Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2026/0208

 

 

 

 

 

 

 

 

  2026         03            26                                     221/МА2026/0208

 

 

 

С газар

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Л.Одбаатар

Бүрэлдэхүүн: Шүүгч Ц.Одмаа

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл   

Давж заалдах гомдол гаргасан:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А

Нэхэмжлэгч: С газар

Хариуцагч: Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Гуравдагч этгээд: “Г” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага:

“Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 27 дугаартай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох”

Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаар шийдвэр

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 122/2025/0016/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С газраас Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан ““Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 27 дугаартай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2.  Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2006 он)-ийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Тогтоол хүчингүй болгох тухай 27 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3.  Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлалтай “Хүнс хөдөө аж ахуйн, жижиг дунд үйлдвэрлэлийн газар”-ын харьяа өвс тэжээлийн агуулах болон мөн тус нутагг байрлалтай байгууллагад бүртгэлгүй чулуун агуулахыг Онцгой байдлын Улсын неөцийн салбарт Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 3 дахь заалт, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны ээлжит бус 7 дугаар хуралдааны 3 дугаар тогтоолоор батлагдсан “Орон нутгийн өмчит хүулийн этгээдийн эд хөрөнгийг данснаас хасах бүртгэх журам”, Аймгийн Засаг даргын саналыг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Хөрөнгө шилжүүлэх” тогтоол гаргасан. Тус салбар нь газар, бусад объөктыг 2012 онд эзэмшин, үйл ажиллагаагаа явуулан ирсэн.

3.2. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Хөрөнгө шилжүүлэх тухай” 39 дүгээр тогтоолын дагуу Баруун-Урт сумын 1 дүгээр баг хуучин хөдөө аж ахуйн Мал хамгаалах сангийн өвсний агуулах болон байгууллагад бүртгэлгүй чулуун агуулахыг Түмэнцогт сумын Улсын нөөцийн салбарт шилжүүлж өгснөөр 2012 онд балансад бүртгэж авсан. Мөн аймгийн Засаг даргын 2012 оны А/241 дүгээр захирамжаар 3 га газрыг шийдвэрлүүлж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

3.3. 2012 оны 10 дугаар сараас эхлэн Улсын нөөцийн Баруун-Урт цэгт өвс, тэжээл анх хүлээн авч, харуул гэр бүлээрээ байнгын харуулаар ажиллаж байгаад, 2015 оны 07 дугаар сард байгууллагаас 5 ханатай иж бүрэн гэр барьж өгч, 3 ээлжийн харуул 24 цагийн үүрэг гүйцэтгэн ажилласан. Агуулахын дээврийн их засварыг 2019 онд “Зуд болон ой хээрийн түймэртэй тэмцэх орон нийтийн чадавхийг бэхжүүлэх” төслөөс 34.852.500 төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлж, уг агуулахын дээврийг засварлан, блокон хашаа, харуулын байрыг барьсан.

3.4. 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хүчтэй салхи, шороон шуурганы улмаас 144 дүгээр салбарын 016 дугаар цэгийн агуулах №2 дээвэр салхинд хийсч, дахин ашиглах боломжгүй эвдэрч, “А” ХХК-ийн хохирлын үнэлгээгээр 21.374.608 төгрөгийн хохирол учирч, одоогоор дахин завсар үйлчилгээ хийгдээгүй байна.

3.5. 2023 онд “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдлийн менежментийг боловсронгуй болгох нь” АДАПТ төслөөс 016 дугаар цэгийг төвийн гэрэлтүүлэгт холбох ажлын санхүүжилтэд 70.000.000 төгрөгийг шийдвэрлүүлж, батлагдсан төсвийн хүрээнд гадна, дотор гэрэлтүүлэг, камержуулалт, агуулахын агааржуулалтын сэнсийг байрлуулж ажилласан.

3.6. Онцгой байдлын газрын 144 дүгээр салбарын 016 дугаар цэгийн агуулахын байршлыг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 247 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалт”-аар тухайн объектын байршил нь төрийн нууцад хамаарч байгаа тул тагнуулын байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, орц, гарц шийдвэрлэх боломжгүй. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүргийн хүрээнд тус чулуун агуулахын эцсийн өмчлөгчийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тогтоосон болно. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээдийн эрх хэмжээнд хамааруулснаас бусад хөдлөх хөрөнгийг зөвхөн Засгийн газрын шийдвэрээр, Засгийн газраас зөвшөөрөл олгосон тохиолдолд төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр шилжүүлнэ” гэж заасан. Энэхүү заалтаар төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, хүчингүй болгох шийдвэр гаргах бүрэн эрхийг зөвхөн Засгийн газар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад олгосон бөгөөд орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар 2020 онд “Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 27 дугаар тогтоол”-оор 2012 оны 39 дүгээр тогтоолыг хүчингүй болгох захиргааны акт гаргасан.

3.7. Шүүх захиргааны байгууллагын бүрэн эрхийн хүрээг буруу тайлбарласан анхан шатны щүүх Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2012 оны 39 дүгээр тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

3.8. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль-ийн 30 дугаар зүйлийн 30.2-т төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын шийдвэрээр шийдвэрлэхээр заасан бөгөөд уг асуудал нь орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хамаарахгүй юм.

3.9. Иймд тухайн байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан “илт хууль бус захиргааны акт”-д хамаарах нөхцөл бүрдсэн байна.

3.10. Маргаан бүхий эд хөрөнгийн эрх зүйн байдлыг шүүх бүрэн тогтоогоогүй, шүүх уг агуулах нь орон нутгийн өмчид хуульд заасан журмаар шилжээгүй байсан тул 2012 оны тогтоолыг хүчингүй болгосон нь зөв гэж дүгнэсэн. Гэвч тухайн эд хөрөнгийн эрх зүйн байдал, өмчлөл, ашиглалтын эрх болон төрийн өмчийн бүртгэлтэй холбоотой асуудлыг бүрэн гүйцэд тогтоож үнэлээгүй байна.

3.11. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд учирсан үр дагаврыг үнэлээгүй. Маргаан бүхий агуулах нь Түмэнцогт сум дахь Улсын нөөцийн салбарын үйл ажиллагаанд ашиглагдаж байсан бөгөөд уг шийдвэр нь нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны ашиг сонирхолд шууд нөлөөлж байгаа нөхцөл байдлыг шүүх хангалттай үнэлээгүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч С газраас Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 27 дугаартай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...Тус газар нь Онцгой байдлын газрын 144 дүгээр салбарын 016 дугаар цэгийн агуулахын байршлыг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 247 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалт-аар тухайн объектын байршил нь төрийн нууцад хамаарч байгаа тул тагнуулын байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, орц, гарц шийдвэрлэх боломжгүй. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүргийн хүрээнд тус чулуун агуулахын эцсийн өмчлөгчийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тогтоосон болно. Гэтэл Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 27 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1-д заасан илт хууль бус захиргааны акт бөгөөд 47.1.3 дахь заалт тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” зэргээр тайлбарлан маргасан.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтүүдийг хийсэн. Үүнд:

- Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээдийн эрх хэмжээнд хамааруулснаас бусад хөдлөх хөрөнгийг Засгийн газрын шийдвэрээр, Засгийн газраас зөвшөөрөл олгосон тохиолдолд төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр шилжүүлж болно. гэх зохицуулалт нь төрийн өмчийн эд хөрөнгийг үнэ төлбөргүй шилжүүлэх буюу төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журамтай холбоотой зохицуулалт байна. Хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа төрийн өмчийн эд хөрөнгийг үнэ төлбөргүй шилжүүлэх агуулгаар гараагүй, харин өмнө гаргасан актынхаа холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: ... 47.1.3.тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан; гэх үндэслэлд хамаарахгүй.

- Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Түмэнцогт суман дахь Улсын нөөцийн салбарт шилжүүлсэн байгууллагад бүртгэлгүй гэх агуулахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуульд заасан хэлбэрээр олж аваагүй буюу орон нутгийн өмчийн эд хөрөнгө биш байхад бусдад шилжүүлсэн байх тул Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Тогтоол хүчингүй болгох тухай 27 дугаар тогтоолоор, байгууллагад бүртгэлгүй агуулахыг шилжүүлсэн 2012 оны 39 дүгээр тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2006 он)-ийн 25 дугаар зүйлийн 25.4-т Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно. гэж заасантай нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй зэрэг дүгнэлтийг хийжээ.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг, 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт Нэхэмжлэлд дараах зүйлийг тусгана, 52.2.4-т нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, 52.5.1-д .захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн;, 106 дугаар зүйлийн 106.3.2-т захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох хэмээн тус тус заасан.

5.1. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгчээс эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн асуудлын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж гаргах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэх, хариуцагчийн татгалзал хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

6. Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч төрийн байгууллага нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тус газарт байрлах агуулахын байршлыг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 247 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтад оруулсан тул тагнуулын байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх боломжгүй, төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүргийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хэрэгжүүлэхээр байхад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоолоороо уг асуудлыг шийдвэрлэснийг захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзнэ” хэмээн тодорхойлж маргасан.

6.1. Гэвч маргаан бүхий агуулахын байршлыг төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтад оруулсантай холбогдуулан нотолбол зохих үйл баримт болох Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 247 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтад маргаан бүхий агуулахын байршил орсон эсэх асуудлыг тогтоогоогүй, нөгөөтээгүүр, гуравдагч этгээд “Г” ХХК нь маргаан бүхий агуулахыг 1995 онд “Д” банкнаас 1 сая төгрөгөөр худалдан авсан гэж тайлбарлах боловч тухайн хөрөнгийг худалдан авсан гэх төлбөрийн даалгавраас өөр баримт хэрэгт авагдаагүй, уг агуулах “Д” банкны нэр дээр бүртгэлтэй байсан эсэх, мөн “Д” банкнаас “Г” ХХК-ийн өмчлөлд шилжсэн талаар аливаа баримт хэрэгт авагдаагүй байхад энэ талаарх нотлох баримтыг цуглуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

6.2. Түүнчлэн анхан шатны шүүх маргаан бүхий хөрөнгийг төрийн болон орон нутгийн өмчид хэзээ, хэрхэн, ямар шийдвэрээр шилжсэн талаар шалган тогтоогоогүй, энэ талаарх холбогдох баримтыг цуглуулаагүй, тухайн хөрөнгийг төрийн эсхүл орон нутгийн өмч болохыг ялган тогтоогоогүй атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

6.3. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасны дагуу хэргийн оролцогчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад маргаж буй үндэслэл тус бүрд хамаарах, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

7. Иймд, анхан шатны шүүхийн дээр дурдсан зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх, маргааны үйл баримт, шийдвэрт хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй тул маргаан бүхий үйл баримтыг бүрэн тогтоосны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                              ШҮҮГЧ                                             Л.ОДБААТАР

                              ШҮҮГЧ                                              Ц.ОДМАА

                              ШҮҮГЧ                                               О.ОЮУНГЭРЭЛ