| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 114/2025/0048/З |
| Дугаар | 221/МА2026/0199 |
| Огноо | 2026-03-19 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2026/0199
2026 03 19 221/МА2026/0199
“Б” ГХО ХХК-иудын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүн: Шүүгч Л.Одбаатар
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А
Нэхэмжлэгч: “Б” ГХО ХХК, “К” ХХК
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
Нэхэмжлэлийн шаардлага:
“Газрын эрхийг “К” ХХК-ийн нэр дээр бүртгэн, газар эзэмшүүлэх захирамж гаргаагүй Дархан-Уул аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, “К” ХХК-д газар эзэмших эрх олгосон захирамж гаргахыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар /дарга/-ын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 517 дугаар татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг “К” ХХК-ийн нэр дээр гаргаж, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах тухай”
Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 7 дугаар шийдвэр
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч нарын төлөөлөгч Р.Т, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, Б.А, Г.Нандинбилэг, Ө.Н, Жи Б, Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, Г.Н, орчуулагч Ш.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 114/2025/0048/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Б” ГХО ХХК, “К” ХХК-иудаас Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан ““Газрын эрхийг “К” ХХК-ийн нэр дээр бүртгэн, газар эзэмшүүлэх захирамж гаргаагүй Дархан-Уул аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, “К” ХХК-д газар эзэмших эрх олгосон захирамж гаргахыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар /дарга/-ын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 517 дугаар татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг “К” ХХК-ийн нэр дээр гаргаж, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгуулах”-аар маргасан байна.
2. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 7 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 38 дугаар зүйлийн 38.1, 44 дүгээр зүйл, 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг баримтлан “Б” ГХО ХХК, “К” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан ...Газрын эрхийг “К” ХХК-ийн нэр дээр бүртгэн, газар эзэмшүүлэх захирамж гаргаагүй Дархан-Уул аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, “К” ХХК-д газар эзэмших эрх олгосон захирамж гаргахыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар /дарга/-ын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 517 дугаар татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг “К” ХХК-ийн нэр дээр гаргаж, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1. Засаг даргын эс үйлдэхүй хууль бус байх тухайд:
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн зүгээс шийдвэрийн 5.1 болон 5.2 дахь хэсгүүдэд Засаг даргын нэхэмжлэгчдийн гомдол хариуй өгөөгүй нь хууль бус боловч түүнтэй уялдан гаргах даалгуулах буюу нэхэмжлэгчийн шаардаж буй захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгаж шууд шийдвэрлэх үндэслэл болохгүй гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхийн зүгээс юунд үндэслэж энэхүү дүгнэлтийг гаргаж байгаа нь тодорхой бус байна.
Засаг дарга нь нэхэмжлэгчдийн гомдлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг талууд бүгд хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд маргаагүй. Харин нэхэмжлэгчдийн зүгээс Засаг даргын хариу өгөөгүй эс үйлдэхүй нь хууль бусаас гадна Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 27.1, 27.2 болон 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан үүргээ биелүүлж, аливаа татгалзах нөхцөл үүсээгүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг “К” ХХК-д олгож шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бусад тогтоолгож, даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байдаг. Тодруулбал, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт Аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг жагсаасан ба 21.3.2-т “...газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ” хэмээн заасан байдаг. Талуудын хооронд үүссэн энэхүү маргаан нь газар эзэмших, ашиглах эрхтэй холбоотой харилцаанаас үүдсэн байх бөгөөд гагцхүү Аймгийн засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд зохицуулах эрх хэмжээтэй тул Засаг дарга нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулийн шаардлага, нөхцөлийг зөрчөөгүй бол иргэн, хуулийн этгээдэд олгох үүрэгтэй байна.
Мөн нэхэмжлэгчдийн анх гаргасан хүсэлт, хэрэгт авагдсан албан бичиг, гомдлуудаас харахад “К” ХХК нь Газрын тухай хуульд заасан ердийн журмаар газар эзэмших эрхийг олж авах талаар захиргааны байгууллагад хандах нөхцөл анхнаасаа бүрдээгүй. Харин нэхэмжлэгч “Б” ГХО ХХК нь өөрийн санхүүгийн тайланд туссан эд хөрөнгөө тусгаарлах замаар газрын эрхийг “К” ХХК-д тусгаарлан бүртгүүлэх хүсэлтийг анхнаасаа гаргаж явсан бөгөөд Засаг даргын хувьд уг хүсэлт, гомдлыг хангаж шийдвэрлэхэд хууль зүйн талаас хязгаарлалт болох аливаа хориглосон заалт байхгүй билээ. Хэрвээ “К” ХХК Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар газрын эрхийг шилжүүлэн авч байсан бол Газрын тухай хуульд зааснаар холбогдох худалдах худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ, татвар төлсөн баримт зэрэг хуульд заасан баримт бичгүүдийг бүрдүүлэн цахимаар хүсэлтээ гаргах ёстойг үгүйсгэхгүй. Харин маргааны агуулга болсон газрын эрхийг тусгаарлах замаар өөрийн нэр дээр бүртгүүлэх энэ хэлцэлийн хувьд Засаг дарга ерөнхий эрх олгосон заалтаар буюу Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1.1 зэрэг заалтуудад үндэслэн өөрийн эрхийн хүрээнд шийдвэрлэж, газар эзэмших эрхийг “К” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн шийдвэр гаргах хууль зүйн боломжтой тул нэхэмжлэгчдийн зүгээс Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус талаар шаардлага гаргасан байдаг. Үүнийг анхан шатны шүүх дутуу дүгнэж, ямар үндэслэлээр Засаг дарга нь эс үйлдэхүй гаргаагүй буюу нэхэмжлэгчийн тус шаардлагыг хангах боломжгүйг тодорхой дурдаагүй байна.
3.2. Шүүхээс Газрын тухай хууль, Компанийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 болон компани тусгаарлах харилцааг буруу тайлбарласан тухайд:
Маргааны үйл баримтад дурдсанаар нэхэмжлэгч “Б” ГХО ХХК нь Компанийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар группын дотоод зохион байгуулалт хийж, бүтцийн өөрчлөлтийн дагуу өөрийн зарим эрх, үүргийг шинээр байгуулагдсан “К” ХХК-д шилжүүлсэн байдаг нь хувьцаа эзэмшигчийн хүчин төгөлдөр шийдвэр, хуулийн этгээдийн бүртгэлийн баримт бичгээр нотлогддог. Компанийн шилжүүлж буй эрх, үүрэг нь Дархан-Уул аймгийн үйлдвэрийн районд барьж байгуулах түүхий ноос ноолуур боловсруулах үйлдвэрийн барилгын төсөл бөгөөд уг эрх, үүргийн хамтаар “Б” ГХО ХХК-ийн хууль ёсоор олж авсан газар ашиглах эрхийн гэрчилгээ бүхий газрын эрх хамтдаа тусгаарлагдсан байдаг. Тухайн газрыг анхнаасаа түүхий ноос ноолуур боловсруулах үйлдвэр барих зорилгоор Дархан-Уул аймгийн Засаг даргатай санамж бичиг байгуулж дуудлага худалдаагаар худалдан авсан бөгөөд нийтдээ 1.3 гаруй тэрбум төгрөгөөр худалдаж авсан. Харин бизнесийн орчин, хөрөнгө оруулалтийн, Монгол Улсын эдийн засгийн байдал, ноос ноолуурын салбарын хүндэр зэрэг нөхцөл байдлуудаас үүдэн “Б” ГХО ХХК дангаараа энэхүү төслийг хэрэгжүүлэх бодит боломж хязгаартай болж эхэлсэн учир төсөлд зориулж “К” ХХК гэх компанийг байгуулж тухайн төслийн бүхий л гүйцэтгэл, менежментийг “К” ХХК-д шилжүүлж төслийн компанийн хэлбэрээр үйл ажиллагааг нь явуулж, удирдахаар болсон байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэн, хуулийн этгээд эдийн засгийн эрх чөлөөг баталгаатай эдлэх бөгөөд хуульд заасан арга хэлбэрээр үйл ажиллагааг яаж ч өөрчилж, дотоод зохион байгуулалт хийх эрхтэй билээ.
Харин уг харилцааг шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 5.7-д “...гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь газар ашиглах эрхтэй ба газар эзэмших болон газар ашиглах эрхийн гол ялгаа нь газар эзэмшигч нь уг эрхээ бусдад шилжүүлэх болон браьцаалах боломжтой байдаг бол газар ашиглагчийн хувьд ийм эрхийг эдлэхээргүй” байна гэж буруу дүгнэсэн. Нэхэмжлэгчдийн зүгээс анхнаасаа газар ашиглах эрхээ өөр этгээдэд шилжүүлэх талаар хүсэл зоригийг огт илэрхийлээгүй бөгөөд газар ашглах эрх нь өөрөө бусдад шилжүүлж болдоггүй, хязгаарлагдмал эрх гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа юм. Харин гагцхүү бид захиргааны байгууллага болон шүүхэд хандахдаа компани тусгаарлах замаар газрын эрхийг тусгаарлагдаж буй компанийн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг илэрхийлж байсан билээ. Газрыг тусгаарлах замаар тусгаарлагдаж буй компанийн нэр дээр бүртгүүлж буй нь газар ашиглах эрхийг шилжүүлж буй хэрэг огт биш юм. Газар ашиглах эрхийг шилжүүлэх хүсэл зориг анхнаасаа ч байгаагүй, мөн газрыг тусгаарлах замаар охин компани байгуулсан нь тухайн компанид газар ашиглах эрхийг шилжүүлж байгаа гэж үзэхгүйг дараах нөхцөлүүдээр илтгэж болно. Үүнд:
Дээрх нөхцөлүүдийг анхан шатны шүүх огт харгалзаж үзэлгүйгээр газар ашиглах эрхийг бусдад шилжүүлж буй мэтээр тайлбарлаж, шийдвэрийнхээ үндэслэх хэсэг болгож байгаа нь үндэслэлгүй. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5.9-д дурдсанаар “...тухайн газрыг Компанийн тухай хуулийн 22.1-д заасан шилжүүлэх боломжтой эрх биш юм, мөн компани үйл ажиллагаагаа зогсоохгүйгээр өөрийн зарим эрх, үүрэг, хариуцлагыг тусгаарлах замаар шинээр байгуулагдсан компанид шилжүүлэх эрхтэй ч уг эрхийн хувьд өөрийн эзэмшилд буюу захиран зарцуулах боломжтой эрх байхыг шаардана” гэж дүгнэсэн нь мөн хуульд нийцээгүйгээс гадна хуульд үндэслэж чадаагүй.
Компанийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Компанийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр түүний зарим эрх, үүрэг, хариуцлагыг шинээр байгуулагдсан компанид шилжүүлэхийг компанийг тусгаарлах гэнэ” гэж заасан. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.4-т хуваах болон тусгаарлах замаар өөрчлөн байгуулж байгаа тохиолдолд хуваах балансд үндэслэн тусгаарлах бүртгэлийг хийхээр мөн заасан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу газар ашиглах эрх нь биет бус хөрөнгө болохынхоо хувьд компанийн хуваах балансын эргэлтийн бус хөрөнгөд бүртгэгддэг. Өөрөөр хэлбэл газар ашиглах эрх нь хэдий хязгаарлагдмал шинжчтэй эрх ч гэсэн тухайн компани уг эрхийг олж авахын тулд дуудлага худалдаагаар 1.3 гаруй тэрбум төгрөгийг төлж зардал гарган худалдан авсан тул “Б” ГХО ХХК өөрийн санхүүгийн тайландаа олон улсын стандартын дагуу зайлшгүй бүртгэх үүрэгтэй. Харин компанийг тусгаарлах үеийн баланс гаргахад аливаа эд хөрөнгийг төрлөөр нь хязгаарласан зүйл аль ч хууль, журам, стандартад байдаггүй. Өөрөөр хэлбэл, компанид хуулиар өөрийн бүтцийн өөрчлөлтийн хүрээнд өөрийн балансад туссан эд хөрөнгийг тусгаарлах эрхийг өгсөнөөс биш газар ашиглах эрх бол тусгаарлаж болохгүй эрх гэх мэтээр хязгаарласан хязгаарлалт байхгүйг анхан шатны шүүх буруу дүгнэсэн. Шүүхээс “...компани үйл ажиллагаагаа зогсоохгүйгээр өөрийн зарим эрх, үүрэг, хариуцлагыг тусгаарлах замаар шинээр байгуулагдсан компанид шилжүүлэх эрхтэй ч уг эрхийн хувьд өөрийн эзэмшилд буюу захиран зарцуулах боломжтой эрх байхыг шаардана” гэсэн дүгнэлт нь мөн аль ч хуульд нийцээгүй дүгнэлт юм. Мөн хэргийн материалд авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас ирүүлсэн албан бичигт дурдсанаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар зөвхөн санхүүийн хуваах балансад үндэслэн тусгаарлах бүртгэлийг хийдэг бөгөөд аливаа хөрөнгийн ангилал буюу захиран зарцуулах боломжтой боломжгүйгээр нь эд хөрөнгийг ангилдаггүй гэдгийг мөн дурдсан байдаг. Нэгэнт газар ашиглах эрх нь компанийн санхүүгийн тайланд заавал бүртгэгдэх ёстой эд хөрөнгө, мөн компанийг тусгаарлах бүтцийн өөрчлөлт хийхэд тусгаарлаж буй хөрөнгийг төрлөөр нь аливаа хязгаарлалт хуулиар тавьдаггүй, мөн захиран зарцуулах боломжтой эсэх тухай ойлголт байхгүй, тухайн эд хөрөнгийг хууль ёсоор олж авсан иргэний гүйлгээнээс хасагдаагүй л бол тухайн эд хөрөнгөөр компанийг тусгаарлаж болдогийг анхан шатны шүүх буруу дүгнэж, хуулиас давсан дүгнэлт гаргасан нь өөрөө үндэслэл бүхий байж чадаагүй.
Мөн түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим мөн зөрчигдсөнийг анхан шатны шүүх харгалзаж үзээгүй. Энэхүү зарчмын агуулга нь иргэн, хуулийн этгээд өөрсдийн хуулийн дагуу хийсэн үйлдэл, хэлцэл нь хүчин төгөлдөр бөгөөд нэгэнт хууль ёсных тул хүчин төгөлдөр хэрэгжих бөгөөд нөхцөл байдал өөрчлөгдөхгүй гэх итгэлийг хамгаалахтай холбоотой. Мөн итгэл хамгаалах зарчим нь мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх ёстой бөгөөд дээр дурдсанаар “Б” ГХО ХХК нь 1.3 тэрбум төгрөгийн зардлыг тухайн газрыг ашиглах эрхийг олж авахад зарцуулсан бөгөөд уг газар дээр хэрэгжих түүхий ноос ноолуур боловсруулах үйлдвэрийн барилгын ажлын бэлтгэлд мөн олон зуун сая төгрөгийг зарцуулсан байдаг. “Б” ГХО ХХК болон Калзедониа группын хувьд нэгэнт хууль ёсоор олж авсан газар ашиглах эрхээ хуулийн дагуу өөрийн санхүүгийн тайландаа бүртгэж, Компанийн хуулийн дагуу өөрийн охин компанид тусгаарласан бүх процесс ямар ч хууль зөрчөөгүй, мөн Газрын тухай хуулиар тус хэлцлийг хориглоогүй тул хууль ёсны итгэлээ хамгаалуулах бүрэн эрхтэй байна.
Анхан шатны шүүх өөрийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5.6-д “...төрийн өөрийн нийтийн өмч болох газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулахдаа тухайн хуулийн дагуу шийдвэр гаргахаар хуульчилсан тул нэхэмжлэгч нарын дан ганц Газрын тухай хуулиар бус бусад Иргэний хууль, Компанийн тухай хуулиар шийдвэр гаргах ёстой гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй юм” гэжээ. Өөрөөр хэлбэл шүүхийн үзэж байгаагаар газрын харилцааг дан ганц Газрын тухай хуулиар зохицуулна гэж шийджээ. Гэвч Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Газрын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ” гэж тодорхой заасан. Уг заалт нь газрын харилцааг зохицуулахад Иргэний хууль, Компанийн хууль зэрэг Үндсэн хуульд нийцсэн бусад хуулиуд үйлчлэх нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд Газрын тухай хуулийн аливаа зүйл, заалт, ойлголтыг тайлбарлах, мөн Газрын тухай хуулиар шууд зохицуулаагүй харилцааг эдгээр бусад хуулиудаар нөхөн тохируулж хэрэглэх боломжийг олгосон бөгөөд газрын харилцааг дан ганц Газрын тухай хуулийн үг үсгээр ойлгож хэрэглэх нь иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг цогцоор нь хамгаалахад учир дутагдалтай. Энэхүү 2.1 дэх хэсгийг мөн л шүүх буруу дүгнэсэн. Иймд Иргэний хууль болон Компанийн хууль нь газрын харилцааг зохицуулсан хууль тогтоомжийн нэгэн бүрдэл хэсэг тул тус хуулиудаар зөвшөөрөгдсөн хэлцэл нь мөн Газрын тухай хуулиар зөвшөөрөгдөх үндэслэлтэй байна. Нэгэнтээ Газрын тухай хуулиар газрыг тусгаарлах замаар охин компанийн нэр дээр бүртгүүлэхийг шууд хориглосон болон хязгаарласан зохицуулалт байхгүйг мөн энд дурдая.
Анхан шатны шүүх шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5.5-д шүүх дүгнэхдээ газар бол төрийн нийтийн өмч учир захиран зарцуулах эрхийг гагцхүү төр эдлэх тул “Б” ГХО ХХК нь газраа тусгаарлах эрхгүй гэж дүгнэсэн нь мөн л хэрэгт ач холбогдолгүй бөгөөд маргаан маргааны зүйлээс хэтийдсэн дүгнэлт юм. Иргэдэд өмчлүүлснээс бусад газар нь төрийн өмч гэдэгтэй талуудын хэн ч маргаагүй. Мөн энэхүү маргаан нь газрын өмчлөлтэй холбоотой маргаан огт биш. Хэдийгээр газар нь төрийн өмч ч газар ашиглах, эзэмших эрхтэй холбоотой асуудалд тухайн эрхийн эзэмшигч нь хуульд зөвшөөрөгдсөн хэлбэрээр тухайн эрхтэй холбоотой аливаа үйлдэл хийх бүрэн эрхтэй. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар газар эзэмших эрхийг Монгол Улсын иргэн хуулийн этгээд хоорондоо шилжүүлэх бүрэн хуулийн боломжтой байдаг. Энэ тохиолдолд ч газар төрийн өмч ч гэлээ эзэмших эрхээ аль нэг тал нөгөө талд шилжүүлж болно. Өөрөөр хэлбэл, энэ логикоор анхан шатны шүүхийн газар бол төрийн нийтийн өмч учир захиран зарцуулах эрхийг төр эдлэнэ гэх логик үндэслэл няцаагдаж байна. Хэдий төрийн өмч ч гэлээ тухайн газар ашиглах эрхийн хувьд тус эрх нь өөрөө биет бус хөрөнгөөр “Б” ГХО ХХК-ийн санхүүгийн тайланд бүртгэгдэж, “Б” ГХО ХХК-ийн санхүү бүртгэлд эд хөрөнгөөр бүртгэгдсэн биет бус эргэлтийн хөрөнгө билээ. Энэ ч утгаараа “Б” ГХО ХХК нь хуулиар хориглоогүй хэлбэрээр өөрийн хууль ёсоор олж авсан газар ашиглах эрхтэй холбоотой эрхүүдийг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй. Үүнд компанийг тусгаарлах хэлцэл ч хамаарна. Иймээс “Б” ГХО ХХК нь өөрийн санхүүгийн тайланд бүртгэгдсэн газар ашиглах эрхээ шинээр байгуулагдсан охин компанид тусгаарласан нь хуульд нийцсэн бөгөөд үүнд төр газрын өмчлөгч байхтай холбоотой ямар ч асуудлыг хөндөхгүй буюу төр газрын өмчлөгч хэвээр байна. Төр газрын өмчлөгч байна гэдэг нь газрын харилцаанд төр өөрийн дур зоргоор оролцож болно гэсэн үг биш юм. Хэдий өмчлөгч ч гэсэн газар ашиглах эрх, санхүүгийн тайланд бүртгэгдсэн эд хөрөнгө нь тус тусдаа хуулиудаар хамгаалагдсан бөгөөд хууль зөрчөөгүй л бол эдгээр эрхээ эрх зүйт төрийн зарчмын хүрээнд “Б” ГХО ХХК нь хэрэгжүүлэх бүрэн боломжтой билээ.
Мөн анхан шатны шүүх шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5.9 дэх хэсгийг харвал Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д зааснаар нэхэмжлэгч “Б” ГХО ХХК нь нэгж талбарын 45......... дугаартай газрыг ашиглах эрхийг хуулийн дагуу олж авсан өөрсдийнх нь хөрөнгө мөн болохыг тогтоосон боловч шүүх хуулиас давсан шаардлага тавьж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчдийн зүгээс мөн үндэслэлгүй хэмээн үзэж байна. Анхан шатны шүүхийн өөрөө Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсгийг дурдсанаараа харин ч шүүх “К” ХХК-ийг хууль ёсны дагуу тусгаарлах хэлбэрээр эд хөрөнгө олж авахыг хүлээн зөвшөөрсөн хэлбэр гэж нэхэмжлэгчдийн зүгээс үзэж байна.
Дээрхээс үзвэл, “Б” ГХО ХХК нь Компанийн тухай хуулийн дагуу бүтцийн өөрчлөлт хийж, өөрийн эзэмшлийн ашиглах эрхээ шинээр байгуулагдсан өөрийн охин компанидаа тусгаарлах хууль ёсны эрхтэй бөгөөд захиргааны байгууллага Компанийн хүсэлтийг хангахаас татгалзсанаар Компанийн бүтцийн өөрчлөлтийн дагуу газраа өөрийн охин компанид тусгаарлах эрхийг хязгаарлаж буй хэрэг юм. Нөгөө талаас “К” ХХК-ийн толгой компаниас хууль ёсны дагуу хөрөнгө тусгаарлан авах эрх мөн зөрчигдөж буй хэрэг гэж үзэж байна.
Мөн анхан шатны шүүхээс эрх зүйт төрийн зарчим гэх нэрийн дор төрийн байгууллага, албан тушаалтны хувьд хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглодог гэж дурдсан. Харин ч энэ зарчмын дагуу Газрын тухай хуулиар газар эзэмших эрхийг олгох хууль зүйн боломж Засаг даргад байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан ч Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд хуулиар зөвшөөрөгдсөн захирамж гаргах тул анхан шатны шүүхийн дурдсан эрх зүйт төрийн зарчимд харин ч нийцнэ гэж үзэж байна. Нөгөө талаараа нийгмийн амьдрал, тэр дундаа бизнесийн нөхцөл бүрийг хуулиар зохицуулах боломж байдаггүй. Нэгэнт хуулиар хориглоогүй л бол, тэр дундаа өөрөөсөө их хэмжээний зардал аль хэдийн гаргасан иргэн, хуулийн этгээдийн хууль зөрчөөгүй хэлцлийг аль болох хүлээн зөвшөөрч, эрх ашгийг нь хамгаалах нь харин ч эрх зүйт төрийн тэргүүн зарчим билээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай зөрилдөж байгаа тул нэхэмжлэгчдийн зүгээс шийдвэрийн үндэслэлүүдийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Эцэст нь дурдахад шүүхийн тогтоох хэсэгтээ дурдсан хуулийн заалтууд буюу Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 35 дугаар зүйлийн 35.1.4, 44 дүгээр зүйлийн 44, 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгүүд нь бүгд газар ашиглах эрхийг шилжүүлэхийг хориглосон агуулгатай заалтууд юм. Харин нэхэмжлэгчдийн зүгээс газар ашиглах эрхээ огт шилжүүлээгүй, харин тусгаарлах замаар охин компанийн нэр дээр бүртгүүлж байгааг харгалзан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрйг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхин шийдвэрлэв. Үүнд:
1. Нэхэмжлэгч “Б” ГХО ХХК болон “К” ХХК-иудаас газар ашиглах эрхийг “К” ХХК-ийн нэр дээр бүртгэн, газар эзэмшүүлэх захирамж гаргаагүй Дархан-Уул аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “К” ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрх олгосон захирамж гаргахыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар /дарга/-ын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 517 дугаар татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг “К” ХХК-ийн нэр дээр гаргаж, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Дархан-Уул аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан гаргажээ.
2. “Б” ГХО ХХК нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/123 дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Үйлдвэрчний 2 дугаар гудамж, 203 тоотод байрлах үйлдвэрлэлийн барилга байгууламжийн зориулалттай 8 га газрыг дуудлага худалдааны үндсэн дээр 5 жилийн хугацаатай ашиглах эрхтэй болох нь тогтоогдож байна.
3. Маргаан бүхий Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 517 дугаар албан бичгээр “уг 8 га газрыг Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д заасны дагуу “Б” ГХО ХХК ашигладаг болох нь тогтоогдож байна. Мөн танай компанийн улсын бүртгэлд Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани үүсгэн байгуулагдаж бүртгэгдсэн байна. Иймд танай ашиглах эрхтэй газрыг охин компани болох “К” ХХК-д шилжүүлэх нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг зөрчинө” гэсэн үндэслэлээр “Б” ГХО ХХК-ийн нийт 8 га газрын ашиглах эрхийг шилжүүлэхээс татгалзсан байна.
4. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, анх Дархан-Уул аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 01-А/123 дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, үйлдвэрчний 2 дугаар гудамж, 203 тоот хаягт байрлах 80000 м.кв газрыг үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газрын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар “Б” ГХО ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэж, 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 0............. дугаар газар ашиглуулах тухай гэрээ байгуулж, 0000........... дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон, нэхэмжлэгч “Б” ГХО ХХК нь “гадаадын хөрөнгө оруулалттай” аж ахуйн нэгж бөгөөд талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.
5. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “"гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж" гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг” ойлгохоор, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хөрөнгө оруулалтыг Монгол Улсад дараах хэлбэрээр хэрэгжүүлнэ:”, 5.1.1-д “хөрөнгө оруулагч дангаараа болон бусад хөрөнгө оруулагчтай хамтран аж ахуйн нэгж байгуулах”, 5.1.2-т “хөрөнгө оруулагч хувьцаа, өрийн бичиг, бусад төрлийн үнэт цаасыг худалдан авах” гэж тус тус заажээ.
6. “К” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм зэргээс үзэхэд тус компанийн хувьцаа эзэмшигч буюу эцсийн өмчлөгч нь гадаадын хөрөнгө оруулалттай “Б” ГХО ХХК байх бөгөөд “Б” ГХО ХХК-ийн цор ганц хувьцаа эзэмшигч нь Люксембург Улсын хуулийн этгээд болох К Эс.Эй компани гэдэг нь тогтоогдож байна.
7. Мөн “Б” ГХО ХХК-ийн цор ганц хувьцаа эзэмшигч Люксембург Улсын К Эс.Эй компанийн шийдвэрээр “Б” ГХО ХХК-ийг тусгаарлах замаар өөрчлөн байгуулах, шинээр охин компани үүсгэн байгуулах нь хувьцаа эзэмшигчийн ашиг сонирхолд нийцсэн болохыг тэмдэглэж, толгой компаниас нийт 1,528,000,000 төгрөгийн хөрөнгийг тусгаарлахаар шийдвэрлэжээ.
8. Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд маргаан бүхий 517 дугаар албан бичиг гарсан 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар “Б” ГХО ХХК-ийг Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан гадаад хөрөнгө оруулалттай компани гэж үзэхээр байна.
9. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “... гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, ...тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно” гэж заасны дагуу гадаадын хөрөнгө оруулалттай “К” ХХК нь газар эзэмших үндэслэлгүй байх бөгөөд “К” ХХК-ийн 100% хувьцаа эзэмшигч буюу эцсийн өмчлөгч нь “Б” ГХО ХХК нь газар ашиглах эрхээ бусдад шилжүүлэх эрхгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг шилжүүлэх хүсэлтийг хангахаас татгалзсан Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын 517 дугаар албан бичиг нь үндэслэлтэй байна.
10. Засаг даргын эс үйлдэхүй хууль бус байсан гэсэн гомдлын шаардлагын тухайд:
10.1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан.
10.2. “Б” ГХО ХХК-иас ашиглах эрх бүхий 8 га газрыг “К” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх тухай 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 2025/32 дугаар гомдлоо Дархан-Уул аймгийн Засаг даргад гаргажээ.
10.3. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж заасан бөгөөд хариуцагч аймгийн Засаг дарга дээрх хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй эс үйлдэхүй гаргасан байна.
10.4. Хэдийгээр аймгийн Засаг даргаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн гаргасан гомдлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан боловч шүүх нэхэмжлэгчийн гаргасан “К” ХХК-д газар эзэмших эрх олгосон захирамж гаргахыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.
10.5. Учир нь Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд газар ашиглах эрхийг тухайлан зохицуулсан бөгөөд үүнд газар ашиглах эрхийг шилжүүлэх эрхийг хуулиар олгоогүй байх тул аймгийн Засаг дарга хуулиар олгоогүй эрхийг эдэлж захиргааны акт гаргах нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчимтай нийцэхгүй.
10.6. Өөрөөр хэлбэл, Дархан-Уул аймгийн Засаг даргаас нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хүлээн авч газар ашиглах эрхийг шилжүүлэх эсхүл шилжүүлэхээс татгалзсан аливаа шийдвэр гаргаагүй боловч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасан хугацаанд хариу өгөөгүй эс үйлдэхүй гаргасан нь хууль бус гэх үндэслэлээр шүүхээс захиргааны байгууллагын эрх хэмжээнд халдах, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад хуулиар хориглосон эрхийг шилжүүлэх захиргааны акт гаргахыг даалгах үндэслэлгүй.
11. Шүүхээс Газрын тухай хууль, Компанийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг болон компани тусгаарлах харилцааг буруу тайлбарласан гэх гомдлын тухайд:
11.1. Компанийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь компани үүсгэн байгуулах, бүртгүүлэх, өөрчлөн байгуулах, компанийн удирдлага, зохион байгуулалт, хяналтын бүтэц, хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг тогтоох, компани татан буулгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, Газрын тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино” гэж тус тус зааснаас үзэхэд компани тусгаарлах, газар ашиглах эрхийг шилжүүлэх харилцаа нь тусдаа хуулиар зохицуулагдах хоёр өөр харилцаа байх бөгөөд уг хоёр харилцааг нэгтгэн “газар ашиглах эрхийг тусгаарлах замаар компанийг тусгаарласан” гэх тайлбар нь дээрх хуулиудын зорилгод нийцэхгүй байна.
11.2. Учир нь Компанийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Компанийг шинээр, эсхүл хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/ замаар байгуулж болно”, 18 дугаар зүйлийн 18.1-д “Компанийг энэ хуульд заасан журмын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулж болно”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Компанийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр түүний зарим эрх, үүрэг, хариуцлагыг шинээр байгуулагдсан компанид шилжүүлэхийг компанийг тусгаарлах гэнэ” гэж заасан бөгөөд ийнхүү тусгаарлах замаар компани өөрчлөн байгуулах эрхийг нэхэмжлэгч хуулийн этгээдэд олгосон байх боловч компаниа байгуулах эсхүл тусгаарлах эрх нь Компанийн тухай хуулиар, харин газар ашиглах эрхтэй холбоотой харилцааг гагцхүү Газрын тухай хуулиар зохицуулна.
11.3. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “компани тусгаарлах замаар газар ашиглах эрхийг тусгаарлагдаж буй компанийн нэр дээр бүртгүүлэх хүсэлтэй бөгөөд энэ нь газар ашиглах эрхийг шилжүүлж буй хэрэг огт биш” гэж тайлбарлан маргаж буй нь дээрх хуулиудын зорилттой нийцэхгүй байна.
11.4. “К” ХХК нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д зааснаар Монгол Улсын хуулийн дагуу байгуулагдан бүртгэгдсэн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж юм.
11.5. Иймд, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан Монгол Улсын аж ахуйн нэгж гэдэгт гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь хууль зүйн ойлголтын хувьдаа хамаарахаар байна. Харин Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 44 дүгээр зүйлийн агуулгаас үзвэл гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж нь газар ашиглах эрхтэй байх тул “К” ХХК-д газар эзэмших эрх олгох хууль зүйн үндэслэлгүй.
11.6. Газрын тухай хуульд заасан газар эзэмших болон газар ашиглах эрхийн гол ялгаа нь газар эзэмшигч нь уг эрхээ бусдад шилжүүлэх болон барьцаалах боломжтой байдаг бол газар ашиглагчийн хувьд ийм эрх байдаггүй.
11.7. Нөгөөтээгүүр, Компанийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д “Компанийг өөрчлөн байгуулах тухай шийдвэр гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор өөрчлөн байгуулагдсан компани нь зээлдүүлэгч болон бусад харилцагчид өөрчлөн байгуулагдсан тухайгаа бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд мэдэгдэлд дараах зүйлийг тусгана:”, 18.5.4-т “хуваах болон тусгаарлах замаар өөрчлөн байгуулж байгаа тохиолдолд хуваах баланс” гэж тус тус заажээ.
11.8. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн тусгаарлаж буй “К” ХХК-д газар ашиглах эрхийг шилжүүлэх нь бусдад шилжүүлж буй үйлдэл биш, тухайн компанийн удирдах этгээдийн хувьд өөрчлөлт орохгүй” гэж тайлбарлах боловч Газрын тухай хуульд “газар ашиглах эрхийг бусдад шилжүүлэх талаар зохицуулаагүй, энэ эрхийг зөвхөн газар эзэмшигчид тухайлан олгосон энэ тохиолдолд анхан шатны шүүхийн “...нэхэмжлэгч “Б” ГХО ХХК-иас “К” ХХК-д шилжүүлэн бүртгэхээс татгалзсан нь эрх зүйт төрийн зарчимд нийцнэ” гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.
11.9. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Компанийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Компанийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр түүний зарим эрх, үүрэг, хариуцлагыг шинээр байгуулагдсан компанид шилжүүлэхийг компанийг тусгаарлах гэнэ” гэж заасны дагуу тусгаарлагдсан компанид шилжүүлэх хуваах балансад “Б” ГХО ХХК-ийн газар ашиглах эрх хамаарахааргүй байна.
12. Хууль ёсны итгэл хамгаалагдах зарчим хэрэгжих ёстой гэх давж заалдах гомдлын тухайд:
12.1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:” гээд 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах”, уг заалтын Тайлбар хэсэгт “ Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно. Харин энэ хуулийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй. Иргэн, хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан ч уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй” гэж тайлбарласнаас үзвэл маргааны энэ тохиолдолд хууль ёсны итгэл хамгаалагдах зарчим хэрэглэгдэхгүй.
12.2. Учир нь “Б” ГХО ХХК уг дуудлага худалдааны журмаар газар ашиглах эрхтэй болсон бөгөөд уг дуудлага худалдааны үнийн дүнд 1.3 тэрбум төгрөг төлсөн, талууд энэхүү үйл баримттай маргаагүй. Харин захиргааны байгууллага, албан тушаалтнаас “Б” ГХО ХХК-д олгосон газар ашиглах эрхийг хязгаарласан шийдвэр гаргаагүй, өөрөөр хэлбэл, “Б” ГХО ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан, хүчингүй болгосон эсхүл дуусгавар болгосон шийдвэр аливаа байдлаар гаргаагүй байх энэ тохиолдолд хууль ёсны итгэл хамгаалагдах нөхцөл байдал бий болсон гэж үзэхгүй.
12.3. Нөгөөтээгүүр, газар ашиглах эрхгүй “К” ХХК-ийн хууль ёсны итгэл хамгаалагдах нөхцөл байдал бий болоогүй энэ тохиолдолд хуулийн уг заалтыг хэрэглэхгүй.
13. Нэхэмжлэгчээс газар ашиглах эрхээ шилжүүлээгүй, газрын эрхийг тусгаарлах замаар охин компанийн нэр дээр газрын эрхээ бүртгүүлж байгаа гэх гомдлын тухайд:
13.1. Газрын тухай хуулиар газар ашиглах эрх тусгаарлах харилцааг зохицуулаагүй, харин Компанийн тухай хуульд компанийг тусгаарлах замаар өөрчлөн байгуулж болно гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо газар ашиглах эрхийг тусгаарлах, компанийг тусгаарлах гэж хоёр өөр байдлаар тайлбарлан маргаж буй нь үндэслэлгүй байна.
13.2. Нэгэнт газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулах нь Газрын тухай хуулийн зорилт байх бөгөөд уг хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д газар ашиглагчийн үүргийг тухайлан хуульчилсан, уг эрхэд газар ашиглах эрхийг шилжүүлэх эрх хамаараагүй байх энэ тохиолдолд хариуцагчийн газар ашиглах эрхийг “К” ХХК-ийн нэр дээр бүртгэн, газар эзэмшүүлэх эрх олгосон захирамж гаргаагүй эс үйлдэхүй нь эрх зүйт төрийн “төрийн байгууллага, албан тушаалтны хувьд хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглодог” гэсэн зарчимд нийцжээ.
13.3. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлд газрын харилцааны талаар аймгийн Засаг даргын хэрэгжүүлэх нийтлэг бүрэн эрхийг хуульчилсан байх бөгөөд уг зүйлийн 20.2.1-д “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, ...хэрэгжилтийг зохион байгуулж хангах;” гэж зааснаас үзэхэд аймгийн Засаг даргад газар ашиглах эрхтэй холбоотой хязгааргүй бүрэн эрхийг олгоогүй буюу аймгийн Засаг дарга дээрх хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Газрын тухай хуулийн хүрээнд хэрэгжүүлэх, энэ агуулгаар “...”Б” ГХО ХХК-ийн газар ашиглах эрхийг “К” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэх нь Засаг даргын бүрэн эрх тул эрх зүйт төрийн зарчимд нийцнэ” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
13.4. Мөн Газрын тухай хуульд газар эзэмших эрх, газар ашиглах эрхийг тусгайлан зохицуулсан бөгөөд газар эзэмших эрхийг шилжүүлэх талаар Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан. Харин маргааны энэ тохиолдолд газар ашиглах эрхийн талаар хэлэлцэгдэж байх тул нэхэмжлэгчээс уг эрхийг эзэмших эрхтэй дүйцүүлэн газар ашиглах эрхийг шилжүүлэх боломжтой гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй.
13.5. Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно” гэж зааснаас үзэхэд аливаа этгээд нь эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авах эрхтэй хэдий ч уг эрхээ олж авахдаа хуулиар хориглоогүй байх урьдач нөхцөлийг хангасан байх шаардлагатай. Гэтэл маргааны энэ тохиолдолд газар ашиглах эрхийг бусдад шилжүүлэх эрхийг хуулиар олгоогүй, газар ашиглагчийн эрхийг Газрын тухай хуулиар нарийвчлан тодорхойлсон байх энэ тохиолдолд нэхэмжлэгч “К” ХХК хуулиар хязгаарласан эрхийг “олж авах эрхтэй” гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцээгүй байна.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шалгаж, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 517 дугаар албан бичиг болон Дархан-Уул аймгийн Засаг даргын эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болохыг тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул нэхэмжлэгчийн “газрын эрхийг тусгаарлах замаар өөрийн нэр дээр бүртгүүлэх хэлцлийн хувьд аймгийн Засаг даргад Газрын тухай хуулиар олгосон эрхийн дагуу “К” ХХК-ийн нэр дээр уг газрыг бүртгэх боломжтой” гэсэн агуулгатай гомдлоор шийдвэрийг хүчингүй болгох, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүний олонх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 7 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ