнгэ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа ЭХ ХХК-ийн төлбөрт барьцаа хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлж үнэлгээ тогтоосон тухай мэдэгдэл ирүүлсэн.
Тус барьцаа хөрөнгө болох эрхийн Улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 27-р хороо, Дунд дарь эх 41 дүгээр гудамжны 2075 тоот хаягт байрлах 880 м.кв -талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Г-22 дугаартай 700 м.кв газрыг 1,404,238,880 төгрөгөөр үнэлсэн байна. Уг барьцаа эд хөрөнгө, газрын үнэлгээ нь 2,140,200,000 төгрөгөөр үнэлэгдэхээр байна. Гэвч тус шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үнэлгээг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй, ямар аргачлал ашиглаж, ямар судалгаагаар тогтоосон нь тодорхойгүй байх ба дээрх барьцаа хөрөнгийг нь хэт доогуур үнэлж, үнэлгээ тогтоосон байна.
Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 03 сарын 10-ны өдрийн 4/7920 тоот мэдэгдлээр мэдэгдсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31 өдрийн 182/ШШ2019/01025 тоот захирамжаар төлбөр төлөгч ЭХ ХХК-иас 611,109,400.31 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж болох 1,642,599 төгрөгийг захирамжинд заасан хуваарийн дагуу гаргуулж Монгол Улсын хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Энэ шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудасыг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 19300982 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн.
Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.М н өмчлөлийн Ү-22 дугаартай Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо Дунд дарь эх 41 дүгээр гудамжны 2075 тоот хаягт байрлах 880 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон мөн хаягт байрлах Г-22 дугаартай 700 м.кв газрыг битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөрөнгийг шинжээчээр үнэлүүлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ЭХ ХХК нь хариуцагч НШШГГ т холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хураагдсан барьцаа хөрөнгө болох Ү-2204049580 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Г-22 дугаартай газрын үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин, төлбөр төлөгч компанийн хувьцаа эзэмшигч Д.М н өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, газрыг үнэлсэн шинжээчийн дүгнэлт алдаатай буюу үнэлгээ тогтоохдоо орлогын хандлагыг хэрэглэсэн суурь мэдээлэл буруу болсон, газар эзэмших эрх ба түүн дээр баригдсан барилгын үнэлгээг тусад нь тогтоогоогүй, шинжээч томилохын өмнө шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талуудаас үнийн санал аваагүй тул үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгох үндэстэй гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, шинжээчийн тогтоосон эцсийн үнэлгээнд орлогын хандлагын үнэлгээ нөлөөлөөгүй, зах зээлийн хандлагыг баримталсан, газар ба барилгын үнэлгээг тусад нь тогтоосон нь үнэлгээний тайланд тусгагдсан, үнэлгээ тогтоох ажиллагааны явцад төлбөр авагч Хөгжлийн банкнаас үнийн саналыг авсан гэх агуулга бүхий тайлбар гарган мэтгэлцэж байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон үйл баримтад суурилан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.
1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 182/ШШ2019/01025 тоот захирамжид хариуцагч ЭХ ХХК-аас 611,109,400.31 төгрөг гаргуулж Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-нд олгон, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.М ын өмчлөлийн Ү-22 дугаартай Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эх 41 дүгээр гудамжны 2075 тоот хаягт байрлах 880 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байрлах Д.М ын өмчлөлийн Г-22 дугаартай 700 мкв газрыг албадан худалдан борлуулах замаар төлбөрийг төлж барагдуулахаар заасан байна. Улмаар 2019 оны 09 дүгээр сарын 18-ны 19300982 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор тус захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ. Эдгээр үйл баримтын тухайд зохигчид маргаагүй болно.
Түүнчлэн зохигчид шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилж, хураан авсан эд хөрөнгө нь Д.М ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох, эдгээр хөрөнгийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр битүүмжилж, 2020 оны 02 дугаар сарын 11-ны өдөр хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлийг тус тус зөрчсөн эсэх асуудлаар тус тус маргаагүй.
2. Нэхэмжлэгч ЭХ ХХК нь хариуцагч НШШГГ т холбогдуулан төлбөрт хураагдсан эд хөрөнгөд 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус болсон талаар маргаж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээний талаар мэдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар заажээ. Ахлах шийдвэр гүйцэтгэгч баталж, шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан Шинжээч томилох тухай 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 135 дугаар тогтоолын дагуу шинжээчээр Сэлэнгэ эстимэйт ХХК томилогдсон байх бөгөөд үнэлгээчид 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгүүдийг 1,404,238,880 төгрөгөөр үнэлэн үнэлгээний тайлан ирүүлжээ. /хх-ийн 135, 164 дүгээр тал/. Энэ үнэлгээний талаар төлбөр төлөгч ЭХ ХХК болон өмчлөгч Д.М нарт хүргүүлэхээр 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шууданд хийсэн, 03 дугаар сарын 16-ны өдөр ЭХ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б д хүлээлгэн өгсөн талаарх баримтууд хавтаст хэргийн 170, 171 дүгээр талд тус тус авагджээ.
Төлбөр төлөгч ЭХ ХХК нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр анх удаа нэхэмжлэлийн шаардлагаа гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 182/ШЗ2020/02941 дугаартай захирамж гаргажээ. Нэхэмжлэгч ЭХ ХХК захирамжид дурдсан зөрчлийг арилган дараагийн нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан журмыг зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл, үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааг нэхэмжлэгч хэтрүүлээгүй байна.
3. Нэхэмжлэгч ЭХ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилохдоо мөн хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу талуудаас үнийн санал аваагүй, талууд үнэлгээний талаар хоорондоо тохирохгүй байгаа эсэхийг тодорхойлолгүйгээр шинжээч томилсон нь буруу болсон гэж маргаж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд шинжээч томилон үнэлгээ тогтоох үндэслэлүүдийг тодорхойлсон байх ба мөн зүйлийн 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол, 55.2.6-д шийдвэр гүйцэтгэгч талуудын саналыг харгалзан бие даан үнэлэх, зах зээлийн үнийг тогтооход хүндрэл учирсан бусад эд хөрөнгө-д шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилон үнэлгээ тогтоохоор заажээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэдэгт төлбөр төлөгч ба төлбөр авагчийг ойлгохоор заасан.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл шинжээч томилж үнэлгээ тогтоолгох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахаас өмнө шийдвэр гүйцэтгэгч нь ЭХ ХХК болон өмчлөгч Д.М нараас үнийн саналыг хүлээж авсан байх ба ЭХ ХХК хоёр удаа үнийн санал хүргүүлснээс сүүлчийн үнийн саналын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүргүүлжээ. Төлбөр төлөгч ЭХ ХХК болон өмчлөгч Д.М нарын үл хөдлөх эд хөрөнгө /барилга ба газар/-ийн үнэлгээг 2,140,000,000 төгрөгөөр тогтоолгох саналтай байгаагаа илэрхийлсэн мэдэгдэл хавтаст хэргийн 47, 49 дүгээр талуудад авагджээ. Харин төлбөр авагч Монгол Улсын Хөгжлийн банкнаас үнийн саналыг хүлээж авсан эсэх талаарх аливаа баримт хэрэгт авагдаагүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд үнийн саналыг талуудаас гаргуулан авч зөрүүтэй тохиолдолд хөндлөнгийн шинжээч томилох үйл явц нь эрх зүйн тодорхой үр дагавар бүхий ажиллагаа бөгөөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу дараа дараагийн ажиллагаа буюу дуудлага худалдааны суурь үнийг тогтоох эдийн засгийн үр дагавартай. Өөрөөр хэлбэл төлбөр авагч Монгол улсын Хөгжлийн банк төлбөр төлөгчийн үнийн саналыг зөвшөөрөх тохиолдолд анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнэ тухайн дүнгийн 70 хувиар тогтоогдох зохицуулалттай. Төлбөр төлөгчид томилогдсон шинжээчийн тогтоосон үнийг мэдэгдсэн талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байх боловч энэ нь шинжээч томилохоос өмнө төлбөр төлөгч ба төлбөр авагчийн хооронд төлбөрт хураагдсан эд зүйлийн талаарх үнийг харилцан тохиролцож тогтоох процесс ажиллагааг нөхөх, эсхүл зөвтгөж буй хэрэг биш.
Иймд шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхдээ үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасан холбогдох үндэслэлүүдийг зөрчсөн ажиллагаа болжээ.
Энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэр гүйцэтгэлийн шинжээч томилсон ажиллагаа буюу үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарласан шинжээч үнэлгээ тогтоохдоо орлогын хандлагын аргыг дутуу мэдээлэлд суурилж хэрэглэсэн, газар ба барилгын үнэлгээг тусад нь гаргаагүй гэх үндэслэлүүд нь шинжээч томилсон ажиллагаа буюу үнэлгээг хүчингүй болгох эсэхэд нөлөөлөх агуулгын буюу ноцтой зөрчил биш байна. Тодруулбал, шинжээч үнэлгээний эцсийн дүнг тодорхойлохдоо орлогын хандлагаар бус зах зээлийн үнийн хандлагыг баримталсан байх ба орлогын хандлагын аргаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн нэг мкв-ын түрээсийн төлбөрийг 1,200,000 төгрөгөөр бус нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн маргаж байгаачлан 3,000,000 төгрөгөөр тогтоосон тохиолдолд ч энэ нь зах зээлийн үнийн хандлагыг баримталсан эцсийн үнэлгээнд нөлөөлөхгүй. Түүнчлэн газрын өмчлөх эрх ба үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нэг этгээдэд байгаа тохиолдолд өмчийн эрх зүйн хөрсөнд бэхлэгдсэн зүйл хөрсөндөө үлдэх (solo cedit) зарчмын хүрээнд онолын хувьд бүхэлдээ газар гэх нэгдмэл хөрөнгөд тооцогдох учиртай.
Харин шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасан үндэслэлийг зөрчсөн нөхцөл байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож байх тул НШШГГ т холбогдуулан гаргасан ЭХ ХХК-ийн үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.7-д заасны дагуу Д.М ын өмчлөлийн Ү-2204049580 дугаартай Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эх 41 дүгээр гудамжны 2075 тоот хаягт байрлах 880 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байрлах, Д.М ын өмчлөлийн Г-2204020359 дугаартай 700 мкв газрыг 1,404,238,880 үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЭХ ХХК-нд олгосугай.
3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА