| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2023/0187/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/198 |
| Огноо | 2023-11-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/198
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул,
улсын яллагч Б.Сүрмандах /томилолтоор/,
шүүгдэгч Б.М******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х******* овогт Билэг-******* М*******д холбогдох эрүүгийн 2331001140221 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Сэлэнгэ аймаг, С******* сумын ** дугаар баг, ** дүгээр хэсэг, ** тоотод оршин суух хаягтай, урьд Сэлэнгэ аймгийн сум дундын 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 01 жилийн хугацаагаар хойшлуулсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Х******* овогт Билэг-******* М*******, /РД: *******/;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдснаар/
Шүүгдэгч Б.М******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймаг, С******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хамт архи ууж байсан М.У******* толгой, нүүрэн тус газарт нь сэнжтэй аягаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.М******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймаг, С******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хамт архи ууж байсан М.У******* толгой, нүүрэн тус газарт нь сэнжтэй аягаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.М******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М******* өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ[1],
2.Хохирогч Б.У******* 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр манай найз Т.Төгөлдөр манай гэрт ирсэн. Маргааш нь 14 цагийн орчимд манай найз Түвшинтөр ирсэн. Ирэхдээ 1 литрийн савлагаатай нэр нь мэдэхгүй архи авч ирсэн байсан. Бид тухайн үед архийг уугаад байж байтал Төгөлдөр өөрийн танил ах болох Баясаа гэх хүн рүү яриад “манай ах ирэх юм байна” гэхээр нь би “өөр хүн дуудаад яах юм бэ, лай болно” гэж хэлсэн. Удалгүй Баясаа ах ирээд бид архиа ууж дуусаад дахиж 2,5 литрийн “Нийслэл” нэртэй пиво авч уусан. Бид тухайн пивоо уугаад сууж байсан бөгөөд би Төгөлдөртэй юм ярьж байтал Баясаа ах шууд миний толгойн баруун хэсэг рүү сэнжтэй шилэн аягаар цохисон. Миний толгой маш ихээр өвдөж, би газарт унасан байсан бөгөөд манай 2 найз намайг түшээд 00-н өрөө оруулаад би цусаа угаагаад гараад иртэл Баясаа ах манай гэрээс явсан байсан. Би зүгээр байж байгаад эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна, учирсан хохирлоо барагдуулмаар байна” гэх мэдүүлэг[2],
3.Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “М.У******* биед зүүн чамархай, зүүн хацарт шарх, тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамар, зүүн хацарт зулгаралт, духны зүүн хэсэг, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг үед учирсан байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[3],
4.Шүүгдэгч Б.М*******гийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр би Сэлэнгэ аймаг, С******* сумын 2 дугаар баг, Цэнхэрийн 20 дугаар байранд оршин суудаг өөрийн төрсөн эгч Б.Эрдэнэцэцэгийн гэрт байсан юм. Ингээд 15 цагийн орчимд манай танил Төгөлдөр гэх дүү фэйсбүүк чатаар над руу залгаад “барилгын 27 дугаар байранд хүрээд ирээч” гэж дуудсан. Ингээд би яваад очтол танил дүү Төгөлдөр, түүний найзууд болох Төвшөө гэх залуу, мөн хохирогч У******* гэх залуу байсан бөгөөд тэд нар /нэрийг нь мэдэхгүй/ орос архи уугаад сууж байсан. Би тухайн архинаас нь уугаад байж байтал хохирогч М.У******* нь манай зүс таних дүү Төгөлдөртэй маргасан. Тэгэхээр нь миний дургүй хүрээд У*******ыг архи ууж байсан сэнжтэй аягаараа толгой хэсэг рүү нь нэг удаа цохисон. Аяга нүүрэн дээр нь хагарсан бөгөөд У******* 00 өрөө рүүгээ ороод цусаа угаагаад гарч ирсэн. Би У*******аас “зүгээр үү, эмнэлэг орох уу” гэж асуутал У******* “зүгээр, зүгээр” гэж хэлсэн” гэх мэдүүлэг[4], 5.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[5], 6.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[6], 7.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[7], 8.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[8], 9.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[9], 10.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[10] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.М*******гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч М.У******* эмчилгээний зардалд 2,700,000 төгрөг нэхэмжилсэн боловч баримт ирүүлээгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Б.М*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Б.М*******д 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Б.М******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М*******д 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Хохирогч М.У******* эмчилгээний зардалд 2,700,000 төгрөг нэхэмжилсэн боловч баримт ирүүлээгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5.Шүүгдэгч Б.М******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ