Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 30

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх

Улсын яллагч Б.Батбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын Үүд суман дахь Сум дундын Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Өлзийт  сумын харъяат, 1977 оны 02 сарын 17-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, Соёмбын 3-5 тоотод оршин суух, энэ хэрэгт татагдахдаа эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Шилдээд овогт Базарсандуйн Амартогтоход /РД: ЗЮ77021713/ холбогдох эрүүгийн 201610010241 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.Амартогтох нь  2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ багийн нутагт байрлах “15-ын шатахуун түгээх станцын” хойд талд 56-88 ДГО улсын дугаартай Прадо маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн  9.2 жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас А.Пүрэвцэрэнгийн биед хүнд, Э.Амаржаргалын биед хүндэвтэр гэмтэл учруулж, Д.Цэвээндоржид 3,426,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Мэтгэлцэгч талууд шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Амартогтохын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ” тэр өдөр  Сайншанд руу явж байгаад Хангинуурын давааны цаад тад байдаг шатахуун түгээх станцаас цаахна машины рүль гэнэт буруу тал руу булаагаад замын хажуу рүү орж онохолдсон. Тэгээд хүү Пүрэвцэрэнгийн биед хүнд гэмтэл, эхнэр Амаржаргалын биед хүндэвтэр гэмтэл учирсан. Эхнэр, хүүхэд 2-оо эмчлүүлсэн, одоо биеийн байдал дажгүй байгаа. Мөн миний жолоодож явсан машин бол манай эхнэрийн ахынх нь эхнэрийн өмчлөлийн машин  байга юм.  Машинд учирсан хохирлыг төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү  ” гэсэн мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7/

Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 9/

Шүүгдэгч Б.Амартогтохын 469470 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 18/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 19, 20/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 23-25/

Хохирогч Э.Амаржаргал мөрдөн байцаалтын шатанд  өсгөн “ Би болсон зүйлийн талаар бүгдийг нь сайн санахгүй байна. Тийм болохоор би өөрийн санаж байгаагаар ярья. 2016 оны 11 сарын 05 ны өдөр манай гэр бүлийнхэн Замын-Үүд сумаас Сайншанд сум руу явахаар болж өдөр 14 цагийн орчимд Сайншанд сум руу хөдөлдсөн. Тэр үед 56 88 ДГО улсын дугаартай Prado  маркын автомашиныг манай нөхөр Амартогтох жолоодон би машины урд суудалд 2 настай хүү Пүрэвцэрэнг өвөр дээрээ суулгаж харин машины арын суудалд охин А.Хандармаа, А.Ууганцэрэн нар сууж явсан юм. Харин манай машины урд манай төрсөн ах Батболд эхнэртэйгээ Land 80 маркын авто машин жолоодон явж байсан. Тэгээд бид нар Эрдэнэ сумын уулзвар дээр байдаг шатахуун түгээх станц өнгөрөөд явж байтал Амартогтох жолоодож явсан машинаа замын хажуу оруулах гэж байгаа юм шиг санагдахаар нь чи замын хажуу руу орлоо ш дээ гэж чанга бахирч хэлсэн юм. Тэгээд л би түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан ямар нэг гомдол санал хүсэлт байхгүй, надад ямар гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хүү Пүрэвцэрэнгийн бие эдгэрч зүгээр болсон “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-31/

Иргэний нэхэмжлэгч Д.Цэвээндоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “56-88 ДГО улсын дугаартай Прадо-95 маркийн автомашин нь миний өөрийн эзэмшлийнх байгаа юм. Тухайн өдөр 13 цагийн үед манай нөхрийн дүүгийн гэр бүл манай гэрийнхэн нар 2 машинтайгаар Замын-Үүд сумаас Сайншанд сум руу гарсан. Тэр үед манай нөхрийн дүү Амаржаргалын нөхөр Амартогтох миний эзэмшлийн 56-88 ДГО улсын дугаартай автомашиныг жолоодон эхнэр 3 хүүхдийнхээ хамт явж, харин би нөхрийнхөө хамт 01-96 ДГО улсын дугаартай автомашинаа жолоодон явсан юм. Замд явах үед Замын-Үүд сумын гарах постноос үл таних хүн манай машинд гуйж суугаад  Авгын Уул зөрлөгийн ойролцоо буусан юм. Түүнээс хойш Ханги нуурын даваан дээр зогсож овоонд сүү өргөчихөөд цааш хөдөлж явсан бөгөөд дүү нар маань нөхөр бид хоёрын машины араас дагаж явсан. Тэгээд л Эрдэнэ сумын 15-н колонкыг өнгөрөөд 5-6 км явж байгаад би хажуу талын толиндоо хартал миний араас дагаж явсан дүү нарын машин замаас гарч, замын хажуу руу онхолдож байгаа харагдсан. Тэгээд л би унаж явсан машинаа замын хажуу руу шахаж зогсоож нөхрөө буулгаад машинаа жолоодон дүү нарынхаа онхолдсон газар луу очиж зогссон. Ямар шалтгаанаас болж осол гарсан талаар мэдэхгүй байна. Харин осол болсноос нилээд хэд хоногийн дараа Амартогтох хэлэхдээ  гэнэт л машины руль булааж замаас гарчихсан гэж хэлж байсан. Осол болох үед Амартогтохын жолоодон явсан машины урд нь би 01-96 ДГО улсын дугаартай автомашиныг жолоодон 80 орчим км/цагийн хурдтай явсан тийм болохоор миний араас дагаж явсан учраас 70-80 км/цагийн хурдтай явсан гэж бодож байна. Амартогтох архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Бид нар бүгдээрээ төрөл садангийн  хүмүүс тийм болохоор надад нэхэмжлэх зүйл  байхгүй, ямар нэг гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33/ ,

Гэрч Э.Батболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би Амартогтох гэх хүнийг одоогоос 3-4 жилийн өмнөөс эхлэн  танина, Б.Амартогтох нь манай төрсөн дүү Амаржаргалын нөхөр байгаа юм. Түүнийг манай дүүтэй гэр бүл болсон цагаас нь эхлээд мэддэг болсон. Уг тээврийн хэрэгсэл нь манай эхнэр Цэвээндоржийн эзэмшлийн машин байгаа юм. Эхнэрийнхээ автомашиныг 2015, 2016 онуудад үзлэг оношлогоонд оруулж байсан ямар нэг эвдрэл гэмтэлгүй машин байсан. Осол болохын өмнө ямар нэг эвдрэл гэмтэл байгаагүй, 2016 оны 07 дугаар сард 2 дугуйг нь шинээр сольж хуучин сайн дугуйг нь хойд талд нь тавьж байсан ер нь бол чанар байдал сайн дугуйтай байсан. Манай эхнэр уг машиныг худалдан аваад 4-5 жил болж байна. Худалдан авсан цагаас хойш ямар нэг осол аваарт орж байгаагүй. Машины эвдрэл гэмэлтэй холбоотой ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй. Надад ямар нэг гомдол байхгүй, харин нэг саналын хувьд аль болох хуулийн дагуу хөнгөнөөр шийдэж өгөхийг хүсэж байна.  2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 13 цагийн үед манай дүүгийн гэр бүл, манай гэрийнхэн нар 2 машинтайгаар Замын-Үүд сумаас Сайншанд сум руу гарсан. Тэр үед манай дүү Амаржаргалын нөхөр Амартогтох 56-88 ДГО улсын дугаартай автомашиныг жолоодон эхнэр 3 хүүхдийнхээ хамт явж харин эхнэр маань 01-96 ДГО улсын дугаартай автомашиныг жолоодон эхнэр 3 хүүхдийнхээ хамт явж, харин эхнэр маань 01-96 ДГО улсын дугаартай автомашинаа жолоодон явсан юм. Тэгээд л Эрдэнэ сумын 15-н колонкийг өнгөрөөд 5-6 км явж байтал эхнэр маань яанаа уналаа гээд орилхоор нь юу болсон бэ гэж асуугаад машины толь руу хартал эхнэр бид хоёрын араас дагаж явсан дүү нарын машин замаас гарч замын хажуу руу онхолдож байгаа харагдсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34/

Гэрч С.Хандармаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Б.Амартогтох нь миний төрсөн эх Э.Амаржаргалтай хамт амьдраад 5 жил болж байгаа, миний хойд эцэг байгаа юм. Би машины арын суудалд сууж явсан болохоор машиныг хэдэн км/ цагийн хурдтай явсан болон ямар шалтгаанаас осол гарсан болохыг мэдэхгүй байгаа. Мөн ослоос шалтгаалан миний биед ямар нэг гэмтэл шарх учраагүй надад ямар нэг нэхэмжлэх зүйл  байхгүй. Тийм болохоор өөрийн эрхийн дагуу байцаалт өгөхөөс татгалзаж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35/

Гэрч О.Нарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ Б.Амартогтох нь даруу төлөв зантай, дуу цөөнтэй хүн бөгөөд түүнд ямар нэг муу зан араншин гэх зүйл байхгүй, архи, дарс уугаад байдаггүй хүнд их тусархаг зантай. Түүний ахуй амьдралын талаар ярьвал Б.Амартогтох нь Замын-Үүд суманд эхнэр хүүхдийнхээ хамт Соёмбын гудамжинд амьдарч байсан одоогийн байдлаар Зүүнбаян баг руу шилжчихсэн байгаа. Түүний эхнэр нь дэлгүүрт худалдагчаар ажилладаг байсан харин Амартогтох нь автомашин жолоодон БНХАУ-руу хүн  тээвэрт явдаг байсан харин осол аваарт орсоноосос хойш ямар нэг ажил төрөл хийхгүй байгаа.Түүний ойрын төрөл садангийн хүмүүс бүгд Дундговь аймагт байдаг Замын-Үүд суманд ямар нэг хамаатан садан төрлийн хүмүүс нь байхгүй, түүний нэр дээр УАЗ 469 маркийн автомашин байдаг өөр ямар нэг эд хөрөнгө байдаг эсэхийг нь мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36/

Насанд хүрээгүй гэрч А.Ууганцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ 2016 оны 11 сарын эхээр яг хэзээг санахгүй байна. Дорноговь аймгийн Замын-Үүд хотоос Сайншанд хот руу засмал замаар аав Амартогтох хойд ээж  Амаржаргал  эгч Хандармаа, дүү Пүрэвцэрэн нарын хамт “Прадо” маркын машинтай явж байгаад гэнэт л машин онхолдож замын хажуу руу унасан, би яагаад онхолдсон  болохыг нь  мэдээгүй. Осол болсны дараа Амаржаргал, Пүрэвцэрэн 2 машинаас шидэгдсэн, ухаангүй байсан, би машинаас гарч дүү Пүрэвцэрэн дээрээ очсон, бидэнтэй хамт явсан нөгөө машинтай хүмүүс  биднээс түрүүлээд явсан байсан юм. Тэд эргэж ирээд эмнэлэг дуудсан, тэгээд бид бөөнөөрөө Улаан-Уул гэх сумын эмнэлэг рүү очсон.  Осол болох үед машиныг манай аав  Амартогтох жолоодож  явсан. Аав архи дарс уугаагүй эрүүл байсан. Осол болох үед авто машин 70-80 км/ цагийн хурдтай явж байсан. Миний биед ослын улмаас ямар нэгэн гэмтэл учраагүй, хүзүү бага зэрэг хөндүүрлэж байгаад зүгээр болсон. Шинжээч эмчид үзүүлэх шаардлагагүй байсан. Одоо миний биед ямар нэгэн зовиур гэмтэл шарх байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39/

Шинжээчийн 2016 оны 11 сарын 10-ны өдрийн “56-88 ДГО улсын дугаартай Прадо-95 маркын суудлын автомашины жолооч Б.Амартогтох МУ-ын ЗХД-ийн 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн.

2.Замын-Үүд дэх салбарын авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтанд 2016 оны 09 сарын 22-нд тэнцсэн гэж дүгнэгдсэн байх тул тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн биш байдал нь осол гарах үед шалтгаан нөхцөл болохгүй” гэсэн 14 тоот дүгнэлт /хх-ийн 41/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2016 оны 11 сарын 11-ний өдрийн “ 1.А.Пүрэвцэрэнгийн гавал тархины далд гэмтэл, зулай ясны хугарал, тархины эдийн няцрал 2-р зэрэг, хальсан дорх цус хуралт, толгойн орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Учирсан гэмтэл нь хатуу Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-р заалт, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна

4. Хүнд гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацаа ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, төгсгөлийн байдлаас хамаарна” гэсэн 450 тоот дүгнэлт  /хх-ийн 69/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2016 оны 11 сарын 10-ны өдрийн “1.Э.Амаржаргалын биед биеийн ерөнхий доргилт, цээжний зүүн талд 3-6-р хавирганы зөрүүтэй хугарал, зүүн талын сүүж ясны суудал цагираг хэсгээр хоёрчилсон хөндлөн хугарал, баруун  талын бугалга ясны дунд 1/3 хөндлөн бяцарсан хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Учирсан гэмтлүүд нь Гэмлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болно.

4.Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдна” гэсэн 449 тоот дүгнэлт /хх-ийн 75/

2017 оны 01 сарын 06-ны өдрийн шинжээч С.Энхтайваны “ УАЗ-469 маркийн автомашин 2016 онд 1,5 сая төгрөгөөр худалдан авсан гэх үйлдвэрлэсэн 1998 он, Монгол улсад орж ирсэн 1998.06.10-ны өдөр үнэ 1,500,000 төгрөг гэсэн 03 тоот дүгнэлт /хх-ийн 78/

Вендо хөрөнгийн үнэлгээний компаний 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 8977 тоот тайлан /хх-ийн 79/

Шүүгдэгч Б.Амартогтох нь урьд ял шийтгэлгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 92/

Хохирогч Э.Амаржаргалын шүүхэд ирүүлсэн “ Базарсандуй овогтой Амартогтоход холбогдох ЭХ-ийн 215-р зүйлийн 215.2-т зааснаар гэмт хэрэгт холбогдож шүүхэд хянагдаж байгаа хэргийн хохирогчоор тогтоогдсон Амартогтохын Пүрэвцэрэн, Эрдэнэ-Очирын Амаржаргал нар нь тус хэрэг болсноос хойш биеийн эрүүл мэндийн байдал эмчлэгдэж бүрэн эдгэрсэн тул одоо ямар нэгэн байдлаар хохирол төлбөр, гомдол, саналгүй болно. Эмчилгээний зардалд элдэв бусад зардлыг нөхөр маань олж эмчлүүлсэн тул өөрийн нөхөр болох Б.Амартогтохоос нэхэмжлэхгүй. Түүнд ямар нэгэн байдлаар  гомдол саналгүй тул миний нөхрийн хэргийг аль болох хөнгөн ял оногдуулж шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /хх-ийн /

Иргэний нэхэмжлэгч Д.Цэвээндоржийн шүүхэд ирүүлсэн “Базарсандуй овогтой Амартогтоход холбогдох ЭХ-ийн 215-р зүйлийн 215.2-т зааснаар гэмт хэрэгт холбогдож шүүхэд хянагдаж таслан шийдвэрлэгдэх гэж  байгаа хэргийн иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон. Дагвадоржийн Цэвээндорж би 3,426,000 төгрөгийг шүүгдэгч Б.Амартогтохоос бүрэн бүтэн хүлээн авсан бөгөөд одоо ямар нэгэн байдлаар түүнээс нэхэмжлэх зүйлгүй элдэв, гомдол саналгүй болно. Иймд Б.Амартогтохоос одоо нэхэмжлэх элдэв зүйлгүй, тул түүнд оногдуулах ялыг хамгийн багаар аль болох хөнгөн ял оногдуулж шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. Гомдол саналгүй шүүх хуралдаан оролцохгүй” гэсэн хүсэлт /хх-ийн / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Амартогтох нь 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Сайншанд орохоор 56-88 ДГО улсын дугаартай Прадо маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн  9.2-т заасан “ жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчиж, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ багийн нутагт байрлах “15-ын шатахуун түгээх станцын” хойд талд зам тээврийн осол гаргаж, А.Пүрэвцэрэнгийн биед хүнд, Э.Амаржаргалын биед хүндэвтэр гэмтэл учруулж, Д.Цэвээндоржид 3,426,000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул түүнийг 2016 оны 11 сарын 05-ны өдөр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж  зөрчсөний улмаас бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Амартогтохын дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шинжлэн судалсан хохирогч Э.Амаржаргалын мөрдөн байцаалтад өгсөн “ ... Тэр үед 56 88 ДГО улсын дугаартай Prado  маркын автомашиныг манай нөхөр Амартогтох жолоодон явсан... бид нар Эрдэнэ сумын уулзвар дээр байдаг шатахуун түгээх станц өнгөрөөд явж байтал Амартогтох жолоодож явсан машинаа замын хажуу оруулах гэж байгаа юм шиг санагдахаар нь чи замын хажуу руу орлоо шүү дээ гэж чанга бахирч хэлсэн юм. Тэгээд л би түүнээс хойш юу болсныг санахгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-31/

-иргэний нэхэмжлэгч Д.Цэвээндоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...дүү Амаржаргалын нөхөр Амартогтох миний эзэмшлийн 56-88 ДГО улсын дугаартай автомашиныг жолоодон эхнэр 3 хүүхдийнхээ хамт явж, харин би нөхрийнхөө хамт 01-96 ДГО улсын дугаартай автомашинаа жолоодон явсан юм...Тэгээд л Эрдэнэ сумын 15-н колонкыг өнгөрөөд 5-6 км явж байгаад би хажуу талын толиндоо хартал миний араас дагаж явсан дүү нарын машин замаас гарч, замын хажуу руу онхолдож байгаа харагдсан....Ямар шалтгаанаас болж осол гарсан талаар мэдэхгүй байна ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33/ ,

- Насанд хүрээгүй гэрч А.Ууганцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Дорноговь аймгийн Замын-Үүд хотоос Сайншанд хот руу засмал замаар аав Амартогтох, хойд ээж  Амаржаргал  эгч Хандармаа, дүү Пүрэвцэрэн нарын хамт “Прадо” маркын машинтай явж байгаад гэнэт л машин онхолдож замын хажуу руу унасан, би яагаад онхолдсон  болохыг нь мэдээгүй. Осол болсоны дараа Амаржаргал, Пүрэвцэрэн 2 машинаас шидэгдсэн, ухаангүй байсан, би машинаас гарч дүү Пүрэвцэрэн дээрээ очсон, бидэнтэй хамт явсан нөгөө машинтай хүмүүс  биднээс түрүүлээд явсан байсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39/, гэрч Батболдын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн34/, Шинжээчийн 2016 оны 11 сарын 10-ны өдрийн 14 тоот дүгнэлт /хх-ийн 41/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2016 оны 11 сарын 11-ний өдрийн 450 тоот дүгнэлт  /хх-ийн 69/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2016 оны 11 сарын 10-ны өдрийн 449 тоот дүгнэлт /хх-ийн 75/, Вендо хөрөнгийн үнэлгээний компаний 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 8977 тоот тайлан /хх-ийн 79/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Дорноговь аймгийн Замын Үүд дэх Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Б.Амартогтохын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгчийг тухайн хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Амартогтох нь энэ гэмт хэргийн бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 505 дугаар зүйл, 510 дугаар зүйлд зааснаар нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр иргэний нэхэмжлэгч Д.Цэвээндоржийн эд хөрөнгөд учруулсан 3,426,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Э.Амаржаргал, А.Пүрэвцэрэн нарын эрүүл мэндийг эмчлүүлэхэд нь туслалцаа үзүүлж, төлбөрийг төлсөн болох нь шүүгдэгчийн мэдүүлгээс гадна хохирогч Э.Амаржаргал, иргэний нэхэмжлэгч Д.Цэвээндорж нарын шүүхэд ирүүлсэн хүсэлтүүдээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт үйлдсэн /хх-ийн 92/,  үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Иймд дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын гомдол саналгүй гэсэн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлд заасан ял оногдуулах зарчмыг баримтлан шүүгдэгчид хорих ял сонгон оногдуулж, түүнд оногдуулсан ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь цаашид хохирол нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдаж, шүүгдэгчийн 469470 дугаарын жолоодох эрхийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх  тухай тогтоолоор 57-04 ДГО  улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэнийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Амартогтоход буцаан олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Шилдээд овогт Базарсандуйн Амартогтохыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Базарсандуйн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 1 сарын хугацаагаар хасч, 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Б.Амартогтоход оногдуулсан 1 жил, 1 сарын  хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Амартогтох нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүйг тус тус дуррдаж, шүүгдэгчийн 469470 дугаарын жолоодох эрхийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

5. Мөрдөн байцаагчийн 2017 оны 01 сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх  тухай тогтоолоор 57-04 ДГО  улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэнийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Амартогтоход буцаан олгосугай.

6.Иргэний нэхэмжлэгч Д.Цэвээндорж, хохирогч Э.Амаржаргал нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Амартогтоход  оногдуулсан 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг цагдаагийн байгууллагад даалгасугай.

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Амартогтоход урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Энэ шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ    А.ЦЭРЭНХАНД