Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 24

 

                                                         Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг

                                                баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.Э-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ОАЗД, БӨСЗД-д холбогдох

“Орхон аймаг, БӨСЗД-аас Яргуйт овоот 22-р баг 24-22 тоот газрыг иргэн Ж.Э-т олгосон үйлдлийг хүчингүй болгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Э, түүний өмгөөлөгч Д.Н, хариуцагч ОАЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагч БӨСЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчид болох нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан буулт хийж, хоорондоо тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан ба эвлэрийн гэрээндээ: “Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд С.Э-ий 1. ОАЗД Ж.Э-т Яргуйт баг Овоот 24-22 тоотод 765 м2 газрыг өмчлүүлэх тухай 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/188 дугаар захирамжийн холбогдох хэсэг /Ж.Э/-ийг хүчингүй болгуулах, 2. Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт  22-р баг Овоотын 24-22 тоотод байрлах 765 м2 газрыг иргэн С.Э-д олгохыг ОАЗД болон БӨСЗД-д даалгах гэсэн нэхэмжлэл дээр нэг талаас хариуцагч БӨСЗД-ын төлөөлөгч Б.Х, АЗД-ын төлөөлөгч Б.С нөгөө талаас нэхэмжлэгч С.Э бид дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрч байна.

Нэг. БӨСЗД болон АЗД-аас С.Э-д 2012 онд гаргасан газар олгохыг хүссэн өргөдлийн дагуу түүний өрхийн нэг гишүүний хамтад нь 2 айлын газар олгох асуудлыг 2022 оны 5 сарын дотор шийдвэрлэх.

Хоёр. С.Э нь өөрийн гаргасан нэхэмжлэлийн 2 шаардлагаасаа татгалзах гэсэн харилцан тохиролцож эвлэрч байна.” гэв.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч С.Э  “Орхон аймаг, БӨСЗД-аас Яргуйт овоот 22-р баг 24-22 тоот газрыг иргэн Ж.Э-т олгосон үйлдлийг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан ба “ОАЗД-ын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/188 дугаар захирамжийн Ж.Э-т Орхон аймаг, Баян-Өндөр сум Яргуйт баг Овоот 24-22 тоотод 765 м2 газар олгосон гэх хэсгийг хүчингүйд тооцуулах,  Орхон аймаг, Баян-Өндөр сум Яргуйт баг Овоот 24-22 тоотод 765 м2 газрыг иргэн С.Э-д олгохыг ОАЗД болон БӨСЗД-д тус тус даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлсэн болно.

 Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хариуцагч харилцан буулт хийж, хоорондоо тохиролцож эвлэрийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгосон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй байна.   

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон

  ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Э, хариуцагч ОАЗД, БӨСЗД нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг баталж,  119/2021/0016/3 дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч С.Э улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

   5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.

 

  

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.БОЛОРМАА