Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 06

 

 

Ц-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, шүүгч Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж даалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Ц-н нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газарт холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай иргэний хэргийг 2018 оны 02 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болормаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Пүрэвдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ө.Халиунаа нар оролцов.

Нэхэмжлэгч Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц нь Говь-Алтай аймгийн ИТХ-ын дэргэдэх Орон нутгийн өмчийн албанд 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ажиллаж байгаад 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 55 дугаартай тогтоол, 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн аймгийн Засаг даргын А/418 дугаартай захирамж, орон нутгийн өмчийн газрын Б/01 дугаартай тушаалуудыг тус тус үндэслэн Орон нутгийн өмчийн алба татан буугдсан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн. Уг асуудлаар сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны үр дүнд 2017 оны 03 дугаар сарын 7-ны өдрийн 86 дугаартай Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, мөн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 14 дугаартай Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал зэргээр ажилдаа эргэн орж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар болсон байна. Үүний үр дүнд 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр орон нутгийн өмчийн газрын даргын Б/10 дугаартай тушаал гарч, 2017 оны 6

 

2

дугаар сарын 23-ны өдөр байнгын ажлын байран дээр Хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ажлаа хүлээлцэн ажиллаж эхэлсэн юм. Ингээд ажлаа хийж байтал 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр дахин дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудас өгсөн бөгөөд уг мэдэгдэх хуудсыг миний бие хүлээн зөвшөөрөөгүй тул гарын үсэг зураагүй юм. Мэдэгдэх хуудас өгснөөс хойш 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Орон нутгийн өмчийн газрын даргын А/14 дугаартай тушаал гарч намайг чөлөөлсөн явдал нь хуульд нийцэхгүй байна. Учир нь дээрх байгууллага татан буугдсан гэсэн үндэслэлээр намайг ажлаас чөлөөлөөд энэ асуудал шүүхээр шийдэгдсэн байхад дахин дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэг үндэслэлээр 2 удаа ажлаас чөлөөлж байгаа нь хуульд нийцэхгүй байгаагаас гадна Аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга З.Мөнхнасан нь шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж хэлбэрийн төдий биелүүлж иргэн намайг хохироож байгаад гомдолтой байна. Иймд Орон нутгийн өмчийн газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/14 дугаартай тушаалыг хүчингүй болгож, намайг ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус аймгийн шүүхэд Ц нь нэхэмжлэл гаргаж, хариуцагчаар Орон нутгийн өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг татсан байна. Нэхэмжлэгч Ц-ийн шүүхэд гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн нэхэмжлэлд дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг буюу Орон нутгийн өмчийн газрыг шинээр байгуулахаар шийдвэрлэсэн. Хуучнаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Орон нутгийн өмчийн албыг Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаар тогтоолоор татан буулгаснаар аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/418 дугаар захирамжаар аймгийн Орон нутгийн өмчийн алба нь Худалдан авах ажиллагааны албатай нэгдэж Орон нутгийн өмчийн газар болон зохион байгуулагдаж бүтэц, орон тоог тогтоож өгсөн ба энэ захирамжаар манай газар нягтлан бодогчгүй болж, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогчийг хавсран гүйцэтгэхээр бүтцийг баталж өгсөн. Гэтэл тус газрын шинээр батлагдсан уг албан тушаал дээр татан буугдсан Орон нутгийн өмчийн албаны нягтлан бодогч Ц, худалдан авах ажиллагааны албаны нягтлан бодогч Я.Зогсохжаргал нарыг сонгон шалгаруулах журмаар ажиллуулах зайлшгүй шаардлага гарсан тул Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт "Төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагч нь төсвийн ахлах нягтлан бодогчийг дараах байдлаар зөвшилцөн, томилж, чөлөөлнө", 19.6.3 дахь заалтад "аймаг, нийслэлийн төсөвт харьяалагдах байгууллагын төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг аймаг, нийслэлийн төрийн сангийн хэлтсийн даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө" гэж заасныг үндэслэн аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэст хүсэлт хүргүүлж, зөвшилцсөний үндсэн дээр тухайн ажлын байранд тус хэлтсээс сонгон шалгаруулалтыг зохион байгуулж хамгийн өндөр оноо авсан, тухайн ажлын байранд тавигдах ерөнхий болон бусад шаардлагыг хангаж буй А-3 гэрчилгээтэй З-ыг санал болгосны дагуу худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогчоор ажиллуулахаар шийдвэрлэсэн юм. З нь ажлын байранд тавигдах ерөнхий шаардлагыг бүрэн

 

3

хангаж, шалгалтад өндөр оноо авсан төдийгүй тухайн үед жирэмсэн байсан юм. Нэхэмжлэгч Ц нь З-ыг жирэмсэн, жирэмсэн хүнийг ажлаас халахгүй, шалгалтаар илүү оноо авсан, ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага хангаж байгаа, төсөв санхүү орон тоо байхгүй гэдгийг мэдэж байсан ба тухайн үед өөрөө ч ажлаас гарахаа хүлээн зөвшөөрч тэтгэмжээ авах тухай өргөдлөө бичиж өгсний үндсэн дээр тухайн үед Орон нутгийн өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч миний бие тэтгэмж олгох тушаалыг өргөдлөө өгснөөс хойш 1 хоногийн дараа гаргаж, тэтгэмжийг олгож байсан. Гэтэл Ц нь "өргөдөл дээрээ тэтгэмжийнхээ дүнг буруу бичсэн байна, засаад өгье" гэж хэлж аваад, тэр дор нь манай байгууллагын мэргэжилтэн Н.Цэвэлмаа бид хоёрын дэргэд урж хаяж, өөрийн гаргасан шийдвэрээсээ буцан удаа дараа шүүхэд хандаж байгаад гайхаж байна. Нэхэмжлэгч Ц нь дээрх шийдвэрүүдийг хууль зөрчсөн буруу шийдвэр гаргасан гэж үзэн аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж үүний үр дүнд аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 86 дугаартай шийдвэрээр Ц-г ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийг баримтлаагүй байх тул нэхэмжлэгчийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэгч Ц-г Аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогчийн ажилд эргүүлэн тогтоосон. Гэтэл нэхэмжлэгч Ц нь хуучнаар /татан буугдсан/ Орон нутгийн өмчийн албаны нягтлан бодогчоор ажиллаж байсан ба шинэчлэгдэн байгуулагдсан аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогч гэсэн албан тушаал дээр томилогдоогүй, ажиллаж байгаагүй байхад анхан шатны шүүх уг албан тушаал дээр эгүүлэн томилох шийдвэр гаргасан. Тус шийдвэрийг нэхэмжлэгч Ц-ийн гаргасан нэхэмжлэлээс хальсан, "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлаагүй, хэтэрхий нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангахын тулд гарсан нэг талын шийдвэр байна гэж үзэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан хэдий ч аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 86 дугаартай шийдвэрийг үндэслэлтэй хэмээн хэвээр үлдээсэн. Гэтэл уг албан тушаал дээр ажлын байрны ерөнхий шаардлагыг хангасан болон аймгийн Санхүү, төрийн сангийн хэлстийн шалгалтад хамгийн өндөр оноо авсан, жирэмсэн Я.Зогсохжаргал томилогдсон байсан ба тухайн үед жирэмсэн амаржсны амралттай байсан. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэн Ц-г уг албан тушаалд томилон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад холбогдох хууль журмын дагуу сонсох ажиллагааг зохион байгуулж мэдэгдлийг өгч /Ц уг мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй гээд гарын үсэг зураагүй/ ажилласан болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Пүрэвдорж анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.-гийн гаргасан нэхэмжлэлтэй танилцсан байгаа. Уг нэхэмжлэлээр манай орон нутгийн өмчийн газар нь хоёр алба нэгдэж газар болсон. Хоёр алба нэгдэхэд хоёр нягтлан бодогч байсан учир хууль журмын дагуу санхүү, төрийн сангийн хэлтэст хүсэлт гарган ирсэн шийдвэрийн дагуу сонгон шалгаруулалт зарлан Я.Зогсохжаргалыг нягтлан бодогчоор томилсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдэл өгөөгүй чөлөөлсөн гэх шалтгаанаар хоёр ч шүүхээр орж унасан учир Орон нутгийн өмчийн газраас шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд Ц.-г 2017 оны 5 дугаар сараас авч ажиллуулсан. Тухайн үед нягтлан бодогч З жирэмсний амралттай байсан. 2017 оны 10 дугаар сараас З жирэмсний амралтын хугацаа дуусч ажилдаа орж шүүхийн

 

4

шийдвэрийг биелүүлж Ц-г ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч хууль зөрчсөн гэж байсан ямар хууль зөрчсөнөө сайн мэдэхгүй байна. Хууль журмын дагуу орон нутгийн өмчийн газраас дээрх үйл ажиллагаанууд зарлагдсан байгаа гэжээ.

Гуравдагч этгээд З анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 онд Худалдан авах ажиллагааны алба гэж байхад ажиллаж байсан. 2016 онд хоёр байгууллага татан буугдаад нэг нягтлан бодогчтой байх шаардлага үүссэн. Худалдан авах ажиллагааны нягтлан бодогчоор шалгаруулалтад ороод тэнцсэн учир нягтлан бодогчийн ажилдаа үлдсэн. Би 7 сартай жирэмсэн байсан мөн худалдан авах ажиллагаагаар мэргэшсэн учир тухайн ажлын байрны шаардлагыг хангасан гэж үзэж байна. Төрийн сангаас шалгалт аваад тэнцсэн. Ц.-ийн хувьд 03 дугаар сард шүүхийн шийдвэр гараад намайг жирэмсний амралттай байх хугацаанд 6 дугаар сард ажилдаа орсон байсан. Би 10 дугаар сард жирэмсний амралтын хугацаа дуусаад ажилдаа орсон гэжээ.

 Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэгч Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болормаа давж заалдах гомдолдоо: Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Б. Болормаа би Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 133/ШШ2018/00023 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдолыг гаргаж байна.

1.Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын даргын 2017 оны  10 дугаар сарын  12-ны өдрийн Б/14    дугаартай тушаал нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1. 40.5, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгүүдийг үндэслэж гаргасан. Өөрөөр хэлбэл ''Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон  тоо  хасагдсан   эсхүл  ажилтаны  тоог  цөөрүүлсэн"  гэсэн  хуулийн заалтыг үндэслэсэн байгаа юм. Гэтэл Ц.Цээмааг ажилдаа орон ажиллаж байх хугацаанд тухайн байгууллага татан буугдаагүй болох нь хавтаст хэрэгт    авагдсан    нотлох    баримтууд    болон    шүүхийн    хэлэлцүүлэгт хариуцагчийн   гаргасан   тайлбар,   асуултанд   хариулсан   байдал зэргээр нотлогдож байхад анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

 

5

 

2. Ц.Цээмааг ажилд буцаан томилсон тушаал нь 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гарсан бөгөөд энэ өдрөөс хойш байгууллага татан буугдсан орон тоо цөөрсөн, хасагдсан зүйл огт байхгүй байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байна.

 

3. Урьд өмнө нь яг энэ үндэслэлээр буюу Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 55 дугаартай  тогтоол,  2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн  аймгийн Засаг даргын  А/418  дугаартай  захирамж, Орон  нутгийн  өмчийн  газрын  Б/01 дугаартай тушаалуудыг тус тус үндэслэн Орон нутгийн өмчийн алба татан буугдсан гэж үзэн  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт   заасан   үндэслэлээр   Ц-г ажлаас чөлөөлж   шүүхийн шийдвэрээр буцаж ажилдаа орсон бөгөөд одоо дахин  энэ үндэслэлээр чөлөөлсөн байхад шүүх буруу дүгнэлт хийсэн.

4.    Шүүхийн     шийдвэрийн     үндэслэх     хэсэгт     тайлбарлахдаа "Урьд     нь Ц-ийн гомдолоор үүссэн иргэний хэргийг шийдвэрлэсэн шийдвэрийн үндэслэл нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо хуульд заасан журмыг зөрчсөн үндэслэлээр Ц-г ажилд нь эгүүлэн тогтоосон байгаа...." гэж дүгнэлт хийсэн хэдий ч яагаад 2 удаа ажлаас чөлөөлөхдөө яг адилхан нэг хуулийн зүйл заалтыг барьж чөлөөлсөн талаарх үнэлэлт дүгнэлтийг шүүх хийгээгүй.

5. Шүүхийн   шийдвэрийн   үндэслэх   хэсэгт   тайлбарлахдаа   "Хариуцагчийн тайлбар үндэслэлтэй болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/418 дугаартай тогтоолыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай захирамжын 1,2 дугаар хавсралт, ОНӨГ-ын даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн сонсох ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, Аймгийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 12 дугаар сарын 20-ны   өдрийн   албан  бичиг,  Ц,  З нараас авсан шалгалтын материал...зэргээр тогтоогдож байна" гэжээ. Гэтэл Аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ны   өдрийн А/442 дугаартай захирамжаар А/418 дугаартай захирамжинд нэмэлт өөрчлөлт оруулсан байна.  Уг захирамжын 11 дэх  заалтанд  шинэ бүтэцийн дагуу  татан буугдсан   албадын албан хаагчдаас сонгон   шалгаруулж ажиллуулахыг даалгасан байгаагаас харахад захирамж 2016 оны 12 дугаар сарын 21-нд гарсан байхад нягтлан бодогч нараас   2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шалгалт авсан    байгаа нь хуулийн дагуу авсан хүчин төгөлдөр шалгалт гэж үзэх үндэслэлгүй байна.

6. Мөн түүнчлэн төрийн сангийн хэлтэс 2 нягтлан бодогчоос шалгалт авсан гэж баигаа боловч шалгалт авах эрх бүхий байгууллага Төрийн сангийн хэлтэс мөн үү биш үү гэдэг нь эргэлзээтэй байгаа юм. Тухайн төрийн сангийн хэлтэст төсөв хянаж гүйлгээ хариуцан ажилладаг Н.Ундрахбаяр нь нягтлан бодогч З-ын нөхөр бөгөөд төрийн албаны тухай хууль болон нийтийн албанд нийтийн  болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг   сонирхолын   зөрчлөөс   урьдчилан   сэргийлэх   тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дах хэсэгт заасан "хамаарал бүхий этгээд" баигаа тул ашиг сонирхолын зөрчил үүсч байгаа юм.

Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн анхан татны  шүүхийн 2018 оны 01-р сарын 12-ны өдрийн 133/ШШ2018/00023 дугаартай шийдвэрийг дахин хянаж үзнэ үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц нь хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газарт холбогдуулан тус газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

 

6

 

Хариуцагч байгууллага нь Ц-г ажлаас чөлөөлөх болсон үндэслэлээ Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг болох Орон нутгийн өмчийн газрыг шинээр байгуулахаар шийдвэрлэснээр өмнө аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Орон нутгийн өмчийн албыг татан буулгаж, аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/418 дугаар захирамжаар тус алба нь Худалдан авах ажиллагааны албатай нэгдэж, Орон нутгийн өмчийн газар болон зохион байгуулагдаж, бүтэц, орон тоог тогтоож өгсөн ба нийлж нэгдсэн хоёр алба нь нэг нягтлан бодогчтой болж, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгэхээр орон тоог баталж өгсөн. Уг албан тушаалд татан буугдсан Орон нутгийн өмчийн албаны нягтлан бодогч Ц, Худалдан авах ажиллагааны нягтлан бодогч З нарыг сонгон шалгаруулах журмаар ажиллуулах нь зүйтэй гэж үзэн аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэст хүсэлт хүргүүлж, зөвшилцсөний үндсэн дээр тухайн ажлын байранд сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, хамгийн өндөр /илүү/ оноо авсан, тухайн ажлын байранд тавигдах ерөнхий болон бусад шаардлагыг хангаж буй А-3 гэрчилгээтэй З-г санал болгосны дагуу худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогчоор ажиллуулж, Ц.Цээмааг хуульд зааснаар ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж, холбогдох нотлох баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д зааснаар “... эрх олгосон байгууллагын шийдвэр гарсан...” өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолын дагуу аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/418 дугаар захирамжаар Орон нутгийн өмчийн алба, Худалдан авах ажиллагааны алба хоёрыг нэгтгэсэн шийдвэр гарч, улмаар өөрчлөн зохион байгуулагдсан /нийлүүлэх/ бүтэц нь өөрчлөгдсөн боловч нэхэмжлэгч Ц, гуравдагч этгээд З нарын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн энэ нөхцөлд тэдний ажиллах нөхцөл, баталгааг хангах үүднээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар “...хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол...үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан...томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна...” гэсний дагуу сонгон шалгаруулалт зарлаж аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэстэй зөвшилцөж өндөр оноо авсан З-г Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогчоор ажиллуулсныг буруутгах үндэслэлгүй юм.

 

З-ийн гомдлоор өмнө шийдвэрлэсэн   иргэний хэрэг нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан журмыг зөрчсөн үндэслэлээр Ц-г ажилд эгүүлэн тогтоосон байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг зөрчөөгүй байна.

 

 

 

7

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 133/ШШ2018/00023 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.