Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1163

 

          

 

 

 2023        11         20                                      2023/ШЦТ/1163

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,

Улсын яллагч С.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч  Т.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт БТт холбогдох эрүүгийн 2309019282157 дугаартай 1 хавтас хэргийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Булган аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ............. ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ....... аймгийн .......... сум, ............. н баг 000 тоотод оршин суух хаягтай, Урьд

-Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө гаргуулж, 10 жил, 01 сарын хуагцаагаар хорих ял,

-Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 326 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан Г овогт БТ /РД:000000/,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч  ******* нь 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривер саунд” нэртэй бааранд хохирогч Д.П биед халдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.   

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:          

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2023 оны 06 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Ривер саунд бааранд найз Орхонтой хамт явж байсан. Д.П найз гэх залуутай текэн дээр маргаан үүссэн. Тэгээд Д.П ирээд ноцолдож байх явцад биед нь гэмтэл учирсан байх. Энэ үйлдэлдээ гэмшиж байна. Бодит хохирол гарвал төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байна ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ганзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “....Гэм буруу дээр маргахгүй байгаа. Хохирлоо төлсөн. Энэ нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох байх. Хохирогчийн нэхэмжлээд байгаа 6.700.000 төгрөгийг шийтгэх тогтоолд нээлттэй үлдээх юм бол дараа нь иргэний журмаар нэхэмжлэх асуудал яригдах байх. Хохирогчийн эрх ашиг яригдаж байгаа учир нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байх гэж үзэж байна...” гэжээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривер саунд” нэртэй бааранд хохирогч Д.П биед халдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.П өгсөн “... Тухайн өдөр би найзууд болох Эрдэнэбуудай, Нямлхагва нарын хамт ривер саундс баар руу орж хүний 2 шил айраг ууцгаасан. Удалгүй манай найз Нямлхагва яваад өгсөн ба найз Эрдэнэбуудайн хамт бүжгийн талбай дээр бүжиглэж байсан. Гэтэл манай найз Эрдэнэбуудай нь нэг залуутай муудалцаад эхлэхээр нь би тэр хоёрыг очиж салгасан ба тухайн залуу ямар нэг шалтаг шалтгаангүйгээр миний нүүр хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тэгээд маргалдаж салаад эргээд ширээн дээрээ ирээд сууж байтал тэр залуу бүжгийн талбайн хажууд байрлах ширээний хажууд зогсож байхаар нь би очоод яагаад намайг цохиж байгаа юм бэ гэхэд дахиад намайг цохиод эхэлсэн бөгөөд тухайн үед хамгаалагч нар салгасан санагдаж байна. Тэгээд би үүдний шатан дээр сууж байсан боловч ухаан алдаад унтцан байсан. Нэг сэрэхэд цагдаа нар ирээд тухайн залууг авч яваад би найзын хамт гэмтлийн эмнэлэг рүү явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагддагчаар татах тухай прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчид учирсан хохирлыг баримтын хэмжээнд нөхөн төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/-р тал,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №8467 дугаартай “...Д.П биед дээд, доод уруулын дотор салстад шарх, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 14/-р тал зэрэг болно.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл хэрэг болсон гэх өдөр хохирогч Д.Д.П болон шүүгдэгч ******* нар ривер саундс баараар үйлчлүүлсэн байна.

Улмаар шүүгдэгч ******* нь хохирогч Д.П найз Эрдэнэбуудайтай бүжгийн талбай дээр үл ялих зүйлээр маргалдсаны улмаас тухайн хэрэг үйлдэгджээ.

Бусдыг үл хүндэтгэх, нэр хүнд, эрх чөлөө, нийгмийн болон хувийн өмчийн эрхэнд нь зөвшөөрөлгүйгээр халдах, бусдын болон нийгмийн амгалан тайван байдлыг алдагдуулах, байгууллагын болон хувь хүний эрх чөлөөнд халдах зэрэг нь танхайрах зөрчлийн шинжийг илэрхийлэхийн зэрэгцээ бусдыг үл хүндэтгэсэн аливаа доромж үг хэллэг хэрэглэхгүй байх нь ёс суртахууны болон зан заншлын хэмжигдэхүүнийг тогтоох учиртайн дээр дурдсан ёс суртахууны болон зан заншлын хэм хэмжээг зөрчиж хүний биед аливаа хэлбэрээр халдаж гэмтэл учруулах нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуульд заасан тусгай ангид заасан хүний халдашгүй байдлын эсрэг үйлдэгдэж буй гэмт үйлдэл мөн.

Шүүгдэгч ******* нь дээр дурдсан бүх нийтээр дагаж мөрдвөл зохих ёс зүйн болоод зан заншлын хэм хэмжээг зөрчиж, олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэж, бусдын биед халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бүхий л нотлох баримтуудаа хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл дээр дурдсан шүүгдэгч *******ын хууль бус шууд чиглэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.П эрүүл мэндэд хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна.

 Шүүгдэгч ******* нь тухайн үед үүссэн үл ойлголцлыг туйлд нь хүргэлгүйгээр харилцан ярилцаж, зөвшилцөх замаар асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан ч бүх нийтээр дагаж мөрдвөл зохих ёс зүйн болоод зан заншлын хэм хэмжээг зөрчиж бусдын эрүүл мэндэд халдан, зодож улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.   

Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд,

Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Даваасүрэн нь “...хохирогч Д.П биед дээд, доод уруулын салстад шарх, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдсоныг Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтийг гаргасан байх бөгөөд прокуророос шүүгдэгч *******ын үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тус тус тохирсон байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хохирогч Д.П зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож 6.700.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч энэ талаарх холбогдох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө бусад эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно...” гэж,

Мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно...” гэж заасан бол 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлнэ...” гэж тус тус заажээ. 

Хуулийн дээрх заалтуудаас харвал шүүх гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг холбогдох нотлох баримтад тулгуурлан тодорхойлж нөхөн төлүүлэх талаар арга хэмжээ авах бөгөөд харин ирээдүйд гарах зардлыг урьдчилан тооцоолж мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй болохыг дурдвал зохино.

Өөрөөр хэлбэл хохирогч Д.Д.П нь тухайн гэмт хэргийн хохирогч болсноос үүдэлтэйгээр эмчилгээ, сувилгаа хийлгэсэн эсэх талаарх холбогдох баримт хавтас хэрэгт авагдаагүй, энэ талаар нотолсон аливаа баримт материалыг шүүхэд ирүүлээгүй, нөгөөтээгүүр хэрэг шүүхийн шатанд ирснээс хойш хохирогчийн зүгээс аливаа хэлбэрээр холбогдоогүй, хавтаст хэрэгт авагдсан бүхий л дугаарууд нь холбогдох боломжгүй байгаа энэ тохиолдолд шүүх хохирол, хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг тогтоох боломжгүй юм.

Харин шүүгдэгч *******ын зүгээс тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Голомт банкны 3400152155 дугаарын дансанд 2.000.000 төгрөгийг байршуулсны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гаргуулж хохирогч Д.Д.Пд олгож, хохирогч нь Д.Д.П нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд болох *******аас жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. 

Иймд, шүүгдэгч *******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч *******т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах...” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ганзориг шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэлд нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 450.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан бол шүүгдэгч *******ын зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус заажээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болдог.

Шүүхээс шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг нөхөн төлсөн шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгуулийн ял шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг нөхөн төлөх талар санал, санаачлага гаргасан, тодорхой хэмжээний хохирлыг нөхөн төлсөн /2.000.000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд байршуулсан/ зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэж байна.

Гурав. Бусад асуудлаар.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт БТыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /Нэг сая/ төгрөгийн торгуулийн ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч *******аас Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Голомт банкны 3405152155 дугаарын дансанд 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байршуулсан 2.000.000 /Хоёр сая/ төгрөгийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гаргуулж, хохирогч Б овогт Д.П /РД:00000000/-д олгосугай. 

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,  хохирогч Д.Д.П нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд болох *******аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.  

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ДАРЬСҮРЭН