Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/323

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг 

Улсын яллагч М.Бамбадорж

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгч Э.Б-ар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Э-ын Б-рт холбогдох эрүүгийн ......... дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2003 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Булган суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 7, ах, эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар баг ....... гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, С овогт Э-ын Б-р /РД: ............../.

Шүүгдэгч Э-р овогтой Б-ар нь архи ууж согтуурсан үедээ 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутагт байрлах Э.М-ийн гэрт бусадтай маргалдаж түүнийг салгах гэж байсан Э.М-ийг нүүр лүү цохиж, пивоны шилээр дагзны ар хэсэг рүү цохисны улмаас түүний биед гавал ясны зулайн ар доод хэсгийн хугарал, зүүн зулайн дэлбэнд тархины эдийн няцрал, баруун хөмсөгний доод хэсэгт сорви бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Б-тар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Э.Б-ар нь согтуурсан үедээ 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутагт байрлах Э.М-ийн гэрт бусадтай маргалдаж түүнийг салгах гэж байсан хохирогч Э.М-ийн нүүр лүү цохиж, пивоны шилээр дагзны ар хэсэг рүү цохисны улмаас түүний биед “гавал ясны зулайн ар доод хэсгийн хугарал, зүүн зулайн дэлбэнд тархины эдийн няцрал, баруун хөмсөгний доод хэсэгт сорви” бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Б-рын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би тухайн үед архи согтуурлах ундаа хэрэглэсэн байсан ... надаас өөр хүн М-ийг зодоогүй. ... Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83/,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Э.М-ийн: “...2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 19 цагийн орчимд манай гэрт буюу Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар баг Хүйсийн уул гэх газрын хойно байрлах Монгол гэрт манай найзууд болох Б-с, Б-р, Ч-с, М-р бид нар архи пиво ууцгаасан. Тухайн үед Б-ар, М-яр нар хоорондоо маргалдаж эхэлсэн. Улмаар би тэр хоёрыг салгах гээд голоор нь ороход Б-ар намайг цохиж зодсон. ... түүнд гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 19-23 тал/,

гэрч Г.Б-ийн: “...М-ийн гэрт нь найзууд болох Б, Ч,  М, М нарын хамтаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. ... би тухайн үед согтуу байсан учраас унтаад өгсөн. ... намайг унтаж байхад хүмүүс чанга дугаралдаад байсан. ... өглөө сэрээд харахад М-ийн баруун нүд нь хавдсан байсан тул М нь Б цохиулсан талаар хэлсэн юм...” гэжээ. /хх-ийн 55-56 тал/,

гэрч С.Ч-ийн: “...Би найз М-ийн гэрт нь 2023 оны 08 дугаар сарын 09-ний орой найзуудын хамтаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба согтоод унтаад өгсөн. Намайг унтахын өмнө манай найзууд хоорондоо муудалцаж зодолдсон зүйл болоогүй. Харин өглөө сэрээд харахад М-ийн нэг нүд хөхөрсөн байдалтай байсан. Юу болсон талаар асуухад Б цохисон гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 59 тал/,

Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр  сарын 01-ний өдрийн 473 тоот “...Э.М-ийн биед гавал ясны зулайн ар доод хэсгийн хугарал, зүүн зулайн дэлбэнд тархины эдийн няцрал, баруун хөмсөгний доод хэсэгт сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтэл үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Гавал ясны зулайн ар доод хэсгийн хугарал, зүүн зулайн дэлбэнгийн тархины эдийн няцрал гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун хөмсөгний доод хэсэгт сорви гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 64-35/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Э.Б-ын үйлдлийн улмаас хохирогч Э.М-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Э.Б-р нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.М-н эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, шүүгдэгчид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Э.Б-т прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Э.Б-т нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт .... Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-т 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-рын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ....... нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ....... авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.БАТЖАРГАЛ