Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2022/0220

 

 

 

 

2022                03        24                                128/ШШ2022/0220

                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Ц

Гуравдагч этгээд: Л.Д.Р.А НҮТББ

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/3... дугаар тушаалын П ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/3... дугаар тушаалын П ХХК холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагаар маргаж байна.

2. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дүгээр тушаалаар П ХХК нь ... аманд 1 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхтэй болжээ.

2.2. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Хан-Уул дүүргийн Засаг даргатай газар ашиглах тухай гурвалсан гэрээг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан байна.

2.3. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 10/7973 дугаарын албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны дугаар сарын 10-ны өдрийн А/3... дугаар тушаалаар П ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосныг мэдэгдсэн байна.

2.4. Нэхэмжлэгчээс 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тус шүүхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан Зохих хууль, дүрмийн дагуу манай компанийн эзэмшилд байгаа газрыг хүчингүй болгож, бидэнд ихээхэн хэмжээний санхүүгийн хохирлыг учруулж байгааг таслан зогсоох, хохирлыг барагдуулах, эзэмших эрхийг сэргээх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасныг тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 8772 дугаартай Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах тухай шүүгчийн захирамжаар бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоожээ.

2.5. Нэхэмжлэгчээс 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/3... дугаар тушаалын П ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүх хүлээн авч 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

2.6. Тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1704 дугаартай шүүгчийн захирамжаар Л.Д.Р.А НҮТББ-ыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

3.1. Ойн хөгжлийн санд 1 сая төгрөгийн хураамж, Газрын төлбөрт 27,150,000 төгрөгийг төлж, газартаа хашаа барихад 16 сая төгрөг, төслийн ажилд 24 сая төгрөг төлөх зэргээр нийт 68 сая төгрөгийг шууд зардал гаргаад байна. Маргаан бүхий 2019 оны А/3... дугаартай тушаал гарсан. Ингэхдээ нэхэмжлэгчийн эрхэд халдаж байгаа атлаа Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй процессыг зөрчсөн, нэхэмжлэгчийн оролцоог хангаагүй. Шууд газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тушаал учир хууль бус гэж үзэн хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: П ХХК-д Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 189 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Чандманийн амын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар 1 га газрыг ашиглах эрх олгосон. Тухайн П ХХК-ийн ашиглаж байгаа газар нь тусгай хамгаалалтай газар нутгийн хязгаарлалтын бүсэд багтдаг бөгөөд Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэгт аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах гэсэн зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл олгодог. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан зориулалтын дагуу ашиглах боломжтой. Гэтэл П ХХК нь аялал жуулчлалын зориулалтаар олгосон нь тус хуулийн заалтыг зөрчсөн юм. Иймд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн тушаал хүчингүй болгох тухай А/3... дугаартай тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлал хийнэ гэсэн хуульд заагаагүй зориулалтаар олгож шийдвэрлэснийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тусгай хамгаалалтай газрын тухай хуулийн заалтыг буруу хэрэглэн тушаал гаргаснаар дархан цаазат газрын аялал жуулчлалын зориулалтаар газар олгох ёсгүй байхад байгалийн цогцолборт газрын зориулалт болох аялал жуулчлалын зориулалтаар олгосноор төрийн бодлого хуулийг хэрэгжүүлэх боломжгүй болж нийтийн эрх ашиг зөрчигдөх, байгаль экологи болон дархан цаазат газрын унаган төрх, байгалийн төлөв байдал дэглэмийг алдагдуулах, барилга байгууламж барих, эскиз зураг гарснаар бодит байдал харагдах барилга байшингаар нотлогддог. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд уг тушаалыг гаргаж шийдвэрлэсэн. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас захиргааны акт гарах болсонтой холбогдуулан мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2, Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайтад байршуулсан. Ингэж Захиргааны ерөнхий хуульд заасан 43.3, 43.5, 43.6 дахь заасан үүргээ биелүүлж, холбогдох өдрийн сонины мэдээ, болон цахим шуудангаар хүргүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны А/3... дугаартай тушаал нь хуульд нийцсэн тушаал учир хүчингүй болох үндэслэл бүрдэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

5. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Манайх эрх бүхий байгууллагаар зураг төслөө боловсруулж Богдхан уулын хамгаалалтын захиргаа болоод бусад холбогдох байгууллагаар зургаа батлуулж тогтоосон чиглэлийн дагуу эрх бүхий байгууллагаар хийж гүйцэтгүүлээд 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр хүлээлгэн өгсөн. Манайхаас бүгдийг хууль журмын дагуу хийж хүлээлгэн өгсөн учир шонг зөөх ажиллагааг хийх боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлд дурдагдсан маргаан бүхий актын хувьд хариуцагчийн өмнө гаргасан буруутай шийдвэрээ засаад гаргасан болохоор түүнийг хууль ёсны шийдвэр гэж үзэж байгаа болохоор нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

                1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2. Маргаан бүхий үйл баримтын тухайд;

2.1. Нэхэмжлэгч П ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, газар ашиглах зөвшөөрөл олгох, гэрчилгээний солбицол өөрчлөх тухай А/189 дүгээр тушаалаар Богдхан уулын ... аманд 1 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг авчээ.

2.2. Улмаар дээрх тушаалыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2016/3... дугаартай гэрчилгээг 5 жилийн хугацаатайгаар олгож, нэхэмжлэгч П ХХК-ийн захирал нь Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргатай 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2018/... дугаартай Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ-г 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан байна.

2.3. Дээрх захиргааны актууд, захиргааны гэрээгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрх хүчин төгөлдөр байхад маргаан бүхий 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Тушаал хүчингүй болгох тухай А/3... дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрх олж авсан сайдын тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.4. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/3... дугаар тушаалаар нэхэмжлэгч П ХХК-ийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтаар Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин газар ашиглах эрх олж авсан гэж үзэж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дах заалт, Тусгай хамгаалалттай газар нутгийг тухай хуулийн 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрх олж авсан сайдын тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

2.5. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 820180115 дугаартай Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар П ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн төлөгдөөгүй үлдэгдэл 0 төгрөг, нийт газрын төлбөрт 27,150,000.0 /хорин долоон сая нэг зуун тавин мянга/ төгрөг төлсөн байна.

Дээрх баримтаас үзвэл маргаан бүхий бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох үед нэхэмжлэгч нь газар ашигласны төлбөрийн үлдэгдэлгүй, газар ашиглах гэрээний үүрэг зөрчөөгүй байсан гэж үзэхээр байна.

3. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд;

3.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно, 36 дугаар зүйлийн 1-д Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана 37 дугаар зүйлийн 1-д Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна гэж тус тус заажээ.

3.2. Мөн хуулийн 11 дүгээр зүйлд Хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгөөр явуулж болох үйл ажиллагааг, 12 дугаар зүйлд дархан цаазат газарт хориглох үйл ажиллагааг хуульчлан тогтоожээ.

Тодруулбал, 11 дүгээр зүйлийн 7-д аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах гэж зааснаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зохих журмын дагуу орон байрыг ашиглахыг зөвшөөрдөг, 12 дугаар зүйлийн 1, 5, 6-д зааснаар дархан цаазат газарт газар хагалах, ухах зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх, дээрхээс өөр барилга, байгууламж барих, хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглодог байна.

3.3. Хариуцагч нь маргаан бүхий захиргааны акт гаргах болсон үндэслэлээ П ХХК-ийн ашиглаж байгаа газар нь тусгай хамгаалалтай газар нутгийн хязгаарлалтын бүсэд багтдаг бөгөөд Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэгт аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах гэсэн зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл олгодог. Гэтэл П ХХК нь аялал жуулчлалын зориулалтаар олгосон нь тус хуулийн заалтыг зөрчсөн гэж тайлбарлажээ.

3.4. Хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр нэхэмжлэгч П ХХК нь маргаан бүхий газарт суурьшил үүсээгүй байх тул нэхэмжлэгч нь Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь заалтыг зөрчиж газар ашиглуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3.5. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших, ашиглах эрх нь газар эзэмших ашиглах гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэх ба нэгэнт үүссэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэлийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно., 39.1.1. газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй., 39.1.2. газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан., 39.1.3. эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан., 39.1.4.газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон., 39.1.5.газрыг тусгай хэрэгцээнд авч нөхөх олговрыг газар эзэмшигчид бүрэн төлсөн., мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-т тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн. гэж тус тус заасан тохиолдолд газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор зохицуулжээ.

Гэтэл хариуцагч нь дээрх хуулиудад заасан үндэслэл тогтоогдоогүй байхад дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн дэглэм зөрчигдсөн гэж үзэж, нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

4. Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагааг явуулсан эсэх тухайд;

4.1. Нэхэмжлэгч нь ... захиргааны байгууллага, албан тушаалтан нь захиргааны акт гаргахдаа ... урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах тусгай зарчмыг баримтлаагүй ... гэж маргажээ.

4.2. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4-д зааснаар захиргааны байгууллага нь шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг тогтоох, тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан судлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26, 27 дугаар зүйлд зааснаар бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоогийн нь хангах, өөрөөр хэлбэл захиргааны шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулахаар хуульчилсан.

4.3. Хариуцагч нь ... сайтын мэдээ, мэдээллийн зарлал, тендерийн хэсэгт 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр цуцлах аж ахуйн нэгжүүдийн сонсох ажиллагааны мэдэгдлийг байршуулсан. ... мөн захиргааны акт гарсныг Өдрийн сонины 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 16 дугаарт байршуулан, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1074 дүгээр албан бичгээр маргаан бүхий актыг баталгаат шуудангаар явуулсан... гэж тайлбарлан маргаж байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч нь сонсох ажиллагааг хуульд заасан арга, хэлбэрээр явуулаагүй байхын зэрэгцээ нэхэмжлэгчид тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй, захиргааны актыг нэхэмжлэгчид /... дүүрэг, ... дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, ... тоот хаягаар/ шуудангаар хүргүүлээгүй байх тул маргаан бүхий актыг мэдэгдээгүй гэж үзэхээргүй байна.

5. Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосноор гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх эсэх тухайд;

5.1. Түүнчлэн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1/206 дугаар албан бичгээс үзвэл, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дүгээр тушаалаар П ХХК-д олгосон Хан-уул дүүргийн нутагт орших Богд хан уулын аманд нэртэй газар олгосон аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар 5 жилийн хугацаатай олгосон газраар ЛДРА НҮТББ-ын захиалгатай Ц,Ц-г ХХК-ийн гүйцэтгэсэн Улаанбаатар цахилгаан түгээх станц ТӨХК-ийн 2021 оны 03 дугар сарын 23-ны өдрийн №15/00208/21 дугаартай техникийн нөхцөл, ... ХХК-ийн МЦЭ19-31 шифртэй батлагдсан ажлын зураг, 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Цах-229/2021 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр байнгын ашиглалтад хүлээн авсан КТПН-6687 дэд өртөөний тэжээлийн 10кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам дайрч өнгөрч байна.

5.2. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр уг захиргааны хэрэг үүсэж, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШЗ2020/5910 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзэж, мөн тус шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШЗ2021/6560 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх сэргэсэн байна.

5.3. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын дарга Д.Батмөнхийн зөвшөөрсний үндсэн дээр гуравдагч этгээд Л.Д.Р.А НҮТББ-ын захиалгаар Ц,Цг ХХК нь КТПН-6687 дэд өртөөний тэжээлийн 10кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг маргаан бүхий газрыг дайруулан хийж гүйцэтгэж, 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ашиглалтад оруулсан үйл баримт тогтоогдож байна.

5.4. Дээрхээс үзвэл, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, түүний Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газар нь маргаан бүхий газрын ашиглах эрхтэй холбоотой маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад маргаан бүхий газрыг дайруулан цахилгаан дамжуулах агаарын шугамыг байгуулах зөвшөөрлийг олгосон нь үндэслэлгүй байна.

5.5. Иймд хариуцагч болон түүний харьяа байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан нэхэмжлэгч маргаан бүхий газрыг ашиглах эрхээ хязгаарлуулах боломжгүй гэж үзэв.

Харин нэхэмжлэгчийн газар ашиглах эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, түүнд хохирол учирвал холбогдох байгууллага, албан тушаалтан болон шүүхэд хандаж эрхээ хамгаалуулах нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна.

5.6. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч П ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Тушаал хүчингүй болгох тухай А/3... дугаар тушаалын нэхэмжлэгч П ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг үндэслэн ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.2, 39.1.3, 39.1.4, 39.1.5, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/3... дугаар тушаалын П ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ГАНБАТ