Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 33

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч А.Цэрэнханд даргалж

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх

Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун урт сумын харъяат, 1973 оны 04 сарын 24-нд төрсөн, эрэгтэй, 43 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 12 хороо, 4а байрны 18 тоотод оршин суух хаягтай, одоо Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг авто вокзалын задгайд оршин суух, энэ хэрэгт татагдахдаа эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 1994 оны 04 сарын 15-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, Порни овогт Төмөрбаатарын Дашнямд /РД: ЛЮ73042470/ холбогдох эрүүгийн 201710010027 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд  авагдснаар/

Шүүгдэгч Т.Дашням нь  2017 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Замын-Үүд сумын 1-р баг Авто вокзалын хашаанд байрлах иргэн Ч.Бат-Эрдэнийн гэрт Т.Дашням, М.Дашдаваа, Ч.Бат-Эрдэнэ нар архидан согтуурч улмаар М.Дашдаваагийн эзэмшлийн Хаан банкны картыг Төмөрбаатар овогтой Дашням нь хулгайлан түүний 5374061483 тоот данснаас 500,000 төгрөгийг уншуулан хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                     

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Дашнямын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Тэр өдөр Дашдаваа, Бат-Эрдэнэ нартай архи уусан юм. Тэгээд Дашдаваа намайг архинд яваад ир гэж байх шиг байсан. Дараа нь би гэртээ ороод согтоод унтсан байсан. Маргааш өглөө нь намайг унтаж байхад түрүүвч, утас 2–оо асуугаад байх шиг байсан. Тэгээд үдээс хойш нь гэрээс гараад явж байгаад Дашдаваагийн түрүүвч нь миний кармаанд байхыг мэдсэн. Тэгээд банк орж уншуулаад 50,000 төгрөг авах гэсэн чинь андуураад 500,000 төгрөг авсан байсан. Би ер нь яг яаснаа сайн санахгүй байгаа юм. Эрээнд очих үед архи гарч сэргэсэн юм. Хэрэг үйлдэхээс 5-6 хоног архи уусан байсан. Би хохирогчид хохирлыг төлж барагдуулсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг

Хохирогч М.Дашдаваагийн хэрэг бүртгэлтэнд өгсөн “ Би 2017 оны 01 дүгээр сарын орой 19 цагийн орчимд Замын-Үүд сум руу Эрээнээс машинаа жолоодож төв рүү орох үедээ гэрлэн дохионы ойролцоо  тээврийн хэрэгслийн тооромз барихгүй болоод хашлага давж авто вокзалын хашааны гадна зогссон юм. Гэтэл миний машины хажууд 2 хүн ирсэн тэр үед би тэр хоёрт хандан хоёр ах архи уухуу гэхэд тэгье гэж зөвшөөрсөн. Тэгээд бид гурав хамт явж Норжой  дэлгүүрт  орж,  2 шил 750 граммын  Улаанбаатар архи авч Бат-Эрдэнэ гэх ахын гэрт очиж бид гурав хувааж уусан тэгээд би ууж байхдаа тасарч унтсан байсан тэр хойгуур хашлага давж зогсоон миний машины дэргэд цагдаагийн ажилчид ирж шалгасан байсан ба энэ үед Бат-Эрдэнэ гарч би уг тээврийн хэрэгслийг барьж яваад хашлага давж хашаанд тулж зогсоон гээд хэлчихсэн байсан энэ асуудлаараа цагдаагийн газар ирж тайлбар өгсөн гэсэн.  Ямар ч байсан намайг Бат-Эрдэнэ 03 цагийн үед сэрээж бичиг баримт чинь шалан дээр тарчихсан  байна түрүүвч чинь алга болчихсон байна гэж хэлсэн тэгээд Дашням чиний түрүүвчийг авчихсан байх, хажуугийн гэрт орж түүнтэй Бат-Эрдэнэ уулзаж миний түрүүвчийг асуусан  гэсэн гэтэл аваагүй гэж  хэлж маргаад байна гээд орж ирсэн. Тэгээд унтаж босоод  07 цагийн үед Дашнямын гэрт Бат-Эрдэнэ ахын хамт ороход Дашням унтаж байсан, тэгээд түрүүвч утас гаргаад ир гэхэд би аваагүй гээд унтаад байсан, тийм болохоор Бат-Эрдэнэ ах бид хоёр гарч вокзалын хаан банк руу орж би иргэний үнэмлэхээрээ үйлчлүүлэн 20,000 төгрөг авч түүгээрээ 500 граммын Улаанбаатар архи авч эргэж Бат-Эрдэнийн гэрт очиж Дашнямыг дуудсан түүнээс түрүүвч, гар утсаа авъя гэхэд аваагүй гэж байсан тэгээд би миний виза картны дугаарыг мэдэхгүй юм чинь мөнгө төгрөг авчихгүй байлгүй гэж бодсон юм. Тэгээд маргааш нь миний жижиг Нокиа маркын гар утсыг өгсөн юм. Мөн өөрийн банкны хуулгыг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Хаан банкинд очиж шүүлгэхэд миний даснаас 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 15 цаг 42 минутанд 500,000 төгрөг уншуулан авсан байсан юм. Норжой дэлгүүрээс 2 шил архи авах үед би худалдагчид нууц дугаараа хэлж байсан тэр үед миний виза картны дугаарыг мэдсэн байх. Надад учруулсан хохирол болох 500,000  төгрөг болон виза карт шинээр  авахад төлөх 3,000 төгрөг бүрэн барагдуулсан. Надад өөр нэмж ярих зүйлгүй, одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл болон санал хүсэлт байхгүй, энэ хүнтэй сайн дураар эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү“ гэсэн мэдүүлэг  /хх-ийн 11-12/

Гэрч Ч.Бат-Эрдэнийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн “ 2017 оны 01 дүгээр сарын 07-ны орой 20 цагийн үед Дашням бид хоёр манай гэрт сууж  байхад Дашдаваа ганцаараа орж ирсэн тэгээд бид гурав нийлж гарч Норжой гэх дэлгүүр орж 2 шил 750 граммын Улаанбаатар архи нэг ундаа авч гэрт эргэж бид гурав очсон юм. Тэнд бид гурав архиа хувааж ууж уугаад сууж  байхад Дашдаваагийн түрүүвч гар утас хоёр газар шалан дээр уначихсан харагдсан. Биднийг уугаад сууж байхад цагдаагийн хүмүүс ирж асууж тодруулах зүйл байна гэж Дашням бид хоёрыг дагуулан цагдаагийн хэсэгт авчирсан. Цагдаагийн газарт ирээд эхлээд Дашням алба хаагчдад тайлбар өгчихөөд түрүүлэн гэр рүүгээ явсан. Би цагдаагийн алба хаагчидтай уулзаж дуусаад 03 цагийн үед гэртээ очиход Дашдаваагийн газарт байсан түрүүвч болон гар утас нь алга болчихсон байсан нөгөө бидний  ууж байсан архи, ундаа ч байхгүй байсан  тийм болохоор би хажууд байдаг Дашнямын гэрт орж очиход Дашням гэрийг нь хардаг Нааска гэх залуугийн хамт архи уугаад сууж байсан би тэр хоёроос архи хаана байна гэхэд жаахан архи байна гэж надад нэг аяга хийж өгснийг би уусан юм. Тэгээд би Дашдаваагийн түрүүвчийг хэн авчихав гэхэд Дашням би аваагүй гэж тухайн үед хэлсэн. Тэгвэл манай гэрт өөр орох хүн байхгүй гэхэд мэдэхгүй гээд согтуурхаад байхаар нь гэрт нь үлдээчихээд гарсан юм. Гэрээс гарах үед Дашдаваагийн түрүүвч, гар утас хоёр нь газар унасан байгаа харагдсан юм. Түрүүвчинд нь 2,000-3,000  төгрөг харагдах шиг болсон. Хаан банкны карт байсан ба тэр картаараа 2 шил архи авч тооцоо хийж байсан юм. Мөн Дашдаваа архи ууж байхдаа архи авбал аваарай  мөнгө картанд байгаа шүү гэж хэлж байсан гэтэл ууж сууж байхад Дашням дахин архи авъя гэж байсан тэр үедээ дугаар хэд билээ гэж надаас асуухаар нь би мэдэхгүй гэхэд 77 хэд билээ гэж надаас тодруулж асуусан. Би мэдэхгүй байна гэдгээ түүнд гэсэн юм. Түрүүвч болон гар утас нь алга болсон байсан юм. Дашдаваа уг явдал болсноос хойш 2 хоногийн дараа байх Дашнямаас картанд байсан мөнгө өг гэж түүнтэй ярихад удахгүй өгнө гэж хэлж байсан чухам хэдэн төгрөгийг нь картнаас нь авсныг бол би мэдэхгүй. Дашдаваа Дашнямаас картнаас авсан мөнгөний талаар асууж ярьж байхдаа миний гар утсыг чи мөн авсан байна лээ гэхэд би сайн санахгүй байна согтсон байсан гэж хэлж байсан ба тэр утсыг чинь гэрийн гадаа байгаа хогийн  саванд хийсэн байж магадгүй гэж хэлж тэр хоёр хогийн савыг нь ухаж гар утсыг олж  гар утсаа өөрөө авсан юм. Дашням манай гэрийн хажууд хөрш айл байгаа юм эхнэр хүүхэд нь хааяа ирсэн байгаа харагддаг гэхдээ сүүлийн хоёр сар гаруй хугацаанд гэртээ  ганцаараа амьдарч байгаа юм. Хэрэг үйлдсэнээс хойш хохирлоо удахгүй  төлнө гэж  ярьж байсан боловч гэнэт алга болчихсон. Одоо гэрт нь түүний найз Нааска гэх залуу байгаа юм хаана байгааг нь мэдэхгүй ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14/

Гэрч Т.Мөнхсайханы хэрэг бүртгэлийн шатанд өгсөн “...Т.Дашням ах манай төрсөн дүү Т.Мөнх-Эрдэнэ рүү утсаар залгаж мөнгө асуусан байсан ба намайг нэг хүн архинд явуулсан тэгээд картнаас нь мөнгө авсан гээд байна мөнгө төгрөг байвал өгөөч гэж ярьсан байсан тэр үед шалгуулаад учрыг олооч гэж хэлсэн гэсэн гэтэл түүнээс хойш гэрээсээ гараад явсан ба 2017 оны 01 дүгээр сарын 20-ны орчмоос хаана байгааг нь мэдэхгүй алга болчихсон юм.  Манай дүү Т.Мөнх-Эрдэнэ рүү нэг мэдэхгүй дугаараас залгаж ажил төрөл байна уу би мөнгө төгрөг олж хулгайлсан хохирол мөнгөө төлмөөр байна гэж ярьсан байна лээ. Танихгүй хүний дугаар гуйж яриад байх шиг байна лээ яг хэд гэсэн дугаараас ярьсныг нь би мэдэхгүй байна...” гэсэн мэдээлэг /хх-ийн 15/

Шүүгдэгч Т.Дашням нь урьд ял шийтгэлтэй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25/

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1994 оны 04 сарын 15-ны өдрийн 91 тоот таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 28/

Хохирогч М.Дашдаваагийн Цагдаагийн хэлтэст гаргасан ”Мижиддорж овогтой Дашдаваа миний бие нь Дашнямтай сайн дураараа эвлэрсэн ба  хохирлоо бүрэн гүйцэд төлүүлсэн тул гомдол саналгүй болсон учир хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү”  гэсэн хүсэлт /хх-ийн 30/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Т.Дашням нь 2017 оны 01 сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Замын-Үүд сумын 1-р баг Авто вокзалын хашаанд байрлах иргэн Ч.Бат-Эрдэнийн гэрт Т.Дашням, М.Дашдаваа, Ч.Бат-Эрдэнэ нар архидан согтуурч улмаар М.Дашдаваагийн эзэмшлийн Хаан банкны картыг хулгайлан авч, 2017 оны 01 сарын 08-ны 15 цаг 42 минутанд 5374061483 тоот данснаас 500,000 төгрөгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Дашнямын дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч М.Дашдаваа, гэрч Ч.Бат-Эрдэнэ нарын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч М.Дашдаваагийн ХААН банкны 5374061483 тоот дансны депозит дансны хуулга, ХААН банкны 2017 оны 02 сарын 09-ний өдрийн “ ХААН банкны энгийн карт 3,000 төгрөгийн үнэлгээтэй” гэсэн 100 дугаартай албан тоот зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т.Дашням нь уг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Замын Үүд дэх Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд  тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч Т.Дашнямын согтуурлыг цагдаагийн байгууллага тогтоогоогүй тул согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй, тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч, шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь: Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед цагдаагийн байгууллага шүүгдэгчийн согтуурлыг цагдаагийн байгууллага тогтоох нөхцөл боломжгүй байсан, өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 8 хоногийн дараа цагдаагийн байгууллага гомдол мэдээллээр шалгасан байдаг. Түүнчлэн шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдэхээс 5-6 хоног архи уусан, гэмт хэрэг үйлдэх үедээ согтуу байсан, ямар үйлдэл хийсэн талаараа санахгүй байгаа талаараа мэдүүлж байгаа нь түүнийг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл болж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-т согтуурал буюу мансуурлын байдалд байхдаа  гэмт хэрэг үйлдсэн  этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй гэж заажээ. Иймд шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хуульзүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар төлөх үүрэгтэй юм. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд шүүгдэгч нь хохирогч М.Дашдаваад 503,000 төгрөгийг төлж барагдуулсан нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээр тогтоогдсон байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Т.Дашням нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Иймд дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн гомдол саналгүй гэсэн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлд заасан ял оногдуулах зарчмыг баримтлан шүүгдэгчид ял оногдуулах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Порни овогт Төмөрбаатарын Дашнямыг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар шүүгдэгч Төмөрбаатарын Дашнямыг 100 /нэг зуу/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Т.Дашням нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

4. Шүүгдэгч нь Т.Дашням нь хохирогч М.Дашдаваад хохирлын 503,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар шүүгдэгч Т.Дашням нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах  ялаар тооцохыг мэдэгдсүгэй.

6.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Т.Дашнямд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгсугай.

7. Энэ шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  А.ЦЭРЭНХАНД